| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2309012462071 |
| Дугаар | 2025/ДШМ/461 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/461
2025 04 24 2025/ДШМ/461
Г.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөнцэцэг,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/413 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2309012462071 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бас-1” нэртэй машин угаалгын газраас хохирогч Э.Т, Э.С нарын “Ai phone XR”, “Samsung 59" загварын гар утсуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 935.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн найз Э.Бын гар утсаар оролдож байхдаа түүний “Монпэй” хаягаас түүнд хэлэлгүйгээр шунахайн сэдлээр, шууд санаатайгаар нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар 560.000 төгрөг өөрийн танил Б.Мгийн данс руу шилжүүлж улмаар Б.Мгаас бэлнээр 560.000 төгрөг авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
-2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нью Кар Ваш” угаалгын газраас хохирогч Б.Ны эзэмшлийн “Самсунг А043” загварын гар утас, куртик, өмд зэрэг эд зүйлийг хуч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 340.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
-2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Далайхүү” төвд дотор хохирогч С.Пын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Г.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Быг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас нийт 2.531.990 төгрөгийг гаргуулан хохирогч С.Пд 696.990 төгрөг /Чингэлтэй дүүрэг 17 хороо, Зүрх-уулын 4-670 тоот хаягт оршин суудаг гэх РД:А305300601/, хохирогч Э.Тад 715.000 төгрөг /Сүхбаатар дүүрэг 9 хороо, авто угаалгын газар оршин суудаг РД:ЖЯ93010438/, Э.Ст 220.000 төгрөг /Сүхбаатар дүүрэг 9 хороо, авто угаалгын газар оршин суудаг РД:ЖЯ95013131/, Э.Бод 560.000 төгрөг /Сүхбаатар дүүрэг 15 хороо, 16-137 тоот хаягт оршин суудаг РД:УП98092311/, Б.Нд 340.000 төгрөг /Сүхбаатар дүүрэг 9 хороо, “New car wash” угаалгын газар амьдардаг гэх, РД:БЮ02320617/ тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие бусдад нийт төлөх 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан ба үүнээс 1.000.000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хохирлын дансанд байршуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна, үлдсэн хохирлоо төлж барагдуулна. Иймд оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Д.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Г.Б нь эцгийн хамт амьдардаг. Түүнийг цагдан хоригдож байх хугацаанд хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Энэ талаарх баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Г.Бын эх нь тусдаа амьдардаг. Эх нь галд өртсөний улмаас эрүүл мэндийн байдал нь хүнд байна. Эхтэй холбоотой нотлох баримтын зураг өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс хохирлыг бүрэн барагдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжтой. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Мөнгөнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдолдоо хорихоос өөр төрлийн ял оногдуулах, ял шийтгэл багасгаж өгөх талаар дурдаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэмт хэрэгтээ хандаж байгаа санаа зорилго, үйлдлээр илэрдэг. Шүүгдэгч Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан нөхцөл байдал хэргээс харагддаг. 4 удаагийн үйлдлээр 5 хохирогчид хохирол учруулсан. Өнөөдрийн байдлаар хохирол төлсөн гэх боловч хамгийн эхний хохирогч 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хохирсон. 2 жилийн дараа хохирол төлөгдөж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Г.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бас-1” нэртэй машин угаалгын газраас хохирогч Э.Т, Э.С нарын “Ai phone XR”, “Samsung 59" загварын гар утсуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 935.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн найз Э.Бын гар утсаар оролдож байхдаа түүний “Монпэй” хаягаас түүнд хэлэлгүйгээр шунахайн сэдлээр, шууд санаатайгаар нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар 560.000 төгрөг өөрийн танил Б.Мгийн данс руу шилжүүлж улмаар Б.Мгаас бэлнээр 560.000 төгрөг авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
-2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нью Кар Ваш” угаалгын газраас хохирогч Б.Ны эзэмшлийн “Самсунг А043” загварын гар утас, куртик, өмд зэрэг эд зүйлийг хуч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 340.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
-2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Далайхүү” төвд дотор хохирогч С.Пын нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Э.Тын “...Би өөрийн дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бас-1” нэртэй машин угаалгын газар ажилладаг бөгөөд манай дүүгийн найз Б гэх залуу ирж манай угаалгын газар хэдэн хоног ажилласан ба өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 20 цаг өнгөрч байхад миний болон дүүгийн нийт 2 ширхэг гар утсыг хулгайлаад явсан байна...” /1хх 11-12/,
хохирогч Э.Сын “...Би өөрийн ахын хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бас-1” нэртэй машин угаалгын газар ажилладаг бөгөөд миний хуучны танил Б нь хэсэг хугацаанд манай угаалгын газар ажилласан ба өнөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 20 цаг өнгөрч байхад манай ах болон бид хоёрын гал тогооны өрөөнд цэнэглээд үлдээсэн 2 ширхэг гар утас алга болсон байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд Б гар утас аваад гараад гүйж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан. ...” /1хх 16-17/,
хохирогч Э.Бын “...2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үдээс хойш манай гэрт уулзаад 17 дугаар гудамжны дээд байдаг сагсны шийдэнд сагс тоглосон. Тухайн үед миний гар утсаар Б фейсбүүк орж байсан. Тэгээд 11 цагийн миний утсыг өгөөд найзтайгаа цуг машинтай яваад өгсөн. Гэр рүүгээ ороод миний “Монпэй” хаягаас 580.000 төгрөг зээл аван “Мөнхнаран” гэсэн данс руу шөнийн 23 цаг 13 минутад шилжүүлж авсан байсан. ...” /1хх 159-160/,
гэрч Б.Мгийн “...2023 оны 07 дугаар сарын 24-ний орой 23 цаг 12 минутад найз Б нь өөрийн фейсбүүк хаягаар над руу чат бичээд “карт чинь байвал данс руу чинь 560.000 төгрөг хийгээд авах гэсэн юм” гэхээр нь би “надад карт байхгүй харин данс руу хийгээд би бэлэн орлогоос өгье” гэж чат бичсэн. Тэгээд надаас ирээд 560.000 төгрөг бэлнээр аваад “манай найз хойшоо ухарч байгаад машин мөргөчихлөө” гэж хэлсэн. ...” /1хх 162/,
хохирогч Б.Ны “...Өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг орчимд угаалгын газарт машин угаалгахаар ирэх үед бид сэрсэн ба өөрийн эд зүйлийг шалгахад миний гар утас болон куртик, өмд байгаагүй ба ажилтан болох С гар утас болон 200.000 гаруй төгрөг байгаагүй. Мн 200.000 төгрөг алдсан байсан юм. Бид Быг тухайн үед сэжиглэж байсан тул угаалгын газрын хяналтын камерын бичлэгийг үзэхэд миний хувцсыг өмсөөд, бусад ажилтнуудын хувцасны халаасыг ухаж эд зүйл хулгайлж байгаа нь бичигдсэн. ...” /1хх 205-206/,
насанд хүрээгүй хохирогч С.Пын “...2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр аавдаа хоол хүргэж өгчихөөд 12 цаг өнгөрөөгөөд гараад явтал миний ард дээгүүрээ нүцгэн, согтуу байдалтай хүн миний ард явж байхыг харсан. Гэхдээ өдрийн цаг байсан учир санаа зоволгүй гэрийнхээ 2 дугаар орц руу ороход миний араас тэр хүн орсон ба би шатаар дээшээ явж байгаад 3 давхарт явж байхад тэр хүн гарсан ба над руу хараад “аавыг чинь хэн гэдэг юм бэ” гэж асуухад өөдөөс нь хартал, над руу тохойгоороо нүүр хэсэг рүү цохиод, би хойшоогоо унасан. Тэгээд би унахад, миний зүүн гараас татсан ба тэгэхээр нь би утас барьж байсан баруун гараараа гар руу нь цохитол зугтаагаад явсан. ...” /1хх 83-85/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11084 дугаартай “...С.Пын биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх-ийн 97-98/ гэсэн дүгнэлт,
“Дамно” ХХК-ийн эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан, /1хх 33-34, 213-222/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 111-116/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 107-110/, “Хаан” банкны дансны хуулга /1хх 163-164/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нэр бүхий 5 хохирогчид нийт 2.531.990 төгрөгийн хохирол учруулан залилах болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Быг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Б “...хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.
Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилэн шүүгдэгч Г.Бт хорих ял оногдуулахдаа харгалзах хууль зүйн үндэслэл, журмын талаар дүгнэсэн байх тул оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Түүнчлэн, шүүгдэгч Г.Б өмнө нь өмчлөх эрхийн гэмт хэрэг буюу дээрэмдэх гэмт хэрэгт холбогдож байсан нөхцөл байдал болон дахин эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэрэгт холбогдсон түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял болгон өөрчлөх үндэслэлгүй.
Харин шүүгдэгч Г.Б нь давж заалдах шатны шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Б.Нд 340.000 төгрөг, Э.Ст 220.000 төгрөг, хохирогч Э.Тад 715.000 төгрөг, хохирогч Э.Бод 560.000 төгрөг, хохирогч С.Пд 800.000 төгрөгийг тус тус шилжүүлж хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, улмаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн, хохирогч нар гомдол саналгүй болсон болон шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Г.Бын “хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солилуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 77 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/413 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Быг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар. ...” гэж,
3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж,
4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 77 /далан долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч Г.Б нь давж заалдах шатны шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Б.Нд 340.000 төгрөг, Э.Ст 220.000 төгрөг, хохирогч Э.Тад 715.000 төгрөг, хохирогч Э.Бод 560.000 төгрөг, хохирогч С.Пд 800.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ