Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 102

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Б.Г-д холбогдох эрүүгийн 1804001120104 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                 Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                  Х.Э  

 Шүүгдэгч                                                    Б.Г-

 Шүүгдэгчийн өмгөөлөгч:                              Д.Ц нар оролцов.

 

Шүүгдэгч:

Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. аймаг, ... суманд төрсөн, .., .. настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл .., хамтран амьдрагч Н-ийн хамт, .. дүүргийн .. дүгээр хороо, .. .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б- овгийн Б-ийн Г- /РД:УД69112714/

 

Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос:

            Б.Г-ийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед хууль сахиулагч цагдаагийн алба хаагч, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Н.Г- албан үүргээ гүйцэтгэж байхад нь гар утас, малгайгаа нэхэж хоолойг нь боож хүч хэрэглэснийг тогтоож тухайн үйлдлийг нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхээс Б.Г-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед эрүүлжүүлэхээс гарч  хэсгийн байцаагч Н.Г-ийн өрөөнд орсон.  Хэсгийн байцаагч намайг мэдүүлэг өгөөд явж болно гэхээр нь “миний малгай, утас хаана байна вэ” гэж асуухад байцаагч “би мэдэхгүй, эмчээс асууя” гэсэн. Миний уур хүрч байцаагчийг заамдаж авсан байсан. Манараад юу хийж байгаагаа мэдээгүй Тухайн үед миний архи гараагүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч Н.Г-ийн мөрдөн байцаалтын үед өгсөн:

              “2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед эрүүлжүүлэх байрнаас зөрчил гаргагч Б.Г-ийг хүлээж аваад Багануур дүүргийн 3 дугаар хорооны  хэсгийн байцаагчийн буюу өөрийнхөө өрөөнд Б.Г- болон түүний хамтран амьдрагч Нямсүрэнгийн хамт орсон. Г- надаас гар утас, малгай хаана байна гээд уурлаад орилж яриад  байхаар нь та битгий орилоод бай, би эрүүлжүүлэх байрны эмчээс асуугаад өгье гэсэн чинь амандаа үглээд утас, малгай өг гээд гараараа цохих гээд над руу 2-3 удаа дайрсан. Тэгж байтал Засаг дарга Бямбацэцэг манай өрөөнд юу болоод байна аа гээд орж ирсэн. Г- намайг ажлын ширээний хажуу талд зогсож байхад миний хоолойг 2 гараараа боогоод авсан. Би тавиулах гээд хоёр удаа гараараа Г-ийн гар луу цохисон. Засаг дарга Бямбацэцэг боль гээд Г-ийг салгах шиг болсон. Г-ийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Тэс” дэлгүүр дотор агсам тавиад байна гэх дуудлагын дагуу эрүүлжүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/

 

Гэрч Ц.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: 

              2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед Багануур дүүргийн 3  хорооны цагдаагийн байранд ахмад Н.Г-ийн дуудсаны дагуу очсон. Тэр үед Г- мэдүүлэг өгөх гээд сууж байхдаа байцаагчаас гар утсаа нэхээд байсан. Байцаагч гар утас чинь эрүүлжүүлэх байрны эмчид байгаа гэж хэлтэл, Г- “чи яагаад мэддэггүй юм бэ гэж уурлаад байцаагч руу дайрч, хоолойг хоёр гараараа боож авахаар нь би Г-ийг салгасан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дэх тал/

 

Гэрч Б.Бямбацэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

               “2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед хэсгийн байцаагч Н.Г-ийн өрөөнд асуудал болоод байхаар нь ортол мэдүүлэг өгч байсан Г- байцаагч руу дайраад орилоод, хоолойг нь баруун гараараа боож аваад гар утсаа нэхээд байсан. Би тэр үед нь болиоч гэж хэлсэн....”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 09/шэ222 тоот дүгнэлтэд:

  “Н.Г-ийн биед хүзүүний өмнөд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн  зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23, 3 дахь тал/,

Улсын яллагч дүгнэлтдээ:

              Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан гэм буруутай гэж дүгнэж байна. 1 жилийн хорих ял оногдуулах саналтай гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ:

              Прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл хэсэгтэй маргахгүй байна. 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнийг мөн хугацаагаар тэнсэх, зан үйлээ засах сургалт буюу архи согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарлах арга хэмжээ авч өгнө үү гэв.

 

Хэргийн үйлдлийн талаар:

 

            Б.Г- нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 13 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны хэсгийн байцаагчийн өрөөнд хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Н.Г- албан үүргээ гүйцэтгэж байхад нь гар утас, малгайгаа нэхсэн. Хэсгийн байцаагч гар утас, малгайг чинь  би аваагүй тул эрүүлжүүлэхийн эмчээс асууж өгье гэхэд Б.Г- уурлан түүний хоолойг боож хүзүүний өмнөд хэсэгт ташуу чиглэлтэй 3х0,2см хэмжээтэй зулгаралт гэмтэл учруулан хүч хэрэглэсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Нотлох баримтын  талаар: 

             Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хууль сануулж, хуульд заасан шаардлагын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тодорхойлогдсон, мэдүүлгүүдийн агуулга нь үйлдлийг бүхэлд нь хамарсан байна. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдэл, нөхцөл байдлыг гүйцэд, хангалттай нотолсон хууль ёсны баримтууд мөн.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч нь архины хамааралтай мөн болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадвартай зэрэг нь шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Б.Г- Н.Г- хууль сахиулагч гэдгийг мэдсээр байж түүнд хүч хэрэглэсэн байх ба үйлдэлдээ санаатай хандсан байна. Учир нь цагдаагийн алба хаагч Н.Г- албаны дүрэмт хувцастай, өрөөндөө, Г-эс зөрчил гаргасан талаар нь мэдүүлэг авах гэж байсан болно.

Цагдаагийн алба хаагч, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Н.Г- нь хууль сахиулагч мөн болох нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хууль сахиулах чиг үүрэг гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг хэлнэ” гэсэн тайлбар,  түүнийг Багануур дүүргийн  цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагчаар томилох тухай Нийслэлийн цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн б/287 дугаартай тушаал /хх-9/, ажлын байрны тодорхойлолт /хх-5/, ажлын үнэмлэх /хх-4/ зэрэг баримтуудаар батлагдсан болно. Хууль сахиулагч Н.Г-д учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоогдохуйц гэмтэл биш болох нь шинжээчийн “Н.Г-д учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанхууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

                    

Гэм буруутайд тооцогдсон Б.Г-ийг тухайн зүйл хэсэгт заасан ялыг оногдуулахад харгалзан үзэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэе. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан торгох, хорих ялуудаас сонгож түүнд ял оногдуулах үндэслэлтэй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, хууль сахиулагч хохирол нэхэмжлээгүй болно. Б.Г- ажил эрхэлдэггүй, тогтмол орлогогүй, архинд донтох эмгэгтэй, ам бүл ганцаараа, айлын хашаанд, гэрээ барьж амьдардаг, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж хохирогчтой эвлэрснээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэрэг хувийн байдалтай нь тогтоогдлоо.  

. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа болон дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэж , эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зохистой гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б- овгийн Б-ийн Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Б- овгийн Б-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнссүгэй
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Б.Г-д тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г- нь тэнссэн хугацаанд шүүхээс хэрэглэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Хохирогч Н.Г- хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
  7. Б.Г-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                  

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Д.ОЮУНБАТ