Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/ма2018/02087

 

 

 

 

 

 

 

 

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/02632 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Лхагваням, Л.Одхүү С.Гантуяа нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 122 483 209 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Батчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.Лхагваням, Л.Одхүү нар нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ2205114470 тоот зээлийн гэрээ, ЗБ2205114470-1 тоот ипотекийн гэрээ, ЗБ2205114470-2 тоот ипотекийн гэрээ байгуулан 63 600 000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тоног төхөөрөмж худалдан авах зорилготойгоор зээл авсан.

Мөн Гонгор овогтой Лхагваням нь 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/КР/11/207 тоот голомт банкны зээлийн эрхтэй карт эзэмших гэрээг байгуулан 1 000 000 төгрөг, 10 000 ам.долларыг сарын бэлэн бус гүйлгээний 2 хувь, бэлэн гүйлгээний 3.5 хувийн хүүтэйгээр 2 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр хосолсон вальюттай зээлийн эрхтэй карт нээлгэж, зарцуулалтыг хийсэн.

Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчин, төлбөрийн хоцрогдол бий болгон тавьсан шаардлага биелүүлдэггүй, зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийж банкийг хохироож байгаа тул зээлдэгчтэй байгуулсан гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлдэгч Г.Лхагваням, Л.Одхүү нараас ЗГ2205114470 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 60 572 000 төгрөг, зээлийн хүү 18 938 996.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 552 395.23 төгрөг, нийт 81 063 392.12 төгрөг, ЗГ/КР/11/207 MNTтоот картын үндсэн хүүгийн төлбөрт 29 817.18 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 12 134.92 төгрөг, нийт 41 952.10 төгрөг, ЗГ/КР/11/207 USD тоот картын үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 10 031.14 ам.доллар, үндсэн хүүгийн төлбөрт 5 296.31 ам.доллар, зээлийн эрх хэтрүүлсний хүү 1 148.86 ам.доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 772.81 ам.доллар нийт 17 222.12 ам.долларыг тус тус нэхэмжилж байна.

Шүүх дээр маргаан шийдвэрлэх явцад хариуцагч нар нь 10 031.14 ам.долларын төлбөрөөс 4 134.93 ам.доллар төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа мөн энэ хэмжээгээр багасгаж үндсэн зээлд 5 896.21 ам.долларыг хүүгийн төлбөр 5 269.31 ам.долларын хамт гаргуулах хүсэлтэй байна. Ам.долларын зээлээс зээлийн эрх хэтрүүлсний хүү 1 148.86, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 772.8 ам.доллар гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг ЗБ2205114470-1 тоот ипотекийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгой СБ/14150/, 1 дүгээр хэсэг гудамжны 131 тоот, 360 мкв талбайтай хувийн сууц, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Майхан толгой Зуслангийн зориулалттай 700 м.кв газар, ЗБ2205114470-2 тоо ипотекийн гэрээнд заагдсан Самбуу овогтой Гантуяагийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо майхан толгой Зуслан зориулалттай 480 м.кв газраар хангуулж өгнө үү. Барьцаа хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрээгүй тохиолдолд зээлдүүлэгч нь зээлдэгчийн бусад хөрөнгөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Ам.долларын эрхтэй кредит картын хүү их өндөр байсан. Энэ хугацаанд зээлийн хүүнд 7 800 ам.доллар төлсөн. Энэ зээлийг тоног төхөөрөмж авах зориулалтаар авсан. Хятад талын компанийн буруугаас болоод одоо хүртэл тоног төхөөрөмжөө авч чадаагүй л байна. Мөн Засгийн газраас сургууль, цэцэрлэг бариулах концессийн гэрээг үндэслэлгүй цуцласан асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр цаг их алдаж, зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 4 134.93 ам.долларыг төлсөн байгаа. Тоног төхөөрөмж худалдан авах зориулалттай зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүүгийн хувьд маргах зүйл байхгүй. Мөн төгрөгийн кредит картын төлбөрийн үлдэгдэл дээр маргах зүйлгүй. Харин ам.долларын кредит картын хүү хэт өндөр байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ талаар байгууллагын захирлуудад нь удаа дараа хандаж байсан боловч шийдвэрлэж хариу өгөөгүй. Хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 165 дугаар зүйлийн 165.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Лхагваням, Л.Одхүү нараас 81 063 392.12 төгрөгийг, хариуцагч Г.Лхагванямаас 41 950 төгрөг, 11 134 ам.долларыг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31 14 ам долларт холбогдох хэсгийг, барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 840 567 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Лхагваням, Л.Одхүү нараас 563 266 төгрөгийг, хариуцагч Г.Лхагванямаас 291 702.7 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун давж заалдах гомдолдоо: ...Шүүх "Ипотекийн гэрээ тус бүрээр дүгнэлт хийхэд Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Майхан толгой, СБ/1415/, 1 дүгэр хэсэг гудамж, 131 тоот хаягт байрлах, 360 м.кв талбайтай хувийн сууц /ГД:000185850, Ү-2203009330/-ыг барьцаалсан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн тэмдэглэгээгүй байна.

Иймд Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Майхан толгой, СБ/1415/, 1 дүгэр хэсэг гудамж, 131 тоот хаягт байршилтай, Ү-2203009330 улсын бүртгэлийн дугаартай, 360 м.кв талбайтай хувийн сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэн Талуудын хооронд байгуулсан ЗБ2205314470-1 тоот Илотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлж чадаагүй гэж үзэж байна.

Тухайлбал, зээлдэгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Г.Лхагваням нь Талуудын хооронд байгуулсан ЗБ2205114470-1 тоот Ипотекийн гэрээнд өөрөө гарын үсэг зурсан байдаг бөгөөд Г.Лхагваням болон Л.Одхүү нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч болж оролцохдоо барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эсэргүүцээгүй, улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх талаар маргаагүй, харин түүгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг татгалзаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нар нь барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой, СБ/1415/, 1 дүгээр хэсэг гудамж, 131 тоот хаягт байрлах, 360 м.кв талбайтай Улсын бүртгэлийн Ү-2203009330 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг баримтлаагүйн улмаас хэргийн бодит байдал тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Г.Лхагваням, Л.Одхүү, С.Гантуяа нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлах, зээлийн №ЗГ2205114470 тоот гэрээний үүрэгт 81 063 392.12 төгрөг, №ЗГ/КР/11207 тоот зээлийн эрхтэй карт эзэмшигчтэй байгуулах гэрээний төлбөрт 41 952.10 төгрөг, 17 222.12 ам.долларын хамт гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Голомт банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шүүхэд ирүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №ЗГ2205114470 тоот ипотекийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, тухайн гэрээний барьцааны хэсэгт Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой, СБ/1415/, 1 дүгэр хэсэг гудамж, 131 тоот хаягт байршилтай, Ү-2203009330 улсын бүртгэлийн дугаартай, 360 м.кв талбайтай хувийн сууцыг улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбоотой тэмдэглэгээ уншигдах боломжгүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх уг гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн тэмдэглэгээгүй гэж үзэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэх заалтыг хэрэгжүүлээгүй нь буруу байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих үйл баримтад хамаатай нотлох баримт хуулиар тогтоосон шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг анхаарах байжээ.

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулж, дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2018/02632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧ Т.ТУЯА

Д.ЦОГТСАЙХАН