Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 99

 

........... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танх имд нээлттэй явуулж, Л.Ад холбогдох эрүүгийн 1804001210102 дугаартай хэргийг Нийслэлийн ........... дүүргийн прокуророос 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                Б.Одгэрэл

 Улсын яллагч                                                 Б.О

 Шүүгдэгч                                                    Л.А нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19_.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ........... дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр гудамжны 5 тоот хашаанд оршин суух, урьд 10 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай Ө- овгийн Л-ын А /.../.

       

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

               Л.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 2-ны шөнийн 23 цагийн орчимд ........... дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 24 дүгээр гудамжны 5 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ц.Н-ын бие махбодид хутгаар хүзүүний ар хэсэг, зүүн гарын бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Мөн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлэхгүй, сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

           Шүүхээс Л.Ад холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Хохирогч Ц.Н-ын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 23 цагийн үед 1 шил 0.75 граммын архи аваад танил Аийн гэрт очсон. Намайг очиход А, Дамба хоёр архи уучихсан байсан ба Дамба унтаж байсан. Тэгээд А бид хоёр миний авчирсан архийг хувааж уусан. Би архи уугаад сууж байхдаа Атэй маргалдаж хараалын үг хэлж байсан, яг юунаас болж маргалдсан болон ямар үгээр хэлж доромжилсноо сайн санахгүй байна. Тухайн үед бид хоёр гал тогооны өрөөнд ширээний хоёр талд сууж байсан ба А сандал дээрээс босч ирээд миний шилэн хүзүү рүү алгадах шиг болсон. Гэтэл миний хүзүү халуун оргиод цус гарч эхэлсэн. А хутга бариад намайг хутгалсан юм байна лээ. Тэгээд Аийн гэрээс гараад Рашаант, Жаргалант хэсгийн голын зам дээр зогсож байтал нэг машинтай хүн ирээд намайг Эрүүл мэндийн нэгдэлд хүргэж өгсөн. Би Аийг хутгалах үед түүний хутгатай гарыг зүүн гараараа хаасан учраас зүүн гарын тохой хэсэг зүсэгдэж цус гарч байсан. Миний хувьд нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол саналгүй....” гэсэн мэдүүлэг /хх-22-23 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 18 цагийн үед миний танил Дамба Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас манайд ирсэн. Тэгээд Дамба бид хоёр 1 шил архи хувааж уусан. Оройн 22 цагийн үед Н- миний утас руу залгаад намайг хаана байгааг асууж манай гэрт ирсэн. Н- ирэхдээ 1 шил 0.75 граммын архи авчирсан ба бид хоёр уг архийг хувааж уусан. Би архи ууж байхдаа маш их согтож ухаан алдсан байсан. Тэгээд ухаан ороход эрүүлжүүлэх байранд саатуулагдсан байсан. Н- бид хоёр манай гэрийн гал тогооны өрөөнд ширээний хоёр талд суугаад архи ууж байсан. Тэр үед ширээн дээр бор иштэй эвхдэг хутга байсныг санаж байна. Тэгээд Н-тай маргалдаад ширээн дээр байсан эвхдэг хутгаар түүний хүзүү рүү хутгалсан байна лээ. Н- бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Шинжээч эмчийн “…Ц.Н-ын биед хүзүүний ар хэсэг, зүүн гарын бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх ойролцоох эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.…” гэсэн 09шэ/243 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/

           Хэргийн газрийн үзлэг хийсэн “…2018 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 00 цаг 42 минутад ........... дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 24 дүгээр гудамжны 5 тоот хашаанд байрлах өвлийн сууцны байшинд үзлэгийг цагийн зүүний дагуу үүдний амбаараас эхлэв. Үзлэгээр гал тогооны өрөөний шалан дээрхи цус мэт шингэн зүйлээс шинжилгээнд дээж болгон арчдас авч, шинжээч цагдаагийн дэслэгч З.Өнөрбуян 17 кадр гэрэл зураг авч үзлэгийн явцыг бэхжүүлэв…” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай “…125 мм урт бариултай, ажлын хэсэг нь 95 мм урттай, 1 ширхэг эвхдэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсугай…” гэсэн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/

Согтуурал шалгасан тухай “…Л.Аийн согтуурлын зэрэг “0.156” тоон үзүүлэлт гарсан …” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13/,

Л.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг “…1982 оны 2 сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн 109-б дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

- 1983 оны 6 сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн 76-б дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар,

- 1985 оны 3 сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн 76-б дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

- 1989 оны 2 сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 276-3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

- 1993 оны 1 сарын 7-ний өдөр Эрүүгийн хуулийн 239.3 дахь хэсэгт зааснаар 4 жил 3 сарын хорих ялаар,

- 1999 оны 3 сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн 239-3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

- 2008 оны 3 сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаатай баривчлах ялаар,

- 2008 оны 10 сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаатай баривчлах ялаар,

- 2012 оны 1 сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаатай албадан ажил хийлгэх ялаар,

- 2012 оны 10 сарын 18-ны өдөр ........... дүүргийн шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаатай баривчлах ялаар,

- 2014 оны 7 сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн 98.1-д зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял,

- 2016 оны 5 сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 230.1-д зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар,

- 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар…” шалгасан хуудас /хх-ийн 56-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /59-79 хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Л.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 2-ны шөнийн 23 цагийн орчимд ........... дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 24 дүгээр гудамжны 5 тоот хашаанд байх гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ц.Н-ыг хутгалж хүзүүний ар хэсэгт 4х0.2 см шарх, зүүн гарын бугалганы ар доод хэсэгт 3х0.2 см шарх гэмтэл учруулсан болохыг нотолж байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Нотлох баримтын  талаархи дүгнэлт 

           Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.  

 

Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Л.А нь хохирогчийг санаатай хутгалсан болох нь хохирогчийн зүй бус харилцааны улмаас уурласан, хутгыг ширээн дээрээс авч үйлдэлдээ бэлтгэсэн зэргээр нь тогтоогдсон. Хүний биеийг гэмтээж чадах ир үзүүртэй зэвсэг хэрэглэсэн нь хохирогчийн биед гэмтэл учруулахыг хүсэж үйлдсэнийг нотолж байна.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…Ц.Н-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/243 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Л.Аийн үйлдэл нь иргэн Ц.Н-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчсөн байна.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Л.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.   Хохирогч гомдол саналгүй, хохирол хор уршигийн талаар баримтаар нэхэмжлээгүй болохыг тэмдэглэе. 

Иймд Л.Ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэвэл зохино.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12.5 см урттай мод болон төмөр иштэй, ажлын хэсэг нь 9.5 см урттай хутгыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул  хуульд зааснаар устгах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ө- овгийн Л-ын Аийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө- овгийн Л-ын Аийг таван зуун дөчин /540/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нь 12.5 см урттай мод болон төмөр иштэй, ажлын хэсэг нь 9.5 см урттай эвхдэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  5. Хохирогч Ц.Н- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Л.Ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилж ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ