Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/25

 

 

 

 

 

 

 

 

2025         04        16                                         2025/ДШМ/25

 

 

  Ч.Ш, В.Н нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

Прокурор: Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Ч.Шгийн өмгөөлөгч: Б.М,

Шүүгдэгч В.Нгийн өмгөөлөгч: Д.Оюунбилэг,

Нарийн бичгийн дарга: П.Жавзанпагма нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ч.Шгийн өмгөөлөгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлоор Ч.Ш, В.Н нарт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, “И” овогт Вийн Н, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр З аймгийн Т суманд төрсөн, эрэгтэй 00 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 00 тоотод шин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ИМ-000/.

2. Монгол Улсын иргэн, “Б” овогт Ч-ы Ш, 00 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Х аймгийн Ц суманд төрсөн, эрэгтэй 00 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр хэлдэг, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 00/.

Ч.Ш нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 00 дүгээр гудамжны 00 тоотод 000 оны 00 дугаар сарын 00-наас 00-нд шилжих шөнө хохирогч Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож биед баруун чихэнд сорви бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

В.Н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг, 00 дүгээр гудамжны 00 тоотод 000 оны 00 дугаар сарын 00-наас 00-нд шилжих шөнө хохирогч Ш тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, биед духанд зулгаралт, зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн гэмтэл учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 2025/ШЦТ/00 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Их Хотгойд овогт Вийн Н, Баяжих овогт Чулууны Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Вийн Нг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Чулууны Шг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Нд оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.Шд оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 90 (ер) хоногийн хугацаагаар төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н, Ч.Ш нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Ч.Шгээс эд хөрөнгөнд учирсан хохирол 290,000 (хоёр зуун ерэн мянга) төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 1,980,000 (нэг сая есөн зуун наян мянга) төгрөг, нийт 2,270,000 (хоёр сая хоёр зуун далан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч В.Нд олгож, хохирогч Ч.Шгийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр тогтоогдсон 1,980,000 (нэг сая есөн зуун наян мянга) төгрөгийг шүүгдэгч В.Нгаас гаргуулж хохирогч Ч.Шд олгож, хохирогч Ч.Ш нь шүүгдэгч В.Нгаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,  энэ хэрэгт шүүгдэгч В.Н, Ч.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “...өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

Учир нь дээрх шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй шалтгааны улмаас миний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр болсон байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт: “...довтолгоо төгссөн хойно хийсэн хариу үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй... бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие, биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан үйл баримт тус, тус тогтоогдож байна...” гэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд хохиролтой, өмгөөлөгч миний мэтгэлцэж оролцсон “...аргагүй хамгаалалт учир цагаатгаж өгнө үү..." гэх хууль зүйн дүгнэлтийг үндэслэлгүй няцаасанд гомдолтой байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ.” гэж хуульчилсан байх бөгөөд мөн зүйлийг Монгол Улсын дээд шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай “Аргагүй хамгаалалтыг зөв хэрэглэх тухай” зөвлөмжид тайлбарлахдаа “Нийгэмд аюултай халдлага, өөрөөр хэлбэл хүч хэрэглэсэн довтолгоо эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байх учиртай” гэж тодруулжээ.

Харин Ч.Шгийн тухайд хохирогч гэгдэх В.Нн баруун чихийг хазсан үйлдэл нь түүний миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд халдахдаа зэвсгийн чанартай зүйл болох аягаар дух чамархай хэсэг рүү удаа дараа цохиж гэмтээсэн ноцтой үйлдэл төгссөн хойно хийгдсэн гэдэг нь болоод уг үйлдэл гарахад Ч.Шгийн зүгээс бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар тус тус тогтоогддоггүй.

...Түүнчлэн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 132 дугаартай яллах дүгнэлтэд “...иргэн н.Х, н.Н нарын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул шалгуулахаар холбогдох материалын хамт харьяаллын дагуу Аймгийн Цагдаагийн газарт албан тоотоор хүргүүлэв” гэсэн байх боловч уг хүмүүсийн хууль бус үйлдлийг хэрхэн, яаж шалгаж, шийдвэрлэсэн талаар баримт огт хэрэгт авагдаагүй бөгөөд энэхүү зөрчил нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь шалгаж тогтоогоогүй, нотолбол зохих байдлыг нотлоогүй зэрэг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бус үйл ажиллагааны үр дагаврыг бий болгосон, миний үйлчлүүлэгчийн тухайлсан асуудлаар гомдол гаргах эрхийг хязгаарласан гажуудал бүхий байдлыг бий болгосноос Ч.Ш нь гэмт хэргийн хохирогч атлаа “гэм буруутан” хэмээн цоллуулах үндсийг бүрдүүлжээ.

Тус хэрэгт Н гэгч /гэрч Б.Дын хамгийн бага дүү/-ийг холбоотой буюу миний үйлчлүүлэгчийг бүлэглэн зодож байсан, мөн Ч.Штэй ноцолдож, зууралдаад салахгүй байсан талаар гэрч, хохирогч нар тус тус хангалттай мэдүүлдэг боловч түүнийг гэрчээр аль эсвэл сэжигтнээр мэдүүлэг авсан гэх үйл баримт хавтаст хэргийн материалд огт авагдаагүй.

Дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зохицуулалтад нийцүүлэн миний үйлчлүүлэгч Ч.Шгийн зүгээс бусдын эрүүл мэндэд хохирол учруулах шууд санаа зорилго байхгүй байсныг харгалзан үзэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд нийцэл бүхий шийдвэр гаргах боломжтой.

Учир нь аргагүй хамгаалалт хийх эрхийг иргэдэд хуулиар олгосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлд заасан амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ гэмт халдлагаас хамгаалах хууль зүйн чухал баталгаа болсон байдаг. Өөрийн болон бусдын эрх, ашиг сонирхлын эсрэг чиглэсэн халдлага эхэлсэн, үргэлжилж байгаа, дуусаагүй буюу эхлээгүй ч аюултай заналхийлэл тулгарсан үед хийсэн хамгаалалтыг цаг үеэ олсон, хууль ёсны гэж үздэг.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байх тул Ч.Шгийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд довтолгооны эсрэг хийсэн хамгаалалтын шинжтэй үйлдэл байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.

Шүүгдэгч Ч.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг  дөрөвүүлээ бүлэглэж зодсон атлаа хоёр нь гэрч явж байна. Тэдгээр хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Иймд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтэй байна.” гэв.

Шүүгдэгч Ч.Шгийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан саналдаа:“...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэх хуулийн зохицуулалтыг хэрэглэж миний үйлчлүүлэгчийг цагаатгах бүрэн боломжтой.” гэв.

Шүүгдэгч В.Нгийн өмгөөлөгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж үндэслэл бүхий шийдвэр гаргасан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Ч.Ш нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 00 дүгээр гудамжны 00 тоотод 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч В.Нтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож биед баруун чихэнд сорви бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

В.Н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар баг, 09 дүгээр гудамжны 43 тоотод 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч Ч.Штэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, биед духанд зулгаралт, зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн гэмтэл учруулах гэмт хэрэгт тус тус холбогдож прокуророос шүүгдэгч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч  Ч.Ш, В.Н нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, учирсан хохирлын хэмжээ, шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, оролцооны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн шүүгдэгч В.Н, Ч.Ш нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан В.Нг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, Ч.Шг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 90 (ер) хоногийн хугацаатай төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна гэж үзэв.

3.Шүүгдэгч нар харилцан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч, яллагдагчийн өгсөн мэдүүлгээс гадна Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 171 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 135 дугаартай дүгнэлт, Хөвсгөл-Дүрс оношилгооны төвийн эмчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1025 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаартай дүгнэлт, Мед траума оношилгооны төвийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн толгойн тодосгогч бодисгүй КТГ-ын шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хавсаргасан баримт, Ч.Шгийн Люкс Центр эмнэлгийн комьпютерт томографийн шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1038 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1330 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба эдгээрийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мын гаргасан “...Ч.Шгийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд довтолгооны эсрэг хийсэн хамгаалалтын шинжтэй үйлдэл байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү.” гэх агуулга бүхий гомдлын тухайд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ч.Ш “...Прокуророос сонсгож байгаа зүйл, ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн /1-р хх-н 75/ байх ба гэмт хэрэг үйлдэгдэх тухайн агшинд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах шүүгдэгч В.Нн гэрт Б.Дыг Ч.Ш боож унагаах үйлдлийг харсан н.Өнөржаргал гэрийн гадна байсан В.Н, Г.Х, н.Н нарт хэлэхэд н.Н, Ч.Ш нарын хооронд маргаан болж, тухайн маргааныг В.Н салгахаар харилцан ноцолдох үедээ Ч.Шд чихээ хазуулсан үйлдлийн талаар гэрчүүд, насанд хүрээгүй гэрч, яллагдагч нар мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодорхой мэдүүлсэн, мэдүүлгүүд нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Дын өгсөн “...намайг буйдан дээр дарж багалзуурдаад унагаасан. ...Г.Х энэ гурав орж ирээд юу болов гээд намайг сэргээсэн байсан. ...босоод ирэхэд коридорт юм нижигнээд байсан. ...би нөхрөө чи гараад юу болоод байна гэхэд гараад энэ хоёр хүн дээр доороо орсон ноцолдож байхад чихийг нь хазсан байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Хгийн өгсөн “...В.Н эхэлж орж ирээд би араас нь орж ирэхэд энэ хүнийг боогоод буйдан дээр унагаасан байсан. Чи миний эгчийг боож унагаадаг хэн юм, харь гээд байхад харихгүй гээд н.Н дагуулаад гарсан. Удаагүй байж байтал энэ хоёр зодолдоод унасан. Д эгчийг сэргээх гээд байж байтал сэргэсэн. Сэрж босч ирээд В.Н гаргасан. В.Н гараад байж байсан, н.Н орилоод ороод иртэл  гарыг нь шил юм уу, хадаасаар хүү татаад хаясан байсан. Чи гардаа гээд би гарсан чинь энэ хүнийг дээрээс нь нүдээд орилсон байж байсан. Хөөе боль гэж би хойш салгаад байж байтал битүү улаан цус болоод чихийг нь хүү татаад хаясан унжуулсан байсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч В.Н мөрдөн шалгах ажиллагаанд шатанд гэрчээр өгсөн “...тэгээд Н Шг дагуулаад гэрээс гараад тамбар дотор түжигнээд байсан. Удаагүй Нгийн охин орж ирээд аавын дээр Ш ах гарсан байна гэхээр нь гараад энэ хоёрыг салгах гэж байгаад Шд чихээ хазуулсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 33/,

Насанд хүрээгүй гэрч М.Хын мөрдөн шалгах ажиллагаанд шатанд өгсөн: “...ээж бид хоёр буцаж Д эгчийн гэрт очсон чинь манай аавын нүүр нь аймаар цус болсон энэ тэндээ хавдсан байдалтай байсан. Бас яг намайг харж байхад Н гэдэг хүн манай аавын нүүр лүү нь гараараа 4-5 удаа цохиж байсан. Тэгсэн чинь Д эгч нөхөр Нг салгаад гэр рүүгээ дагуулаад оруулсан.Тэгэхэд манай аав ардаас нь орж хаалгыг нь нүдэж гэрт нь ороод дахиад Н ахтай ноцолдоод унасан. ...Н ах аавын дээр байхдаа толгой руу нь аягаар цохиод хагалсан, тухайн үед манай аав хэсэг ухаан алдаад унасан байх. Тэгж байснаа аав гэнэт босч ирээд Н ахын чихийг нь хазаад авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 31/ зэргээс дүгнэхэд В.Нгийн хүч хэрэглэсэн довтолгоо төгссөн хойно Ч.Ш түүний чихийг хазаж хариу үйлдэл хийсэн байх тул энэ үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй.

Түүнчлэн гэрч, хохирогч, яллагдагчийн нарын мэдүүлгээс үзэхэд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь Ч.Ш гэрч Б.Дыг боож унагааснаас үүдэлтэй гэж дүгнэж болохоор байна.

5.Хэрэг болсон гэх газар шүүгдэгч Н, түүний эхнэр Д нарын гэрт буюу Мөрөн сумын 12-17-02 тоотод болсон байхад прокурорын яллах дүгнэлтэд Мөрөн сумын 8-9-43 тоот гэж буруу бичсэн байх ба тухайн хэрэг болсон гэх газрын талаар маргаагүй, уг алдаа нь хэргийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Цаашид техникийн шинжтэй алдаа гаргахгүй ажиллавал зохино.

6.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/40 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАЯРХҮҮ

                                    ШҮҮГЧИД                                       Б.СОСОРБАРАМ

                                                                                         Л.ЭРДЭНЭБАТ