| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03190/И |
| Дугаар | 192/ШШ2025/10224 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2025/10224
2025 11 28 192/ШШ2025/10224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, Бага тойруу ******* тоот хаягт байрлах, ******* регистрийн дугаартай, Т******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, З*******гийн Б*******,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, Ховогт Жгийн Г нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 19,676,010.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Э.А,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Э.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т******* ХК-ийн 17 буудал тооцооны төв нь зээлдэгч 3.Б*******, Ж.Г нартай 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тоот зээлийн гэрээг байгуулж, 24,000,000 төгрөгийг, сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, посын орлого барьцаалсан хэрэглээний зээлийг МN580034102601858674 тоот харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Зээлдэгч З.Б******* болон хамтран зээлдэгч Ж.Г нар 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээний хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Ж.Г банкин дээр өөрийн биеэр ирж гар хүсэлт буюу өргөдөл гаргасан байдаг. Уг өргөдөл, хүсэлтдээ Ж.Г би пос барьцаалсан зээлд хамтран зээлдэгчээр орсон, үндсэн зээлдэгч өвчний учир нас барсан, цаашид үргэлжлүүлэн төлөх хүнд болсон тул зээлийг боломжоороо төлөх нөхцөлийг судалж өгнө үү гэснийг хүлээн авч, нэг жилийн хугацааг олгосон. Энэ хугацаанд байнгын утсаар холбогдож, зөрчлийг арилгах үүргийг өгч байсан. Ингээд 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчаар З.Б*******, Ж.Г нарыг татсан боловч нэгэнт үндсэн зээлдэгч З.Б******* нас барсан тул түүнд холбогдох шаардлагаас татгалзсан хүсэлтээ шүүхэд бичгээр өгсөн. Ж.Гийг банкин дээр ирж гар хүсэлт, өргөдөл өгөх үед нэг жилийн хугацаа олголоо, боломжоороо төлбөрийг хувааж төлж болно гэх нөхцөл тавьж байсан, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ирж уулз, эвийн журмаар шийдвэрлэж болно гэж санал тавьсан боловч ирж уулзаагүй, өнөөдрийн байдлаар төлбөрийг төлөөгүй байна. Ж.Г шүүхэд гаргасан тайлбартаа ... Манай гэр бүлийн хүн З.Б******* үсчин ажиллуулдаг байсан, тухайн мөнгийг хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ хувааж төлнө, чи батлан даагчаар ороод өгөөч гэхээр нь тийм л юм байх гэж ойлгож гарын үсэг зурсан. Банкны ажилтан надад ийм учиртай, эхнэр чинь төлөхгүй бол та хамт төлнө гэж эрх үүргийг минь тайлбарлаж өгөөгүй. Хэрвээ тайлбарлаж өгсөн бол гарын үсэг зурахгүй байсан... гэсэн нь үндэслэлгүй юм. Ж.Г 2023 оны 01 дүгээр сарын 11-ий өдөр Т*******инд зээл хүссэн өргөдөл гаргаж, зөвшөөрсөн хэсэгт гарын үсэг зурж, улмаар зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай танилцаж гарын үсэг зурсан. Банк барьцаагүй олгож байгаа зээлийг тооцоолж зайлшгүй хамтран зээлдэгч авдаг. Хамтран зээлдэгчийг авахдаа зохих журмын дагуу төрөл садангийн хүн байна гэж тусгасан байдаг. Төрөл садан гэдэгт эхнэр нөхөр байх ба тэдний гэрлэлтийн баталгаагаар баталгаажиж байгаа. Хүний амь нас, эрүүл мэндийн байдлыг таашгүй учраас хамтран зээлдэгчээр зайлшгүй оролцуулдаг. Банк гэрээг хийхдээ хүчээр авчирч гарын үсэг зуруулаагүй, иргэнд гэрээг бүрэн уншиж танилцуулсны дараа гарын үсэг зуруулж, эрх үүргийг маш сайн тайлбарлаж өгдөг. Ж.Г 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эхний шүүх хурал болоход өмгөөлөгчтэй оролцоно гэж хүсэлт гаргахад шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хойшилж, хойшилсон хурал дээр өмгөөлөгч буюу томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өвчтэй гээд ирээгүйгээс мөн л шүүх хурал хойшлогдсон. Гэтэл 3 дахь удаагийн хуралд Ж.Г томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзлаа гээд өөрөө ч шүүхэд ирээгүй, шүүгчийн туслахад утсаар хэлж, тэр төлөөлөгч нь хуралд оролцоогүй, хүсэлт өгсөн байсан. Ингээд шүүх хуралдааныг хойшлуулж, өнөөдөр 4 дэх удаагийн шүүх хурал товлогдож хариуцагчид тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирсэнгүй. Бидний зүгээс хүүг зогсоох боломж байхгүй, шүүхийн шийдвэр гарсны үндсэн дээр хүүг зогсоох боломжтой, зээлээс бага ч болов төлөөч гэж байнга хэлж, гуйж, мессеж үлдээж байсан. Мөн шүүх хуралдаан хойшлогдох тусам хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдэж байна, хариуцагчийн эрх зүйн байдал дордох байдал үүсэж байна гэдгийг хэлж байсан, өөрөө ч мэдэж байгаа. Иймд 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар З.Б*******, Ж.Г нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 17,507,215.14 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн хүү 1,779,182.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 389,612.79 төгрөг, 2,168,795.17 төгрөг хуримтлагдсныг нэмэгдүүлж нийт 19,676,010.31 төгрөг болж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эгүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлдэгч Ж.Гээс 19,676,010.31 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өнөөдрийн байдлаар шийдвэр гарвал хүүг зогсоож зээлийг хаах, төлбөрийн хуваарийг шинээр гаргаж өгч, танилцуулах бүрэн боломжтой гэв.
Хариуцагч Ж.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Жамъяангийн Г миний бие Т******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцан дараах тайлбарыг гаргаж байна. Үндсэн зээлдэгч З.Б******* нь миний гэр бүлийн хүн байсан. З.Б******* 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж, 24,000,000 төгрөгийг, сарын 1,6 хувийн хүүтэй, жилийн 19,2 хувийн хүүтэй, пос машинаа барьцаалж зээл авчээ. Манай гэр бүлийн хүн З.Б******* үсчин ажиллуулдаг байсан. Гэхдээ тухайн мөнгийг хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ хувааж төлнө, зээлийг би авсан, буцааж төлөхдөө үсчингүүдтэйгээ хувааж төлнө. Батлан даагчаар ороод өгөөч гэсэн. Би тийм л юм байх гэж ойлгож гарын үсэг зурсан. Банкны ажилтан надад ийм учиртай эхнэр чинь төлөхгүй бол та хамт төлнө гэж эрх үүргийг минь тайлбарлаж өгөөгүй. Хэрвээ тайлбарлаж өгсөн бол гарын үсэг зурахгүй байсан. Гэхдээ би нэг ч төгрөг аваагүй. Миний эхнэр З.Б******* 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр өвчний учир зуурдаар нас барсан. Миний бие ганц хүүтэй, өрх толгойлсон эцэг болж өөрийн гэсэн орох оронгүй ах дүүсээрээ хоног төөрүүлж явна. Иймээс үндсэн зээлдэгч нас барсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хүү тооцооллын хүснэгт, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн баримт, мемориалын баримт, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн МN150034102601866423 дугаар посын орлого барьцаалсан зээлийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, посын орлого барьцаалсан зээлийн өргөдлийн маягт, зээлийн лимитийн судалгаа, хамтран зээлдэгчийн анкет, зээлдэгчийн анкет, зээл хүссэн өргөдөл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, итгэмжлэл, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 12955 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, итгэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны харилцагчийн хуулга зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, нас барсны бүртгэлийн лавлагаа, нэмэлт хариу тайлбар, итгэмжлэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Т******* ХК, З.Б*******, Ж.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,676,010.31 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хариуцагч З.Б*******ыг нас барсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад З.Б*******од холбогдох шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, дараахь хууль зүйн үндэслэлээр Ж.Гэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Т******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд: З.Б*******, хамтран зээлдэгч Ж.Г нар Т******* ХК-тай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн тул үндсэн зээлийн төлбөр 14,081,182.13 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,937,432.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 657,395.83 төгрөг буюу нийт 19,676,010.31 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
2.Хариуцагч Ж.Г нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч үндэслэлээ.. Тус банкнаас зээл авсан миний эхнэр З.Б******* нас барсан, тэрээр үсчин ажиллуулдаг байсан ба тухайн мөнгийг хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ хувааж төлнө, батлан даагчаар ороод өгөөч гэхээр нь зөвшөөрч, гарын үсэг зурсан. Үндсэн зээлдэгч нас барсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
4.З.Б*******, Ж.Г нар Т******* ХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр МN дугаар посын орлого барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 24,000,000 төгрөгийг, сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан посын орлого барьцаалсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
5.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээг нотариатаар гэрчлүүлж, хуульд нийцүүлж хийсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
6.Зээлдэгч нар Т******* ХК-иас зээлж авсан 24,000,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн төлөх үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн нь зохигчийн тайлбар, зээлдэгчийн дансны хуулга болон зээлийн тооцооллын баримтаар тогтоогдож байна.
7.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх... гэж заасны дагуу нэхэмжлэгч тал үндсэн зээл, төлөөгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй.
8.Хариуцагч З.Б*******, Ж.Г нар Т******* ХК-иас зээлж авсан төлбөрийг эгүүлэн төлж байсан боловч үндсэн зээлдэгч З.Б******* 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан болох нь түүний нас барсны бүртгэлийн лавлагаа болон Ж.Гийн 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тус банкинд гаргасан хүсэлт өргөдлөөр тогтоогдож байна.
9.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т ...Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна... гэж заасан ба хэргийн баримт, зохигчийн тайлбараас дүгнэхэд З.Б*******, Ж.Г нар хамтран зээлийг авсан, үндсэн зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүргийн биелэлт зөрчигдсөн ба зээлдүүлэгч Т******* ХК хамтран зээлдэгч Ж.Гэд гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, тодорхой хугацаа олгож байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
10.Иймд нэхэмжлэгч зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад З.Б*******од холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Ж.Гээс зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасантай нийцэж байх тул хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчийн дансны хуулга, зээл, зээлийн хүүгийн тооцооллын баримтыг үндэслэн хариуцагч Ж.Гээс 19,676,010.31 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
11.1.Ж.Г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Отгончимэгийг томилсон боловч 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09.00 цагт товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгончимэг эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй гэж хүсэлт ирүүлснээр тул шүүх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12.00 цагт товлон зарлаж шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгончимэгийн 99092881 дугаарын утсанд мэдэгдэхэд за ойлголоо гэсэн боловч хариуцагч З.Б******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгончимэгээс татгалзаж байгаа гэдгээ шүүгчийн туслахад утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч шүүх хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулах, талуудын тэгш байдал, мэтгэлцэх зарчмыг хангахаар хуралдааныг хойшлуулсан.
11.2.Түүнчлэн дараагийн шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15.00 цагт зарлаж товыг хариуцагч Ж.Гийн 99175156 дугаарын утсанд мэдэгдэхэд за ойлголоо гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар шүүхэд мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэв.
12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч З.Б*******од холбогдох шаардлагаас татгалзсан нэхэмжлэгч Т******* ХК-ийн татгалзлыг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ж.Гээс 19,676,010.31 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,141 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Гээс 295,141 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т******* ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН