Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/28

 

 

 

 

 

 

 

 

2025         04        23                                        2025/ДШМ/28

 

 

                                           Х.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Бүрэнчимэг,

Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Бт холбогдох 00 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х овогт Хгийн Б, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 0, эцэг, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Ссумын 0 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 00/.

Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 00 оны 00 дугаар сарын 00-наас 00-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн С сумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэр “Б” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Хг модон сандлаар толгойн тус газар нь цохиж, гавал, тархинд хавсарсан битүү гэмтэл болон хуйханд шарх, баруун хацар, дух, баруун зүүн сарвуу, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолоор Х овогт Хгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Хгийн Быг 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бын цагдан хоригдсон 329 (гурван зуун хорин ес) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 151,800,000 (нэг зуун тавин нэгэн сая найман зуу мянга) төгрөгийг шүүгдэгч Х.Баас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л (00)-д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Б нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лд 8,000,000 (найман сая) төгрөг төлсөн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л нь замын зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн 00 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн будагтай модон сандлын 8 ширхэг хэсэг, “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн пивны сав 4 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч ...давж заалдах гомдол гаргаж байна.

1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлд Сэтгэцийн шинжилгээнд тавигдах тусгай шаардлагыг хуульчилж өгсөн бөгөөд 39.1 дэх хэсэгт “сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ. ...39 дүгээр зүйлийн 39.1.8-д “энэ хуулийн    40.1-д заасан сэтгэцэд учирсан хор уршиг”, 40 дүгээр зүйл Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ, 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/, ...-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэжээ. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг хийлгэж дүгнэлт гаргуулаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч миний зүгээс Шүүх шинжилгээний тухай хуулийн дээрх зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байх тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлүүлэх талаар гаргасан санал дүгнэлтийг шүүх анхаарч үзэлгүй гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 151,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

... анхан шатны шүүх нь заавал биелэгдэх хуулийн заалт хэрэгжээгүй байгаа нөхцөл байдалд болон өмгөөлөгчийн шүүхэд гаргасан саналд дүгнэлт хийлгүй сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шинжээчийн дүгнэлтгүйгээр гаргуулж шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэх үндэслэлд хамаарч байна.

Шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүйн улмаас миний үйлчлүүлэгчийн хувьд хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдах хуулиар олгогдсон боломж үндэслэлгүйгээр хязгаарлагдах буюу эрх зүйн байдал нь дордох нөхцөл болж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.01.29-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Х.Б нь энэ магадлалаар бусдад төлөх төлбөргүй гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх боломжтой. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Н.Бүрэнчимэг саналдаа: “...амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн өөрчлөлт шийтгэх тогтоолд оруулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 00 оны 00 дугаар сарын 00-наас 00-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Ссумын 0 дүгээр багийн нутаг дэвсгэр “Б" гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Э.Хг модон сандлаар толгойн тус газар нь цохиж, гавал, тархинд хавсарсан битүү гэмтэл болон хуйханд шарх, баруун хацар, дух, баруун зүүн сарвуу, шуунд цус хуралт бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хянаж, Х.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь  хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэргийг үйлдсэн талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын тухайд:

Гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг хэрхэн арилгах талаар Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-д тодорхой тусгаж, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хуулиар тогтоосон учир амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохыг шаардахгүй.

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д  заасны дагуу арилгана.” гэж, 2.10-т “Энэ журмын 2.1.1.-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно.” гэж тус тус зохицуулсан.

Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.”  гэж заасан.

Өөрөөр хэлбэл, нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэн хохирогчид аль ашигтайгаар тогтоох нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Тиймээс анхан шатны шүүх хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүгээр тооцохоор шийдвэрлэж, дундаж наслалтын зөрүүг 46 насаар тооцож, шүүгдэгч Х.Баас 151,800,000 төгрөг гаргуулж, хохирогчийн гэр бүлийн гишүүн болох эх Д.Лд олгохоор шийдвэрлэснийг буруутган дүгнэх үндэслэлгүй.

Иймд энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                     ШҮҮГЧИД                                  Н.БАЯРХҮҮ

                                                                                     Б.СОСОРБАРАМ