Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/ма2018/02089

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01591 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Цэрэннадмид

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Болормаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймаг, Тосонцэнгэл сумын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлаар 2011 оноос ажиллаж байгаад 2017 оны 06 дугаар сард ажлаа өгч, улмаар захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-нд ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн 0932 тоот шийдвэр гарсан боловч тодорхойгүй шалтгаанаар ажилд эгүүлэн томилох тухай БСШУСЯ-ны сайдын тушаал гарахгүй байсаар 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гарч, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа орсон бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 4 хоногийн дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг хууль бус үндэслэлээр цуцалсан. БСШУСЯамнаас 3 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын баг 2018 оны 04 дүгээр сарын 09-12-ны хооронд ирж өргөдөл гомдлын дагуу шалгаад намайг 2014-2015 оны магистрын сургалтын төлбөр 1 242 000 төгрөгийг шийдвэргүйгээр авсан байна гэж 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр акт тогтоосон. Гэтэл БСШУЯ-ны сайдын 2001 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 300 дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтнуудыг Улсын багшийн их сургуулийн магистрантурт хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах журмын дагуу сумын засаг даргатай байгуулсан гэрээгээр сургалтын төлбөрийн 50 болох дээрх мөнгийг МУБИС-ийн данс руу сургуулиас шилжүүлсэн байсан. Харин БСШУСЯ-ны сайд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дээрх актыг үндэслэл болгож, хөдөлмөрийн гэрээнд заасан санхүүгийн ноцтой зөрчил гэж үзэн ажлаас чөлөөлөх тухай Б/036 тоот тушаал гаргасан.

Сайдын тушаалын үндэслэл болсон дээрх актыг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан. Энэ актаар сахилгын зөрчлийг илрүүлсэн гэж тооцвол сахилгын арга хэмжээ авах 1 сарын хугацаа 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дууссан байна. Мөн зөрчил гарснаас хойш 8 cap гэж тооцвол тус хугацаа 2016 онд дууссан. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн нөхцөл бүрдээгүй байна. 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тухайн гэрээ байгуулсан өдрөөс хойш буюу хууль зүйн үр дагавар үүссэн үеэс хойш гарсан зөрчлийг үндэслэн гэрээг цуцлах боломжтой. Гэтэл гэрээ байгуулахаас 2-3 жилийн өмнө гарсан гэх зөрчлийг үндэслэл болгож 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус байна. Иймд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь хэсэгт Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага...сургуулийн захирлыг... хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх эрхтэй болохыг заасан гэж заасан тул Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/036 дугаар Б.Цэрэннадмидыг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч, ажлаас чөлөөлөгдсөн болно.

Тушаалын үндэслэх хэсэгт Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.2.3 дахь хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 04 дүгээр 12-ны өдрийн 08-02/01, 08-02/02, 08-02/03 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/036 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт болно. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой буюу нийтийн эрх зүйн маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх болохыг зааж өгсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт шүүх зөвхөн энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалтын хүрээнд шийдвэрлэхээр заасан байна.

Учир нь иргэн Б.Цэрэннадмид нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/05 дугаар Ажлаас чөлөөлөх, ажилд түр томилох тухай тушаалаар чөлөөлөгдөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0932 дугаар шийдвэрээр хэрэг маргааныг шийдвэрлүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цэрэннадмидыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 2 877 932 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэрэннадмидад олгон, олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлсөн нөхөн бичилтийг нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 490 993 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Цэрэннадмидын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 60 996 төгрөгийг гаргуулан улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батдорж давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн байхад шүүхээс хүсэлтийг харгалзаж үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж талуудын тэгш эрхийг хангаагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй. Уг хэрэгт эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд болох 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сумын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Уранчимэгийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд гаргасан хүсэлтийг хангахгүй орхисноор шүүх хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид нь хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Цэрэннадмид нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байгаад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/036 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан дээрх тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 14, 66-68/

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сард Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Боловсролын удирдлагын магистрантурын 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр гэж 1 242 000 төгрөгийг илүү олгосон зөрчил гаргасан болох нь хариуцагч байгууллагын улсын ахлах байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №08-02/02 актаар тогтоогдож байна. /хх 24/

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна. гэж заажээ.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн зөрчлийг тогтоосон буюу 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №08-02/02 актыг үндэслэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын дотор шийтгэл ногдуулах тухай хуулийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд иргэний хэргийн шүүх эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж ажлаас халсан гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Цэрэннадмидад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбаганад 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны мэдэгдлийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэж гарын үсэг зурсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнбагана нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/01591 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Д.ЦОГТСАЙХАН