Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0269

 

2018 оны 5 сарын 09 өдөр           

Дугаар 221/МА2018/0269

Улаанбаатар хот

“АМ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, өмгөөлөгч Ч.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “АМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ашигт малтмалын хайгуулын АА-000001, АА-0000002, АА-000003, АА-000004, АА-000005, АА-000006, АА-000007 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын АА-000008, АА-000009, АА-000010, АА-000005, АА-000011, АА-000012, АА-000013, АА-000014, АА-000015, АА-000016 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг даалгаж, ашигт малтмалын хайгуулын АА-000001, АА-0000002, ХV-017134, АА-000004, АА-000005, АА-000011, АА-000012, ХV-008953, АА-000014 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас АА-000015, АА-000016 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг болон хугацааг сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д ... тус тус хавсаргахыг шаардсан боловч энэ нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах үндэслэл болохоос биш өргөдлийг хүлээн авахгүй байх үндэслэл болохгүй гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах өргөдлийг захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасан. Үүнээс үзэхэд “АМ” ХХК нь сунгуулах өргөдлөө гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаж ажилласан бол сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Мөн шүүхээс хийсэн үзлэгээр ... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд хүчин төгөлдөр бүртгэлтэй, өөрөөр хэлбэл хугацаа дуусаж дуусгавар болсон, өөр үндэслэлээр цуцлагдсан төлөвгүй байна гэжээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн систем дээр тусгай зөвшөөрлийн бүртгэлийн төлөв ямар байдалтай байх нь хамаагүй, гол нь хуулийн хүчин төгөлдөр хугацаа учир дуусгавар болгосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “АМ” ХХК-аас арбитрын, эрүү, иргэн, захиргааны шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг бусдад шилжүүлэхгүй, барьцаалахгүй, цуцлахгүй, худалдахгүй, дуусгавар болгохгүй байх зэргээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан тул хугацааг сунгуулах эрхтэй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн ““АМ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын АА-000001, АА-0000002, АА-000003, АА-000004, АА-000005, АА-000011, АА-000007тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан өргөдлийг хариуцагч хүлээн авч шаардлага хангасан эсэхийг хянан шалгах эрх хэмжээтэй байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй хууль бус эс үйлдэхүй гаргажээ. Хариуцагч дээрх эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуульд заасанчлан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргах эрхээ эдлэх боломжгүйд хүрсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар анхан шатны шүүх тусгай зөвшөөрөл тус бүрээр холбогдох баримтыг үндэслэн зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн гомдлын “... “АМ” ХХК нь сунгуулах өргөдлөө гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллагаагүй тул өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй ... 22.1 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаж ажилласан бол сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Учир нь хариуцагч нь өргөдлийг хүлээн авч, судалж шийдвэрлэхгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй.

““АМ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын АА-000001, АА-0000002, ХV-017134, АА-000004, АА-000005, АА-000011, АА-000012, ХV-008953, АА-000014 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх байхаар хуульчилсан хэдий ч мөн хуулийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ”, 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж зааснаас үзвэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, шийдвэрлэх нь хариуцагчийн эрх, хэмжээний асуудал байна.

Анхан шатны шүүх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авахыг даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн  “АМ” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын АА-000008, АА-000009, АА-000010, АА-000005, АА-000011, АА-000012, АА-000013, АА-000014, АА-000015, АА-000016 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг даалгах” шаардлагыг хангасан буруу байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох /сунгах нь үүнд хамаарна/ асуудлыг кадастрын асуудал хариуцсан нэгж эрхлэхээр зохицуулсан тул хуульд заасан шаардлага бүрэн хангагдсан эсэх, зөрчил байгаа эсэхийг нягталсны үндсэн дээр өргөдлийг шийдвэрлэх нь хуулиар олгогдсон захиргааны байгууллагын эрх хэмжээ байна.

Иймд тухайн тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг шууд даалгах боломжгүй. Энэ нь захиргааны байгууллага өргөдлийг хүлээн авсны үндсэн дээр тооцох эсэхийг шийдвэрлэх ёстой асуудал байх тул нэхэмжлэлийн шаардлагын дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагчаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй тул гомдлын “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн систем дээр тусгай зөвшөөрлийн бүртгэлийн төлөв ямар байдалтай байх нь хамаагүй, гол нь хуулийн хүчин төгөлдөр хугацаа дууссан учир дуусгавар болсон” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт АА-000011 тоот тусгай зөвшөөрлийн дугаарыг буруу бичсэнийг тэмдэглэж, нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийн АА-000015, АА-000016 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг болон хугацааг сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргаагүй болохыг дурдав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0075 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ашигт малтмалын хайгуулын АА-000001, АА-0000002, АА-000003, АА-000004, АА-000005, АА-000011, АА-000007тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын АА-000001, АА-0000002, ХV-017134, АА-000004, АА-000005, АА-000011, АА-000012, ХV-008953, АА-000014 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж, ашигт малтмалын хайгуулын АА-000008, АА-000009, АА-000010, АА-000005, АА-000011, АА-000012, АА-000013, АА-000014, АА-000015, АА-000016 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тооцохыг, АА-000015, АА-000016 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ