Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/00126

 

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/00126

 

 

Итами жидоүшяа ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/06052 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Итами жидоүшяа ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Оюунцэцэгт холбогдох

 

Худалдан авсан автомашины төлбөрийн үлдэгдэл 2 840 000 иен буюу 55 891 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, С.Батбаяр

Хариуцагч О.Оюунцэцэг

Хариуцагчийн өмгөөлөгч М.Бүдханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 онд хариуцагч нь нэхэмжлэгч компанийн захирал Итами Күниотой танилцаж, Япон улсаас хуучин автомашин худалдан авахад хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2006 онд өөрийн дүү О.Ганболдыг, 2007 онд өөрийн нөхөр Б.Бат-Очир нарыг Итами Күниод тус тус танилцуулж, автомашин худалдан авахад зуучлуулж байсан. Хариуцагч О.Ганболд, Б.Бат-Очир нар нь Япон Улсад очиж хуучин автомашин худалдаалдаг хуулийн этгээдүүдээс худалдан авах автомашинаа сонгож, ийнхүү сонгосон автомашины төлбөрийг тухайн үед нь нэхэмжлэгч төлж, Монгол Улс руу ачуулдаг байсан. О.Ганболд, Б.Бат-Очир нар автомашины төлбөр болон Япон Улс дахь дотоодын тээврийн зардал, даатгалын зардал, зуучлалын хөлс зэргийг 1-2 сарын дотор нэхэмжлэгчид төлдөг байсан. Ийнхүү тэдний хооронд худалдааны итгэлцэл үүсч, хамтран ажиллаж байсан. Гэтэл хариуцагчийн нөхөр Б.Бат-Очир 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд 12 автомашин худалдан авсан ба автомашины үнэ болох 3 340 000 иен төлөөгүй удааширсан тул Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байх явцад Б.Бат-Очир нь 500 000 иен шилжүүлсэн байдаг. Үүний үр дүнд Б.Бат-Очир болон хариуцагч автомашины үлдэгдэл төлбөрийг төлөх тухай баталгааг бичгээр гаргасан. 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 500 000 иен төлсөн бөгөөд үлдэгдэл 2 840 000 иенийг 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө төлнө хэмээн баталсан. Энэхүү баталгаанд хариуцагч 2014 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд төлбөрийг бага багаар төлж барагдуулахыг баталсан. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр төлөгдөөгүй байна. Б.Бат-Очирт холбогдуулан шүүхэд хандахад Монголд байхгүй байсан тул Б.Бат-Очирын худалдан авсан автомашины төлбөрийг төлөхийг зөвшөөрч баталгаа гаргасан хариуцагч О.Оюунцэцэгээс нэхэмжилж байна. Иймд хариуцагч О.Оюунцэцэгээс худалдан авсан автомашины төлбөрийн үлдэгдэл болох 2 840 000 иен буюу 55 891 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О.Оюунцэцэг би 2004 оноос Японы Нагоя хотоос машин оруулж ирэн худалдаалдаг байсан. 2006 онд О.Ганболдыг би Итамид танилцуулаагүй, О.Ганболдын эхнэрийн дүүтэй холбогдож байгаад танилцаж байсан. Мөн Итами техникийн захаар өөрөө явж, "надаас машин аваач" гэж хүмүүстэй уулзаж явахдаа Б.Бат-Очиртой таарч танилцсан, би танилцуулаагүй. Би Итамитай харьцахаа болиод олон жил болж байна. Өөр хүнээс зуучлуулаад машин авах гэхээр Японд орох эрхийг чинь би хасуулна, надаас л ав гэж дарамталдаг байсан. Б.Бат-Очирт багахан эвдэл, гэмтэлтэй машинаа шахчихаад хүнийг өрөнд оруулсан гэж бодож байна. Энэ хоёрын хоорондох тооцоог би мэдэхгүй. Итами яагаад надыг Б.Бат-Очирыг батлан даасан гэж байгааг би гайхаж байна. 2009 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай дэлгүүрийн лангуун дээр орчуулагч залуутайгаа ирж Б.Бат-Очирыг асуухад нь би мэдэхгүй, та өөртэй нь уулз гэсэн. Гэтэл "Чи Бат-Очиртой уулзвал (бага багаар) өрөө өгөөрэй гэж хэлж өгөөч гэж гуйсан. Би "за тааралдвал хэлээд өгье гэсэн. Чи энэ цаасан дээр бага багаар төлнө гээд бичээд өгөөч гэхээр нь үгүй гэсэн. Гэтэл хажуунаас орчуулагч залуу нь та бичиж өгөөд явуулчихаач, яав л гэж гээд олон хүний дэргэд дэлгүүр дээр бичиг баримт барьчихаад байгаад байхаар нь дамжуулаад хэлээд өгөхийг бодъё гээд бичиж өгсөн. Б.Бат-Очирын худалдан авсан автомашины төлбөрийг төлөхийг зөвшөөрч баталгаа гаргасан гэж ор үндэсгүй зүйлээр гүжирдэн нэхэмжилж байгааг О.Оюунцэцэг би хариуцахгүй, баталгаа гаргаагүй. Би Итами Күниотой гэрээ байгуулж зээл аваагүй, түүний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Итами жидоүшяа" хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаатар, С.Батбаяр нарын нэхэмжлэлтэй хариуцагч О.Оюунцэцэгт холбогдох худалдан авсан автомашины төлбөрийн үлдэгдэл 2 840 000 иен буюу 55 891 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д д зааснаар нэхзмжлэгч "Итами жидоүшяа" хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвэзр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 94 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгч "Итами жидоүшяа" хувьцаат компанид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэснн, нотлох баримтыг бодитоор үнэлээгүй болох нь дараах үндэслэлүүдээр нотлогдож байна. Үүнд:

Нэг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитоор үнэлж чадаагүй байна. ...Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд "Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгэгчид баталгаа гаргаж болно" гэж заасан байдаг. Энэхүү баталгаа нь нэг талт хэлцлийн шинжийг агуулах буюу үүрэг гүйцэтгүүлэгч тухайн амлалтыг хүлээн авснаар гуравдагч этгээдийн хувьд баталгааны үүрэг үүсдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл баталгаа гаргагч тал үүрэг гүйцэтгэгчийн үүргийг түүний өмнөөс гүйцэтгэх тухай илэрхийллээ бичгээр гаргаснаар Баталгааны гэрээ байгуулагдсан гэж үздэг. Үүний дагуу 2014 оны 3 сарын 12-ны өдрийн "Санамж бичиг"-т О.Оюунцэцэг нь "бага багаар нь төлж барагдуулна" гэж өөрийн гараар бичиж хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ тухайгаа анхан шатны шүүхэд өгсөн хариу тайлбартаа ч зөвшөөрч бичсэн ба энэ талаар маргаагүй. Гэтэл шүүх шийдвэртээ "бага багаар нь төлнө гэж бичиж гарын үсэг зурснаар автомашины төлбөрийн үлдэгдлийг төлөх үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна" гэх ганцхан, хууль зүйн үндэслэл тодорхойгүй дүгнэлтээр хариуцагчийг үүргээс чөлөөлсөн байгаа нь шүүх дээрх хуулийн заалтыг зөвөөр хэрэглэж чадаагүй гэж үзнэ. Энэ үйлдэл нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг зөрчсөн бөгөөд хэрэв шүүгч тус бичигт бичсэн О.Оюунцэцэгийн баталгааг Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан баталгаа гэж үзэхгүй байгаа бол тэрхүү хууль зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн тайлбарлах ёстой.

Хоёр. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийн Тогтоох хэсгийн үндэслэлд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийг ишлэсэн байна. Гэвч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл бус "Ззэлээр худалдах, худалдан авах гэрээ" байгуулах үндэслэлийг тодорхойлох, гэрээний талуудын хооронд гүйцэтгэлд чиглэсэн шаардах эрхийг олгож буй хуулийн заалт юм. Харин нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэнийг тодорхойлуулах бус нэгэнт үүссэн гэрээний эрх зүйн харилцаанаас үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчээс буюу хариуцагч Б.Бат-Очирын үүргийн гүйцэтгэлийн баталгаа гаргагч О.Оюунцэцээс худалдан авсан автомашины төлбөрийг л төлүүлэх байсан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэж шүүхийн шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг яагаад бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ бичих болохоос талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг тодорхойлж, түүнийгээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгох нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл болохгүй. Тиймээс энэхүү шийдвэр нь хуульд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч О.Оюунцэцэгээс Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасны дагуу зээлээр худалдан авсан 12 автомашины төлөгдөөгүй төлбөр болох 55 891 200 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Япон Улсын "Итами жидоүшяа" хувьцаат компани хариуцагч О.Оюунгэрэлийг Б.Бат-Очирын худалдан авсан 12 ширхэг автомашины төлбөрийг төлөх баталгаа гаргасан гэж үзэж, түүнд холбогдуулж 2 840 000 иен буюу 55 891 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Япон Улсын иргэн Итами Күниотой гэрээ байгуулж зээл аваагүй, түүний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Япон Улсын иргэн Итами Күнио, Монгол Улсын иргэн Б.Батчир нарын хооронд автомашин зээлээр худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж үзжээ.

 

Гэтэл Япон Улсын "Итами жидоүшяа" хувьцаат компани нь автомашины худалдаа, зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, автомашины төлбөрийг төлөх тухай Б.Бат-Очирын гарын үсэг зурсан бичгийн баримтад Анчандмань гэх компанийн талаар дурдагдсан байхаас гадна ....12 ширхэг автомашин Анчандмань гэх компанийн нэр дээр Монгол Улсад орж ирсэн... талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулсан зэргээс үзэхэд 2 хуулийн этгээдийн хооронд гэрээ байгуулагдсан эсэх, Анчандмань гэх компанитай хариуцагч холбоотой эсэхийг тодруулах нь хэрэгт ач холбогдолтой байна.

 

Анчандмань гэх компанийн эрх зүйн байдлын талаарх баримт, Япон улсын "Итами жидоүшяа" хувьцаат компаниас ачуулсан 12 ширхэг автомашины Монгол Улсад орж ирсэнтэй холбоотой гаалийн баримт хэрэгт авагдаагүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээр дурьдсан үндэслэлээр хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/06052 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Н.БАТЗОРИГ