Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00151

 

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2017/00151

 

 

Ж.Цолмонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06498 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Цолмонгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Оюунгэрэлд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 177 154 387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Амаржаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.    

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Цолмон нь хариуцагч Б.Оюунгэрэлтэй 2014 оны 06 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай нэг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, мөн 2014 оны 07 сарын 08-ны өдөр 30 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай нэг сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээнүүдийн дагуу Ж.Цолмон нь мөнгийг Б.Оюунгэрэлд шилжүүлсэн. Гэтэл Б.Оюунгэрэл нь зээлийн гэрээний үүргээ дараах байдлаар зөрчиж байна. Үүнд:

2014 оны 6 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 38 000 000 төгрөг, зээлийн хүү 55 403 843.87 төгрөг, 2015 оны 6 сарын 10-ны өдрөөс 2016 оны 8 сарын 18-ны өдрийг хүртэл 435 хоногийн алданги 51 030 600 төгрөг болж байгаа бөгөөд энэхүү алдангийг Иргэний хуулийн 232.4 дэх заалтад заасны дагуу тооцвол 19 000 000 төгрөг болох бөгөөд уг гэрээнээс нийт 112 403 483.87 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна.

2014 оны 07 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 23 100 000 төгрөг, зээлийн хүү 30 100 903.23 төгрөг, 2015 оны 07 сарын 08-ны өдрөөс 2016 оны 08 сарын 18-ны өдрийг хүртэл 407 хоногийн алданги 49 461 000 төгрөг болж байгаа бөгөөд энэхүү алдангийг Иргэний хуулийн 232.4 дэх заалтад заасны дагуу тооцвол 11 550 000 төгрөг болох бөгөөд уг гэрээнээс нийт 64 750 903.23 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна. Иймд нийт 177 154 387 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.

Хариуцагчаас нийт 42 900 000 төгрөг төлсөн ба 43 400 000 төгрөг төлсөн гэсэн байна. Хариуцагч 500 000 төгрөг төлөөгүй болох нь түүний дансны хуулгаар тогтоогдож байна. Эвлэрэх хугацаа хангалттай өгсөн боловч уулзаж ярилцаагүй учир нэхэмжилсэн дүнгээ дэмжиж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед иргэн Цолмон нь миний харилцагчийн бизнес амжилттай явдаг, өндөр хүү төлдөг байсныг мэдэж байсан. Мөн мөнгө хэрэгтэй байгааг мэдэж байсан бөгөөд Б.Оюунгэрэлд өндөр хүүтэй зээл авах санал тавьсан. Тухайн үед иргэн Цолмонд би Манжуур луу тээвэр хийнээ гэж хэлэхэд мөнгөө л өндөр хүүтэй авч байвал болно гэсэн. 2014 оны 05 сарын 30-нд иргэн Цолмонгоос 47 000 000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан байна. 2014 оны 06 дугаар сарын 10-нд зээлдэгчийн саналаар 6 хувийн хүүтэй гэрээ нөхөн байгуулсан болно. Уг гэрээн дээр иргэн Цолмон нь хэдий 47 000 000 төгрөгийг данс руу шилжүүлсэн боловч 50 000 000 төгрөг, 6 хувийн хүүтэй зээлэв гэж тусгасан байдаг. 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг бэлнээр төлсөн. Иргэн Цолмон төлбөр хийсний дараа миний харилцагчид 30 000 000 төгрөг нэмж зээлэх санал тавьсан. Миний үйлчлүүлэгч Б.Оюунгэрэл нь бизнесээ өргөтгөж эргэлтээ сайжруулж, санхүүгийн хүнд байдлаас гарахын тулд хүсэлтийг зөвшөөрөн 30 000 000 төгрөг нэмж зээлэхээр тохиролцсон. 2014 оны 07 сарын 08 нд 30 000 000 төгрөг 6 хувийн өндөр хүүтэйгээр зээлж, нийт 77 000 000 төгрөг 6 хувийн хүүтэй зээлсэн. Иргэн Цолмонгийн Хаан банкны 5070188709 тоот дансанд нийт 40 100 000 төгрөг, бэлнээр 3 300 000 төгрөг төлсөн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлсэнийг бичилгүйгээр, иргэн Цолмонгийн өгсөн мөнгөнөөс хамаагүй их, харьцуулж болшгүй их мөнгийг хариу нэхэж байгаа нь шударга бус байна. Эдийн засгийн байдал хүнд байгаа энэ үед зах зээлийн хүүтэй дүйцүүлэн Иргэний хуулийн 282.2 дахь заалтын дагуу хүүгийн хэмжээг бууруулан өгнө үү. Хариуцагч Б.Оюунгэрэл нэхэмжлэлээ хариуцан бодит хүү торгуулийн хамт авсан зээлээ төлөхөд бэлэн байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Оюунгэрэлээс 141 870 000 /нэг зуун дөчин нэгэн сая найман зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цолмонд олгож, нэхэмжлэлээс 35 284 387 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 045 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюунгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 867 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Цолмонд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Ж.Цолмон 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч Б.Оюунгэрэлд 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцож зээлүүлжээ. Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна гэжээ. Гэтэл бодит байдал дээр 2014.06.10-ны өдрийн БЗД-ийн Андууд тооцооны төвийн дансны хуулгаар 47 000 000 төгрөг, иргэн Цолмонгоос /Хаан банкны 5070188709 тоот дансаар/ шилжүүлсэн нь хэрэгт авагдсан ХААН банкны дансны хуулгаар нотлогдоно. Үүнээс үзэхэд шүүгч шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчиж, 50 000 000 төгрөг зээлсэн мэтээр тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн тайлбарт тодорхойлсноор энэ заалтыг нарийвчлан тайлбарлахын тулд Иргэний хуулийн 56.1.1, 56.1.4-т заасныг анхаарах шаардлагатай гэжээ. Иймд энэхүү зээлийн гэрээ нь анхнаасаа мөнгө хүүлэх зорилго агуулсан Иргэний хуулийг зөрчиж хийгдсэн зээлийн гэрээ гэж үзэж болно. Иймд 290 тоот нотариатаар 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрчлүүлсэн 50 000 000 төгрөгийн зээлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гомдол гаргаж байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Ж.Цолмон 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохирролцож тус тус зээлдүүлжээ гэжээ. Гэтэл уг зээлийн хүүг 12 сарын хугацаатай буюу сар бүр 6 хувийн хүү тооцохоор нэг жилд үндсэн зээл болох 30 000 000 төгрөг зээл болох 21 600 000 төгрөг төлөхөөр болж байна. Өөрөөр хэлбэл нэг жилийн 72 хувийн хүүтэй зээлийг иргэн болон банк, банк бус санхүүгийн байгууллагын олгож ирээгүй нотолгоо юм. Иймд энэ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг зөрчиж, ...зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болох байтал хууль зөрчиж 30 000 000 төгрөг дээр нэмж 21 600 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг бүгд 66 000 000 төгрөг гаргахаар шүүхээс шийдвэрлэснийг шүүх хуульд заасан иргэн эрхийг эдлүүлээгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ж.Цолмон нь хариуцагч Б.Оюунгэрэлд холбогдуулж 2 удаагийн зээлийн гэрээний үүрэгт 177 154 387 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нь зээлийн хүүгийн хэмжээг өндөр тогтоосон гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Ж.Цолмон нь хариуцагч Б.Оюунгэрэлд 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцож 47 000 000 төгрөгийг шилжүүлсэн, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тус тус хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар, алдангийн гэрээ 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар байгуулагдсан хүчин төгөлдөр байна. Зээлийн гэрээний үүргийг, нэмэлт үүрэг алдангийн хамтаар хариуцагч нь нэхэмжлэгчээс шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Харин 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 50 сая төгрөг бус 47 сая төгрөгийг шилжүүлсэн, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3 сая төгрөгийг шилжүүлсэн болохоо нотлоогүйг шүүх анхаараагүй байна.

 

Мөн зээлийн хүүгийн хувь хэмжээг 6 хувиас багасгаж өгөхийг хүссэн хариуцагч талын тайлбар, хүсэлтийг /хх-ийн 54, 81-82/ нэхэмжлэгч эсэргүүцэж няцаасан тайлбар гаргаагүй байдал, иргэд хоорондын зээлийн гэрээний үргэлжилсэн хугацаа, алданги тооцсон зэрэг байдлыг харгалзан шүүх зээлийн хүүгийн хэмжээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дах хэсэгт зааснаар багасгаж сарын 4 хувиар тооцох боломжтой гэж үзэв.

 

Хариуцагч Б.Оюунгэрэл 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2015.06.10-ны өдөр дуусахад зээлд 47 000 000 төгрөг, зээлийн хүүг сарын хүү 4 хувиар тооцож 1 800 000 төгрөг, гэрээний 12 сарын хугацаагаар тооцоход хүүд 22 560 000 төгрөг нийт 69 560 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх ба анхан шатны шүүх энэ зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн төлсөн 42 900 000 төгрөгийг хүү, үндсэн зээлээс хасч тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт нийцсэн байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 26 660 000 төгрөг гэж тодорхойлов.

 

Талууд алданги тооцохоор бичгээр тохиролцсон тул алдангийг гэрээний хугацаа дууссан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 436 хоногт тооцоход 34 871 280 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 50 хувиар хязгаарлаж, алданги 13 330 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Дээрх байдлаас үзэхэд эхний гэрээний дагуу үндсэн зээл, алданги нийт 39 990 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор дүгнэв.

 

Хариуцагч Б.Оюунгэрэл 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2015.07.08-ны өдөр дуусахад зээлд 30 000 000 төгрөг, зээлийн хүүг сарын хүү 4 хувиар тооцож 1 200 000 төгрөг, гэрээний 12 сарын хугацаагаар тооцоход хүүд 14 400 000 төгрөг нийт 44 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх ба талууд алданги тооцохоор бичгээр тохиролцсон тул алдангийг гэрээний хугацаа дууссан 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 408 хоногт тооцоход 90 576 000 төгрөг болж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан 50 хувиас хэтэрч байх тул хязгаарлаж алдангид 22 200 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

 

Иймд 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл, хүү, алданги нийт 66 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр 2 гэрээний нийт төлбөрийг 106 590 000 төгрөгөөр тогтоож, хариуцагч Б.Оюунгэрэлээс гаргуулж нэхэмжлэгч Ж.Цолмонд олгох, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотой хууль хэрэглээний өөрлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06498 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 282.1 гэсний дараа 282.2 гэж, 232.6 гэсний дараа 232.4 гэж тус тус нэмж, 141 870 000 гэснийг 106 590 000 гэж, 35 284 387 гэснийг 70 564 387 гэж,

2 дах заалтын 867 300 гэснийг 690 900 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Оюунгэрэлээс төлсөн 867 950 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ