Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 114

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Б-жав даргалж, тус шүүхийн танхимд хаалттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.О-т холбогдох эрүүгийн 1804001160109 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:                     

 Нарийн бичгийн дарга                                 Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                 Б.Буяндэлгэр

 Шүүгдэгч                                                    Н.О-

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.Ц нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр .... аймгийн ... суманд төрсөн, .. настай, ........., бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., эхнэрийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, .. дугаар .. тоот хашаанд оршин суух Б овгийн Н-ийн О- /РД:НЕ94030917/

Прокурорын яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч Н.О- нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны шөнийн 02 цагаас өглөөний 07 цагийн хооронд ... хашаанд байх өөрийн гэртээ 13 хоногтой нярай хүү О.А-ийг өвөртөлж унтаж байхдаа түүний нүүрийг дарсны улмаас “амьсгал бүтэлт, зүрх судасны хурц дутагдалд” оруулж хүний ам насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Н.О-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр манай эхнэр Б- амаржиж бид хоёр хүүтэй болсон. Миний хүү ямар ч өвчингүй эрүүл саруул төрсөн. 2018 оны 5 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө эхнэр маань ядарсан царайтай харагдаад байхаар нь шөнийн 02 цагийн үед би хүүтэйгээ унтаж байя, чи газарт унт гээд эхнэрийгээ газарт унтуулж, гэрийнхээ зүүн талын орон дээр хүүгээ зүүн талын ханан талд хэвтүүлээд хамт унтсан. Тэгээд өглөө 06 цаг 50 минутанд сэрүүлэгний дуу гарах үед би сэрээд хүү рүүгээ эргэж хартал хүүгийн маань хамар, амнаас цус гараад хатчихсан, нүүрний баруун тал нь хөх болсон амьсгаа байхгүй байсан. Тэгээд эхнэртээ хэлж манай эхнэр эмнэлгийн түргэн тусламж дуудсан бөгөөд эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. Би шөнө унтаж байхдаа сэрж хүүгээ хараагүй, урд нь 2-3 удаа хүүтэйгээ унтаж байсан. Мөн тэр өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-59 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч Ц.Б-ын өгсөн: “...Би 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгийн амаржих тасагт хүүгээ хэвийн төрүүлсэн. Эмнэлэгээс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гарсан бөгөөд хүү маань өвчин эмгэггүй эрүүл саруул байсан. 2018 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 02 цагийн үед хүүгээ хуурайлж угжаад аавтай нь хамт гэрийн зүүн талын орон дээр унтуулж өөрөө газарт унтсан. Тэгээд өглөөний 6 цагийн үед нөхөр маань намайг сэрээж хүү маань амьсгаа байхгүй байна гэхээр нь үгүй байлгүй дээ юу яриад байгаа юм гээд хүүгээ тэврээд авсан чинь ам нь бага зэрэг цус болсон, уруул нь хөхөрсөн уйлахгүй байхаар нь түргэн тусламж дуудсан. Эмч нар 5-10 минутын дараа ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Үүнээс хойш миний ухаан санаа орж гараад зарим зүйлийг санахгүй байна, нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн байсан. Манай нөхөр бид хоёр тухайн үед хүүгийнхээ өлгийг задалж үзээгүй, эмч цагдаа нар хүүд маань ойртуулаагүй. Манай нөхөр бид хоёр 2013 онд танилцаж, 2017 оны 9 дүгээр сараас эхлэн нэг гэрт орж амьдарч байгаа албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Нөхөр маань архи согтууруулах  ундааны зүйл хэрэглэдэггүй бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ч гэсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Өсвөр насны гэрч Н.О-ийн өгсөн: “...Би Багануур дүүргийн 3 дугаар хороо Нугын талын 6 дугаар гудамжны 6 тоот хашаанд өөрийн төрсөн ах О-ынд амьдардаг. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шөнийн 00 цаг өнгөрч байхад орондоо орж унтсан. Тэр үед манай 13 хоногтой дүү А-э унтаагүй аав, ээжтэйгээ байсан. Тэгээд өглөө 6 цаг 50 минутад хичээлдээ явах гээд босох үед О- ах хүүтэйгээ орон дээр унтаж байсан бөгөөд бэр эгч маань ганцаараа газарт унтаж байсан юм. Удалгүй О- ах сэрээд эгчийг дуудаж хүү амьсгаа байхгүй байна гэж хэлсэн. Тэр үед дүүгийн нүүр хэсэг нь хөхөрсөн байсан. Тэгээд эмч дуудаж үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн. Манай ах, эгч хоёр хүүгээ ээлжээр өвөртөлж унтдаг байсан. Мөн ах эгч хоёр маань хоорондоо хэрүүл маргаан хийдэггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Гэрч Д.Э-ны өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 7 цагийн үед ажилдаа явах гээд гэрээсээ гартал хажуу айл буюу О-ын гэрт эхнэр нь уйлаад байхаар нь юу болсон юм бол гээд О-ын гэр рүү орсон. Гэтэл О- шөнө 2 цагийн үед хүү маань зүгээр байсан тэгээд би хүүгээ өвөртөлж унтаад эхнэрийгээ газарт унтуулсан юм. Өглөө сэртэл хүү маань нас барчихсан байна гэж хэлсэн. Удалгүй эмч нар ирж хүүг нас барсан байна гэж хэлсэн. О- эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаж байгаагүй бөгөөд өнгөрсөн шөнө ч гэсэн ямар нэгэн хэрүүл маргаан дуу чимээ огт гараагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

Гэрч Н.Т-гийн өгсөн: “...Манай дүү О- нь ааш зангийн хувьд даруухан, дөлгөөн зантай, эхнэр, ээж, дүү нартаа халамжтайхүн байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Гэрч А.Н-ийн өгсөн: “...Миний бие О-ын ээж байгаа юм. Манай хүү О- айлын 6 дахь хүү бөгөөд дээрээ 1 эгч, 4 ахтай, 1 дүүтэй. Хүү маань 2 дугаар ангид сурч байхдаа сургуулиас гарч хөдөө мал дээр гарсан. Манай хүү 2017 онд Б-тай гэр бүл болж одоо Багануур дүүргийн 3 дугаар хороо Нугын талын 6 дугаар гудамжны 6 тоот хашаанд амьдарч байгаа. Хүү маань ааш зан сайтай, даруу төлөв зантай ойр дотны хүмүүсдээ халамжтай сайн хүн байгаа юм. Бэр болон хүү маань хоорондоо хэрүүл маргаан хийдэггүй, гэр бүлийн таагүй харилцаа байхгүй. Миний хүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/

Гэрч С.Х-ы өгсөн: “...Н.О- манай төрсөн дүү Б хамтран амьдраад 2 жил болж байна. Энэ хоёр маань 2018 оны 5 дугаар сард хүүтэй болсон бөгөөд хүүг нь эргэж амжаагүй байтал нас барсан байна. О-ын хувьд ааш зан сайтай, хайр халамжтай, сайн залуу шиг санагдсан. Би О-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг хараагүй, архи ууддагүй гэсэн. Манай дүү Б- О- хоёр хоорондоо хэрүүл маргаан хийдэггүй эвтэй сайхан амьдарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

Гэрч Х.Ариунжаргалын өгсөн:”...Ц.Б- гэх эмэгтэй жирэмсэн байхдаа Эрүүл мэндийн зөвөлгөө өгөх эмчийн хяналтанд байсан. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр амаржиж, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эмнэлэгээс гарах үед нь манай өрхийн эмнэлэг хүлээж авсан. Энэ үед эх болон нярайд ямар нэгэн өвчин зовиур байгаагүй. Би 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нярай болон ээж Б-д үзлэг хийхээр гэрт нь очиход гэртээ байгаагүй юм. Тэгээд гар утас руу нь залгахад Наран хороололд явж байна гэсэн тэгээд эрүүл мэндийн нэгдэлд авч ирээд үзлэг хийхэд нярай ээж хоёр эрүүл өвчин зовиургүй байсан. Нярай маань бага зэрэг арьсны шарлалттай байсан. Дараа нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ц.Б- нөхөр хүүхдийн хамт өрхийн эмнэлэг дээр ирж нярайн хүйг цэвэрлүүлсэн бөгөөд энэ үед үзлэг хийхэд нярай эрүүл өвчин зовиургүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн: “... ...................нд хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан үзлэгийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7 цаг 30 минутад эхлүүлэв. Хаалгаар дотогш гэр рүү ороход гэрийн доторх эд зүйлд нар зөв буюу зүүнээс баруун тийш эргэх чиглэлд үзлэг хийв. Гэрийн баруун хойно никель өнгийн ор байх ба орны дээр ягаан өнгийн цэцгэн хээтэй цагаан өнгийн даавуун материалтай хөнжил байв. Хөнжил дотор орны баруун талд хөх өнгийн өлгийтэй нярай хүүхдийн цогцос байрлаж буй газарт 1 гэх тэмдэглэлээ байрлуулж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв....” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8-р хуудас/

Цогцост хийсэн үзлэгийн: “... Уг цогцос нь 3 килограмм 300 грамм жинтэй зулайдаа 3.8 сантиметр шингэн хар хүрэн өнгийн үстэй, хоёр нүдний зовхи аниатай, хүүхэн хараа хоёр талдаа жигд, хамар амнаас улаан өнгийн цусархаг зүйл гарсан, баруун хацар, хамрын нүхний баруун хэсгээр усархаг зүйл гарч хатсан байдалтай, өтгөний сүвнээс бор шаргал өнгийн ялгадас гарсан, хүүрийн толбо биеийн ард хэсгээр улаан өнгөөр үүссэн. Биед шинээр үүссэн шарх гэмтэлгүй, эрэгтэй хүүхдийн цогцос болно. Уушиг хавагнасан, цэгчилсэн цус харвалттай, гэдэс ходоод хийгээр дүүрсэн, хуйх зулайд гэмтэлгүй, цээжний хөндийг нээж харахад гэмтлийн шинжтэй өөрчлөлтгүй....” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай: “...Н.О-ын өмсөж унтсан майк нь шар өнгөтэй, хоолой, 2 мөр хэсэг нь хар, улаан, шар өнгийн имжээртэй, зүүн талын энгэр хэсэгт NBA гэсэн латин үсэг бичсэн логотой, майкны зүүн ар хэсэгт 4х3, 4х1 хэмжээтэй 2 хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, 13 хоногтой нярай О.А-ийг өлгийдөж байсан цагаан эрээн өнгөтэй, бор өнгийн бамбаруушны зурагтай kbf гэсэн латин үсэг бичигдсэн, 70х65 хэмжээтэй 2 ширхэг нимгэн даавууг эд мөрийн баримтаар тооцов...” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 21-р хуудас/

Хувцас болон эд зүйлд үзлэг хийсэн тухай: “...Н.О-ын майканд үзлэг хийхэд шар өнгөтэй, хоолой, 2 мөр хэсэг нь хар, улаан, шар өнгийн имжээртэй, зүүн талын энгэр хэсэгт NBA гэсэн латин үсэг бичсэн логотой, майкны зүүн ар хэсэгт 4х3, 4х1 хэмжээтэй 2 хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 22-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай: “...13 хоногтой нярай О.А-ийг өлгийдөж байсан цагаан эрээн өнгөтэй, бор өнгийн бамбаруушны зурагтай kbf гэсэн латин үсэг бичигдсэн, 70х65 хэмжээтэй 2 ширхэг нимгэн даавуу байв. 1 дугаартай даавууны булан хэсэгт 5х4 хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. 2 дугаартай даавууны гол хэсэгт 3х2.5, 4х2.5, 2х2.5, 2х1 хэмжээтэй 4 хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон даавуу байв. Даавуун дээр урагдалт цооролт үүсээгүй байсан болохыг тэмдэглэв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24-р хуудас/

Шинжээчийн “…А-ийг өлгийдөж байсан гэх 2 ширхэг бамбаруушны зурагтай даавуун дээр цус илэрсэн. Бүдэг толботой даавуун дээрх цусан урвал явагдаагүй тул бүлгийн харъяалал хүний амьтаны аль болохыг тогтоох боломжгүй. Улаан хүрэн өнгийн толботой даавуун дээрх цус нь А /2/ бүлгийн харъяалалтай байна...” гэсэн 6288 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/

Шинжээчийн: “...О.А-ийн биед хийсэн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач механик амьсгал бүтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач ABO системээр А /2/ бүлгийн цустай байна. Хохирогчид магадлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй...” гэсэн 017 дугаартай дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/

Н.О-ын согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/

Шүүгдэгч Н.О-ын урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/

Шүүгдэгч Н.О-ын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, хорооны тодорхойлолт /хх-ийн 60-р хуудас/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

Багануур дүүргийн прокурорын газраас Н.О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэв.

 

Гэрч, хохирогчийн мэдүүлгүүдийг эрх, үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

Шүүгдэгч Н.О- нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны шөнийн 02 цагаас өглөөний 07 цагийн хооронд ...................нд байх өөрийн гэртээ 13 хоногтой нярай хүү О.А-ийг өвөртөлж унтаж байхдаа түүний нүүрийг дарсны улмаас “амьсгал бүтэлт, зүрх судасны хурц дутагдалд” оруулж ам насыг хохироосон болох нь шүүгдэгчийн “...шөнийн 02 цагийн үед би хүүтэйгээ унтаж байя, чи газарт унт гээд эхнэрийгээ газарт унтуулж, гэрийнхээ зүүн талын орон дээр хүүгээ зүүн талын ханан талд хэвтүүлээд хамт унтсан. Өглөө 06 цаг 50 минутанд сэрүүлэгний дуу гарах үед би сэрээд хүү рүүгээ эргэж хартал хүүгийн маань хамар, амнаас цус гараад хатчихсан, нүүрний баруун тал нь хөх болсон амьсгаа байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…2018 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнийн 02 цагийн үед хүүгээ хуурайлж угжаад аавтай нь хамт гэрийнхээ зүүн талын орон дээр унтуулж өөрөө газарт ганцаараа унтсан. Өглөөний 6 цагийн үед нөхөр маань намайг сэрээж хүү маань амьсгаа байхгүй байна гэхээр нь хүүгээ  тэврээд авсан чинь ам нь бага зэрэг цус болсон, уруул нь хөхөрсөн уйлахгүй байхаар нь түргэн тусламж дуудсан. Эмч нар 5-10 минутын дараа ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг, өсвөр насны гэрч Н.Оюундарийн мэдүүлэг, шинжээч эмчийн 09шэ/017 дугаартай дүгнэлт зэрэг дээрхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогчийн амь нас хохирсон болох нь шинжээчийн “...О.А-ийн биед хийсэн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач механик амьсгал бүтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач ABO системээр А /2/ бүлгийн цустай байна. Хохирогчид магадлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон байна.

Шүүгдэгчийн үйлдэл болгоомжгүй үйлдэл болох нь эхнэрийгээ амраах зорилготойгоор өөрийн хүүг өвөртөлж унтсан үйлдлээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.О- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн “амьд явах эрхэд” халджээ.

Иймд Н.О-ыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Хохирогч Ц.Бямба гомдол саналгүй, гэм хорын хохирол нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-н 69х/ ирүүлсэн тул шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж үзхээр байна.

Шүүгдэгч Н.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.О- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч Н.О- хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхээр байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн шүүгдэгч Н.О-т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгөтэй, хоолой, 2 мөр хэсэг нь хар, улаан, шар өнгийн имжээртэй, зүүн талын энгэр хэсэгт NBA гэсэн латин үсэг бичсэн логотой майк, цагаан эрээн өнгөтэй, бор өнгийн бамбаруушны зурагтай kbf гэсэн латин үсэг бичигдсэн өлгий зэргийг устгавал зохино

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.    

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Наранцэцэгийн О-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Наранцэцэгийн О-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаар тэнсэн хянан харгалзсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Н.О-ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Н.О-т мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгүүдэд зааснаар Н.О-т хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.
  6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямба нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
  7. Тогтоол хүчин төгөлдөр болтол Н.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгөтэй, хоолой, 2 мөр хэсэг нь хар, улаан, шар өнгийн имжээртэй, зүүн талын энгэр хэсэгт NBA гэсэн латин үсэг бичсэн логотой майк, цагаан эрээн өнгөтэй, бор өнгийн бамбаруушны зурагтай kbf гэсэн латин үсэг бичигдсэн өлгий зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  9. Н.О-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

  

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                А. БЯМБАЖАВ