Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/462

 

 

 

 

 

     2025           04              24                                    2025/ДШМ/462

                                                                 

                                                 Б.Гд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Түвшинбаяр,

хохирогч А.Т,  

шүүгдэгч Б.Г,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/154 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2411000001654 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр ......... хаягт гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Тийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 240 цаг /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 240 цаг /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдолдоо: “...Миний бие ам бүл 5, 4-өөс 18 насны хүүхдүүдтэй бөгөөд эхнэр маань гэртээ хүүхдүүдээ хараад ажилгүй байна. Би амьжиргааны мөнгөө олж, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, эсхүл таксины мөнгө зэрэгт зарцуулдаг. Нийтэд тустай ажлаас шалтгаалан ажлаасаа чөлөөлөгдөх үндэслэл болж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогч гомдол, саналгүйгээ илэрхийлсэн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хувийн болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч А.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нөхөр ганцаараа ажил хийдэг. Тиймээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г ажил хийдэг талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхээс 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Хохирогч А.Тт олон тооны шарх, сорви үүссэн байдаг. Б.Г үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс хамгийн хөнгөн ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, түүний гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр ....... тоот хаягт гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Тийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Тийн “...2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр над руу залгаад уучлалт гуйгаад хүрээд ирээч гээд байхаар нь ганцаараа 21 цагийн үед гэртээ харьсан чинь манай нөхөр буйдан дээрээ унтаж байгаад босоод ирсэн. Тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Тэгээд шууд намайг “хаагуур явж байгаад ирж байгаа юм, хэнтэйгээ банзалдаж байгаад ирсэн бэ” гээд учиргүй миний дээрээс цохиод сандал аваад сандалаар толгой руу 2 удаа цохисон, сүүлдээ бие рүү цохиод 3 удаа хоолой боож, “ална” гээд хогийн шүүрний ишээр “хөл, гарыг чинь хугална” гээд 2-3 удаа цохиод би арай гэж гэрээсээ зугтаж гараад дэлгүүр орж, дэлгүүрийн эмэгтэйн утсаар аав руу залгаад дараа нь цагдаа руу залгасан. 2019 оноос хойш хүүхэд төрсөн үеэс хойш над руу уурлаж, хааяа нэг гар хүрдэг болсон. Би тэр үед тэвчээд өнгөрөөдөг байсан. 2020 онд гэртээ 2 хүүхдээ харж байхад утсаа авахгүй, сонсохгүй байх үед байнга дарамталж “хэнтэйгээ банзалдаад байгаа юм” гээд сэтгэл санаагаар үргэлж дарамталж гэртээ ирэхээрээ уурлаж, гэрийн эд зүйл авч шидэж, хагалж уураа гаргадаг байсан. 2021 оны 06 дугаар сард дүүгийнхээ одонгийн найраар “би ядраад байна, чи яваад ирээрэй” гэсэн чинь хүчээр машиндаа суулгаад явж байхад замдаа шууд зүүн гар талын гараа атгаж байгаад толгой руу цохисон. ...2022 оны 09 дүгээр сард бие өвдөөд унтаж байхад “чи муу пизда, ажилдаа явсангүй”  гээд намайг шууд толгой руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. ...2023 оны 10 дугаар сард би цэцэрлэгт ажиллаж байгаад амралтын өдрүүдэд ажлаас зохион байгуулсан ажилд оролцох гэтэл хорьж цагдаад, хаашаа ч гаргахгүй байсан. Би тэрнээс болж “тэгвэл би ажлаас гарна, чи намайг ингэж дарамтлаад байхаар би яаж ажлаа хийх юм” гэсэн чинь миний нүүр рүү 3 удаа цохиод миний хамарнаас цус гараад би “цагдаа дуудна” гэсэн чинь гараад зугатаасан. ...2024 оны 03 дугаар сард би ажилд орно гээд хүнээр яриулаад орох гэтэл “чи муу захиралтайгаа унтаж хэвтээд ажилд орж байгаа юм уу” гээд миний толгойны зүүн хэсэгт гараа атгаж байгаад 2 удаа цохиод, цүнхээр нуруу хэсэгт 3 удаа цохисон. ...” /хх 9-12/,

гэрч Б.А “...2023 оны 10 дугаар сар санагдаж байна. Тэр үед над руу залгаж “аав намайг манай нөхөр зодсон, нүүр рүү 3 удаа гараа атгаж байгаад цохисон, миний хамраас цус гарсан” гэж ярьсан. Би “гэртээ хүрээд ир” гэж хэлэхэд “зүгээр ээ надад бэртэл үүсээгүй, санаа зоволтгүй” гээд ирээгүй. Дахин 2024 оны 03 дугаар сард бас над руу залгаж “ааваа намайг дахиад зодсон, толгой руу 2 удаа гараа атгаж байгаад цохисон, цүнхээр миний нуруу хэсэгт 3 удаа цохиод миний нуруу, нүүр хөхөрсөн, би зургийг авсан” гэж хэлсэн. Би “сал” гэж хэлсэн ба охин хүүхүүдээ бодоод намайг аргалаад гэртээ аваачаагүй. Дараа нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орой 21 цагийн орчимд миний охин Т залгаад “ааваа амь авраарай” гэж хэлээд утас нь тасарсан. Тэгээд би хар хурдаараа гэр рүү явсан, замаараа цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд очиход цагдаа ирсэн баисан. Миний охины хамраас цус гарсан, толгой нь хагарчихсан байсан. ...” /хх 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13365 дугаартай “...А.Тийн биед зүүн чамархайд язарсан шарх, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн буглага, хэвлий, зүүн өгзөг, шилбэнд цус хуралт, баруун хацар, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 27-28/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэж, шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтад нийцжээ.

            Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Б.Г нь “...Оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.   

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Тийн халдашгүй байдалд хууль бусаар халдаж, хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Г нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Тийг урьд өмнө нь зодож байсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар хохирогч болон гэрч нар мэдүүлсэн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 40-41/, камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх 47-48/, аюулын зэргийн үнэлгээ /хх 50/, дуудлага лавлагааны хуудас /хх 51/ зэрэг нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул түүний 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр ............ тоот хаягт гэр бүлийн хамаарал бүхий эхнэр А.Тийг үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжийг буюу “хүндрүүлэх нөхцөл байдал”-ыг бүрэн хангаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 240 цаг /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялаа биелүүлэхээс зайлсхийвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж үзэв.

Мөн, хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч, гэрч нараас хууль сануулж авсан удаа дараагийн мэдүүлгээр шүүгдэгч Б.Г нь хохирогч А.Тийн эрүүл мэндэд удаа дараа халдан зодож байсан нөхцөл байдал нотлогджээ

Иймд, анхан шатны шүүхээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” ойлгохоор хуульчилсан хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны зарчмыг хуульчилж өгсөн бөгөөд уг зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасанд анхан шатны шүүхийн дүгнэлт нийцсэн байна.

Иймээс шүүгдэгч Б.Г “нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлүүлэх”-ээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/154 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ  

                                     ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ