Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 88

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

БОАЖЯ-нд холбогдох захиргааны

хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                    Танхимын тэргүүн М.Батсуурь                       

       Шүүгчид:                       Б.Мөнхтуяа

                                             Д.Мөнхтуяа

                                             П.Соёл-Эрдэнэ

       Илтгэгч шүүгч:             Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 06/2874 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, 142.32 тн барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0500 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 591 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-ыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0500 дугаар шийдвэрээр: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг баримтлан “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БОАЖЯ-ны дэд сайд, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Н-ийн гаргасан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 06/2874 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, “Н” ХХК-д хориглосон тушаал гаргахаас өмнө бэлтгэсэн гэх 116,07 тн барагшунг гадаадад экспортлох зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.  

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 591 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2019/0500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасныг баримтлан “Н” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “тус компанид барагшун экспортлох зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, 150 тн барагшуныг гадаад улсад экспортлох зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ны давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Бид анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нотлох баримт цуглуулах үүргийг хангалттай хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох гомдлын үндэслэл: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ бидний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүгч шийдвэрээ шүүх хуралдааны үед тайлбарлахдаа тийнхүү тайлбарласан. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тухай бичигдсэн. Гэвч бид 142.32 тн барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах шаардлага гаргасан атал шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт барагшуны тоо хэмжээг 116.07 тн гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүгч шүүхийн шийдвэрийг бичгээр гаргахдаа шүүх хуралдааны үед танилцуулснаас өөрөөр бичсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно” гэж заасныг зөрчсөн. Хуулийн тус заалтын дагуу шүүхийн шийдвэрийг шүүх хуралдааны үед танилцуулан сонсгосноор шийдвэр хүчин төгөлдөр болж, тус шийдэл бүхий шийдвэр бичгээр гарах учиртай. Гэтэл шүүгч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар шүүхийн шийдвэрийг сонсгосон хэрнээ бичгээр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах агуулгаар бичсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тус алдааг засаж, “116.07 тн барагшун” гэснийг “142.32 тн барагшун” гэж өөрчлөх үндэслэлтэй юм.

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалд холбогдох гомдлын үндэслэл: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа “...зөвшөөрлийн хүрээнд 50 тн барагшун түүсэн болохыг орон нутгийн Цагдаагийн байгууллагаас тогтоосон...” хэмээн тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, “нэхэмжлэгч нь гадаад улсад гаргахыг хүсч буй 142.32 тн барагшуныг хариуцагч байгууллагаас гадаад улсад гаргахыг хориглох шийдвэр гаргахаас өмнө түүгээгүй” хэмээн дүгнэлт хийсэн. Энэ нь хэрэглэвэл зохих хууль болох Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь заалтуудыг хэрэглээгүй хэрэг юм. Учир нь, Цагдаагийн албаны тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасан ёсоор цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх юм.

6. Харин дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасан ёсоор орон нутаг дахь Цагдаагийн алба нь цагдаагийн байгууллагын үүргийг хариуцсан нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Барагшун болон аливаа бараа, бүтээгдэхүүний жин, хэмжээг тогтоох нь Цагдаагийн албаны хуулиар тогтоосон дээрх чиг үүрэгт хамаарахгүй. Орон нутгийн Цагдаагийн байгууллага болох Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 36/1752 дугаар албан бичигт /4 дэх догол мөрнөөс/ “Цагдаагийн газарт ...аливаа эд зүйлийн хэмжээ, тоо, чанар, хугацааг тогтоох эрх хууль зүйн үндэслэл байхгүй болно” гэж тодорхой тэмдэглэсэн нь бидний дээрх тайлбарыг дэмжиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан акт илт хууль бус байх тухай заасан. Нэгэнт барагшуны хэмжээг тогтоох нь Цагдаагийн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй тул тус байгууллагын энэ талаар гаргасан шийдвэрүүд нь илт хууль бус, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

7. Иймд шүүх өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар гаргасан бөгөөд тус байгууллага нь хожим өөрсдөө үгүйсгэсэн /цагдаагийн байгууллагын 116 тн гэж тогтоосон хариу/ шийдвэрийг хууль ёсны нотлох баримт гэж үзэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох учиргүй юм. Энэ нь, ямар ч хамаагүй компанийн хэмжилтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буйтай ялгаагүй. Учир нь, Цагдаагийн байгууллага ч тэр, аливаа компани ч тэр барагшуны хэмжээг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхгүй. Харин шүүх нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд барагшуны хэмжээг тогтоолгоход 142 тн гэж гарсан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох, хууль ёсны баримт юм. Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа Цагдаагийн байгууллагаас тогтоосон гэх хэмжээ, тус байгууллагын шийдвэрийг үндэслэл болгож байгаа нь хэрэглэвэл зохих хуулиуд болох Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 15 дугаар зүйлийн 15.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь заалтуудыг хэрэглээгүй .

8. Түүнчлэн, шүүх барагшуны хэмжээг тогтоох асуудлаар Байгаль орчныг  хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг хэрэглэх, үүнтэй холбоотой Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг баримтлах үндэслэлтэй байсан. Учир нь, хуулийн тус хэсэгт заасны дагуу байгаль орчны хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхийг улсын байцаагч хэрэгжүүлнэ. Иймд барагшуны хэмжээ, олборлолттой холбоотой улсын байцаагчийн дүгнэлт нь эрх бүхий байгууллагын шийдвэр юм. Хэрэгт авагдсан байгаль орчны улсын байцаагч Х.Х-ийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2017/033 дугаар “Барагшун олборлох тухай” дүгнэлтэд “Шалгалтын явцад тухайн зөвшөөрөгдсөн газар нутгуудаас  нийт 200 тн барагшуныг орон нутгийн  иргэд болон тухайн компанийн ажилчдын хамт олборлосон байв”  гэж тэмдэглэсэн. Анх Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/130 дугаар захирамжаар 200 тн барагшун түүж бэлтгэх зөвшөөрөл олгох үед ч тус захирамжийн 3-д “Барагшуныг түүж бэлтгэх ажилд өдөр тутмын хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны хяналтын  улсын байцаагч Х.Х-д үүрэг болгосугай” гэж заасан. Иймд улсын байцаагчийн дүгнэлт нь нэхэмжлэгч “Н” ХХК 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэхэд нийт зөвшөөрөгдсөн хэмжээ болох 200 тн барагшуныг олборлосон болохыг нотлох баримт юм. Үүнээс 50 тн барагшуныг яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу гадаад улсад  гаргасан, одоо үлдэж буй 150 тн барагшуны хувьд /шүүхийн маргааны явцад хорогдож 142 тн болсон/ маргаж буй билээ.

9. Бодит байдалд орон нутгийн Цагдаагийн байгууллага “Н” ХХК-ийн барагшунд ямар ч хэмжилт хийлгүй, очиж үзэлгүйгээр худал тоо явуулсан байдаг. Энэ нь дараах 2 байдлаар нотлогддог. 1-д. Мөрдөн байцаах албаны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт “зарим компаниудын барагшуныг хаанаас хэмжсэн, хэдэн шуудай байсан талаар” тодорхой тэмдэглэсэн байхад “Н” ХХК-ийн хувьд хаанаас хэмжсэн, хэдэн шуудай байсан талаар огт тэмдэглээгүй байдаг. 2-т. Нэхэмжлэгч компани хожим Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж хэмжүүлэхэд аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 36/1913 тоот албан бичгээр “Шалгалтаар уг агуулахад 116 килограмм барагшун хадгалагдаж байсан болно” гэсэн хариу өгсөн. Энэ үед “Н” ХХК-ийн барагшун Баяннуур сумын төвд 30 тн, Өлгий сумын төвд 120 тн хадгалагдаж байсан бөгөөд аймгийн цагдаагийн алба зөвхөн Өлгий сумын /аймгийн/ төв дэх 120 тн барагшуныг хэмжиж, “ойролцоогоор 116 тн” гэж тогтоосон нь энэ юм. Хэрэв Цагдаагийн байгууллага нь компанийн барагшуныг 50 тн гэж тогтоосон нь үндэслэлтэй бол хожим 116 тн гэж тогтоохгүй билээ.

10. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэлд байхгүй, тусгагдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.5 дахь заалтыг зөрчсөн хэрэг юм. Хуулийн тус заалтуудын дагуу маргаан бүхий захиргааны акт хууль бус бол шүүх түүнийг хүчингүй болгох болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар шүүх дүгнэлт гаргах үндэслэлгүй. Бидний маргаж буй акт болох хариуцагч байгууллагын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” актаар барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохоос татгалзахдаа “барагшуны хэмжээ 50 тн байна” эсвэл “барагшуныг байхгүй” гэх үндэслэлээр татгалзаагүй, харин “барагшуныг гадаад улсад гаргахыг хориглосон” гэх үндэслэлээр шийдвэр гаргасан. Бид үүнтэй холбогдуулж, “бид барагшуныг гадаад улсад гаргахыг хориглох тухай шийдвэр гаргахаас өмнө хүсэлтээ өгсөн болохоор бидний хууль ёсны итгэл хамгаалагдах учиртай” хэмээн маргасан. Иймд шүүх зөвхөн энэ хүрээнд буюу захиргааны байгууллага “гадаад улсад гаргахыг хориглосон шийдвэр гарсан" гэх үндэслэлээр татгалзсан нь үндэслэлтэй эсэхийг хянах учиртай. Жишээлбэл, Төрийн албан хаагчийг “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” гэх үндэслэлээр ажлаас халчхаад шүүхэд хэрэг үүссэний дараа хариуцагч “сахилгын зөрчил гаргасан байсан” хэмээн маргахад шүүх түүнд /сахилгын зөрчил гаргасан байсан гэх тайлбарт/ үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буйтай ижил зүйл болоод байна.

11. Шүүхийн нотлох үүргийн тухай: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасны дагуу нотлох үүргийг шүүх хэрэгжүүлэх билээ. Энэ хүрээнд анхан шатны шүүх барагшуны хэмжээг бодитоор хэмжиж үзэх шаардлагатай байна хэмээн шийдвэрлэсэн. Хэмжиж үзэхэд барагшуны хэмжээ 142 тн гарсан бөгөөд бид тус хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Урт хугацаанд хадгалагдаж буйтай холбоотой бага зэрэг жин алдсан байсан. Хэрэв давж заалдах шатны шүүх барагшуны тоо, хэмжээ эргэлзээтэй гэж үзвэл барагшуны хэмжээг тогтоолгохоор хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байсан. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасны дагуу/ Тодруулбал, аймгийн Цагдаагийн байгууллагын хэмжилт хийсэн гэх албан тушаалтан А.С /Цагдаагийн газрын гомдлын хариу хүргүүлэх нь” албан бичигт тэр хүн хэмжилт хийсэн талаар тусгасан/, 116 тн гэж хариу өгсөн аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн ахмад Б.Г, 200 тн гэж дүгнэлт гаргасан улсын байцаагч Х.Х, түүний дүгнэлтэд тусгасан ёсоор хэмжилт хийхэд байлцсан гэх байгаль хамгаалагч Ж.Е, Д.Т, 150 тн гэж хариу өгсөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А, барагшуныг түүсэн, агуулахад оруулж хадгалсан “Н” ХХК-ийн ажилчид болон барагшуныг хадгалж байсан Баяннуур сум дахь агуулахын эзэмшигч “Ц у” ХХК болон Өлгий сумын төв дэх бөөний баазын агуулахын ажилчдыг гэрчээр асуух замаар “одоо хадгалагдаж буй  барагшун хэзээнээс хадгалагдаж байсан” эсэх болон “цагдаагийн албан хаагчид анх хэмжилт хийгээгүй” болох нь тодорхой тогтоогдох боломжтой юм.

12. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд даалгавар өгөх замаар эдгээр хүмүүсийг гэрчээр асуух боломжтой. Гэтэл давж заалдах шатны шүүхээс барагшуны хэмжээг эргэлзээтэй, зөрүүтэй хэмээн үзсэн хэрнээ хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаагаагүй нь үндэслэлгүй юм. Бидний зүгээс дараах үндэслэл, шалтгаануудын улмаас барагшуны хэмжээг тодруулах нь маргаанд ач холбогдолгүй гэж үзсэн. 1-д. хэмжилт хийх нь Цагдаагийн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй бөгөөд үүнийг өөрсдөө ч албан бичигтээ дурдсан, 2-т. Цагдаагийн байгууллага 50 тн гэх хэмжилт буруу болох талаар хариу өгсөн /116 тн гэж/, 3-д. 200 тн барагшуныг түүсэн гэх улсын байцаагчийн дүгнэлт байгаа, 4-т. Яам маргаан бүхий захиргааны актаар зөвшөөрөл олгохоос татгалзахдаа барагшуны хэмжээг үндэслэл болгоогүй, харин гадаад улсад гаргахыг хориглосон гэх үндэслэлээр татгалзсан, 5-д. Шүүхийн нотлох баримт цуглуулах ажиллагааны явцад барагшуны хэмжээг тодруулахад 142 тн гэж тогтоогдсон бөгөөд үүнтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй, үгүйсгээгүй, ямар нэгэн хүсэлт гаргаагүй.

13. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д барагшуны хэмжээг “116.07 тн” гэснийг “142.32 тн” хэмээн өөрчлөх, хэрэв барагшуны хэмжээ эргэлзээтэй гэж үзвэл хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 14. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 15. “Н” ХХК-ийн түүж бэлтгэсэн 142.32 тн барагшуныг экспортод гаргахаас татгалзах үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн “Барагшуныг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай А/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 495 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

16. Иймээс уг тушаалыг үндэслэн нэхэмжлэгчийн “142.32 тн барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг хүссэн” хүсэлтэд татгалзсан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 06/2874 дүгээр шийдвэр хууль ёсны талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

17. Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь дээрх сайдын тушаал батлагдахаас өмнө түүж бэлтгэсэн 142.32 тн барагшуныг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгуулахыг зорьж байгаа бөгөөд “даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэр гарах үеийн хууль тогтоомжийн дагуу, хэрэв эрх зүйн орчин өөрчлөгдсөн бол түүний дагуу шийдвэрлэдэг. Учир нь, захиргааны байгууллагаар гаргуулахыг шаардаж буй акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцсэн байх учиртай.

18. Иймд, “... “зөвхөн хориглосон шийдвэр гарахаас өмнө түүж бэлтгэсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн одоо агуулахад байгаа гэх барагшуны хэмжээгээр экспортод гаргах зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй..., мөн хориглосон шийдвэрийн хүрээнд /хариуцагч/ зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн /нэхэмжлэгчид/ 50 тн барагшуныг хориглосон хугацаанд экспортод гаргахыг зөвшөөрсөн зэргээс үзэхэд дахин нэмж экспортод гаргах зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн...” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... “Н” ХХК-ийн түүж бэлтгэсэн барагшуны хэмжээг Цагдаагийн байгууллага тогтоох чиг үүрэггүй талаарх, сайдын тушаал гарахаас өмнө тус компанийн түүж бэлтгэсэн барагшуны хэмжээг шүүх дүгнэхдээ байгаль орчны улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэх ёстой байсан талаарх, хэрэв хэмжээг эргэлзээтэй гэж үзсэн бол шүүх нотлох үүргийн дагуу хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах ёстой байсан...” гэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хяналтын гомдлыг /Тодорхойлох хэсгийн 5-9, 11-12/ хангах үндэслэлгүй.

19. Ийнхүү нэгэнт давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны гэж хяналтын шатны шүүхээс дүгнэж буй тул “... шүүгч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар шүүхийн шийдвэрийг сонсгосон хэрнээ бичгээр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах агуулгаар бичсэн нь процессын зөрчил тул анхан шатны шүүхийн шийдвэрийн алдааг засаж, “116.07 тн барагшун” гэснийг “142.32 тн барагшун” гэж өөрчлөх...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хяналтын гомдлыг хангах боломжгүй.

20. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүний олонхи нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 591 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ