Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/27

 

 

 

 

 

 2025        04        23                                         2025/ДШМ/27

 

   Г.Б, Т.Б нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Буяндалай, Б.Батдорж,

Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Отгончимэгийн гаргасан эсэргүүцлээр Г.Б, Т.Б нарт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Х овогт Гын Б, 000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр баг, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

2.Монгол Улсын иргэн, М овогт Т-ийн Б, 00 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, М ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 00/.

Г.Б нь 000 оны 0 дугаар сарын 00-ноос 000-нд шилжих шөнийн 000 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн 000 дугаар байрны гадаа Т.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж уруулд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Т.Б нь 00 оны 0 дугаар сарын 00-ноос 00-нд шилжих шөнийн 00-00 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн 00 дугаар байрны гадаа Г.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүн рүү чулуу авч шидэж, дух болон уруулын салстад шарх, хамар дээд уруул, духанд зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, хамар ясанд хугарал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х овогт Гын Б, М овогт Т-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Гын Б, Т-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б, Т.Б нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Отгончимэг эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх..” гэж заасан хуулийн нөхцлүүдэд дүгнэлт хийлгүй шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

...анхан шатны шүүх шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хэрэглэх урьтач нөхцөл болох ...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ...хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдалд дүгнэлт хийлгүйгээр, түүнчлэн тухайн зүйл хэсэгт заасан ял, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулаад түүнийг эдлэхээс чөлөөлж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь  энэ хуулийн ...36.7, 36.8, ... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай байна.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэдэг үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Д.Буяндалай саналдаа: “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Б.Батдорж саналдаа: “...Прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Г.Б нь 00 оны 00 дугаар сарын 00-ноос 00-нд шилжих шөнийн 00 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн 00 дугаар байрны гадаа Т.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж уруулд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Т.Б нь 000 оны 0 дугаар сарын 00-ноос 00-нд шилжих шөнийн 000 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр багийн 000 дугаар байрны гадаа Г.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүн рүү чулуу авч шидэж, дух болон уруулын салстад шарх, хамар дээд уруул, духанд зулгаралт, дагзны хуйханд цус хуралт, хамар ясанд хугарал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоожээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл /Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх/-ийг хэрэглэх эсэх нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудалд хамаарна.

Иймд анхан шатны шүүх “...шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, шүүгдэгч Т.Б хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Г.Б бусдад төлөх нөхөн төлбөргүй” зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлснийг буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ...эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх;...”-өөр заасан.

Түүнчлэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн этгээд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд “ял нэмэх, ял нэгтгэх” зэрэг үр дагавар үүсэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутган дүгнэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ЭРДЭНЭБАТ

                                       ШҮҮГЧИД                                   Н.БАЯРХҮҮ

                                                                                Б.СОСОРБАРАМ