Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 104

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.Мт холбогдох эрүүгийн 1804001230107 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                         Б.Наранжаргал

 Улсын яллагч                                        Б.О

Шүүгдэгч                                 Ш.М /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр .. хотод төрсөн, .., .. настай, бүрэн дунд боловсролтой, конверийн машинч мэргэжилтэй, ... конверийн машинч ажилтай, гэр бүлийн байдал .., эхнэр Б.Б, . хүүхдүүдийн хамт, ..дүүргийн .. дүгээр хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Шийн М /РД:..../

           Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос:

            Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Ш.М нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Б.Бийн толгой, баруун болон зүүн гуя, зүүн гарын бугалга хэсэгт тус тус модон сандлаар цохиж бие махбодид нь зулайд язарсан шарх, зүүн гарын бугалга, баруун болон зүүн гуянд цус хуралт зэрэг гэмтлүүдийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Шүүхээс Ш.Мт холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Ш.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн хүн болох Бтэй хувийн таарамжгүй харьцаааны улмаас маргалдаж толгой болон гуя зүүн гарын бугалганд сандлаар цохиж гэмтээсэн. Дахин ийм асуудал гаргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа.

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед нөхөртөө зодуулсан гэж цагдаад дуудлага өгсөн. Манай нөхөр Ш.М нь 2018 оны 6 дугаар сарын 01-ний орой ажлаасаа ирэхдээ согтуу ирээд надтай хэрэлдээд намайг элдвээр хэлж харааж байснаа гараад явсан юм. Тэгээд тэр өдрөө гэртээ ирж хоноогүй. Маргааш нь өдөр 15 цагийн үед орцонд гэрийнхээ үүдэнд унтаж байхаар нь хүүтэйгээ нийлж байгаад өргөөд гэртээ оруулж унтуулсан юм. Тэгээд орой 19 цагийн үед сэрээд над руу агсраад дайраад намайг модон сандлаар эхлээд хөл рүү цохисон, тэгэхэд нь хүүхдүүд салгаад унтуулах гэсэн чинь үгэнд орохгүй дахиж босож ирээд нөгөө сандлаа барьж аваад миний  толгой руу цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Жижиг модон сандлаар эхлээд хоёр хөл рүү, гар луу цохисон, дараа нь толгой руу сандлаар цохисон. Миний зүүн гарын бугалга хөхөрч няцарсан, хоёр хөлийн гуя хэсэгт хөхөрсөн, толгой орой хэсэгт язарсан өөр гэмтэл учраагүй. Ер нь бол манай нөхөр намайг хардаад ийм асуудал гаргасан гэж бодож байна. Урьд нь намайг цохиж зодсон зүйл байхгүй, надтай хэрэлдэж элдвээр хэлж харааж зүхэж байгаад гараад явсан маргааш нь намайг зодохоор нь би уурласандаа ирсэн цагдаад намайг хоёр өдөр дараалан зодсон гэж худлаа хэлсэн юм. Нөхөр бид хоёр одоо эвлэрсэн, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

Гэрч Ш.Мэндсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М ажлынхантайгаа архи ууж байгаад гэртээ ороод эхнэртэйгээ муудалцсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/

Гэрч М.Шинэ-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр намайг гэртээ байж байтал ээж гаднаас орж ирээд аав чинь согтуу орцонд унтаж байна гээд эрэгтэй дүү Ш-тай хамт гэрт өргөж оруулж унтуулсан. Тэгсэн чинь аав унтаж байгаад 19 цагийн үед сэрээд өрөөндөө ээжтэй хэрэлдээд байсан. Тэр үед би нөгөө өрөөнд байсан юм. Тэгээд зодолдоод байх шиг чимээ гараад байхаар нь би дүүгийнхээ хамт өрөөнд нь орсон чинь ээжийн толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд ээж цагдаад дуудлага өгсөн. Манай гэрт байдаг модон сандлаар толгой руу нь цохисон юм шиг байна лээ, гартаа сандал барьсан байсан. Мөн гараараа хөл, гар луу нь цохисон гэж ээж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

Шинжээч эмч Ө.Ш-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дүгнэлтэд тусгагдсан зүүн гарын бугалганд улаан өнгийн цус хуралт, баруун болон зүүн талын гуянд хөхөлбөр өнгийн цус хуралт үүсгэгдсэн байсан. Тухайн хүний биеийн онцлог болон эдэд үүсгэгдсэн нөхцөл байдлаас хамаарч цус хуралтын өнгө өөр өөр өнгөтэй байж болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн №09шэ/241 дугаартай дүгнэлтэд: “Б.Бийн биед  зулайд язарсан шарх, зүүн гарын бугалга, баруун болон зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 21/

Хохирогчийн биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20/

            Эд мөрийн баримт хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12/

Шүүгдэгч Ш.Мын хэрэг зөрчилд холбогдож байсан талаархи баримтууд, иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 33-38/

Гэрлэлтийн бүртгэлээр “Х овогт Шийн М, Торгод овогт Банзаан Б нарыг гэр бүл” болохыг тодорхойлсон лавлагаа /хх-ийн 40/

Аюулын зэргийн үнэлгээгээр “дунд” гэж гарсан тухай үнэлгээний маягт /хх-ийн 44-45/

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, ярилцлагын тэмдэглэл /хх-ийн 47-58/

Шүүгдэгч Ш.М урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар “урьд ял шийтгэлгүй” гэх ял шалгах хуудас, цахим үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34, 39/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

              Улсын яллагч дүгнэлтдээ:

              Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 84 дүгээр байрны 60 тоот орон сууцанд хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Б.Бийн толгой, баруун болон зүүн гуя, зүүн гарын бугалга хэсэгт тус тус модон сандлаар цохиж бие махбодид нь зулайд язарсан шарх, зүүн гарын бугалга, баруун болон зүүн гуянд цус хуралт зэрэг гэмтлүүдийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай гэв.

 

Хохирогчийн мэдүүлгийг үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч болон гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

              Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийж байна.

 

Хэргийн нөхцөл байдалд хийсэн хийсэн хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ш.М нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 84 дүгээр байрны 60 тоот орон сууцанд хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Б.Бийн толгой, баруун болон зүүн гуя, зүүн гарын бугалга хэсэгт тус тус модон сандлаар цохиж бие махбодид нь зулайд язарсан шарх, зүүн гарын бугалга, баруун болон зүүн гуянд цус хуралт зэрэг гэмтлүүдийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 2018 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн хүн болох Бтэй хувийн таарамжгүй харьцаааны улмаас маргалдаж толгой болон гуя зүүн гарын бугалганд сандлаар цохиж гэмтээсэн” гэх мэдүүлэг, хохирогчийн “…Тэгээд орой 19 цагийн үед сэрээд над руу агсраад дайраад намайг модон сандлаар эхлээд хөл рүү цохисон, тэгэхэд нь хүүхдүүд салгаад унтуулах гэсэн чинь үгэнд орохгүй дахиж босож ирээд нөгөө сандлаа барьж аваад миний  толгой руу цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Жижиг модон сандлаар эхлээд хоёр хөл рүү, гар луу цохисон, дараа нь толгой руу сандлаар цохисон. Миний зүүн гарын бугалга хөхөрч няцарсан, хоёр хөлийн гуя хэсэгт хөхөрсөн, толгой орой хэсэгт язарсан өөр гэмтэл учраагүй…” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Мэндсайхан, М.Шинэ-Од, шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, ярилцлагын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт

Ш.М нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 84 дүгээр байрны 60 тоот орон сууцанд хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр Б.Бийн толгой, баруун болон зүүн гуя, зүүн гарын бугалга хэсэгт тус тус модон сандлаар цохиж бие махбодид нь зулайд язарсан шарх, зүүн гарын бугалга, баруун болон зүүн гуянд цус хуралт зэрэг гэмтлүүдийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.

Энэ үйлдэлд хандсан Ш.Мын сэдэлт нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Бийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, таарамжгүй харилцаа үүсгэсэн. Шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлүүдээр нь тогтоогдсон. Иймд Ш.Мыг хохирогчийн эрүүл мэндэд халдсан үр дагавартаа шууд санаатай хандсан гэж дүгнэв.

Шүүгдэгч нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь болсон байна.

Иймд Ш.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутайд  тооцвол зохино.

 

Иймд Ш.Мыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан, шүүгдэгч Ш.Мын зөвшөөрснөөр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Б нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24х24 см хэмжээтэй тавцантай, 29 см өндөртэй, 4 ширхэг майга хөлтэй, хөл болон хажуу хэсгээрээ үүлэн хээтэй шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 ширхэг модон сандлыг устгах нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Х овогт Шийн Мыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Ш.Мыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн биелүүлэхийг Ш.Мт мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ш.Мт мэдэгдсүгэй.
  5. Хохирогч Б.Б нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болохыг дурьдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24х24 см хэмжээтэй тавцантай, 29 см өндөртэй, 4 ширхэг майга хөлтэй, хөл болон хажуу хэсгээрээ үүлэн хээтэй, модон сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Ш.Мт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  9. Гомдол эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй, гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах болохыг тус тус дурьдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.НАРАНТУЯА