| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2438000000432 |
| Дугаар | 2025/ДШМ/29 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 17.2.3.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/29
2025 04 23 2025/ДШМ/29
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч: О.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Бүрэнчимэг,
Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Э.Гэрэлтуяагийн эсэргүүцлээр О.Эт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 000 овогт Оийн Э, 00 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эх нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 200 оны 0 дугаар сарын 0-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жил 10 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 007 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- зааснаар 2 жил 3 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн /регистрийн дугаар РЭ00/.
О.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 00 тоотод 200 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Л.Б д хутга тулгаж, эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, 2 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн үсний даруулга, хромон гутал, цүнх зэргийг авч, 1,490,000 төгрөгийн хохирол учруулж “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 00 тоот хашаанаас 200 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А.Л-н ул бар шар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, А.Л-ид 2,228,000 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 200 оны 00 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Б-ийн ногоон өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикпыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байх “Н” хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор 200 оны 00 дугаар сарын 00-наас 00-нд шилжих шөнө нэвтэрч 11 төрлийн 212,114 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн 358,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 570,114 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 00 тоотод байх З.Мягмарсүрэнгийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 200 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр нэвтэрч 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийн хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Б.С-тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Хөх толгойн арын талаас 200 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Ч.Н-жийн 1 тооны жороо хар морийг хулгайлан авч, 5,000,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,
2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 28-06 тоотод байх Я.Б-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-ай маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан цээж, хэвлийн тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж, хэвлийн хажуу хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч 000 овогт Оийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч О.Эыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 (арав) жил 03 (гурав) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт оногдуулсан 10 (арав) жил 03 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эын цагдан хоригдсон 146 (нэг зуун дөчин зургаа) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-аас 1,490,000 (нэг сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б-д, 510,174 (таван зуун арван мянга нэг зуун далан дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О-т, 2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Н-д, 1,040,000 (нэг сая дөчин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч З.М-д тус тус олгож, хохирогч Б.Т нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Э-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч О.Эаас 207,521 (хоёр зуун долоон мянга таван зуун хорин нэг) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 000 тоот дансанд оруулж, Эрүүгийн 000 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч О.Э нь хохирогч А.Л, Ж.Б нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргасан Си ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустгал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн заазуур 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Гэрэлтуяа эсэргүүцэлдээ: “...Дээрх шийтгэх тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлийн тухайд:
Шийтгэх тогтоолын шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгч О.Э-ыг урьд 5 удаагийн ял шийтгэлтэй талаар дурдсан ба сүүлд шүүгдэгч О.Эыг Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 09 сар 07 хоногийн ялыг хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч О.Э нь шүүхээс хяналт тогтоосон хугацаанд буюу 200 оны 0 дугаар сарын 0-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчиж санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэвч анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заасан байхад хорих ялын эдлээгүй үлдсэн 09 сар 07 хоногийн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил 3 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
2. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
Шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ хэсэгт буюу 14 дүгээр талд “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар баг 00 тоот хашаанаас 200 оны 00 дугаар сарын 00-ны өдөр А.Л-ийн улбар шар өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч А.Л-ид 2,228,000 төгрөгийн хохирол учруулсан, Үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Б-ийн ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.” гэж дурджээ.
Гэвч шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэсэн нь шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэг зөрүүтэй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэрэгт гэм буруутайд тооцож байгаа нь ойлгомжгүй байна.
Мөн шийтгэх тогтоолд “Шүүгдэгч О.Э нь хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн, прокуророос бусад хулгайн үйлдэлтэй нэгтгэн хамгийн хүндээр нь зүйлчилж ирүүлээгүй байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв” гэж дурдсан үндэслэлгүй байна.
Учир нь улсын яллагчаас гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг анхан шатны шүүхээс анхаарч үзэлгүй, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Хуулийн агуулгаас үзэхэд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд гэмт хэрэг бүрд нь ял оногдуулж, тэдгээрийг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцэх юм.
Иймд ...О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атал эрүүгийн хариуцлага оногдуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байна.
Дээрх үндэслэлээр ...2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, шүүгдэгч О.Эт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох тул прокурорын эсэргүүцлийн энэ хэсгийг хүлээн авах үндэслэлгүй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокуорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 200 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 442 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч О.Эыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 10-37а тоотод 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Л.Б-д хутга тулгаж, эд хөрөнгийг нь авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, 2 ширхэг мөнгөн аяга, гар утас, мөнгөн үсний даруулга, хромон гутал, цүнх зэргийг авч, 1,490,000 төгрөгийн хохирол учруулж “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 000 тоот хашаанаас 200 оны 00 дугаар сарын 10-ны өдөр А.Л-ийн улбар шар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, А.Л-ид 2,228,000 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 200 оны 00 дугаар сарын 00-наас 00-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Б-ийн ногоон өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикпыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байх “Н” хүнсний дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны цонхоор 200 оны 00 дугаар сарын 0-наас 00-нд шилжих шөнө нэвтэрч 11 төрлийн 212,114 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн 358,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 570,114 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 00 тоотод байх З.М-ийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 200 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр нэвтэрч 5 төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийн хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,
Б.С-ай бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэр Хөх толгойн арын талаас 200 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Ч.Н-ийн 1 тооны жороо хар морийг хулгайлан авч, 5,000,000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 00 тоотод байх Я.Б-ын гэрт 200 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Т-тай маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан цээж, хэвлийн тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж, хэвлийн хажуу хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож нийт 10 (арав) жил 03 (гурав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч О.Э нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 9 сар 07 хоногийн ялыг хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэжээ.
Гэтэл анхан шатны шүүх хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэх хуулийн заалтыг хэрэглэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч О.Эын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар багийн 00 тоот хашаанаас 200 оны 08 дугаар сарын 10-ны өдөр А.Л-ийн улбар шар өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, А.Лхагвадоржид 2,228,000 төгрөгийн хохирол учруулсан,
Үргэлжилсэн үйлдлээр 200 оны 00 дугаар сарын 00-наас 00-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Б-ийн ногоон өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг “...хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн, прокуророос бусад хулгайн үйлдэлтэй нэгтгэн хамгийн хүндээр нь зүйлчилж ирүүлээгүй байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж...” дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Гэмт этгээд хоёр ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэх нь гэмт хэргийн олонлогийн үндсэн шинж бөгөөд нэг төрлийн болон төсөөтэй гэмт хэргүүдийг үйлдсэн тохиолдолд олонлог нь давталтын хэлбэрээр илэрдэг билээ.
Нэг төрлийн эсхүл төсөөтэй гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдэхийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тусгай давталт гэж үздэг бөгөөд тэдгээр нь гол төлөв Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэг, заалтад тодорхойлсон, халдлагын объект, зүйл нэгтэй хэргүүд байдаг.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хууль тогтоогч тусгай давталтанд хамааруулан зохицуулаагүй ба харин энэ хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” бол тусгай давталт гэж хуульчилж уг хэргийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон байна.
Иймд бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт этгээдийн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан хүндрүүлэх болон онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулаагүй бол түүний хэргийг ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх нь зөв бөгөөд харин аль нэгэн үйлдэл нь хүндрүүлэх эсхүл онц хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулж буй бол түүгээр нь хүндрүүлэн зүйлчилж, бусад үйлдлийг уг зүйлчлэлд багтаана.
О.Эын тухайд үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэлд багтаан эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.
Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/64 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ