Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/24

 

 

 

 

 

 2025        04        16                                         2025/ДШМ/24

 

Ц.Нд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ц.Цэен-Ойдов,

Яллагдагчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр,

Хохирогч: Ц.Г /цахимаар/

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,

Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/113 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Ц.Цэен-Ойдовын гаргасан эсэргүүцлээр Ц.Нд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Ч овогт Цын Н, 000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн /регистрийн дугаар 0000/.

 Ц.Н нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн харалдаа “Дэлгэрмөрөн” голын захад байсан машин дотроос Г.Бын эзэмшлийн “Ай фоне 15 про” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 07 дугаар сарын 28-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн харалдаа “Дэлгэрмөрөн” голын захаас Б.Дийн улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг авч нийт 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Э” нэртэй баарны гадна хохирогч Ц.Гийг пивоны сав газар хаялаа гэх шалтгаанаар зодож гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулж, “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/113 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Цын Нд холбогдох эрүүгийн 000дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж,  хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан 2 ширхэг Си ди-г хэргийн хамт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажпын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Цэен-Ойдов эсэргүүцэлдээ: “...1.Ц.Нын 2024 оны 07 дугаар сарын 28-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн харалдаа “Дэлгэрмөрөн” голын захаас иргэн Б.Дийн улсын дугааргүй, улаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд мөрдөгч, прокурорын зүгээс гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах арга хэмжээ аваагүй байна.” гэжээ.

Ц.Н нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн харалдаа “Дэлгэрмөрөн” голын захаас Б.Дийн улсын дугааргүй, улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Б” дэлгүүрийн гадна очсон камерын бичлэг хэрэгт авагдсан. Камерын бичлэгт Ц.Н нь хулгайлсан мотоциклийг түүнийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үед нь Б гэгч авч явсан болох нь тогтоогдсон байдаг.

УДШ-ийн 2020.12.18-ны №679 тогтоолд: “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгссөнд тооцдог” гэж дүгнэсэн.

Ц.Н нь Дголын захаас хохирогч Б.Дийн мотоциклийг хулгайлан авч өөрийн эзэмшилдээ авч захиран зарцуулах эрх нь үүссэн байна. Тэгэхээр Ц.Н нь хохирогч Б.Дийн мотоциклийг өөрийн эзэмшилдээ авч өөр хүнд өгч байгаа нь хэрэгт хамааралгүй юм. Яллагдагчийн өмгөөлөгч Н.Баттөмөр “гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох яллагдагч Ц.Нын хулгайлан авсан мотоциклийг Б аваад явсан тул Бийг иргэний хариуцагчаар татаж хэрэгт ирүүлэх шаардлагатай” гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ц.Н хулгайлах гэмт хэрэг үйлдэж төгссөний дараа буюу бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч өөрийн эзэмшилд шилжүүлсний дараа бусдад шилжүүлсэн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар Цагдаагийн газарт холбогдох ажиллагааг хийлгэхээр шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан.

2.“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан оролцогчийг хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлөөр хангаагүй, хэзээ, ямар байдлаар хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна” гэжээ. Хохирогч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал нарт хэргийн материал танилцуулаагүй, хэргийн материал танилцах боломжоор хангаагүй гэх үндэслэлийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэргийн материал танилцуулахаар утсаар мэдэгдэхэд одоогоор очих боломжгүй талаар мэдэгдсэнийг, хохирогчийн өмгөөлөгчид хэргийн материал танилцуулахаар түүний гар утсаар мэдэгдэхэд холбогдох боломжгүй байсныг тус тус мөрдөгч тэмдэглэл болгон үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Өмгөөлөгч нь нь шүүх, прокурор, мөрдөгчийн товлосон хугацаанд хүрэлцэн ирж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж мэдэгдэнэ, 5 дахь хэсэгт “Өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээсээ татгалзаж болохгүй” гэж тус тус өмгөөлөгчийн үүргийг хуульчилсан.

Хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эдлэх эрхийг хүчээр эдлүүлэх боломжгүй төдийгүй хэргийн оролцогч бүр өөр өөрийн үүргийг хүлээж оролцох нь шударга ёсны зарчимд нийцнэ. Тодруулбал шүүх хэрэгт авагдсан энэ мөрдөгчийн тэмдэглэлийг яагаад нотлох баримтаар үнэлэх боломжгүй байгаа талаар шийдвэртээ тусгаагүй байна.

З.“Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Х, Х.Б нарын гаргасан 2024 оны 12 сарын 24-ний өдрийн 1483 дугаартай хохирогч Ц.Гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон дүгнэлтийг хэргийн оролцогч нарт шүүхийн шатанд танилцуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан яллагдагчийн мэдээлэл авах, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.13-т заасан хохирогч хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, мөн хуулийн 27.7 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах, 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.” гэжээ.

Хохирогч Ц.Гт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилж, 2024 оны 12 сарын 24-ний өдрийн 1483 дугаартай хохирогч Ц.Гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон дүгнэлтийг хэргийн оролцогч нарт шүүхийн шатанд танилцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасан ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гаргаж өгсөн нотлох баримт шинжлэн судлахаар заасан байна.

Яллагдагч Ц.Н, түүний өмгөөлөгч нарт шинжилгээ хийлгэх тогтоол шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх зөрчигдөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлт ... холбогдох оролцогчид танилцуулна” гэж заасан.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01  дүгээр сарын 28-ны өдрийн 113 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Н.Баттөмөр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцэлтэй холбогдуулан хэлэх санал байхгүй.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

Хохирогч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөгч хэргийн материалтай танилц гэж надад хэлсэн гэж байгаа ч  тийм зүйл огт хэлээгүй. Сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох шинжээчийн дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлэг болох өдөр танилцсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх “яллагдагч Ц.Нын 2024 оны 07 дугаар сарын 28-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн харалдаа Дголын захаас Б.Дийн улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх үйлдэлд мөрдөгч, прокурорын зүгээс гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах арга хэмжээг аваагүй, хохирогч Ц.Г, хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарт хэргийн материал танилцуулаагүй оролцогчийн эрхийг зөрчсөн, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1483 дугаартай дүгнэлтийг шүүхийн шатанд танилцуулж оролцогчийн эрхийг зөрчсөн” гэж дүгнэн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болсон байна. 

Мөн Эрүүгийн 000дугаартай хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахад яллагдагч Ц.Нын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 207-р хуудас/ авагдсан байна.

Энэхүү баримтаас үзэхэд яллагдагч Ц.Н нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн байх ба шийтгэх тогтоол болон яллагдагчийг хэзээ хорих ангиас ямар үндэслэлээр суллагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хуульд заасан бусад байдал буюу яллагдагчийн хувийн байдал, 1.4-д заасан Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шалгаж тодруулаагүй гэж үзэх бөгөөд дээрх нотолбол зохих байдлыг нотлоогүй мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоох боломжгүй байна.

Иймд шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаануудаас гадна магадлалд дурдсан ажиллагааг нэмж гүйцэтгэх шаардлагатай байх тул прокурор                 Ц.Цэен-Ойдовын бичсэн 2025 оны 03 дугаар сарын 07ы өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/113 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн     хэрэг     хянан    шийдвэрлэх     тухай     хуулийн     40.1    дүгээр зүйлийн    1, 2-т    зааснаар    шүүхийн     хууль     хэрэглээний    зөрүүг арилгах, Эрүүгийн    хэрэг      хянан     шийдвэрлэх    тухай      хуулийг      ноцтой      зөрчсөн    нь   шүүхийн   шийдвэрт    нөлөөлсөн,    хуулийг    Улсын    дээд    шүүхийн    тогтоол, тайлбараас   өөрөөр   хэрэглэсэн,   эрх  зүйн   шинэ    ойлголт,     эсхүл     хууль хэрэглээг  тогтооход  зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

                         ШҮҮГЧИД                              Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                   Н.БАЯРХҮҮ