Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 113

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, *******ад холбогдох эрүүгийн 1804001290121 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                Б.Наранжаргал 

 Улсын яллагч                                                 Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                    ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .. төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., хамтран амьдрагч Э-ны хамт .... дүгээр хороо, ... дугаар ... тоот хашаанд түр оршин суух хаягтай /иргэний үнэмлэх дээр: ... хороо, .. тоот/, урьд Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2 сар, 20 хоногийн баривчлах ял шийтгэгдэж байсан ******* овгийн ******* ******* /РД:............/.

 

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас:

             

 ******* нь 2018 оны 6 дугаар сарын 7-ны оройн 22 цагийн орчим Багануур дүүргийн ... дүгээр хороо, ... хашаанд оршин суух иргэн Б.А-ы гэрт хамтран амьдрагч *******г “айлд хонолоо” гэж уурлан баруун гараараа толгойн зүүн хэсэгт 1 удаа, баруун хөмсөгний дээд хэсэгт 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүхээс *******ад холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд.

Хохирогч ******* мөрдөн байцаалтын үед өгсөн:

              “...2018 оны 6 дугаар сарын 6-ны орой манай хамтран амьдрагч ******* маань А- болон А-ы эхнэр *******гийн хамт халамцуу гэрт ирсэн. Тэгээд намайг элдвээр хэлж хэрүүл хийгээд байхаар нь *******ыг гэртээ орхиод А-, ******* хоёрын хамт тэдний гэрт очиж өглөөний 4 цаг хүртэл юм ярьж сууж байгаад гэртээ иртэл ******* хаалгаа дотроосоо цоожлоод унтсан байсан. Тэгэхээр нь гэрийнхээ хойд талын амбаарт ороод унтсан. ******* өглөө сэрээд намайг гадуур хонолоо гэж уурлан хэрүүл хийж байгаад эвлэрсэн. Тэгээд орой архи уучихаад дахиад өглөөний асуудлыг яриад байхаар нь хэрүүл маргаан хийхээс нь төвөгшөөгөөд А-ы гэр рүү очсон. Гэтэл ******* миний араас А-ы гэрт ирээд миний толгойн зүүн хэсэгт 1 удаа, баруун хөмсөгний дээд хэсэгт 1 удаа цохисон. ******* бид хоёр одоо эвлэрч учраа олсон, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 “...2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 14 цагийн үед гэртээ сэрэхэд хамтран амьдрагч Э- байхгүй байсан. Тэгээд удалгүй гэрт ирэхээр нь гэртээ хонохгүй гадуур хонолоо гэж уурлахад гадуур хоноогүй гэрийн ар талын амбаарт унтаж байгаад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би  А- ахын гэрт очиход тэднийд байдаг залуу танай эхнэр энд байж байгаад өглөө үүрээрээр гэр рүүгээ явсан гэж хэлсэн. Би А- ахын гэрт 1 шил архи уучихаад гэртээ хариад Э-д хандаж чи амбаарт хоноогүй байна гэж хэлэхэд хэн тэгэж байна би тэр залууг авчирч нүүрэлдүүлнэ гээд гэрээс гараад явсан. Тэгээд Э-ыг ирэхгүй байхаар нь араас нь очтол А- ахын гэрт инээд алдчихсан сууж байсан, би Э-ыг гэртээ харихгүй юм уу гэхэд чи өөрөө гэртээ харь гэж хэлэхээр нь уур хүрээд гараараа шанаа руу нь 1 удаа, хамар уу нь 1 удаа цохиж гэмтээсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 18 цагийн үед Э- манай гэрт ирсэн. Удалгүй мотоцикль дуугараад Э-ы нөхөр ******* манайд орж ирээд үгийн зөрүүгүй Э-ы нүүр рүү гараараа 1 удаа цохиод цээж хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн19-20-р хуудас/

              Шинжээчийн “******* биед хамар ясны хугарал, доод үүдэн шүдний булгаралт буйлны цус хуралт, тархины доргилт, зулай, баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх, баруун хацар, баруун гуя, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 09шэ/248 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

              Аюулын зэргийн үнэлгээний”...Нийлбэр оноо 4 буюу  эрсдлийн түвшин “Бага” гэсэн дүгнэлттэй....” гэсэн маягт /хх-ийн 27-28 хуудас/

              Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 29-30 хуудас/.

              Сэжигтнийг баривчлах тухай прокурорын санал /хх-ийн 61-р хуудас/

              Баривчлагдсан сэжигтнийг суллах тухай прокурорын тогтоол /хх-ийн 62-р хуудас/

              Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан:”...Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2 сар, 20 хоногийн баривчлах ял шийтгэгдэж байсан..” гэсэн хуудас/ хх-ийн 36-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь               ******* нь 2018 оны 6 дугаар сарын 7-ны оройн 22 цагийн орчим Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 6 дугаар гудамжны 2 тоот хашаанд оршин суух иргэн Б.А-ы гэрт хамтран амьдрагч *******г “айлд хонолоо” гэж уурлан баруун гараараа толгойн зүүн хэсэгт 1 удаа, баруун хөмсөгний дээд хэсэгт 1 удаа цохиж, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт 2х0.5 см, зулайн зүүн гадна хэсэгт 5х2 см язарсан шархнуудтай баруун хацарт 8х6 см улаан ягаан өнгийн цус хуралттай, баруун доод үүдэн шүдний булгаралт буйланд цус хуралт гэмтлүүдийг учруулсан болохыг нотолж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Нотлох баримтын  талаархи дүгнэлт

 

 Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, шаардлагын дагуу авсан, хохирогч мэдээллийг хаанаас хэрхэн олж авсан нь тогтоогдсон, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.  

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

 

Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

******* гэмт үйлдэлдээ санаатай хандсан, үйлдлээрээ хохирогчийг хөнгөн гэмтэлд хүргэжээ. Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “******* биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 09шэ/248 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******ын үйлдэл нь ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”ийг зөрчсөн байна.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. “…хамтран амьдрагч...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч *******, хохирогч С.Э- нар хамтран амьдардаг болох нь нотлогдож байгаа тул *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субъект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэг, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.  Хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэжээ.

Иймд *******ад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч ажил эрхэлдэггүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой байна.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл 2 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр… тооцож эдлэх ялаас хасна…” гэж зааснаар торгох ялаас хасч тооцох нь зүйтэй. /2х15000=30.000 төгрөг/

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүйг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн  8; 9 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн  2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:

  1. ******* овгийн ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******ыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар *******ын цагдан хоригдсон 2 хоногийг /2х15000=30000/ түүнд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялаас хасч /450.000-30.000=420.000/ торгуулийн ялыг 420.000 төгрөгөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******ад мэдэгдсүгэй.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  7. *******ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.БЯМБАЖАВ