Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/24

 

Г.О, Ц.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

      Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

    прокурор Ц.Нэргүй, яллагдагч Г.О, яллагдагч Ц.С, яллагдагч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

       Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж явуулсан, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/154 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.О, Ц.С нарт холбогдох, 2335000530024 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч нарын биеийн байцаалт:

       Монгол Улсын иргэн, Т овогт Г-ийн О.

       Монгол Улсын иргэн, Г овогт Ц-ийн С.

1. Холбогдсон хэргийн талаар:

      Яллагдагч Г.О нь албан тушаалын байдлаа ашиглаж, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Х сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Х-д “газар худалдан авч, байшин барьж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нөхөр Ц.С-ийн Төрийн банкны х тоот дансаар 22,500,000 /хорин хоёр сая таван зун мянга/ төгрөгийг залилан авсан,

     - яллагдагч Ц.С нь Г.О-ыг албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

      2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос яллагдагч Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар, Ц.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

     3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/154 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар: яллагдагч Г.О, Ц.С нарт холбогдох эрүүгийн 2335000530024 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

    4. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, тайлбар, дүгнэлтдээ: “Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

      Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 304 дугаартай шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.С-г мөрдөгчийн саналгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь Ц.С-ийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, Г.О-с хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн Б.А-ын газрын нэгж талбарын хувийн хэрэг гэх баримт бичгийн эх сурвалж тодорхойгүй /хууль бус арга хэрэгслээр цуглуулсан/ гэх үндэслэл дурдаж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т: “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах”-аар хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байх боловч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийхгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

     Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нотлогдон тогтоогдсон.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагчаар татах хүн тодорхой, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэхээр хуульчилсан.

      Иймд прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан ба яллагдагчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

     Шинжилгээ хийлгэхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай зөвшөөрөл бүхий байгууллагыг томилж, хөрөнгийн үнэлгээг гаргуулсан нь /4-р хавтаст хэрэгт авагдсан/ хууль зүйн үндэслэлтэй байх ба хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь шинжээчийн дүгнэлт нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд нийцсэн байна. Мөн шинжээчийн дүгнэлт нь хэрэгт нотолгооны нэг хэсэг болох бөгөөд хэргийг зүйлчлэлд чухал ач холбогдолтой баримт биш гэж үзэж байна. Хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар залилах гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон.

      Энэ хэрэгт шүүгчийн захирамжид дурдсан мөрдөн шалгах ажиллагаа хийх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ямар ч ач холбогдолгүй болохыг дурдаж байна.

      Мөн шүүгчээс дээрх ажиллагаануудыг мөрдөгч, прокурор заавал хийж гүйцэтгэх ёстой байсан мэтээр дүгнэж хэргийг прокурорт буцааж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон бөгөөд  яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулах шийдвэр байна гэж дүгнэж байна.

     Прокуророос хэргийн оролцогч нарын эрхийг хууль бусаар хязгаарласан үндэслэл байхгүй, мөн тэдний хуульд заасан эрхийг бодит байдлаар хангасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, харин шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээ дэмжиж байна.

        Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/154 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулахаар мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

       5. Яллагдагч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эсэргүүцлийг уншаад ойлгоогүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ, хязгаарыг заахдаа прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж прокурор ойлгоод байна. Үүнд прокуророос шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнээс гадна хоёр дахь заалтаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн шүүгчийн захирамжийн хүрээнд гэж байгаа. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хянаж үзээд, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзвэл прокурорт хэргийг буцаана.

     Прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдож, тогтоогдсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл нэг ч нотлох баримтыг туйлын үнэн гэж үзэх боломжгүй.

      Прокурорт хэргийн оролцогч нар хүсэлт гаргадаг боловч шийдвэрлэж өгдөггүй, түүний нэг нь энэ хугацаа алдсан асуудал. Хугацаа сунгахдаа 2024 оны 5 сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийн хооронд огт хугацаа сунгаагүй байхдаа 10 хүнийг гэрчээр байцаасан. Үүнийг нотлох баримт гэж үзэх үү гэдэг нь ойлгомжгүй байгаа.

      Мөн хэрэгт авагдсан, газар хүссэн өргөдөлд байгаа гарын үсэг нь Б.А, Ш.Х хоёрын гарын үсэг мөн эсэхэд шинжээч томилохоор явуулсан боловч шинжээч томилоогүй. Энэ үндэслэлээр шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь зөв гэж үзэж байгаа.

     Прокурор Ц.С-г яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналыг хүлээж авахаас татгалзсан бөгөөд дахин мөрдөгчөөс санал ирүүлээгүй байхад нэг сарын дараа өөрийн санаачилгаар яллагдагчаар татсан. Прокурорт өөрийн санаачилгаар яллагдагчаар татах ганц нөхцөл нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхгүйгээр тухайн хэрэг үйлдсэн этгээд нь тодорхой байх тохиолдолд яллагдагчаар татна.

    Гэтэл  хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд, Г.О-ыг  яллагдагчаар татаад 3 жил явж байгаа хэргийг ингэж шийдсэнээ зөв гэж ярьж байгааг ойлгохгүй байна.

     Х сумын Засаг даргын орлогчоор ажилласан Д.Д-г эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинж байна уу гэдгийг эхлээд шалгаагүй байж, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

      Энэхүү хэрэг нь залилан мэхлэх гэмт хэрэг үү, эсхүл иргэн хоорондын гэрээний үүрэг биелүүлээгүй асуудал юм уу гэдгийг шалгаад эцэслэн шийдвэрлэж өгмөөр байна. Ганцхан хүний мэдүүлгээр л залилан гэдэг. Гэтэл тэр байшинг бариад дуусаж байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон учраас хэргийг прокурорт буцаасан захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/154 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Г.О, Ц.С нарт холбогдох, 2335000530024 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     2. Увс аймгийн Прокурорын газраас: яллагдагч Г.О-ыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 22,500,000 /хорин хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг залилан авсан гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,

       - яллагдагч Ц.С-г Г.О-ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

     3. Анхан шатны шүүх Г.О, Ц.С нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч давж заалдах журмаар эсэргүүцэл бичжээ.

     4. Анхан шатны шүүх яллагдагч Г.О, Ц.С нарт холбогдох хэргийг шүүх хүлээн авч, шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/154 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар хэргийг Увс аймгийн прокурорын газарт буцааж  шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжид заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж дүгнэв.

   4.1. Анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид: “Прокурор Ц.С-г яллагдагчаар татах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авахаас татгалзсан атлаа мөрдөгчөөс эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай саналыг дахин прокурорт хүргүүлээгүй байхад Ц.С-г яллагдагч Г.О-ыг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийг зөрчсөн байна” гэх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т: “прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрхтэй” гэж, мөн хуулийн 30.17 дугаар зүйлийн 2-т: “энэ хуулийн 30.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд яллагдагчаар татах, хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой, хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасны дагуу прокурор өөрийн санаачилгаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах эрхтэй байна.

     Прокурор дээрх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн 233500530024 дугаартай хэрэгт Ц.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

   4.2. Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа: “Увс аймгийн Х сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Д нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/79 дүгээр  захирамжаар, газрын даамлаар ажиллаж байсан яллагдагч Г.О нарын нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай гэх үндэслэл заасан нь үндэслэлгүй байна.

     Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд тодорхой заасан ба ийнхүү зохицуулахдаа зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай холбогдуулан, тэдгээрийн доод, дээд хэмжээтэй уялдуулан тогтоосон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хуульд тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор явуулах бөгөөд уг хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-т зааснаас гадна, энэ зүйлийн 2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.

       Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид заасан тухайн үед Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.Д-ийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/79 дугаартай захирамжаар нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй хуульд заасан үндэслэл тогтоогдсон байх тул Д.Д-ийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

       Харин яллагдагч Г.О-ын газрын даамлаар ажиллаж байхдаа дээрх газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж гаргуулсан гэх үйлдэл, мөн түүний 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Ш.Х, Б.А нараас газар худалдан авч, газар дээр байшин барьж өгнө гэж 22,500,000 төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжтэй эсэх, эсхүл тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

     4.3. Шүүгчийн захирамжид дурдсан: “Г.О-с хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн гэх Б.А-ын газрын нэгж талбарын хувийн хэрэг гэх баримт бичгийн эх сурвалж тодорхойгүй байхад мөрдөгч дээрх бичиг баримтын эх сурвалжийг тодруулаагүй атлаа уг баримтад авагдсан Б.А-с гэх өргөдөлд зурагдсан Б.А, Ш.Х нарын гарын үсэг, бичвэртэй тохирч байгаа эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон нь үндэслэлгүй байна.

       Иймд анхан шатны шүүхийн “хэрэгт авагдсан Б.А-ын газрын нэгж талбарын хувийн хэрэг гэх бичиг баримт нь хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсний дараа дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай” гэх үндэслэл нь хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй үндэслэл болохгүй гэж дүгнэв.

     Хэрэгт авагдсан яллагдагч Г.О-с гаргаж өгсөн гэх иргэн Б.А-ын газрын нэгж талбарын хувийн хэрэг гэх 5 хуудас бүхий баримтын эх сурвалжийг шалгах шаардлагагүй, эдгээр 5 хуудас баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т заасны дагуу хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, дүгнэх боломжтой байна.

     5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.              

      6. Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлтэй байна.

      7. Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасныг баримтлан  Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/154 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/154 дүгээр “Хэргийг прокурорт буцаах” тухай  шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

     2. Яллагдагч Г.О, Ц.С нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                             ДАРГАЛАГЧ,

                                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.АЛТАН

                                                                                  ШҮҮГЧ                                   М.НЯМБАЯР

                                                                                  ШҮҮГЧ                                   Н.МӨНХЖАРГАЛ