Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

улсын яллагч Ч.Алтансүх,

шүүгдэгч Д.У түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.У холбогдох эрүүгийн 2016 2501 1734 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , Д.У /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.У нь 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сарын хооронд иргэн З байраа засварлаад барьцаанд тавьж мөнгө зээлээд хүүтэй нь мөнгийг нь өгнө гэж хуурч мэхлэн 6.000.000 төгрөгийг залилан авсан,

2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо Цагдаа хотхоны байрны гадаа иргэн Г.Н орон сууцны зээл бүтээж өгнө гэж хуурч мэхлэх аргаар 4.200.000 төгрөгийг залилан авсан,

2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Н хүүхдийг нь цэцэрлэгт оруулж өгнө гэж хуурч мэхлэх аргаар Г.Н дамжуулан 400.000 төгрөг залилан авсан,

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.О удахгүй зээл бүтэхээр өгнө гэж хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар 3 удаагийн үйлдлээр 6.000.000 төгрөг залилан авсан,

2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо Ундрам плазагийн гадаа иргэн Б.Г автобус баазад ажилд оруулж өгнө, жолооны эрхийг сэргээж өгнө гэж 2 удаагийн давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар 700.000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч З.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний найз Г нь 2014 онд Баянзүрх зах дээр барааны лангуу түрээсэлж ажиллуулдаг байсан бөгөөд Г дамжуулж У танилцаад 20 гаран хоносны дараагаас эхлээд У нь надаас, өөрийнхөө байрыг засах гэсэн чинь мөнгө хэрэгтэй байна, байраа засаад банкинд барьцаалж зээл авах гэсэн юм, мөн газар, жаахан дулаан ортол цаг хугацаа хэрэгтэй байна тиймээс мөнгө зээлээч гэж гуйх болсон. У нь ер нь бол 10.000.000 төгрөг 1 сарын 15 хувийн хүүтэй зээлэхийг хүссэн боловч түүний хүссэн хэмжээний мөнгө байгаагүй. Байсан мөнгө нь 4.500.000 төгрөг байсан. Тэгээд 4.500.000 төгрөгийг 15 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон. Мөнгө авсанаас хойш 1 сарын хугацаа өнгөрөөд Урангуад сарынхаа хүүг хийхийг шаардахад байрны засвар арай дуусаагүй байна, өвлийн хүйтэнд газар зарагдахгүй байна, банкны зээл бүтэхээр хүүг чинь нэмээд өгчихнө гэсэн. Хүүгээ өгөхийг хүлээсээр байгаад цагаан сар болсон чинь У гэр орноо тавилга тавихгүй бол банк үнэлгээ бага гаргаад байна, тиймээс тавилга авч байна гэж худлаа ярьж байгаад цагаан сар дуусгасан. У нь сүүлдээ худлаа яриад надаас зугтаад, утсаа ч авахгүй байхаар нь би мөнгөө залилуулчихлаа гэж ойлгоод Урангуаг цагдаад өгнө гэж утас руу нь мессеж бичиж байгаад дуудаж Баянзүрх захын хажуугийн цайны газарт уулзаад би өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлагааны ард талын хэсэгт нь У өөрөө 2015 оны 05 сарын 05-нд 8.000.000 төгрөг төлж барагдуулна гэж бичиж гарын үсгээ зурсан. Яагаад 8 сая төгрөг гэхээр миний үндсэн мөнгө болох 4.500.000 төгрөгийн хүү бодогдож 6.000.000 төгрөг болно. Түүн дээр У нь Оюунцэцэгээс авсан мөнгөнөөс гадна яг надаас 1.600.000 төгрөгийг 2014 оны 12 сард бэлнээр, 100.000 төгрөгийн бараа авсан байдаг. У нь 8 сая төгрөг төлж барагдуулна гэж бичиж өгсөн өдрөөс хойш 2, 3 хоногийн дараа У бид 2 хоорондоо муудалцаж хэрүүл болсон. Тэгээд 2015 оны 06 сараас 9 сар хүртэл У нь Нарантуяатай байнга холбоотой байсан бөгөөд энэ хугацаандаа байнгын худлаа ярьж Нарантуяаг залилсан байсан...” гэх мэдүүлэг. /2-р хх 237-242, 3-р хх 123-125 дугаар хуудас/,

Хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байрны зээл бүтээж өгнө гэж У нь мөнгө авахаас өмнө Францад байдаг төрсөн эгч Наранмижидээс ирсэн гоо сайхны хэрэглэл, гутал, хувцас, гадуур хүрэм зэрэг зүйлүүд ирсэнийг Урангуад зээлээр өгч байсан. Хамгийн гол асуудал нь би байрны зээл бүтээж өгнө гэж мөнгө авахад мөнгө төгрөг өгсөн авсан гэсэн баримт үйлдэж аваагүй дээ л унаж байна. Би Баянзүрх шүүхийн хажууд бэлнээр 2.000.000 төгрөг, дараа нь 2015 оны 8 сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөгийг 13-р хорооллын автобусны буудал дээр, дараа нь 2015 оны 10 сард Баянзүрх дүүргийн тамгын газрын гадаа 700.000 төгрөгийг өгсөн. Нийт 4.200.000 төгрөг өгсөнөөс У надад эргүүлж 2015 оны 11 сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 11 сарын 24-ний өдөр 800.000 төгрөг, 2015 оны 11 сарын 26-ны өдөр 700.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Үндсэндээ 4.200.000 төгрөг авснаас 2.000.000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Одоо 2.200.000 төгрөгийг өгөөгүй байна. 2015 оны 08 сарын 25-ны өдөр Д.У нь миний дансыг ашиглаж 500.000 төгрөгийг нөхөр А  миний данс руу шилжүүлсэн. Энэ мөнгө нь орж ирэнгүүт тэр дороо У өөрөө авсан байгаа. Гэтэл У нь үүнийг эсрэг мэдүүлэг болгон ашиглаж надад өгсөн гэж мэдүүлсэн байна. Өнгөрсөн жилийн 2016 оны 04 сард У нь надаас утсаар байнга эгчдээ битгий гомдол гаргаарай, эгч нь төлбөрийг нь барагдуулна гэж ярьдаг байсан. Гэтэл шоронд суугаад гарч ирэнгүүтээ огт өөр зүйл ярьж байна. Тиймээс би хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 20-23, 167-168, 2-р хх 67-68, 243-245 дугаар хуудас/,

Хохирогч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 оны 08 сард хамт ажилладаг ажлын газрын Н дамжуулан У гэдэг хүнийг мэддэг болсон. Би хүүхдээ цэцэрлэгт оруулах гээд чадаагүй үед Н надад таньдаг хүн байгаа тэгээд Н У утасны дугаарыг аваад холбогдож ярьсан, хүүхдийг маань цэцэрлэгт оруулахад 400.000 төгрөг авчираад өгөө, би яриад хүүхдийг чинь оруулаад өгье гэсэн. Тэгээд би 2016 оны 9 сарын 16-ны өдөр Наранцацралд 400.000 төгрөг өгсөн. Н цаашаагаа Урангуад бэлнээр өгсөн. У  ярихад “би чиний мөнгийг авсан, хүүхдийг чинь удахгүй оруулж өгнө” гэж хэлсэн боловч миний хүүхдийг одоо болтол оруулж өгөөгүй, мөнгийг маань буцааж өгөөгүй. У  ярихад янз бүрийн шалтаг хэлээд, сүүлдээ мөнгөө авъя гэхэд удахгүй эргүүлж өгнө гэж хэлдэг байсан. Одоо хүртэл мөнгийг маань өгөөгүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 24-26, 2-р хх 71-72, 246 дугаар хуудас/,

Хохирогч Р.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 12 сараас би У гэх эмэгтэйтэй танилцсан юм, манай дүү Зина Урангуаг таньдаг юм, тэгээд би дүүгээрээ дамжуулан мэддэг болсон. Би Урангуад эхлээд 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, дараа нь 1.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр бэлнээр өгсөн. Дараа нь 3.500.000 төгрөгийг зээлүүлэхдээ зээлийн гэрээ хийсэн. Би мөнгө өгөхдөө бүтнээр нь өгөөд сар дуусахаар хүүгээ авна гэдэг байсан. Би 6.000.000 төгрөгөөр хохирсон, хохирлын мөнгөнөөс нэг ч мөнгө төлөгдөөгүй...” гэх мэдүүлэг. /1-р хх 30-33, 2-р хх 73-74, 3-р хх 126-127 дугаар хуудас/,

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Урангуад нийт 700.000 төгрөг өгсөн, эхнийх нь 2016 оны 02 сарын 15-ны өдөр 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Тухайн үед У намайг автобус баазанд ажилд оруулж өгнө гэж хэлж авсан, би жолооны эрхээ хасуулсан байсан. Үүнийг хэлэхэд миний жолооны үнэмлэхийг сэргээж өгч чадна гээд 300.000 төгрөгийг авсан. Ингээд нийт 700.000 төгрөгийг авсан, хоёр дахь удаагаа мөнгө өгөхдөө Очирхуягт өгсөн Очирхуяг цааш нь Урангуад өгсөн. Миний эрхийг У сэргээж өгөөгүй, автобус баазад оруулж өгөөгүй. Одоо би мөнгө нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг. /1-р хх 121-123, 2-р хх 75 дугаар хуудас/,

Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 5-ны өдөр миний багын найз Зина над дээр ирээд манай найзад мөнгө хэрэгтэй байна 4.500.000 төгрөг зээлээч гэхээр нь би зөвшөөрөөд бэлнээр 4.500.000 төгрөгийг Рокмон билдингийн гадаа өгч байсан, бид 2 ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй, би тухайн үед Зинатай мөнгө өгч авалцдаг байсан учир бичиг баримт үйлдээгүй. Зина надаас 15 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай авч байсан боловч 1 сар өнгөрөхөд мөнгийг өгөхгүй байсан. Би бүр гайхаад Зина чи яасан бэ гэхэд Зина “У гэдэг хүн мөнгийг чинь авсан, өгдөггүй ээ” гэж учраа хэлсэн. Тэгээд Зина нилээн явуулж байгаад хадам ээжээсээ авч өгсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 176 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /Г.Н 1-р хх 229 дугаар хуудас/, /хохирогч Р.Очирхуяг 3-р хх 32, 67 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх 52 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.У нь 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сарын хооронд иргэн З байраа засварлаад барьцаанд тавьж мөнгө зээлээд хүүтэй нь мөнгийг нь өгнө гэж хуурч мэхлэн 6.000.000 төгрөгийг залилан авсан,

2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо Цагдаа хотхоны байрны гадаа иргэн Г.Н орон сууцны зээл бүтээж өгнө гэж хуурч мэхлэх аргаар 4.200.000 төгрөгийг залилан авсан,

2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Н хүүхдийг нь цэцэрлэгт оруулж өгнө гэж хуурч мэхлэх аргаар Г.Н дамжуулан 400.000 төгрөг залилан авсан,

2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.О удахгүй зээл бүтэхээр өгнө гэж хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар 3 удаагийн үйлдлээр 6.000.000 төгрөг залилан авсан,

2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо Ундрам плазагийн гадаа иргэн Б.Г автобус баазад ажилд оруулж өгнө, жолооны эрхийг сэргээж өгнө гэж 2 удаагийн давтан үйлдлээр хуурч мэхлэх аргаар 700.000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.У прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Д.У холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Д.У эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 119 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Иргэний хуульд зааснаар Д.У 2.600.000 төгрөг гаргуулж хохирогч З.З олгохоор тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь бусад хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.