Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 816

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: “Ц*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн “Ц” ХХК-ийн NM-******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “Тус компани нь өөрийн эзэмшлийн ХУ-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохыг хүссэн өргөдлийг холбогдох материалын хамт Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлж, улмаар бүртгэлийн NM-******* дугаар авсан.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэх хуулийн хугацааг ажлын 20 өдөр гэж Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан боловч энэ хугацаанд манай өргөдлийг хүлээн авах эсэх, мөн түүнчлэн  ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсхүл татгалзах тухай ямар нэгэн мэдэгдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс бичгээр болон бусад хэлбэрээр ирүүлээгүй болно.

Иймд бид явц байдлыг тодруулах зорилгоор 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/1069 албан бичгээр хандсан боловч Ашигт малтмал газрын Кадастрын хэлтсээс ямар нэг хариу аваагүй тул Ашигт малтмалын газрын даргад энэ асуудлаар 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 01/1134 тоот албан бичгээр гомдол гаргасан болно.

Гэвч бидний гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т заасан хугацаанд хянан шийдвэрлэж ямар нэг хариу ирүүлээгүй болно. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн энэхүү эс үйлдлийн улмаас тус компанийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д заасан “...хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах" эрх зөрчигдөж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт тайлбартаа:  “...Нэхэмжлэгч нь ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд олж илрүүлсэн нүүрсний нөөцийг Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № XX-27-02 дүгнэлтээр хүлээн авсан.

Ийнхүү нөөц нь тогтоогдсон ордыг Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д заасны дагуу "...хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөөшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах" боломж тухайн үеийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн зохицуулалтын улмаас хэрэгжих боломжгүй болсон хэдий ч нөгөө талаас энэ нөхцөл байдал нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 болон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан "...хайгуулын талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” бол тусгай зөвшөөрлийг цуцлах эсхүл уг тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр байх хуулийн тусгайлсан зохицуулалт үйлчлэх нөхцөл бий болсон.

Ийм нөхцөл байдалд нэхэмжлэгч тал уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусаагүй байхад буюү 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн 01/517 тоот албан бичгээр нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст тавьж, энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл уг тусгай зөвшөөрлийн хугацааг, мөн түүнчлэн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буюу нөхөх олговор авах хүсэлт гаргахаас нэг өдрийн өмнө мэдүүлээд байсан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн NМ-025521 дугаартай өргөдлийг тус тус түдгэлзүүлж өгөхийг хүссэн юм.

Кадастрын хэлтсээс 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6/784, 6/834 дугаартай хариу албан бичгүүддээ ХВ-******* тоот тусгай зөвшөөрөл нь "...нөхөн олговор олгогдох" үндэслэлтэй болохыг хүлээн зөвшөөрөхийн хамт уг тусгай зөвшөөрөл нь "...хүчин төгөлдөр хэвээр байна" гэсэн хариуг нэхэмжлэгч талд ирүүлсэн билээ. Нэхэмжлэгч тал ямар нэг нөхөх олговор аваагүй, харин Кадастрын хэлтсийн зүгээс ХВ-******* тусгай зөвшөөрлийг цуцлаагүй ирсэн болохыг энд онцлон тэмдэглэмээр байна.

Нэхэмжлэгч тал өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой дэлгэрэнгүй лавлагаа авах хүсэлтийг өмгөөллийн "Э" ХХН-өөр дамжуулан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст тавьсан юм. Энэ дагуу Кадастрын хэлтсээс 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6/4136 тоот албан бичгээр ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаанд ХВ-******* тоот тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бөгөөд нөхөх олговор олгох хүртэл хүчинтэй болохыг дахин нотолсон болно.

Нэхэмжлэгч тал энэ хугацаанд нөхөх олговор аваагүй ирсэн хэдий ч өөрөөс үл хамаарах шалтгаанаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг авах боломжгүй байсан нөхцөл байдал Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох түхай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсны үр дүнд бүрэн арилсан болно.

Тодруулбал, энэ хуулийн 1 дүгээр зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөоөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана" гэж заасны дагуу нэхэмжлэгч тал 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/645 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газарт өргөдөл гаргахдаа ХУ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах хүсэлтэй байгааг хүргүүлж шийдвэрлэж өгөхийг хүссэн. Энэ өргөдөлтэй холбогдуулан уг тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон тул өргөдлийг хүлээн авахаас татгалзсан эсхүл өөр бусад үндэслэлээр хянан шийдвэрлэх боломжгүй буюу татгалзсан ямар нэг хариу Ашигт малтмалын газраас ирүүлээгүй болохыг тэмдэглэмээр байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн, сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох түхай хүулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийн дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолооор батлагдсан хамгаалалтын бүсийн хилийн зааг Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орж улмаар ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй болсон. Энэ талаарх лавлагааг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 5/4612 тоот албан бичгээр авч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 болон 26 дугаар зүйлүүдэд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, анхан шатны шүүлт хийх, анхан шатны шүүлт хийсний дараа тодруулах ажиллагаа, улмаар өргөдлийн хариуг өргөдөл гаргагчид бичгээр мэдэгдэх гэсэн дөрвөн үе шат, дарааллын дагуу хянан шийдвэрлэхээр хуульчилсан.

Нэхэмжлэгч тал ашиглалтын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлснийг Ашигт малтмалын газрын  Кадастрын хэлтэс хүлээн авч NМ-******* бүртгэлийн дугаар олгосон. Хэрэв ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа дүуссан, хүчингүй болсон байсан бол ММ-******* дугаартай өргөдөл Ашигт малтмалын тухай хүүлийн 26 дугаар зүйлийн 26.1.2- т заасан анхан шатны шүүлт хүрэлгүй харин өргөдлийг хүлээн авч бүртгэх үе шатанд хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1 заасны дагуу "өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариу өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэл" үйлдэж өргөдлийг хаах байсан бөгөөд нэхэмжлэгч тал ийм мэдэгдэл аваагүй болно. 

Нэгэнт бүртгэгдсэн өргөдлийн хувьд анхан шатны шүүлт хийх бөгөөд ийнхүү шүүлт хийх асуудлын жагсаалтыг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т эцсийн байдлаар заахдаа тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй эсэхийг жагсаалтад оруулаагүй болно. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа тодруулбал зохих зүйлсийн жагсаалтад тусгай зөвшөөрөл хүчинтэй эсэх, хугацаа нь дууссан эсэх асуудлыг мөн нэг адил оруулаагүй байна. Иймд анхан шатны шүүлт хийхээс өмнө, өргөдлийг хүлээн авах шатанд тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй эсэх, хугацаа нь дууссан эсэхийг нягтлан шалгасан байхыг хуулиар шаардсан байна.

Нэхэмжлэгч талын NМ-******* дугаартай өргөдлийг Кадастрын хэлтэс хүлээн авч бүртгээд, анхан шатны шүүлт хийгээд улмаар ашиглалтын талбайн хэмжээг бууруулах шаардлагыг Ашигт малтмалын газрын Уулын хэлтсээс мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч тал 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлснийг тус хэлтсийн мэргэжилтэн Ц.Б*******т удирдлагаас нь цохож өгсөн нь Ашигт малтмалын газрын ирсэн бичгийн бүртгэлийн карт дээр тэмдэглэгдсэн байна. Өргөдлийн талбайн хэмжээг багасгах талаар хоёр дахь удаагийн шаардлагын дагуу ходбогдох өөрчлөлтийг хийж улмаар 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 01/925 тоот албан бичгээр хүргүүлснийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн авч, тус хэлтсийн мэргэжилтэн Ц.Б*******т удирдлагаас нь цохолт хийсэн нь Ашигт малтмалын газрын ирсэн бичгийн бүртгэлийн карт дээр тэмдэглэгдсэн байна.

Иймд хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн “Ц” ХХК-ийн NM-******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлагыг гаргасан.

Хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэлд: “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн “Ц*******” ХХК-ийн NМ-******* бүртгэлийн дугаартай өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхгүй байгаа Кадастрын хэлтсийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах тухай нэхэмжпэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 853 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших 7559.19 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийг анх “О*******” ХХК-д олгосон байна.

Цаашид шилжсээр “Т" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 166 дугаар шийдвэрээр “Ц*******” ХХК-нд шилжүүлсэн байна. 

“Ц*******” ХХК-ийн өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XB-******* тоот тусгай зөвшөөрлийн талбай дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2014 онд гаргасан.

Тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”, мөн зүйлийн 26.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн  26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараах зүйлийг тодруулна." гэж заасны дагуу өргөдлийн материалыг хянахад “Ц” ХХК-ийн нөөц бодуулсан талбай Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашипг малтмал хайх,  ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай бүхэлдээ давхцалтай байсан. 

Кадастрын хэлтэс тус компанийн өргөдлийг хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна. 

“Ц*******” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дахин гаргасан нь дараах үндэслэлээр хуулийн шаардлага хангаагүй байна.

1. “Ц*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрөл 2002 онд олгогдож Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5. дэх хэсэг “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах;” гэж заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 30-нд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа буюу хайгуулын нийт 12 жилийн хугацаа нь дуусгавар болсон нь тус хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэг “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэсэн үндэслэлийн дагуу тус компанийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох үндэслэлтэй юм.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлтийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон талбай дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан нь дээрх баримтаар нотлогдож байна. 

Иймд “Ц*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр “ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн “Ц” ХХК-ийн NM-******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэв.

“Ц” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж буй Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших талбай нь анх 7559.19 гектар хэмжээгээр  Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 853 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ХВ-******* тоот тусгай зөвшөөрлөөр “О*******” ХХК-д олгогдож, “О*******” ХХК-д 2003 оны 821 дүгээр шийдвэрээр,  “А*******” ХХК-д 2003 оны 1232 дугаар шийдвэрээр, “Айвенхоу майнз монголиа инк” ХХК-д 2005 оны 309 дүгээр шийдвэрээр, “Саусгоби сэндс” ХХК-д 2008 оны 856 дугаар шийдвэрээр, “Т" ХХК-д 2009 оны 584 дүгээр шийдвэрээр, “Ц” ХХК-д  2010 оны 166 дугаар шийдвэрээр тус тус шилжүүлжээ. 

Энэ хугацаанд Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2005 оны 1600 дугаар шийдвэрээр 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 2007 оны 2535 дугаар шийдвэрээр 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 2011 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 60 дугаар шийдвэрээр 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн АӨҮА-2011/09/159 дүгээр шийдвэрээр ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн АӨҮА-2011/09/159 дүгээр шийдвэрээр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний дагуу тусгай зөвшөөрлийн дуусах огноог 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус тус сунгасан байна.  

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн № XX-27-02 дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 566 дугаар тушаалаар “Ц*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XB-******* тоот тусгай зөвшөөрөл бүхий Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт орших Өвөлжөө уулын нүүрсний ордод 2010-2011 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнд тогтоосон нүүрсний нөөцийг  хүлээн авч бүртгэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д “хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах эрхтэй”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж зааснаар “Ц” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхтэй байна.  

“Ц*******” ХХК-ийн өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XB-******* тоот тусгай зөвшөөрлийн талбай дээрээ ашиглалтын өмнөх үйл ажиллагааны хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр “... Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, үйн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан хязгаарласан талбайтай давхцалтай” гэх үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т нэгэнт олгогдсон хайгуулын талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг уг хуулиар хориглосон талбайтай давхцсан бол нөхөх олговрыг олгож тусгай зөвшөөрлийг цуцлах, эсхүл буюу нөхөх олговор олгоогүй тохиолдолд уг тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр байхаар зохицуулсан ба “Ц” ХХК нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд буюу 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 01/517 тоот албан бичгээр “нөхөх олговор авах” хүсэлтээ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6/834 тоот албан бичгээр “ХВ-******* тоот тусгай зөвшөөрөл нь нөхөн олговрын асуудлыг шийдтэл хүчин төгөлдөр хэвээр” байхыг тодорхойлсон байна. 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийн дагуу Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан хамгаалалтын бүсийн хилийн заагт өөрчлөлт орж, улмаар ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй болсон нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 5/4612 тоот албан бичгээр тогтоогдож байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох түхай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар “Гол, мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана" гэж заасны дагуу “Ц” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01/645 тоот албан бичгээр “ХВ-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах” хүсэлтээ Ашигт малтмалын газарт илэрхийлж, улмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин гаргасан байна.

“Ц” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн авч бүртгэлийн NМ-******* дугаар олгон, анхан шатны шүүлт хийж, улмаар ашиглалтын талбайн хэмжээг бууруулах шаардлага тавьсны дагуу талбайн хэмжээг бууруулж 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/908 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн, өргөдлийн талбайн хэмжээг багасгах талаар хоёр дахь удаагийн шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтийг хийж талбайн хэмжээг дахин бууруулан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/925 тоот албан бичгээр мөн хүргүүлсэн нь Ашигт малтмалын газрын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хариуцагч ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй үндэслэлээ “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон талбай дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан нь хуулийн шаардлага хангаагүй” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь дээр дурдсанаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 6/834 тоот албан бичгээр ХВ-******* тоот тусгай зөвшөөрөл нь нөхөн олговрын асуудлыг шийдтэл хүчин төгөлдөр хэвээр байхыг тодорхойлсон, нөхөн олговрыг олгоогүй, мөн 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 6/4136 тоотоор “Ц*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XB-******* тоот тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр талаар лавлагаа гаргасан, одоог хүртэл мэдээллийн санд хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон талаар бүртгэлд тэмдэглэгдээгүй байх тул тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон гэж үзэхгүй.  

Ийнхүү хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн, анхан шатны шүүлт хийсэн, өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар мөн хуулийн 24, 25  дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгасан, 26.2-т заасан тодруулах ажиллагаа хийж, талбайн хэмжээг бууруулах шаардлага тавьж уг шаардлагаа хангуулсан атлаа 26.3-т заасан хугацаанд өргөдлийг шийдвэрлээгүй төдийгүй өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу хүссэн “Ц” ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01/1069 тоот албан бичигт мөн хариу өгөөгүй байх тул ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус байна. 

Иймд ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн “Ц” ХХК-ийн NM-******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн өргөдөл гаргасан солбицол бүхий хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах үндэслэлтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.3.2 дахь хэсэгт заасныг баримтлан ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн “Ц” ХХК-ийн NM-******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын ХВ-******* дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайн өргөдөл гаргасан солбицол бүхий хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА