2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/09810

 

 

 

 

 

2025 11 24

192/ШШ2025/09810

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Фловерс таун, ******* тоот хаягт байрлах, ******* регистрийн дугаартай, О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рэжис пласе хотхон ******* давхар, *******08 тоот хаягт оршин суух, ******* регистрийн дугаартай, Ш*******гийн М*******д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний доголдолд 99,525,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О*******, түүний өмгөөлөгч Д.,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Б нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О******* ХХК 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Ш.М*******тай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Дүнжингарав гудамж тоот хаягт байршилтай, дугаар бүхий 297,97м.кв2 орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэг м.кв-ийг 2,500,000 төгрөгөөр тооцож, 744,925,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар худалдан авагч тал буюу О******* ХХК 744,925,000 төгрөгийг төлж, гэрээний 2.1 болон 4.1-т зааснаар хариуцагч Ш.М******* ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй 297,97 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохирч, гэрээ ёсоор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр О******* ХХК-ийн нэр дээр гарсан. Түүнээс хойш нэхэмжлэгч тал уг үл хөдлөх хөрөнгийг худалдах шаардлага гарч бусдад худалдах үед худалдан авагч тал орон сууцны м.кв-ийг эрх бүхий байгууллагаар хэмжилт хийлгэж, дүгнэлт гаргуулах хүсэлт тавьсан. Иймд хүсэлтийн дагуу 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Ц ХК-иар хэмжилт хийлгэхэд уг орон сууц 297,97м.кв талбайтай байх байтал 257,46м.кв талбайтай байна хэмээн дүгнэж, анх Ш.М*******аас худалдан авах үед гэрээнд зааснаас 40,51м.кв талбайгаар зөрүүтэй гарсан. Иймд Ш.М*******тай байгуулсан худалдах худалдан гэрээний 2.1-т нэг м.кв-ийг 2,500,000 төгрөгөөр тохирсныг зөрүү 40.51 м.кв-аар тооцож, 101,275,000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1, 4.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2, 254.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ш.М*******аас нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар шүүх хүсэлтийг шүүгч хүлээн авч, Хийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт гарсан. Тус дүгнэлтээр дээрх орон сууц нь 258,16 м.кв талбайтай буюу гэрээнд заагдсан м.кв-аас 39,81м.кв дутуу байна гэж дүгнэсэн. Иймд Хийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж /39,81х2,500,000/=99,525,000 төгрөгийг хариуцагч Ш.М*******аас нэхэмжилж байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлд бусдын өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдолтой гэрээний үүрэг буюу худалдан авах шаардлага гаргах эрхээ ямар тохиолдолд алдах вэ гэвэл эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан, мэдэх боломжтой байхад хүлээгээд авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах үндэслэл болно гэж хуульчилсан. Иймд Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар татгалзаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдаж байгаа орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдаж, нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлж, худалдагчийн зүгээс 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өмчлөх эрхийг шилжүүлсэн, энэ талаар маргаангүй. Хэрэв нэхэмжлэгч тал хөрөнгийг шилжүүлэн авах үедээ хэмжилт хийлгээд үнэхээр ийм зөрөөтэй байгаа бол үүнийг нэхэмжлэх нь зөв. Хавтаст хэрэгт байгаа талбайн хэмжилт хийгээд дутуу байгаа гэсэн шинжээчийн дүгнэлттэй маргахгүй, яагаад гэвэл дутуу талбайтай болоод хэмжилт дутуу гарсан байх. Маргааны гол асуудал нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өмчлөх эрхийг шилжүүлээд өгчихсөн байхад яагаад 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа вэ гэдэг асуудал гарч байна. Нэхэмжлэгч хуулийн этгээд болох О******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Ж гэх БНХАУ-ын иргэн, энэ компани гадаадын хөрөнгө оруулалттай компани. Хариуцагч Ш.М******* БНХАУ-ын иргэн Ж болон О******* ХХК-тай хоёр тусдаа гэрээ хийж, хоёр орон сууц худалдсан байдаг. Энэ хоёр орон сууц, авто зогсоолыг анх зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу тохирч, гэрээндээ анз тусгаж, мөн төлбөрийг 3 хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Хэрэв хугацаанд нь төлөөгүй тохиолдол үүсвэл худалдагч Ш.М*******ы зүгээс хугацаа чинь өнгөрлөө, хоног тутамд 0,5 хувийн алданги ийм болж байна гэж явсаар байгаад 100 хувь дөхөөд ирэхэд нэхэмжлэгч тал тохиролцож 90,000,000 төгрөгт зээлийн гэрээ буюу хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж хэлцэл хийчихсэн. Үүний дараа хөрөнгүүдийг шилжүүлж аваад тусдаа гэрээ хийсэн болохоор алданги төл эсхүл шинээр гэрээ хийе гээд энэхүү гэрээг шинээр хийсэн. Үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөлд шилжүүлж авсны дараа тусдаа хийсэн зээлийн гэрээнийхээ хариуд Ш.М*******д ямар хариу өгдөг вэ гэхээр Ш.М******* чамаас 90,000,000 төгрөг аваагүй, чи дүр үзүүлж хэлцэл хийсэн гэж бүдүүлгээр хэлбэл новширсон байдаг. Ш.М*******д тийм зүйл огт байхгүй, та нар анз гэсэн шүү дээ гэж маргаж байгаад талууд чимээгүй байж байтал БНХАУ-ын иргэн Ж өөрөө хоёр байр авснаас эхний байрыг Ж 90,000,000 төгрөг төлөхгүй гэх үндэслэлээр шатар нүүх байдлаар нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ж хариуцагч Ш.М*******ыг татсан байдаг. Энэхүү маргаантай холбоотой анхан шатны шүүхийн шийдвэр гарч, давж заалдах шатны шүүхээс магадлал гарч, та нар доголдолтой болохыг мэдэх боломжтой байсан байна, эрхээ хэрэгжүүлээгүй гээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Том зургаар харвал БНХАУ-ын иргэн Ж гэдэг хүн О******* ХХК-ийн ганцхан хувьцаа эзэмшигч юм. Хариуцагчийн татгалзлын үндэслэл нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар хэрвээ үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой буюу м.кв-ын зөрөөтэй байна гэж үзсэн бол яагаад хүлээж авах үедээ шалгаагүй юм бэ, 2023 оны 3 дугаар сард өмчлөл шилжчихсэн байхад яагаад 2024 оны 7 дугаар сард нэхэмжлэл гаргаж байгаа вэ. Уг орон сууц баригдаж, ашиглалтад ороод 7,8 жил болсон бөгөөд ашиглалтад орсон орон сууцыг Ш.М******* худалдан авч амьдарч байгаад О******* ХХК-д худалдсан. Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Ш.М******* барилгыг О******* ХХК-д шилжүүлж, захиалгын гэрээгээр м.кв зөрсөн дутуу бол Ш.М******* 100 хувь төлөх ёстой, үүнийг нэхэмжлэгч нэхэмжлэх бүрэн эрхтэй. Гэтэл энэхүү харилцаа тийм биш, ашиглалтад ороод өмчлөх эрх нь үүсээд эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдчихсэн байсан, үл хөдлөх эд хөрөнгийг Ш.М******* худалдан авч эзэмшиж, өмчилж байгаад дараа нь зарсан нөхцөл байдал байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээн дээр 297,97м.кв талбайтай гэж байгаа. Энэ бүгдээс үзвэл Ш.М******* хариуцлага хүлээхгүй, худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдсан байх бүрэн үндэслэлтэй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0993 дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбар, 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Ц ХХК-ийн сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, О******* ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Ш.М*******д хүргүүлсэн мэдэгдэл зэргийг,

Хариуцагчаас итгэмжлэл гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/11481 дугаар захирамжийн дагуу Х ХХК-ийг шинжээчээр томилж Х ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 167 дугаар хэмжилт хийсэн тухай дүгнэлт, тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 192/ШЗ2025/48330 дугаар захирамжийн дагуу хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар хувь ирснийг хэрэгт хавсаргасан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.О******* ХХК, Ш.М*******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний доголдолд 101,275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 99,525,000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ш.М*******аас 297,97м.кв талбайтай орон сууцыг нэг м.кв-ийг 2,500,000 төгрөгөөр тооцож, 744,925,000 төгрөгөөр худалдан авч, өмчлөгч болсон. Гэтэл уг орон сууц нь 297,97м.кв талбайтай бус, 257,46 м.кв талбайтай болох нь худалдаж авсан орон сууцаа бусдад худалдахдаа зөрүүтэй буюу доголдолтой хөрөнгө авсныг мэдсэн. Иймд Х ХХК дээрх орон сууцыг 258,16 м.кв талбайтай буюу гэрээнд заагдсан м.кв-аас 39,81м.кв дутуу байна гэж дүгнэсэнд үндэслэн /39,81х2,500,000/=99,525,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

3.Хариуцагч Ш.М*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ ... Орон сууцыг 2023 оны 3 дугаар сард худалдаж, нэхэмжлэгч өмчлөгч болсон байхад 2024 оны 7 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Уг орон сууц баригдаж, ашиглалтад ороод 7,8 жил болсон бөгөөд ашиглалтад орсон орон сууцыг Ш.М******* худалдан авч амьдарч байгаад О******* ХХК-д худалдсан. Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Ш.М******* барилгыг О******* ХХК-д шилжүүлж, захиалгын гэрээгээр м.кв зөрсөн дутуу бол Ш.М******* 100 хувь төлөх ёстой, үүнийг нэхэмжлэгч О******* ХХК нэхэмжлэх бүрэн эрхтэй. Гэтэл энэхүү харилцаа тийм биш, ашиглалтад ороод өмчлөх эрх нь үүсээд эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдчихсэн байсан, үл хөдлөх эд хөрөнгийг Ш.М******* худалдан авч эзэмшиж, өмчилж байгаад дараа нь зарсан нөхцөл байдал байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээн дээр 297,97м.кв талбайтай гэж байгаа. Энэ бүгдээс үзвэл Ш.М******* хариуцлага хүлээхгүй, нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбар мэдүүлгээс дараахь үйл баримт тогтоогдов.

5.Ш.М******* 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр О******* ХХК-тай 0993 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 48 дугаар байр, 21 тоот хаягт байршилтай, 297,97м.кв талбайтай, орон сууцыг 744,925,000 төгрөгөөр худалдахаар тохирчээ.

6.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээнд гарын үсэг зурсан, О******* ХХК орон сууцны үнийг төлж, Ш.М******* гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

7.Ш.М******* орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, О******* ХХК гэрээ ёсоор орон сууцны төлбөрийг төлж, өмчлөгч болсон үйл баримтад маргаагүй, харин гэрээний зүйл буюу шилжүүлсэн хөрөнгө нь биет байдлын доголдолтой гэдэгт маргасан.

8.Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т ...Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ... гэж заасан бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

 

9.Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т ...Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй... гэж, 254.4-т ...Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө... гэж тус тус заасан байх ба гэрээний зүйл нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд доголдлыг арилгах боломжгүй тул нэхэмжлэгч нь дутуу хүлээлгэн өгсөн талбайн үнийг хариуцагчаас шаардах эрх нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т зааснаар нээлттэй.

10.Гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 48 дугаар байр, 21 тоот хаягт байршилтай, орон сууцны талбайн хэмжээ нь талуудын хооронд байгуулсан гэрээнд заагдсан м.кв-аас дутуу зөрүүтэй болох нь тусгай зөвшөөрөл бүхий Цээнтэй ателэйр ХХК, Х ХХК-ийн орон сууцны талбайн хэмжилтийн тайлангаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь орон сууцны талбайн хэмжээг тогтоосон дээрх компаниудын тайланг буруутгаагүй, хүлээн зөвшөөрч байгаа болно.

11.Харин Ш.М******* дээрх үл хөдлөх эд хөрөнгийг орон сууц захиалан бариулах гэрээний дагуу О******* ХХК-д шилжүүлж, захиалгын гэрээгээр м.кв дутуу бол зөрүүг 100 хувь төлөх ёстой, үүнийг нэхэмжлэх бүрэн эрхтэй, гэвч Ш.М******* уг орон сууцыг барьж, ашиглалтад оруулаагүй, м.кв дутуу зөрүүтэй гэдгийг өөрөө ч мэдээгүй, ашиглалтад ороод 7,8 жил болсон, ашиглалтад орсон орон сууцыг Ш.М******* худалдан авч амьдарч байгаад О******* ХХК-д худалдсан, тэр үед шалгаж авах үүргээ биелүүлээгүй гэж маргасан.

12.Ш.М*******ы 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр О******* ХХК-д худалдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 48 дугаар байр, 21 тоот хаягт байршилтай, орон сууц нь 297,97 м.кв талбайтай байсанд О******* ХХК маргаагүй, тухайн үед өмчлөх эрхийн гэрчилгээг үзэхэд уг м.кв-аар байсан гэж тайлбарлаж байх ба 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр О******* ХХК-д өмчлөх эрх шилжсэн нь мөн өдрийн дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

13.Өөрөөр хэлбэл Ш.М******* уг орон сууцыг бусдаас худалдан авч амьдарч байгаад О******* ХХК-д худалдсан, О******* ХХК-д худалдах үед өмчлөх эрхийн гэрчилгээнд 297,97 м.кв талбайтай гэж бичигдсэн нь албан ёсны баримт гэж үзэх үндэслэлтэй.

14.Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-т гэрээний зүйлийн үнэ: Үл хөдлөх хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 744,925,000 төгрөгөөр худалдахаар тохиролцов гэж зааснаас үзэхэд зохигч орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахдаа талбайн хэмжээг гэрээний гол нөхцөл болгоогүй, харин хөрөнгийг байгаа байдлаар нь буюу зориулалтын дагуу ашиглахтай холбоотой бусад шинж байдлыг шалгуур болгон үнийг тохиролцсон гэж үзэхээр байна.

14.1.Хэрэв талууд орон сууцны талбайн хэмжээг гэрээний гол нөхцөл болгосон тохиолдолд орон сууцны үнийг м.кв-ын үнээр тооцож, гэрээнд тусгайлан тохиролцох, цаашлаад гэрээний зүйлийг шилжүүлэн авах үедээ талбайн хэмжээ анх тохирсон хэмжээндээ хүрч байгаа эсэхийг шалгаж авах боломжтой байсан гэж үзнэ.

15.Талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд уг орон сууцыг өмнө нь /2022 оны 8 дугаар сарын 30/ зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу авахаар тохирч, гэрээндээ төлбөрийг хэсэгчлэн төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирсон гэх ба талуудын хооронд төлбөр төлбөр төлөлт буюу алданги төлөхөөс үүдэн маргаан гарч, улмаар шинээр худалдах худалдан авах гэрээг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулжээ.

16.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ш.М*******аас 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ болон Ш.М*******аас О******* ХХК-д хүргүүлсэн албан бичгийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч Ш.М*******д гэрээний эх хувь байхгүй гэж хуулбар хувийг ирүүлснээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О******* хариуцагч эх хувиар гаргаж өгөх боломжгүй байна, нөгөө талаар уг зээлээр худалдах худалдан авах гэрээнд м.кв-ын үнийг 2.500.000 төгрөг гэж тохирсонд хариуцагч маргаагүй тул уг баримтуудыг гаргуулах хүсэлтээсээ татгалзаж, хүсэлтээ бичгээр илэрхийлсэн, нөгөө талаар хэрэг маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш, хэрэгт хамааралгүйг дурдах нь зүйтэй.

*******.Учир нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-т ...Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно..., 236.1.3.-т ...Талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон..., 236.2-т ...Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно... гэж тус тус заасан ба талууд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 0993 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзнэ.

18.Зохигчийн хооронд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, тухайн хэлцэлд орон сууцны үнийг 744,295,000 төгрөг байхаар тохиролцож байснаас үзэхэд нэхэмжлэгч талбайн хэмжээг гэрээний гол нөхцөл болгосон тохиолдолд эд хөрөнгийг хүлээн авахаас өмнө доголдлыг илрүүлэх, мэргэжлийн эсвэл зохих байгууллагаар хэмжүүлэх боломжтой байжээ.

19.Тиймээс Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгч О******* ХХК-ийн худалдан авсан эд хөрөнгийн 39,81 м.кв дутуу талбайн үнэд 99,525,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

20.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.М*******аас худалдах, худалдан авах гэрээний доголдолд 99,525,000 төгрөг гаргуулах тухай О******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665,000 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН