Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2025/ДШМ/25

 

М.О, А.Я нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

       Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

     прокурор А.Анхбаяр, шүүгдэгч А.Я, түүний өмгөөлөгч Я.Батханд, Д.Бунжаа, шүүгдэгч М.О-ийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан,

      Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд, Д.Бунжаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, А.Я, М.О нарт холбогдох, 2335000900168 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        - Монгол Улсын иргэн, Т ургийн овогт А-ийн Я,

        - Монгол Улсын иргэн, Б ургийн овогт М-ын О,

1. Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч А.Я нь Увс аймгийн Х сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “тус сумын 3 дугаар багийн иргэн М.О-ийн 2022 оны сумын сайн малчин болох” гэсэн ашиг сонирхлын үүднээс, түүнийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 8/5 дугаартай тогтоолоор батлагдсан журмын дагуу сумын сайн малчнаар шалгарах болзол шаардлагыг хангаагүй байхад албаны чиг үүргээ хэрэгжүүлж, сумын сайн малчнаар шалгаруулж, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн х дугаартай дансаар 500,000 төгрөгийн хахууль авсан, 

       - мөн Увс аймгийн З сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сард тус сумын 3 дугаар багийн иргэн Я.О-той утсаар ярьж, түүний нөхөр М.Т-ийг 2022 оны сумын сайн малчнаар шалгаруулах гэхээр сум орон нутагт хандив өгсөн байх шаардлагатай тул 500,000 төгрөг, эсхүл 2 тооны хонь хандивт өгөх шаардлагатай гэж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Я.О-с хахууль өгөхийг шаардсан,

      - шүүгдэгч М.О нь Увс аймгийн З сумын 2022 оны сумын сайн /аварга/ малчнаар шалгарахын тулд тус сумын Засаг дарга А.Я-д 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 500,000 төгрөгийг өөрийн х тоот дансаар шилжүүлэн өгч бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

     2. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяраас шүүгдэгч шүүгдэгч А.Я-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.О-ийн үйлдлийг 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

       3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолоор:

        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч А.Я-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

       - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т ургийн овогт А-ийн Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,

        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б ургийн овогт М-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч А.Я-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

        - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Я-н энэ хэрэгт цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Я-н хувьд ногдох эд хөрөнгөөс 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулж,

       - шүүгдэгч А.Я-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж,

      - шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

      4. Шүүгдэгч А.Я-н өмгөөлөгч Я.Батханд, Д.Бунжаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нөхцөл байдлын хувьд: Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч А.Я-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн. Тодруулбал, прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн. Уг зүйл, хэсэг нь торгох, зорчих эрхийг хязгаарлах ял болон хорих ялтай буюу сонгох санкцтай тул шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэж байгаа юм.

     Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд: Миний үйлчлүүлэгч А.Я нь мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг ба гэм буруугийн шүүх хуралдааны үе шатанд мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байдаг.

       Хувийн байдлын хувьд: А.Я нь Увс аймгийн З сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ажилтай, нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Эрүүл мэндийн байдлын хувьд, хэвлийн хөндийн наалдац болон тархины хавдар оноштой нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогддог.

      Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол” гэж заасан байхад миний үйлчлүүлэгчийн үйлдлийг хахууль авсан болон шаардсан үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зэрэгцээ шинжийг хангаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг журамлах үндэслэлгүй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

        Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т: шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон ... “эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг тусгана гэж заасан бөгөөд хорих ял оногдуулж буй үндэслэлийг уг тогтоолд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

      Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ27 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулан, миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг өөрчлөн, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

       5. Шүүгдэгч А.Я-н өмгөөлөгч Я.Батханд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өмгөөлөгч нарын хувьд, анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн хоёр үндэслэлээр гомдол  гаргасан ба гомдлоо дэмжиж оролцож байна.

      5.1. Шүүх эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ, эрүүгийн хуулийг буруу тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарласан. Тухайлбал давтан гэмт хэрэг үйлдэх гэдэг ойлголтыг 2015 онд баталсан эрүүгийн хуулиас хассан. Гэтэл шүүгчийн хувьд хууль буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тухайн зүйл хэсэг заалтад хахууль авахыг шаардсан, хахууль авсан гэх зэрэгцээ шинж байгаа нь эрүүгийн хуулийн зорилгод нийцэж, үүнийг давтан гэмт хэрэг гэж үзэхээр шийтгэх тогтоолын 14 дүгээр талд хүндрүүлж үзэх нөхцөл байдлыг үүнтэй холбож тайлбарлаад байгаа. Гэтэл эрүүгийн хуульд давтан гэмт хэрэг гэдэг ойлголт байхгүй. Харин улсын яллагчийн яллах дүгнэлтээр болон өмгөөлөгч нарын маргаад байгаа үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг зүйл хэсэгт заасан гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн  үргэлжилсэн буюу нэг гэмт хэрэг гэж үзнэ гэснийг журамлаагүй нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж харж байгаа.

      5.2. Миний үйлчлүүлэгчийн нийтийн албанд ажиллах эрхийг долоон жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Хамгийн гол нь тухайн шийтгэх тогтоолдоо ямар үндэслэлээр тухайн зүйл хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгон оногдуулж байгаа үндэслэлээ тусгаагүй нь процессын зөрчил гэж харж байгаа. Уг нь хуулийг буцааж хэрэглээд 2022 оны 12 сарын 16-наас өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт торгох болон зорчих эрх хязгаарлах, хорих ялаас сонгож оногдуулахаар заасан. Миний үйлчлүүлэгч хэрэгт авагдсан нотлох баримтаар болон мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын, шүүх хуралдааны шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Дээрээс нь эрүүл мэндийн хувьд, тархины хавдартай, хэвлийн хөндийн наалдацтай, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол хор уршиг эдгээр шинж чанарыг харгалзаж үзэхгүйгээр хууль буцааж хэрэглэж байгаа хэдий ч эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг үндэслээд шийдэж байгаатай яг адилхан хорих ял оногдуулж байгаад өмгөөлөгчийн хувьд үндэслэлгүй байна гэж үзэж гомдол гаргасан. Хорих ял оногдуулж байгаа үндэслэлийг шүүх тухайн үед тайлбарлахдаа засаг дарга учраас иргэдийн төрд итгэх итгэлийг алдагдуулж байгаа гэдэг байдлаар тайлбарласан.

       Монгол улсын Үндсэн хуульд ажил мэргэжлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гээд заачихсан. Гэтэл нийтийн албанд ажиллах эрхийг нь хасаж хүндрүүлсэн, түүнчлэн холбогдсон хэргийн зүйлчлэлийг албан тушаалын байдлаар нь хүндрүүлж зүйлчлээд байхад дахиад хийж байгаа ажил мэргэжилтэй нь холбогдуулаад хорих ял оногдуулж байгаа үндэслэл нь хуулийг ноцтой зөрчсөн гэж харагдаж байна.

       5.3. Миний үйлчлүүлэгч 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс буюу анхан шатны шүүх хуралдаанаас өмнө цагдан хоригдсон, өнөөдрийн байдлаар 171 хоног цагдан хоригдож байгаа. Тэгэхээр эмэгтэй хүнийх нь хувьд, насны хувьд, эрүүл мэндийн байдлын хувьд харгалзан үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан байгаа. Баривчлах байрны эмчийн байнгын хяналтад өнөөдрийг хүртэл байгаа, хоёр удаа ухаан алдаж унасан, даралт нь байнга хэлбэлзэлтэй, хэвлийн наалдацтай учраас өдөр бүр клизм тавьж хүндэрдэг, байнгын эмчийн хяналтад байж, 6 сар тутамд хагалгаанд орох нөхцөл байдалтай байгаа, ийм хүндрэлтэй нөхцөл байдлууд байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хувийн эрүүл мэндийн байдлыг тус тус харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдлыг өмгөөлөгчийн хувьд гаргасан.

       Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулчихвал эрүүл мэндийн байдалтай нь холбоотойгоор, хагалгаанд орох, хавдар эмчлүүлэх буюу сумаасаа гарах шаардлагатай нөхцөл байдал байгааг эрхэм шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзээсэй гэдэг саналыг гаргаж, гомдлоо дэмжиж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.

        Гомдлын хувьд, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах агуулгаар биш, хуулийг буруу хэрэглэсэн агуулга нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байна гэдэг үндэслэлийг гаргаад байгаа. Мөн хорих ял оногдуулаад байгаа үндэслэлээ тайлбарлахгүй байгаа нь эрх зүйн байдлыг нь дордуулсан агуулгатай байгаа учраас гомдол гаргасан. Тийм учраас өмгөөлөгч нарын гомдлын агуулга нь 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслээд тогтоолд өөрчлөлт оруулаад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Дээд шүүхийн тайлбарт заасан болон миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, улсын орлого болгохоор тогтоолд  заасан хохирлыг төлсөн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим зөрчигдсөн байна гэж харж байна” гэв.

        6. Шүүгдэгч А.Я-н өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “ ...Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хурлын дараа шүүгдэгчийн хүсэлтийн дагуу өмгөөлөгчөөр оролцож, анхан шатны шүүх хурлаас хойш нийт 87 хоног цагдан хоригдох хугацаанд нь уулзаж байхад эрүүл мэндийн байдал маш муу байдалтай байсан. Ухаан алдаж унасан, өтгөн нь гарахгүй нөхцөл байдлын улмаас байнгын клизм тавьдаг, эмчилгээ хийлгэсэн нөхцөл байдалтай байгаа. А.Я нь анхан шатны шүүх хуралдаанд өөрийн хийсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн тогтоолд эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ, эрүүгийн хариуцлага анх удаа хүлээж байгаа, эрүүл мэндийн байдал  муу гэдэг нь эмчийн тодорхойлолт, мөн 3 дугаар хавтаст хэрэгт А.Я-н шинжилгээ хийлгэж байсан баримтаар нотлогдсон талаар гэж дүгнэлт хийсэн. Иймд гаргаж буй гомдлын үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хорихоос өөр төрлийн ял буюу торгох  ялыг оногдуулж өгөхийг хүсэж байгаа. Миний үйлчлүүлэгч А.Я 6 сарын хугацаанд цагдан хоригдохдоо өөрийн гэм буруугаа ойлгож, гэм буруугаа хүлээж байгаа.

        Хамгийн гол нь эрүүл мэндийн байдал нь муу байгаа, байнгын эмчийн хяналтад байх шаардлагатай тухай хорих ангийн их эмчийн тодорхойлолт  хэрэгт авагдсан байгаа. Миний үйлчлүүлэгчийн биеийн байдал нь цаашид хорих ялыг эдлэх боломжгүй эрсдэлтэй нөхцөл байдалд байх тул дээрх гаргасан саналаа дэмжиж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 7 жилээр хассан шийдвэрийг тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Яагаад гэвэл шүүгдэгчийн хувьд эрүүл мэндийн байдлаа эмчлүүлчихвэл дөнгөж 46 настай учир дахин ажил хийх боломжийг нь олгож өгнө үү гэв. 

      7. Шүүгдэгч М.О-ийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.О-ийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчөөр явсан. Миний үйлчлүүлэгчийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Хэргийн зүйлчлэлийг мөрдөн байцаалтын шатнаас М.О хүлээн зөвшөөрч ирсэн. Бидний зүгээс давж заалдах гомдол гаргаагүй. Тэгэхээр 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна” гэв.

       8. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Я-н өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа гомдлоо шүүгдэгчид танилцуулах үүргийн дагуу танилцуулсан байсан. Ерөнхийдөө хоёр үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан гэж ойлгосон. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг зөрчсөн учраас 39.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хэрэг шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах гэсэн хоёр агуулгаар давж заалдах гомдлыг гаргасан байна.

        Шүүгдэгч А.Я нь хуульч биш учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар мэдлэг байхгүй байх гэж бодож байгаа. Тэгэхээр өмгөөлөгч нарын гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж байгаа гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдааныг хойшлуулаад нэмэлт ажиллагаа хийж нотлох баримтын цуглуулсан. Энэ гэмт хэрэг нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн нь тодорхой болсон. Ингэхээр хуучин мөрдөгдөж байсан буюу 2022 оны 12 сарын 16-ны өдөр өөрчлөлт орохоос өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцох нь зөв.

        Прокуророос А.Я-н бусдаас хахууль авсан, хахууль өгөхийг шаардсан хоёр үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжтэй байна гэж  яллах дүгнэлт үйлдсэн. Нэг нь хахууль өгөхийг шаардсан, нөгөө нь хахууль авсан  тус тусдаа хоёр өөр хүнд хандсан, тусдаа үйлдэл гэдэг нь тогтоогдсон учраас анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн хувьд үзсэн.

       Давтан гэмт хэрэг бус хахууль авсан, хахууль өгөхийг шаардсан хоёр гэмт үйлдлээр нь тус тусад нь гэм буруутайд тооцоод, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаад 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй,  Эрүүгийн хуулийг анхан шатны шүүхээс зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа учраас шүүгдэгч А.Я-н өмгөөлөгч Я.Батханд, Д.Бунжаа нарын давж заалдсан гомдол үндэслэлгүй байна гэсэн тайлбар гаргаж байна.

      Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй гэдэг дүгнэлтийг гаргаж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүхийн шийтгэх тогтоолд бичсэн дүгнэлтийг зөв ойлгох хэрэгтэй, шүүгч тус тусдаа гэмт хэрэг байна гэсэн болохоос давтан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнээгүй байгааг давтан хэлмээр байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд, Д.Бунжаа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, А.Я, М.О нарт холбогдох, 2335000900168 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

     2. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудаар хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна.

     2.1. Шүүгдэгч А.Я нь Увс аймгийн З сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “тус сумын 3 дугаар багийн иргэн М.О-ийн 2022 оны сумын сайн малчин болох” гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 8/5 дугаартай тогтоолоор баталсан журамд заасан “сумын сайн малчин”-аар шалгарах болзол шаардлагыг хангаагүй байхад сумын сайн малчнаар шалгаруулж, түүнээс Хаан банк дахь өөрийн эзэмшлийн х дугаартай дансаар 500,000 төгрөг хахуульд авсан үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

      - гэрч Х.О /З сумын 3 дугаар багийн засаг даргаар ажиллаж байсан/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай 3-р багийн иргэдийн хурлын дарга М.Ц-д болон бусад иргэдийн төлөөлөлтэй хэлэлцэж, багаас сумын сайн малчнаар Ц.Г, С.Х гэх хүмүүсийг журамд заасан шалгуур үзүүлэлт, болзол хангаж байгаа гэж үзээд сумын сайн малчнаар тодорхойлж, сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Д.А гэдэг хүнд холбогдох материал болон багийн Засаг даргын тодорхойлолтыг хүргэж өгсөн байсан. Гэтэл манай багаас тодорхойлж явуулаагүй М.О, М.Т гэх хүмүүсийг сумын сайн малчнаар шалгаруулсан байсан. Сумын сайн малчин шалгаруулахаас өмнө нь сумын Засаг дарга надтай уулзаад “танай багаас М.О, М.Т гэх хүмүүсийг сайн малчинд тодорхойлох хэрэгтэй байна, чи материал бүрдүүлээд өг” гэж хэлэхэд нь би “манай багаас тодорхойлох ёстой хүмүүсээ тодорхойлсон” гэж хэлээд зөвшөөрөөгүй юм. Гэтэл сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Д.А-г тэр хүмүүсийн материал бүрдүүлж өг гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би “манай багаас хүмүүсийн материалаа өгсөн байгаа, дахиж бүрдүүлж өгөх шаардлагагүй” гэж хэлсэн. Яаж материал бүрдүүлснийг нь мэдэхгүй, тэр 2 хүнийг сайн малчнаар шалгаруулсан байсан. Сумын сайн малчин өрхөөр шалгаруулсан шалтгаан нь М.О-с сумын Засаг дарга А.Я нь сайн малчнаар шалгаруулж өгөхөөр 500,000 төгрөг, М.Т-с хонь авсан байна гэж багийн иргэд ярьж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

       - гэрч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...2023 оны 01 дүгээр сард санагдаж байна. Манай багаас сумын сайн малчнаар Ц.Г, С.Х нарыг шалгаруулахаар материалыг сумын мэргэжилтэн Д.А-т өгсөн. Сумын Засаг даргын зөвлөлийн хурал болоход сумын Засаг дарга А.Я-с манай багаас тодорхойлсон Ц.Г, С.Х нарыг шалгаруулахгүйгээр өөрөө М.Т, М.О нарыг шалгаруулсан байсан. Би зөвлөлийн хурал тарсны дараа тэр талаар сонсож, сумын Засаг дарга А.Я-тай уулзаж, “яагаад манай багаас тодорхойлсон хүмүүсийг шалгаруулаагүй юм бэ” гэхэд “би мэдэж шалгаруулдаг юм” гэж хэлсэн гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

       - гэрч Д.А /З сумын ЗДТГ-ын хөдөө аж ахуйн мэргэжилтэн/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сард З сумын 3 дугаар багаас сумын сайн малчинд тодорхойлохоор багийн даргаас Ц.Г, С.Х гэх хүмүүсийн нэрсийг материалын хамт надад ирүүлсэн байсан. Би тухайн хүмүүсийн нэрс, материалыг ажил үүргийн хуваарийн дагуу сумын Засаг даргын тамгын газрын дарга Т.Т-т танилцуулж, дараа нь сумын Засаг дарга А.Я-д танилцуулсан. Тэгээд Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдэх ёстой байдаг. Гэтэл Засаг даргын зөвлөлийн хурал болохоос өмнө сумын Засаг дарга А.Я намайг дуудаж уулзаад “3 дугаар багаас М.О, М.Т гэдэг хүмүүсийн материалыг сайн малчинд тодорхойлохоор оруулж ир” гэж хэлэхээр нь би “тухайн багаас малчдаа тодорхойлж ирүүлсэн. Таны хэлсэн М.О, М.Т гэх хүмүүсийг би тодорхойлж, Засаг даргын зөвлөлд оруулах боломжгүй” гэдгээ хэлсэн боловч зөвлөлийн хурлаас М.О, М.Т гэх хоёр хүнийг сумын сайн малчнаар шалгаруулсан байсан. Тухайн 2 хүний хувьд ямар нэгэн материал бүрдүүлээгүй байсан. Тухайн хоёр иргэнийг сайн малчнаар шалгаруулсны дараа сумын иргэд болон тамгын газрын ажилчдын дунд М.О нь 500,000 төгрөг, М.Т нь Засаг даргад хандив нэрээр мал өгсөн тул шалгаруулсан гэсэн яриа гарсан. ...Би тухайн багаас ирүүлсэн материал нэрсийг Засаг даргын зөвлөлд танилцуулах ёстой байсан боловч Засаг дарга намайг “чи хуралд орох шаардлагагүй” гээд оруулаагүй. Гэтэл тодорхойлсон нэрсээс өөр хүмүүсийг сумын сайн малчинд тодорхойлж шийдвэрлэсэн байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20-21, 23 дугаар хуудас/,

        - гэрч Т.Т /сумын ЗДТГ-ын дарга/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би сумын Засаг даргын зөвлөлд байдаг, тухайн зөвлөл 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж сумын сайн малчин, бусад аварга, тэргүүнийг шалгаруулах асуудал хэлэлцэж, 3 дугаар багаас М.О, М.Т гэх хүмүүс сайн малчнаар шалгаруулах саналтай байгаагаа сумын Засаг дарга өөрөө танилцуулж, зөвлөлийн гишүүд дэмжсэн. Тухайн хүмүүсийн талаарх ямар нэгэн материал танилцуулаагүй. Амаар танилцуулж, гишүүд дэмжээд явсан. Баг тус бүрээс нэг сайн малчин, сумаас нийт 4 сайн малчин шалгаруулах ёстой, гэтэл баг тус бүрээс 2, 2-ыг шалгаруулдаг болсон.

     ... Миний мэдэж байгаагаар хандив тусламж өгч байсан зүйл байхгүй. Харин би цагаан сарын баяраар сумын сайн малчин тодруулж, шагнал өгч байхад М.О гэдэг хүнийг Засаг даргад 500,000 төгрөг өгсөн талаар хүмүүсийн дунд маргаан үүссэн. Тухайн асуудлыг М.О-ийн нагац ах С.Х зэрэг хүмүүс ярьж байсан.

       Цар тахалтай жил буюу 2020-2021 онд манай сумын Засаг дарга А.Я нь манай тамгын газрын нярав Т.Э-д М.О-с өгсөн гэж 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж бэлэн мөнгө өгөөгүй. Хэрэв хандив өгсөн бол сумын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд оруулж зарцуулах ёстой.

      Мөн 2023 онд манай сумын Засаг дарга А.Я нь манай тамгын газрын нярав Т.Э-д М.О-с өгсөн гэх 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн зүйл байхгүй. Хэрэв хандив өгсөн бол сумын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд оруулан зарцуулах ёстой. Т.Э нь надад ямар нэгэн байдлаар сумын Засаг даргаас өгсөн мөнгө гэж 500,000 төгрөгийг авч ирсэн, уг мөнгийг нэмэлт санхүүжилтийн дансанд хийсэн, хийлгэсэн удаа байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25-26, 28-29 дүгээр хуудас/,

      - гэрч Д.Б /сумын ЗДТГ-ын төрийн сангийн албаны дарга/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 онд манай сумын Засаг дарга А.Я нь манай тамгын газрын нярав Т.Э-д М.О-с өгсөн гэж 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн асуудал байхгүй. Хэрэв хандив өгсөн бол сумын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд оруулан зарцуулах ёстой” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,

      - гэрч Т.Э /Тамгын газрын нярав/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Намайг ажилд орсноос хойш буюу 2023 оны 01 дүгээр сарын дундуур засаг дарга А.Я нь надад М.О гэх хүн 500,000 төгрөг өгсөн гэж бэлнээр өгч байсан удаа байхгүй. ...Сумын Засаг дарга ямар шалтгааны улмаас М.О гэх хүнээс өгсөн гэх 500,000 төгрөгийг надад бэлнээр өгсөн гэж хэлснийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

      - Хаан банкны Увс аймаг дахь салбарын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 5822/482 дугаартай албан бичиг, хавсралтаар ирүүлсэн А-ийн Я, М-ын О нарын эзэмшлийн дансны хуулга, мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 202-225 дугаар хуудас/,

       - шүүгдэгч М.О-ийн яллагдагчаар өгсөн “...2022 онд сумын сайн малчин гэх шагналын авахаар сумын Засаг дарга А.Я-тай утсаар ярьж, түүнээс намайг сумын сайн малчнаар шалгаруулах боломжтой эсэх талаар гуйж санал тавьсан. Тэр надад хандан хандив тусламж өгөх юм бол болно гэхээр нь би түүний данс руу нь 500,000 төгрөгийг өөрийн сайн дураар шилжүүлж байсан. Тэр 500,000 төгрөгийг сумын сайн малчин болох зорилгоор өгч байсан. Уг мөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сумын Засаг дарга А.Я-тай утсаар яриад дууссаны дараа түүнд шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно. 

      2.2. Мөн шүүгдэгч А.Я нь Увс аймгийн З сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, 2023 оны 01 дүгээр сарын 10-15-ны өдрийн үед тус сумын 3 дугаар багийн иргэн Я.О-той утсаар ярьж, түүний нөхөр М.Т-г 2022 оны сумын сайн малчнаар шалгаруулах гэхээр сум орон нутагт хандив өгсөн байх ёстой тул 500,000 төгрөг, эсхүл 2 тооны хонь хандивт өг гэж Я.О-с хахууль өгөхийг шаардсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

      -  М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Манайх 2022 оны өвөл З аймгийн З суманд отроор өвөлжсөн. Тухайн газар өвөлжиж байхад сумын Засаг дарга А.Я миний эхнэр Я.О руу утсаар холбогдож, “танайхыг сумын сайн малчин өрхөөр шалгаруулах гэж байна. Танайх надад 2 хонь өгөөрэй” гэж ярьсан байсан. Удалгүй Засаг дарга дахин манай эхнэртэй  утсаар холбогдож “танайхыг сумын сайн малчнаар шалгаруулсан” талаар хэлсэн байсан. Миний эхнэр цагаан сарын баярын өмнө сумын төв ороод ирэхдээ “Засаг даргатай уулзлаа, танайд сайн малчны шагнал гардуулж өгнө, танайх надад 2 хонь өгөөрэй гэж байна” гэж хэлж ирсэн.

        Намайг хэрхэн, яаж шалгаруулсан талаар надад мэдэх зүйл огт байхгүй. Учир нь би ямар нэгэн байдлаар сумын сайн малчин болно гэж сум, багийн Засаг дарга нарт материал бүрдүүлж өгсөн, сонгон шалгаруулалтад орсон зүйл байхгүй. Засаг дарга утсаар ярихдаа, “сумын аварга малчнаар шалгаруулах журмын дагуу танайх сумандаа хандив өгсөн байх ёстой юм, танайх 500,000 төгрөг, эсхүл 2 тооны хонь өгч болно” гэж хэлсэн гэсэн.  Тэгэхээр нь эхнэр “манайд мөнгө байхгүй, заавал өгөх ёстой юм уу гэж хэлэхэд танайх шаардлага хангаад байгаа, шалгаруулах журам нь сумандаа хандив өгсөн байх ёстой” гэж хэлэхээр нь тэр журмынхаа дагуу 2 хонийг хандив болгож авч болно гэж хэлсэн байсан. Тэгэхдээ манайхан А.Я даргад болон суманд хандиваар мал /хонь/ болон мөнгө төгрөг өгсөн удаа байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 31-32, 36 дугаар хуудас/,

        - М.Т-ийн сумын сайн малчны өргөмжлөлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

     - гэрч Я.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манайх 2022 оны сумын сайн малчин өрхөөр шалгарсан. Шалгарсан шалтгаан нь 2023 оны өвөл манайх З аймгийн З суманд отроор нүүж өвөлжиж байхад сумын Засаг дарга А.Я утсаар яриад “танайхыг сумын сайн малчин өрхөөр шалгаруулах гэж байна, танайх хандив тусламж өгөх хэрэгтэй байна, 500,000 төгрөг юм уу мал өгөх хэрэгтэй” гэхээр би олон жил мал дагасан болохоор нэг шагнал авъя гэж бодоод Засаг даргад “манайд мөнгөний боломж байхгүй, 2 тооны хонь өгье” гэдгээ хэлсэн. Засаг дарга тухайн малыг зун мал сэргэхээр боломж, боломжоороо аваад зарцуулна гэж хэлсэн. Тэгсэн цагаан сарын өмнө нь сумын төв ороход сумын Засаг даргын жолооч таараад “танайд маргааш сумын сайн малчны шагнал гардуулахаар явах гэж байна” гэж хэлсэн. 2 хоногийн дараа Засаг дарга, холбогдох хүмүүстэй ирээд сумын сайн малчны шагнал өгөөд явсан. Засаг дарга А.Я-д хоёр хонь болон 500,000 төгрөг өгсөн удаа байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51 дүгээр хуудас, 56-57/,

   - гэрч М.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сумын аварга малчин, тариаланч, бусад аварга тэргүүнийг шалгаруулахдаа сумын Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар  шалгаруулдаг юм. Сумын Засаг дарга өөрийн биеэр зөвлөлийн хуралд танилцуулдаг. Зөвлөлийн гишүүд санал хэлэхээс биш эцсийн шийдвэр гаргах эрх байхгүй. Тэр утгаараа сумын Засаг дарга аварга, тэргүүнийг шалгаруулдаг. Манай 3 дугаар баг буюу Х багийн малчин болох М.Т, М.О нар нь хоорондоо болон сумын Засаг даргатай төрөл садны холбоогүй хүмүүс. М.О, М.Т нарыг сумын Засаг дарга А.Я нь өөрөө санал болгож, танилцуулж байсан. Хурал болсны дараа манай 3 дугаар багийн Засаг дарга Х.О нь сумын Засаг дарга А.Я-д “манай багаас тодорхойлсон хүмүүсийг сайн малчнаар шалгаруулсангүй” гэж маргасан тухай яриа гарч байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/,

    - гэрч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...3 дугаар багаас сайн малчнаар шалгарсан М.О, М.Т нарыг болон бусад хүмүүсийн нэрийг сумын Засаг дарга өөрөө зөвлөлийн хуралд танилцуулж байсан. Миний хувьд М.О, М.Т нарыг сайн малчин болгох талаар санал гаргасан удаа байхгүй. Харин сумын Засаг даргаас нэрсийн танилцуулсан хүмүүсийг дэмжсэн. Би зөвлөлийн гишүүний хувьд санал хэлдэг ба эцсийн шийдвэрийг сумын Засаг дарга гаргадаг. ...М.О, М.Т нар нь ямар нэгэн байдлаар намайг сайн малчнаар шалгаруулаад өг гэж надад мөнгө, эд зүйл өгсөн удаа байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

      2.3. Шүүгдэгч М.О Увс аймгийн З сумын 2022 оны сумын сайн малчнаар шалгарах ашиг сонирхлын үүднээс тус сумын Засаг дарга А.Я-д 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 500,000 төгрөгийг хахуульд өөрийн х тоот дансаар шилжүүлэн өгсөн болох нь:

     - шүүгдэгч А.Я /Г.Т-тай хамтран эзэмшдэг/-ын ХААН банк дахь х тоот данс уруу 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “О” гэх утгаар 500,000 төгрөгийн орлого орсныг нотолсон ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт /1 дэх хавтаст хэргийн 203 дугаар хуудас/,

     - М.О-ийн эзэмшдэг, ХААН банкны х тоот данс, А.Я-н эзэмшдэг, ХААН банкны х дугаар дансанд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл,

      - 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч А.Я-н Г.Т-тай хамтран эзэмшдэг х тоот данснаас Хаан банк дахь шүүгдэгч А.Я-н эзэмшдэг х тоот данс уруу “о” гэх утгаар 500,000 төгрөгийн орлого орсныг нотолсон дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 208 дугаар хуудас/,

  - гэрч Х.О, Д.А, Т.Т, М.Ц нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /мэдүүлгийн агуулгууд тодорхойлох хэсгийн 2.1, 2.2-т тусгагдсан/,

    - М.О-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:  “..2022 онд сумын сайн малчин шагналыг авахаар сумын Засаг дарга А.Я-тай утсаар ярьж, түүнээс намайг сумын сайн малчнаар шалгаруулах боломжтой эсэх талаар гуйж санал тавьсан. Тэр надад хандан хандив тусламж өгөх юм бол болно гэхээр нь би түүний данс руу нь 500,000 төгрөгийг өөрийн сайн дураар шилжүүлж байсан. Тэр 500,000 төгрөгийг сумын сайн малчин болох зорилгоор өгч байсан. Уг мөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сумын Засаг дарга А.Я-тай утсаар яриад дууссаны дараа түүнд шилжүүлж өгч байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

   3. Прокуророос шүүгдэгч А.Я-г Увс аймгийн З сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “тус сумын 3 дугаар багийн иргэн М.О-ийн 2022 оны сумын сайн малчин болох” гэсэн ашиг сонирхлын үүднээс түүнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 8/5 дугаартай тогтоолоор баталсан журамд заасан “сумын сайн малчин”-аар шалгарах болзол шаардлагыг хангаагүй байхад албаны чиг үүргээ хэрэгжүүлж, М.О-ийг сумын сайн малчнаар шалгаруулж, түүнээс Хаан банк дахь өөрийн эзэмшлийн х дугаартай дансаар 500,000 төгрөг хахуульд авсан,

       - мөн Увс аймгийн З сумын Засаг даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, 2023 оны 01 дүгээр сард тус сумын 3 дугаар багийн иргэн Я.О-той утсаар ярьж, түүний нөхөр М.Т-г 2022 оны сумын сайн малчнаар шалгаруулах гэхээр сум орон нутагт хандив өгсөн байх ёстой тул 500,000 төгрөг, эсхүл 2 тооны хонь хандивт өг гэж албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд Я.О-с хахууль өгөхийг шаардсан гэх үйлдлүүдэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба  прокурор шүүгдэгч А.Я-н үйлдлүүд нь одоо дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдээс, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан гэх шинжийг тус тус хангасан гэж түүний үйлдлийн шинжийг буруу тодорхойлсон, мөн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулиар ялласан байна.               

     3.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Я-н үйлдлүүд нь гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар буюу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэгдэх талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч шүүгдэгчийн үйлдлийн шинжийг, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2-т заасан, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, мөн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардсан гэж тус тус буруу тодорхойлсноос хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож чадаагүй байна. 

    3.2. “Нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэх” гэдэгт, хууль тогтоомж, дүрэм, журмаар болон тухайн албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод тусгасан гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлэхийг ойлгоно.

      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан,  “албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, эсхүл шаардсан, эсхүл албаны чиг үүргээ  хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан, эсхүл шаардсан” гэх шинжүүд нь албан тушаалтан хууль тогтоомжоор тогтоосон /олгосон /албан үүргээ зөрчилгүйгээр буюу хууль ёсны дагуу хэрэгжүүлсэн, эсхүл ирээдүйд зөрчилгүйгээр, хууль ёсоор хэрэгжүүлэхээр амлаж буй нөхцөлийг ойлгоно.

      Хэргийн баримтаар, шүүгдэгч А.Я нь сумын Засаг даргын албан үүргийг хэрэгжүүлж байгаагийн хувьд, сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар сумын сайн малчин гэх зэрэг оны тэргүүний байгууллага, хамт олон, иргэнийг шалгаруулах асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэх эрх бүхий этгээд мөн боловч тэрээр холбогдох журмыг зөрчиж, тухайлбал Увс аймгийн З сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 03 сарын 20-ны өдрийн 8/5 дугаар тогтоолоор баталсан, “Сумын тэргүүний байгууллага, хамт олон, иргэнийг шалгаруулах журам”-ыг зөрчиж, багийн иргэдийн нийтийн хурал болон сумын хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтнээс санал болгож материал ирүүлээгүй, сайн малчнаар шалгарах болзол, шаардлагыг хангаагүй иргэн М.Т, М.О нарыг Засаг даргын зөвлөлийн хуралд өөрөө санал болгон оруулж,   сумын сайн малчнаар шалгаруулж, захирамж гарган баталсан үйл баримт тогтоогдсон байна.

        Шүүгдэгч А.Я-н энэхүү үйлдлийг албаны чиг үүргээ зөрчилгүй буюу хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, харин тэрээр журамд заасан болзол, шаардлага хангаагүй иргэнийг сайн малчнаар шалгаруулсан нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч А.Я-г хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ төлөө иргэн М.О-с 500,000 төгрөгийн хахууль авсан, мөн иргэн Я.О-с 2 хонь /500,000 төгрөг/-ийн хахууль өгөхийг шаардсан гэж үзэхээр байна. 

      Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үеийн дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл /Хахууль авах гэмт хэрэг/-ийн 4 дэх хэсэгт: Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэх шинжийг хуульчилсан байсан ба уг хуулийн 22.4 дүгээр зүйлд 2022 оны 12 дугаар  сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт оруулж, оногдуулах ялыг хүндрүүлсэн тул шинээр батлагдсан хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй болно.

      Иймд шүүгдэгч А.Я-г гэмт хэрэг үйлдэх үеийн дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл /Хахууль авах гэмт хэрэг/-ийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан, хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.  

    4. Прокуророос шүүгдэгч А.Я-ыг үргэлжилсэн үйлдлээр хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт Эрүүгийн хуульд нийцсэн байна.  

       5. Нийтийн албан тушаалтан нь эрх бүхий этгээдээс зохих журмын дагуу сайн малчин шалгаруулах болзол, шаардлагыг хангасан талаарх холбогдох баримтыг бүрдүүлж ирүүлсэн иргэнийг хууль, журамд заасны дагуу сонгон шалгаруулсныхаа төлөө тухайн шалгарсан этгээдээс хахууль авсан, шаардсан бол албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан, эсхүл шаардсан гэх шинжийг хангасан гэж үзнэ. Гэтэл хууль, журамд заасныг зөрчиж, болзол шаардлага хангаагүй иргэнийг шалгаруулсан нь албан тушаалтны хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэл болохыг дурдах нь зүйтэй байна. 

      6.  Шүүгдэгч М.О нь Увс аймгийн З сумын 2022 оны сумын сайн /аварга/ малчнаар шалгарахын тулд тус сумын Засаг дарга А.Я-д 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 500,000 төгрөгийг өөрийн х тоот дансаар шилжүүлэн өгч, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна. 

     Шүүгдэгч М.О нь хахууль өгөх гэмт хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон ба түүний үйлдлийг гэмт хэрэг үйлдэх үеийн дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан гэм буруутайд тооцсон нь зөв байна.

     Шүүхээс шүүгдэгч М.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, хуульд заасан ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон гэж дүгнэв.

    7. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч А.Я-с хахуульд авсан 500,000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.           

     8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд, Д.Бунжаа нар давж заалдах шатны шүүхэд: “...Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ27 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг өөрчлөн, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба уг гомдлыг  хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.         

        8.1. Гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна. 

      8.2. Шүүхээс шүүгдэгч А.Я-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хэд хэдэн шинжийг хангасан нь дээрх хүндрүүлэх нөхцөлд хамаарахгүй болно.

       8.3. Шүүгдэгч А.Я нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэвлийн хөндийн наалдац өвчний улмаас эмчийн хяналтад эмийн эмчилгээ хийгдэж байгаа хувийн эрүүл мэндийн байдал болон хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, арван гурван мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 13,000,000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчихгүй гэж дүгнэв.

       9. Шүүгдэгч А.Я нь энэ хэрэгт 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн анхан шатны шүүх хуралдаан хүртэл 83 хоног, анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 87 хоног, нийт 170 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 170 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 2,550,000 төгрөгийг түүнд оногдуулсан 13,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж тооцон, түүний эдлэх торгох ялыг 10,450,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.  

      10. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Я-д шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас суллах үндэслэлтэй байна.             

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Я-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж,

        - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын шүүгдэгч А.Я-д холбогдох хэсгийг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т ургийн овогт А-ийн Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан, хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

       - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын шүүгдэгч А.Я-д холбогдох хэсгийг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч А.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж 13,000 /арван гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 13,000,000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ялаар” гэж тус тус өөрчилж,

         - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож,

       - шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “шүүгдэгч А.Я нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Я-н 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс анхан шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоног, анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоног, нийт 170 / нэг зуун дал/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, 2,550,000 /хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийн торгох ялаас хасаж, түүний эдлэх торгох ялыг 10,450,000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

      3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч А.Я-г шүүх хуралдааны танхимаас сулласугай.

      4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.МӨНХЖАРГАЛ

                                                                          ШҮҮГЧ                                М.НЯМБАЯР

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН