Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2017/00181

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2017/00181

 

 

 

Л.Мандал, С.Мөнхбат, Л.Маамсүрэн нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01074 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Мандал, С.Мөнхбат, Л.Маамсүрэн нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Одгэрэл, Ди Эйч Эл ХХК-д тус тус холбогдох

 

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулагийн зусланд байршилтай цахилгааны дэд станцын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, дэд станцаас цахилгаан таслахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч /С.Мөнхбат, Л.Маамсүрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Л.Мандал

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.Энхтөр

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.    

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Мандал, С.Мөнхбат, Л.Маамсүрэн, Б.Одгэрэл бид 2000 онд хамтран техникийн нөхцлийн дагуу зардлаа тэнцүү хуваан Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Баянбулагийн зусланд цахилгааны дэд станцыг байгуулсан бөгөөд 2003, 2005 онуудад цахилгаан хүрэлцэхгүй байна гэсэн үндэслэлээр дэд станцыг өргөтгөж, зардлаа тэнцүү гаргасан. Иргэн Б.Одгэрэл нь 2014 оны 5 сарын 20-ны өдөр цахилгааны хэрэглээ хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаар дэд станцаас Л.Мандал, С.Мөнхбат, Л.Маамсүрэн бид хэдэн айлын цахилгааныг тасалсан. Энэ тухай Яргайт дахь цахилгаан түгээх төвд хандахад Б.Одгэрэл нь анх цахилгааны техник зөвшөөрөл хүсэхдээ өөрийн нэр дээр зөвшөөрөл авсан байна. Хүний хувийн өмч тул гомдлоо шүүхэд гарга гэсэн хариу өгсөн бөгөөд Б.Одгэрэл нь хамтын хөрөнгөөр барьсан цахилгааны дэд станцыг бидний зөвшөөрөлгүйгээр анх цахилгааны техникийн зөвшөөрөл хүсэхдээ өөрийн нэр дээр баталгаажуулж авсныг олж мэдлээ. Иргэний хуулийн 108.2-т зааснаар дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй байдаг. Иймд Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Баянбулагийн зусланд байршилтай цахилгааны дэд станцын хамтран өмчлөгчөөр Л.Мандал, С.Мөнхбат, Л.Маамсүрэн нарыг тогтоож, дэд станцаас нэхэмжлэгч нарын цахилгааныг таслахгүй байхыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Одгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нарын гаргаж буй шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манайх өөрийн өмчлөлийн дэд станцыг барихад эдгээр хүмүүсийн зүгээс ямар нэг байдлаар хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд өмнө нь миний эзэмшилд байсан газарт миний зөвшөөрөлтэйгээр байшин барьсан ба цахилгааны хэрэглээгээ манай дэд станцаас авч хангаж байсан. Явцын дунд би өөрөө хөрөнгө оруулалт хийж, дэд станцаа өөрчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэн хэрэгцээндээ тохируулж трансформаторыг сольсон. Харамсалтай нь тэд энэ ажиллагаанд хөрөнгө оруулалт мөн л хийгээгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэхүү цахилгааны дэд станц нь хэдэн онд баригдсан, ямар хүчин чадалтай, яагаад нэхэмжлэгч нар хамтран өмчлөгч болох гээд буй нь тодруулагдаагүй тул хүлээн авах боломжгүй юм. Нэхэмжлэлд бичсэнээр дэд станцыг хэд хэдэн удаа өргөтгөж, шинэчилсэн тухай дурьджээ. Энэхүү шинэчлэлийг хийхэд нэхэмжлэгч нараас хөрөнгө оруулсан болохоо нотолж чаддаггүй. Энэхүү дэд станцыг Б.Одгэрэл нь өөрийн хөрөнгөөр барьсан, түүний хувийн өмчлөлийн зүйл юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Баянбулагийн зусланд байршилтай цахилгааны дэд станцын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Б.Одгэрэл, Ди Эйч Эл ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Л.Мандал, С.Мөнхбат, Л.Маамсүрэн нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "Нэхэмжлэгч Л.Мандал, С.Мөнхбат, Л.Маамсүрэн нар хариуцагч Б.Одгэрэл, "Ди Эйч Эл" ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Баянбулагийн зусланд цахилгааны дэд станцыг хамран өмчлөх дундын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ" гэжээ. Нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Баянбулагийн зусланд цахилгааны дэд станцаас нэхэмжлэгч нарыг цахилгаанаар хангагдах нөхцөлийг хангах үүднээс уг дэд станцаас нэхэмжлэгч нарын цахилгааныг таслахгүй байхыг хариуцагчид даалгуулах шаардлагыг гаргасан боловч шийдвэрийнхээ үндэслэх хэсэг дээр ч үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй, шийдвэрийнхээ тогтоох хэсэг дээр хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдалгүй нэхэмжлэлийн шаардлагыг шийдэлгүй орхилоо.

Мөн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "Талуудын хооронд анх цахилгааны дэд станцыг хамтран барьж байгуулах, хамтран өмчлөх талаар хэлцэл хийгдсэн болох нь нотлогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв" гэжээ. Хариуцагч Б.Одгэрэл нь хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан "Баянбулагийн зуслан дах нийтийн эзэмшлийн дэд бүтцийн байгууламж, тохижилтод оруулах хөрөнгө оруулалт" гэсэн баримт дээр гарын үсэг зурсан, иргэн Б.Мандалаас мөнгө авсан, өөрөө гараараа бичиж өгсөн гэдгээ мөн зөвшөөрдөг. Мөн гэрч Б.Ганбат нь цахилгааны трансформаторыг нэхэмжлэгч нар хамтран хөрөнгө оруулалт хийж бий болгосон, түүний дэд бүтцийг сайжруулах зорилгоор айлуудаас мөнгө авч хамтран сайжруулдаг байсан гэсэн мэдүүлэг өгсөөр байхад шүүх үнийг үнэлж үзсэнгүй.

Гэрч трансформаторт 2003, 2009 онуудад тус тус шинэтгэл хийгдэж байсан ба тухай бүрт нь нэхэмжлэгч нараас мөнгө авч шинэчилж байсан, уг трансформаторыг бүрэн солиогүй, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх зорилгоор эд ангийг нь сольдог байсан гэсэн мэдүүлэг өгсөн байхад шүүх нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлээ. Үүнийг хариуцагч бас баримтаар үгүйсгэж чаддаггүй.

Хариуцагчийн зүгээс ч трансформаторыг өөрийн өмч гэдгийг нотолж чаддаггүй, хэрэгт авагдсан фото зургууд болон кадастрын зургаар уг трансформатор нэхэмжлэгч, хариуцагч нарын аль нэгний эзэмшил газар бус дундын эзэмшлийн талбай дээр байгаа, уг трансформаторыг хамтран хөрөнгө оруулалт хийж өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн байдлаар дундын өмч гэдэг нь давхар нотлогдож байхад шүүх үүн дээр хангалттай үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Мандал, С.Мөнхбат, Л.Маамсүрэн нар нь хариуцагч Б.Одгэрэл болон Ди Эйч Эл ХХК-д тус тус холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулагийн зусланд байршилтай цахилгааны дэд станцын хамтран өмчлөгчөөр тогтоолгох, дэд станцаас цахилгаан таслахгүй байхыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн Засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-211 тоот захирамжаар Ди Эйч Эл ХХК-д Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулагийн эхэнд аялал жуулчлалын баазын зориулалтаар газар ашиглах эрх олгогдсон /хэргийн 1 дүгээр хавтасны 91/, улмаар Улаанбаатар цахилгаан шугам сүлжээ ХК-ийн 2000 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2/282 тоот албан бичгээр тус компанид аялал жуулчлалын баазын цахилгаан хангамжинд нэг жилийн хугацаатай техникийн нөхцөл олгогдсон /хэргийн 1 дүгээр хавтасны 92/, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 3/1125 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулагийн аманд байрлах АТП-1346 болон тус дэд станцыг тэжээж буй 10 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам Б.Одгэрэлийн хөрөнгөөр баригдсан зэрэг үйл баримт тогтоогдож байх боловч уг дэд станц одоо хэний өмчлөлд байгаа, дээрх техникийн нөхцөл сунгагдсан, дахин олгогдсон эсэх асуудал тодорхой бус байна.

 

Хэргийн дээрх нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй талаар Улсын дээд шүүхийн тогтоолд заасныг шүүх анхаараагүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтэд дурдсан зарим асуулт нь зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байхад маргааны зүйл болох трансформаторын хамтран өмчлөгч мөн эсэхийг тогтоолгоход тусгай мэдлэг шаардлагагүй гэж үзэж хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, дэд станцаас нэхэмжлэгч нарын цахилгааныг таслахгүй байхыг даалгах тухай шаардлага гаргасан байхад уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу болсон ба маргааны зүйл болох трансформаторын хүчин чадал, техникийн нөхцөл тодорхой бус байгаа тохиолдолд Эрчим хүчний тухай хуульд нийцүүлэн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01074 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Н.БАТЗОРИГ