Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 101

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Т-д холбогдох эрүүгийн 1804001380108 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Л.Отгончимэг   

 Улсын яллагч                                                  Ж.Б

 Шүүгдэгч                                                    Т.Т- нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар  сарын ..-ний өдөр ..аймгийн .. хотод төрсөн, эрэгтэй, .. настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Буман заг” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл .., аав, ээж, ах, эгч нарын хамт, /иргэний үнэмлэхний хаягаар: .. аймгийн .., .. дүгээр баг .. өртөө/ Багануур дүүргийн .. дүгээр хороо, ..дүгээр байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х- овгийн Т-н Т- /РД:........./

 

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас:

            Яллагдагч Т.Т-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 18-ны шөнийн 22 цагийн үед Багануур дүүргийн .. дугаар хороо, Жижиг дунд үйлдвэрлэлийн төвийн орчим М.С- маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохисныг тогтоож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна. Мөн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй, яллагдагч нь сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүхээс Т.Т-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд.

 

Шүүгдэгч Т.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хамт ажилладаг Э ахын төрсөн өдрийн баярт наймуулаа хоол идэж, архи уучихаад Хэрлэн гол явсан. Гол дээр байж байгаад 21-22 цагийн үед Багануурт орж ирсэн. Тухайн үед бид нэг  машинд багтахгүй тул би С- ахын өвөр дээр сууж явсан. Гэтэл С- ах миний нуруунаас хазсан. Би нүүр лүү нь зангидсан гараараа хоёр удаа цохичихоод машинаас буусан. Би гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч М.С-ын мөрдөн байцаалтад өгсөн:

              “Машинаас буух үед хэн нэгэн миний хамар луу цохисон. Тухайн үед согтуу байсан болохоор хэн цохисныг мэдэхгүй байна. Цохиулсны улмаас миний хамар хугарсан, баруун хөмсөгний гадна хэсэг, баруун нүдний доод хэсэг шалбарч зулгарсан. Би Т.Т-аас хамраа эмчлүүлэх зардалд 200.000 төгрөг авахаар тохиролцсон. Одоогоор мөнгөгүй болохоор эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Т.Т- надаас уучлалт гуйсан. Би шүүх хуралд биечлэн оролцохгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13 дахь тал/,

 

Гэрч Э.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Машинаас буухад Т- С- ахын нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/,

 

Гэрч Н.Баянхангайн мөрдөн байцаалтад өгсөн:

С-ын нүүр тухайн үед цус болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дахь тал/,

Гэрч С.Отгон-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

“С-, Т- хоёр муудалцаад, зодолдоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дахь тал/

 

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн:

“Сүүлд сонсоход С-ыг Т- цохичихоод зугтаагаад явсан, араас нь С- чулуу барьж хөөгөөд байсан гэж сонссон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дахь тал/

Шинжээчийн 09шэ/260 дугаартай дүгнэлтэд:

               “М.С-ын биед хамар ясны шинэ хугарал, баруун хөмсөг зулгаралт, баруун нүдний доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэжээ /хх-ийн 26 дахь тал/

 

Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт

 

Т.Т- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 6 дугаар сарын 18-ны шөнийн 22 цагийн үед машин дотор явж байхдаа нуруунаас нь хазсан М.С-т уурлаж машинаас буухдаа нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж, хамар ясны шинэ хугарал, баруун хөмсөгт зулгаралт, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Нотлох баримтын  талаархи дүгнэлт 

           Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нар мэдээллийг хаанаас хэрхэн олж авсан нь тогтоогдсон, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.  

Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Т.Т- хохирогчийг зодсон үйлдэлдээ санаатай  хандсан нь өөрийнх нь “С- ах гол дээр байхдаа намайг янз бүрээр хэлж байсан ба машин дотор өвөр дээр нь сууж байхад нуруунаас хазсан тул би уурлаж нүүр лүү нь цохисон” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Т.Т- нь С-ыг цохисон үйлдлээрээ түүнийг эрүүл мэндийн гэмтэлд зориуд хүргэжээ.

Үйлдлийн зорилго нь хохирогчийн зүгээс хувь хүний халдашгүй байдалд нь үг хэлээр болон хүч хэрэглэн халдсанд уурлаж хариу авах гэсэн санаа гэж дүгнэв.

 Хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “М.С-ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүгдэгч Т.Т-ын үйлдэл нь иргэн М.С-ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчсөн байна.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Т.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.   Хохирогч М.С- нь шүүгдэгчтэй эвлэрсэн, эмчилгээний зардал 200.000 төгрөгийг Т.Т-аас гаргуулахаар тохиролцсон, уг мөнгөө аваад эмчилгээ хийлгэнэ, шүүх хуралд биечлэн суухгүй гэснийг /хх-н 10-13 дахь тал/ тэмдэглэе.  

Иймд Т.Т-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан болно. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х- овгийн Т-н Т-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х- овгийн Т-н Т-ыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Т.Т-д мэдэгдсүгэй.
  4. Тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч М.С- нь эмчилгээнд  200.000 төгрөг нэхэмжилснийг Т.Т- хүлээн зөвшөөрч 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөө илэрхийлснийг баталсугай.
  6. Т.Т-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ОЮУНБАТ