Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 141

 

 Х.Б, Д.М нарт холбогдох

                             эрүүгийн хэргийн тухай                              

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Б.Мянган, Б.Баярмагнай, шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Ө.Батболд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр магадлалтай Х.Б, Д.М нарт холбогдох 201611000324 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Б.Мянган, Б.Баярмагнай болон шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Батболд, Э.Ганбат, Д.Урансувд нарын гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв. 

Монол Улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг хүлээлгэх зорилгоор бие мах бодыг шаналган зовоож, эрүү шүүлт тулгах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-г “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Х.Б-г “хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодыг шаналган зовоож эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-н цагдан хоригдсон 562 хоногийг, шүүгдэгч Х.Б-н цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-н 2016 оны 07 дугаар сарын 30-наас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 564 /таван зуун жаран дөрөв/ хоногийг, шүүгдэгч Х.Б-н 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,

Шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Б.Мянган, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.М, Х.Б нарын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 74 /далан дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.М түүний өмгөөлөгч Ө.Батболд нар хамтран гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би талийгаачтай муудалцаж, зодолдсоны дараа нэн даруй цагдаа болон эмч нарыг дуудсан. Цагдаа, шүүхийн шинжилгээний хүрээлэн, прокурорын байгууллагаас намайг талийгаачид гэмтэл учруулсан гэх дүгнэлт гаргаж, төлөөлөгчөөр ажиллаж байсан Х.Б-г илтэд хамгаалж, жирийн малчин иргэн намайг хилс хэрэгт гүтгэсэнд гомдолтой байна. Тиймээс зүйлчлэлийг маань өөрчилж, ял шийтгэлийг минь хөнгөрүүлэх эсхүл нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсэж байна. Өмгөөлөгч Ө.Батболдын зүгээс шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тус хэрэгт хэргийн газрын үзлэг хийгээгүй орхигдуулж, гэрч нарын мэдүүлгүүдийг сольж, мэдүүлгийн тогтвортой байдлыг алдагдуулж, бүх бурууг Д.М-н эсрэг чиглүүлсэн тул гэрч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгаж, нүүрэлдүүлэн байцаалт хийх шаардлагатай байна. Мөн шинжээчийн дүгнэлт хэргийн зүйлчлэлд шууд нөлөөлөх учир гавал тархины гэмтэл үүссэн үед гарах шинж тэмдэг, үйлдэл хийх чадвар, цусан хураа зэрэг асуудлыг гавал тархи, мэдрэлийн мэс заслын нарийн мэргэжлийн эмчээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дахин дүгнэлт гаргуулж, гавал тархины гэмтэл, дөрвөн хавирганы хугарал нь гэмтлийн аль зэрэгт хамаарах эсэх, талийгаачийн нас барах цаг хугацаатай ямар шалтгаант холбоотой эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай байна. Иймд тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах эсхүл Д.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Э.Ганбат, Д.Урансувд нар гаргасан гомдолдоо “Шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Талийгаач 2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө тархины гэмтэл авсан гэх ямар ч шинж тэмдэггүй, бие дааж явах, ярих, нүүрээ угаах, автомашин мотоцикл дээр сууж явах зэрэг идэвхтэй үйлдэл хийж байсан нь тогтоогддог. Харин Х.Б нь талийгаачийг зодож, ухаан алдахаар нь машиндаа өргөж оруулсны дараа нас барсан болохыг мэдээд гэрт нь үлдээгээд явсан болох нь гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдсон. Гэвч шүүхээс гэрч Э.Х, М.Б нарын мэдүүлгийг анхаарч бусад нотлох баримттай харьцуулж зөв дүгнэлт хийгээгүй бөгөөд улсын яллагчийн алдаатай, үндэслэлгүй яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Цусан хурааны хэмжээ, тархи дарагдаж илрэх шинж тэмдэг нь хоорондоо шууд хамааралтай процесс бөгөөд шүүх хуралдаанд оролцсон шинжээч нарын тайлбар, мэдүүлгүүдийг мөн анхаарч үнэлээгүй. Шүүх эмнэлгийн анхны дүгнэлтэнд эдгээр гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байх боломжтой, гэмтэл авсан даруйд нас барсан гэх утгыг шууд илэрхийлж байсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх дүгнэлтийн үүссэн цаг хугацааг урагшлуулж, хуучин буюу 12-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэх шинжлэх ухааны үндэслэлгүй, таамаглаж гаргасан дүгнэлтийг шүүх үнэлж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх, тогтоол магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэнэ үү” гэжээ.

Мөн шүүгдэгч Х.Б-ын өмгөөлөгч Б.Мянган хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авах үед эрүү шүүлт тулгасан бол гэмт хэрэгт тооцдог байсан бөгөөд Х.Б нь гэмт хэргийн тухай мэдээллийг газар дээр нь шалгах, хэргийн газарт үзлэг хийх зорилгоор хулгайлагдсан малын сэвсийг хайж байсан болохоос биш мэдүүлэг авах ажиллагаа явуулаагүй болох нь шүүгдэгч болон гэрч Б.Г, Б.Б нарын мэдүүлгүүдээр тогтоогддог. Гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хуульд зааснаар Х.Б нь хойшлуулшгүй ажиллагааг л явуулж байсан. Гэтэл шүүхээс Х.Б-г 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хууль буцаан хэрэглэсэн нь “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Мөн талийгаачийн эрх чөлөөнд Х.Б халдаагүй гэдгийг гэрч Б.Г, Б.Б нар гэрчилдэг. Харин гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 5 удаа мэдүүлэг өгсөн байх боловч мэдүүлгүүд нь хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байдаг. Гэтэл шүүх зөвхөн гэрч Э.Х-н мэдүүлгийг үндэслэж Х.Б-т ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, Х.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Б.Баярмагнай хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Х.Б нь гомдол мэдээллийн дагуу хэргийн ул мөрийг олж тогтоох, хулгайлсан малын сэвс байгаа газрыг заалгах зорилгоор тухайн газарт очсон үйлдэл нь тайлбар, мэдүүлэг  авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах хэлбэр биш байтал шүүхээс эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан деспозицийг буруу тайлбарлаж, Х.Б-г гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан. Тухайн үед мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зэрэг үйлдлүүд болоогүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. Мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 16.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл хохирогчийн хүү 5 удаа мэдүүлэхдээ өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлсэн. Иймд магадлалын Х.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Ө.Батболд хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Амь хохирогчид гурван төрлийн гэмтэл үүссэн бөгөөд гэрч нарын мэдүүлэгт дурдагдсан ажиллагаануудыг хийх ямар ч боломжгүй, эргэлзээ бүхий дүгнэлт гаргасан. Талийгаачид тархины гэмтлээс гадна уушги гэмтсэн нэмэлт шинж тэмдгүүд байсныг шүүх анхаарч үзээгүй. Эмч М.Б амь хохирогчийг үзэхэд амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан учраас цагдаад орхиж явсан талаараа хэлдэг. Мөн прокурор дахин шинжээч томилох тогтоолдоо 7 шинжээчийн бүрэлдэхүүн томилох талаар заасан боловч 5 шинжээч дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Тус хэрэгт Д.М маш их хохирч байгаа бөгөөд арга ядахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгөхийг хүссэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан баримтад тулгуурласан учир шүүх дээрх шийдвэрийг гаргасан байх. Д.М-н хувийн байдлын талаарх баримтууд хавтаст хэрэгт хангалттай байгаа. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Э.Ганбат шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүх шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай уялдуулж үнэлэхдээ маш том алдаа гаргасан бөгөөд шинжээч Н.Уянга нь 71 тоот дүгнэлтдээ нас барсан хүний биед байх бүх гэмтлийг шинэ гэмтэл гэж бичсэн боловч цусан хураа нь удсан гэх мэдүүлэг өгч, үүнийгээ баталгаажуулахаар өөрсдөө дахин шинжээч томилсон. Цусан хураа нэмэгдэх тусам хүний бие муудах шинж тэмдэг илэрдэг. Шинжээчийн дүгнэлтээр цусан хураа нэмэгдсэн байх ёстой боловч талийгаачийн ухаан санаа зүгээр байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Хохирогч 2016 оны 07 дугаар сарын 29-ний өглөө нас барсан бөгөөд 12-18 цагийн өмнөх гэмтэл гэж үзвэл Д.М уулзаагүй байх үеийн хугацаа байна. Тэгэхээр тус шинжилгээг үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй. Мөн няцрал, зөөлөн бүрхүүл доторх цус харвалтыг хэзээ үүссэн талаар нэг ч дурддаггүй. Дээрх гэмтлүүдийг шинэ гэж дүгнээд 12-18 цагийн өмнө үүссэн гэж үзвэл Д.М-н үйлдлээс амь хохирогч нас барсан гэх дүгнэлт үгүйсгэгдэнэ. Шүүх Х.Б-г амь хохирогчийг шанаанд цохиж, өшиглөж эрүүдэн шүүсэн гэж дүгнэсэн бөгөөд тухайн үед гэмтэл авсан болох нь туйлын тодорхой байхад Д.М-г хэлмэгдүүлсэн. Шүүх хуралд орсон шинжээч нар ухаан алдах шинж тэмдэг заавал илэрнэ гэж хэлсэн. Гэтэл амь хохирогч Х.Б-т цохиулаад л ухаан алдсан. Мөн зодуулсан гэх хэргийн газарт нэг ч удаа үзлэг хийгээгүй. Сүүлийн шинжээчийн дүгнэлтийг мэдрэлийн эмчийг оролцуулахгүй гаргасан нь учир дутагдалтай. Иймд хэргийг прокурорт буцаах шаардлагатай байна” гэв.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Энхтуяа шүүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хохирогчийн зүгээс Д.М-н өмгөөлөгч нарын байр суурийг удаа дараа илэрхийлж, гомдол гаргасан бөгөөд үнэхээр залхсан учраас хяналтын шатны шүүхэд хандаагүй. 2002, 2015 оны Эрүүгийн хуулиуд нь эрүүдэн шүүх ерөнхий ойлголтыг хязгаарласан. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын заалтыг Монгол улсын хуулиар хязгаарласан тохиолдолд конвенцын заалтыг баримтална. Гэтэл шүүх Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын заалтыг анхаарч үзээгүй. Хохирогчийн зүгээс эрүүдэн шүүж бусдын амь насыг хохироосон гэж гомдол гаргасан. Тухайн үед амь хохирогчийг цохиж унагасан үйл явдал болоход түүний хүү өөрийн нүдээр хараад зогсож байсан бөгөөд бүгдийг хэлсэн. Цагдаагийн байгууллага нь цагдаагийн алба хаагчид холбогдох хэргийг шалгасан учир Э.Х-н мэдүүлгийг өөрчлөн зөрүүтэй байдалд хүргэсэн. Д.М зодсон нь үнэн боловч түүнийг хүнийг алах гэмт хэрэгт хилсдүүлсэн. Э.Х аавыгаа Х.Б-т цохиулж унаснаас хойш өндийж чадахгүй болсон гэх үйл баримтыг шүүх эсрэгээр нь дүгнэсэн. Хэрэгт цугларсан баримтыг цагдаагийн байгууллага бүрдүүлсэн учир шүүх бодитой дүгнэлт хийж чадаагүй. Иймд хэргийг тал бүрээс нь судалж үзэхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан Д.М, Х.Б нарт холбогдох хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч Д.М-н үйлдэл болон талийгаачийн үхлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон. Хэрэгт авагдсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээ төрүүлэхээргүй байна. Гэрч Э.Х эргэлзээ төрөхөөр мэдүүлгүүд өгөөгүй бөгөөд тус мэдүүлгүүдэд тулгуурлаж хууль зүйн дүгнэлт хийгдсэн байсан. Шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй гэх боловч гэмтэл авснаас хойш цусан хураа үүстэл идэвхтэй үйлдэл хийх боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Шүүгдэгч Х.Б-н үйлдлийн улмаас талийгаач нас барсан үйл баримт тогтоогдоогүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ө.Батболд, Э.Ганбат, Д.Урансувд шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Б.Мянган, Б.Баярмагнай нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Д.М, Х.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хэргийн үйл баримтыг эцэслэн тогтоож чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээгүй, итгэл үнэмшил төрүүлэхээр бодитой болж чадаагүй байна.

Хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг хэзээ, хэн учруулсан талаар хангалттай баримт авагдаагүй, судас хагарснаас тархины цагаан эдэд нэвчсэн цусны хэмжээ, задралын түвшингээр гавал тархины хүнд гэмтлийг 12-18 цагийн өмнө учирсан гэж тогтоосон гэх боловч энэ хугацааг хохирогч нас барснаас эсвэл нэвчдэсээс дээж авсан цагаас алинаас нь тоолох, нэвчдэсийн тархалт болон задрал хохирогч нас барснаас хойш бодисын солилцоо зогссонтой холбоотой саарах боловч анатоми-биологийн бус гэхэд хими-физикийн шинжтэй үйлчлэлээр үргэлжлэх боломжтой эсэх, тархин дахь цусан хураа хохирогч нас барснаас хойш нэмэгдэхгүй боловч нөжрөл, бүлэгнэл зогсох эсэх зэрэг олон асуудлуудад шинжилгээ явуулсан боловч хариултгүй үлджээ.

Дахин шинжилгээг Эрүүл мэндийн яамны Мэргэжлийн салбар зөвлөлийн 5 гишүүн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 шинжээч, нийт 7 мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр хийлгэж шаардлагатай, хэрэгт ач холбогдол бүхий анагаах ухааны тусгай мэдлэг шаардсан дээрх болон бусад бүх асуултад хариу авах нь зүйтэй.

Зарим шинжээчдээс мэдүүлэг авч хохирогчийн хэрэг гарсан хугацаанд биеэ хэрхэн авч явсан болон хийсэн үйлдлүүдийн талаар хавтаст хэргийг танилцуулах байдлаар ойлголт өгч, алийг нь гавал тархины хүнд гэмтэл авсан үед гүйцэтгэх боломжтой, алийг нь боломжгүй талаар асууж тодруулах, Тухайлбал, мотоциклын арын суудалд сууж явах зэрэг тэнцвэр шаардсан үйлдлүүдийг хийх боломжтой эсэх зэрэг болон ийм төрлийн асуултуудыг шинжээч томилсон тогтоолоор тавьж шинжээчийн дүгнэлтээр хариу авч болно. Гэмтэл авсан цаг хугацааг тогтоох нь энэ хэргийг үнэн зөв бодитой эцэслэн шийдвэрлэхэд амин чухал ач холбогдолтой болохыг шинжээчдэд тайлбарлан өгөх нь зүйтэй.

Дахин шинжилгээний үр дүн, шинжээчдийн дүгнэлт, мэдүүлэг зэрэгт тулгуурлан хэргийн үйл баримтыг нарийвчлан тогтоохдоо дээр дурдсан объектив нөхцөл байдлуудаас гадна хэргийн субъектив тал болох шүүгдэгч нарын үйлдлээ хэрэгжүүлсэн зорилго, арга хэлбэр, цаг хугацаанд уялдаа холбоо байгаа эсэх, нэгдмэл санаа сэдэл тогтоогдож буй эсэх, хэргийн үр дагаврыг хүссэн эсэх, хандаж буй хандлага зэргийг хэргийн үйл баримтаас тогтоож дүгнэх нь хэргийг оновчтой зүйлчлэхэд шаардлагатай нөхцөлд тооцогдоно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-г хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Б-г хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбодыг шаналган зовоож эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон эсэх талаар болон хэрэгт чухал ач холбогдолтой шинжээчийн дүгнэлтүүдийг бүхэлд нь шалгаж бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд буюу амь хохирогч нас барах шалтгаан болсон гэмтэл учирсан цаг хугацааг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах шийдвэр бүхэн тэр дундаа шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг эргэлзээгүйгээр тогтоож, гаргасан зан үйлд нь эрх зүйн зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэхэд шинжээчийн дүгнэлт, тэр дотор амь хохирогчийн үхлийн шалтгаан болсон гэмтлийн цаг хугацаа чухал ач холбогдолтой болно.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.М, Х.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.М, Х.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцаасугай.    

 

                                               ДАРГАЛАГЧ,                              Б.ЦОГТ

                                                       ШҮҮГЧ                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН