Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01035

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01035

 

 

 

 

О.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Н.Батзориг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/00791 дугаар шийдвэртэй, О.Бийн хариуцагч Нт холбогдуулан гаргасан эд хөрөнгө хураах тогтоолыг болон үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ундармаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 979 дугаар захирамжаар О.Бээр 120 128 000 төгрөгийг гаргуулж Лотусфинанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчин явуулж 120 128 000 төгрөгийн төлбөрт 270 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 орон сууцыг битүүмжлэн хурааж, хууль бусаар үнэлгээ тогтоолгоод байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо хамтран өмчлөгч А.Цэнгэлбаяраас үнийн санал аваагүй, мөн төлбөр авагч Лотусфинанс ББСБ ХХК-аас үнийн санал авсан эсэх талаар төлбөр төлөгч талд мэдэгдээгүй нь үнийн санал авах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй. Хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоохдоо 2 орон сууцны үнийг өөр хоорондоо эрс ялгаатай буюу 412 дугаар байрны 4 тоот хаягт байрлах 57.89 м.кв талбайтай орон сууцыг 92 489 000 төгрөгөөр буюу 1м.кв-ийг 1 597 670 төгрөгөөр үнэлсэн боловч тус байрны 6 тоотод байрлах 80.7 м.кв талбайтай орон сууцыг 119 215 000 төгрөг буюу 1м.кв-ийг 1 477 261 төгрөгөөр үнэлсэн нь эргэлзээ төрүүлж байна. Хөрөнгийн үнэлгээг 3 хоногийн дотор албан бичгээр мэдэгдэн, үнэлгээний тайланг танилцуулах ёстой боловч одоог хүртэл тус мэдэгдлийг хүлээн аваагүй, үнэлгээний тайлантай албан ёсоор танилцаагүй. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийн биеэр шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад үнэлгээ гарсан, мэдэгдлийг шууданд хийсэн гэж хэлээд танилцуулаагүй. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хэргийн материал огт танилцуулаагүй. Иймд 2020 оны 08 сарын 05-ны өдрийн 20270443/09, 20270443/11 дугаар эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгож, уг тогтоолуудаар хураагдсан хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 412 дугаар байр, 4 болон 6 тоот хаягт байрлах орон сууцнуудыг үнэлсэн хууль бус үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч байгууллагын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 979 дугаар захирамжаар О.Бээс 121 042 395 төгрөг гаргуулж Лотусфинанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шүүхийн шийдвэрт төлбөр гаргуулахаар заасан төлбөр төлөгч О.Б, хамтран өмчлөгч А.Цэнгэлбаяр нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа /17120/412 дугаар байр, 4 тоот хаягт байршилтай 57.89 м.кв талбайтай, хоёр өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206059196 дугаартай орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20270443/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20270443/09 тоот тогтоолоор хураасан. Мөн төлбөр төлөгч О.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа эрхийн улсын бүртгэлийн Ү-2206059130 дугаартай орон сууцыг 2020 оны 06 сарын 09-ний өдрийн 20270443/04 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 сарын 05-ны өдрийн 20270443/11 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөрт хураагдсан орон сууцыг харилцан тохиролцож үнэлгээ тогтоох тухай 2020 оны 08 сарын 05-ны өдрийн 4-128/27559 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч, хамтран өмчлөгч, төлбөр авагч нарт гардуулан өгөхөд төлбөр төлөгч О.Б, хамтран өмчлөгч А.Цэнгэлбаяр нар нь үнийн санал гаргаагүй, төлбөр авагч харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээч томилж зэх зээлийн үнэлгээ хийлгэх хүсэлт ирүүлсэн тул шинжээч томилсон. Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа /17120/ 412 дугаар байр, 4 тоот хаягт байршилтай 57.89 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 92 489 000 төгрөгөөр, 6 тоот хаягт байршилтай 80.7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 119 215 000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн.

2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 4-128/30030 дугаар мэдэгдлийг Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 77 дугаар гудамж, 37А тоот хаягт оршин суугч О.Бт, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууц 3 дугаар гудамж, 115 тоотод оршин суух, А.Цэнгэлбаяр нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч О.Бийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч О.Б нь Лотусфинанс ББСБ ХХК-тай 2018 оны 10 сарын 26-ны өдөр 55 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээл авч, үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 16-р хороо, Буянт-Ухаа, 412-р байр, 6 тоот хаягт байршилтай, 80.7 м.кв, 3 өрөө, орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг, 2018 оны 11 сарын 02-ны өдөр 130 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд 3 ширхэг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар зээл авсан. Хариуцагч нь үндсэн зээлээс 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 26 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 080 000 төгрөгийг тус тус төлсөн. Хөрөнгийн үнэлгээний компаниудын үнэлсэн үнэлгээнүүд нь нэхэмжлэгчийн үнэлгээнээс үнэтэй буюу зах зээлийн үнэлгээтэй уялдсан байна. Нэхэмжлэгч нь үнийн саналаа ирүүлээгүй тул Лотус финанс ББСБ ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хурдан шуурхай явуулахын тулд шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгчид үнийн санал өгөх боломжи олгосон болов үнийн саналаа хүргүүлээгүй. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д заасныг баримтлан Нт холбогдох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 412 дугаар байр, 4 болон мөн хаягт байрдах 6 тоот орон сууцнуудыг үнэлсэн хууль бус үнэлгээ болон 2020.08.05-ны өдрийн 20270443/09, 20270443/11 дугаар эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч Л.Оюунцэцэг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэхээс татгалзсаны улмаас барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээгээр нийтэд зарлан явуулсан. Тухайн үед шүүгч нь хууль буруу хэрэглэж алдаа гаргасан байж болзошгүй гэж үзэн шүүгчээс татгалзалгүйгээр шүүн таслах ажиллагааг үргэлжлүүлсэн боловч шүүгчийн байр суурь шийдвэр зэргээс харахад шүүгч хувийн сонирхлоор хэргийг шийдвэрлэсэн байх гэх хардлага төрж байна. Мөн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан завсарлах үеэр шүүгч шүүх танхимын дүрс бичлэгийн камерыг унтрааж байгаад Танай тал бол төлбөр төлөгч юм чинь хугацаа авах гэж шүүхэд хандаж байгаа биздээ үүнийг чинь мэдэж байгаа учир хариуцагч талтай эвлэр гэж тулгасан. Ингээд манай талаас эвлэрэхгүй, шүүн таслах ажиллагааг хуулийн дагуу явуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн учир хариуцагч тал хуралдаан хойшлуулах шийдвэр гаргасныг хангаж хурлыг дуусгахдаа дахин камер унтрааж байгаад дараагийн хуралд ирэхдээ нэхэмжлэгчдээ хэлж байгаад төлбөрийг нь төлүүлээд ирээрэй эсвэл төлбөр авагч талтайгаа эвлэр гэж тулгасан.

Нэхэмжлэгч талыг мэтгэлцэх зарчмаар хангаагүй. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ах нас барсан тухай мэдээг хүлээн авсан бөгөөд гашуудлын мэдээ сонсон цочролд ороод нөхцөл байдлыг бодитоор үнэлж, санаа бодлоо бүрэн илэрхийлж, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байгаа тул хэргийн бусад оролцогчтой эн тэнцүү тэгш мэтгэлцэх чадамжгүй байна гэдгээ шүүгчид илэрхийлэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ шүүх хуралдааны дэгийн дагуу хуралдаан эхлэх үед гаргасан боловч энэ байдлыг үл хэрэгсэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нотлох баримт үнэлэх, цуглуулах, шалгах ажиллагааг огтоос хийгээгүй. Шинжээчид эрх үүрэг танилцуулж хууль сануулсан тухай баримтыг үнэлгээ тогтоох ажиллагаа явагдаж дууссаны дараа хуурамчаар үйлдэж, хэрэгт хавсаргасан байх магадлалтай байгааг хуралдааны үеэр шүүгчид мэдэгдсэн боловч үл хайхарсан. Шинжээчид хууль сануулаагүй тул аливаа үйлдэлдээ үүрэг хариуцлага хүлээх үндэслэлгүй этгээд үнэн зөв дүгнэлт гаргах нь эргэлзээтэй. Энэ мэт хариуцагчийн алдааг санаатайгаар хаацайлж хуулийн үндэслэл муутай, бодит бус шийдвэр гаргасан. Үүнээс үзэхэд анхнаасаа энэ хэргийг бодит үнэнийг тогтоох бус, нэхэмжлэгч талын хэл амыг дарахаар хэлбэрийн төдий явуулъя гэсэн шүүгчийн санаа нь илт харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Нт холбогдуулан эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 412 дугаар байрны 4, 6 тоот хаягт байрлах орон сууцнуудын үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 184/ШШ2020/00979 дугаар шүүгчийн захирамжаар О.Бээс 120 128 000 төгрөг гаргуулж Лотусфинанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. /хх 6/

 

Хариуцагч байгууллага нь дээрх шийдвэр болон 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШЗ2020/05813 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 571 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч О.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа хорооллын 412 дугаар байрны 4 тоот хаягт байрлах 57.89 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20270443/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20270443/09 дугаар тогтоолоор хураасан, мөн байрны 6 тоот хаягт байрлах 80.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 20270443/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20270443/11 дугаар тогтоолоор хураасан үйл баримт тогтоогдсон. /хх 44-61/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч А.Цэнгэлбаяраас үнийн санал авалгүйгээр шинжээч томилсон, үнэлгээг тогтоохдоо хоорондоо эрс ялгаатай буюу 412 дугаар байрны 4 тоот хаягт байрлах 57.89 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 92 489 000 төгрөгөөр, тус байрны 6 тоотод байрлах 80.7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 119 215 000 төгрөгөөр үнэлсэн, мөн үнэлгээний тайлан болон шийдвэр гүйцэтгэлийн хэргийн материал танилцуулаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй тул эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгуулах гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага, эсхүл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түүний дотор битүүмжлэн хураах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэх агуулгаар шаардлага гаргасан нь тодорхой бус байхад анхан шатны шүүх эд хөрөнгийн үнэлгээ хийсэн ажиллагааг хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 

Хэрэв төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан эд хөрөнгө хураасан ажиллагааг эс зөвшөөрч байгаа тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дах хэсэгт зааснаар тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн эсэх, шүүхэд хандан гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч баримталсан эсэх нөхцөл байдлуудыг тодорхойлох боломжгүй байна.

 

Түүнчлэн, хуульд заасан журмын дагуу үүргийг хэд хэдэн барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр хангах гэж байгаа тохиолдолд Иргэний хуульд заасан барьцааны зүйлээр үүргийг хангуулах журмыг баримталсан эсэхэд хамааралтай нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2021/00791 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ