| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 2338001820248 |
| Дугаар | 2025/ДШМ/30 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/30
2025 04 23 2025/ДШМ/30
Н.Гт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Л.Отгончимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/37 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Дээд шатны прокурор Ч.Алтансүхийн эсэргүүцлээр Н.Гт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, А овогт Н-ийн Г, 00 оны 0 сарын 00-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 00 настай, дээд боловсролтой, орос хэл судлаач, “М” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт борлуулалт үйлчилгээний ажилтан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РГ-00/.
Н.Г нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “У” ХХК-ийн хашаанд байрлан буяны үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Т-н ажлын байранд 200 оны 0 дүгээр сарын 00-ноос 00-нд шилжих шөнө нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/37 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н-ийн Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Нямхүүгийн *******ийг цагаатгаж, шүүгдэгч Н.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогч С.Т-ийн 1,000,000 (нэг сая) төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ хэрэгт шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар цагаан хар, цэнхэр өнгийн үдээстэй “nike” бичиглэлтэй хос гутлыг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 000 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “...Цагаатгах тогтоолыг 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч байна.
1.Цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон.
Прокуророос шүүгдэгч Н.Г-т “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “У” ХХК-ийн хашаанд байрлан буяны үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Т-ийн ажлын байранд 00 оны 0 дүгээр сарын 00-ноос 00-нд шилжих шөнө нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ....үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, нэвтэрч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн” гэх хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх Н.Г-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараах зүйлийг тусгана, мөн зүйлийн 1.2-т заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” заагаагүй байна.
Тодруулбал, ...7.Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний 13 дугаартай шинжээчийн "...шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт (хх-ийн 53-56х),
8.“Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2824 дугаартай мөр судлалын шинжилгээний дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгов.” гэж дүгнэсэн.
Гэвч хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгэж байгаа нотлох баримтууд тэдгээрийн үндэслэлийг дурдаагүй нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/37 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Б.Ганчимэг саналдаа: “Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
1.Прокуророос “Н.Г нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “У” ХХК-ийн хашаанд байрлан буяны үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Т-н ажлын байранд 0 оны 0 дүгээр сарын 00-ноос 00-нд шилжих шөнө нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
2.Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Г-ийн гэм бурууг хянан хэлэлцэж “гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хангалттай нотлох баримтуудаар нотлогдоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал, уг гэмт хэргийг хэн үйлдсэн зэргийг хөтөлбөргүй нотолж чадаагүй нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй” гэж дүгнэн “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүйг анхан шатны шүүхээс тогтоож шүүгдэгч Н.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийг тодорхойлсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал нь Н.Г-ийг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэж эргэлзээгүйгээр нотолсон “гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй” тогтоогдохгүй байна.
Тухайлбал: Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Г-ийн үйлдсэн гэх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохоор мөрдөгч, прокурор нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 000 оны 5 дугаар сарын 01-ний 00 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт (1-р хавтас 54-55 тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 00-ны өдрийн 00 дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн 000 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтэд байх зураг ...уг зургийн үзүүлэлтэд №13,15 дугаартай гутлын зүүн мөрүүд шинжилгээнд хээний ерөнхий шинжээр тэнцэнэ. 2. 000 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлтэд байх зураг №13,15 гэсэн дугаартай гутлын зүүн мөрүүд нэг гутлаар дарагдаж гарсан байна. 3. Нэг гутлаар дарагдаж гарсан 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах зургийн үзүүлэлтэд байх зураг №13, 15 гэсэн дугаартай зүүн гутлын мөрүүд шинжилгээнд харьцуулах загвар болгон ирүүлсэн хөх үдээстэй, хар оруулгатай цагаан өнгийн хос пүүзэн гутлын зүүн гутлын улаар дарагдаж гарсан байж болно...” гэх шинжээчийн дүгнэлт (2-р хавтас 66-78 тал), 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтас 8 тал), 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас 10-13 тал), Эд мөрийн баримтаар цагаан, хар, цэнхэр өнгийн цэнхэр үдээртэй, хажуу талдаа №гке брэндийн логотой, 43 размерын хос алаг пүүзэн гутлыг хураан авсан тэмдэглэл (1-р хавтас 14 тал), шүүгдэгч Н.Г-ийн Хаан банкны 591310.... тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтас 72 тал), Н.Г-ийн мобикомын 9910.... дугаарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт (1-р хавтас 83 тал), хохирогч С.Т, гэрч Т.О, З.Г, шинжээч Г.Э-ийн мэдүүлэг зэрэг баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байх боловч эдгээр баримтуудыг харьцуулан судлахад яллагдагч, шүүгдэгчийг яллах байдлыг эргэлзээгүй тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтууд нь гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэхийг хангалттай тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн гэж үзнэ.
Иймд гэмт хэрэг гарсан байдал, уг гэмт хэргийг хэн үйлдсэн зэргийг хөдөлбөргүй нотолж чадаагүй нөхцөлд “...хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримталж шүүх хэргийг шийдвэрлэнэ.
5.Дээд шатны прокурорын гаргасан “...шүүх Н.Г-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараах зүйлийг тусгана, мөн зүйлийн 1.2-т заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл” заагаагүй... Тодруулбал, ...7.Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний 13 дугаартай шинжээчийн "...шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлтийг анхаарч үзээгүй гэх эсэргүүцлийн тухайд:
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний 13 дугаартай шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт 1 дүгээр хавтаст хэргийн 54 талд авагдсан байх хэдий ч тухайн харьцуулах загвараар хүргүүлсэн гутлын мөртэй ерөнхий болон хувийн ямар шинж тэмдгээрээ тохирч байгаа нь тодорхойгүй, зөвхөн тухайн шинжээчийн дүгнэлтээр яллагдагчийг гэм буруутай гэж дүгнэх боломжгүй.
Мөрдөн шалгах туршилт хийсэн “Н.Г- нь цонхоор орох оролдлогыг хийсэн боловч дотогш орж чадахгүй байлаа” гэх тэмдэглэл /1-р 240 тал/.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 4768 дугаартай “эд мөрийн баримтаар хураан авсан NIKE брэндийн логотой 43 размерын хос гутал дээрээс 1 дугаартай нунтаг бодис илрэхгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт болон хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч гэм буруутай эсэх нь эргэлзээтэй ба дээрх баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэх байдал үгүйсгэгдэж байна.
Мөн хохирогчийн ажлын байранд 1,000,000 /нэг сая/ төгрөг байсан эсэхийг тогтоогоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргээс бүрдэх учиртай бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт, баримт сэлт, эд мөрийн баримт нэг бүрийн талаарх мэдээллийг оруулахдаа агуулгын хувьд алдаагүй, товч, ойлгомжтой, логик зохилдлогоог хангасан байдлаар тусгасан, өөрөөр хэлбэл цагаатгах тогтоол бүтэц, агуулгын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн байх тул Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/37 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Л.ЭРДЭНЭБАТ