Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00174

 

Б.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00440 дүгээр шийдвэр,        

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 106 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Одонцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтэст холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Одонцэцэг би Татварын хэлтсийн даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Татварын хэлтэст үйлчлэгч, сахиулаар орж ажилласан. Миний бие 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр охин Цэлмүүнийг төрүүлж жирэмсний амралтаа авч, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Намайг Татварын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай тушаалаар 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Би тус ажлаас чөлөөлсөн тушаалыг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Миний бие 3 нас хүрээгүй хүүхэдтэй эх бөгөөд ажлаас халагдсан тушаал нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа тул намайг Ховд аймгийн Татварын хэлтсийн үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Намайг тус хэлтсийн сахиулын ажилд томилж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус хэлтсийн үйлчлэгч сахиулаар ажиллаж байсан М.Содхүүг 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/25 дугаартай тус хэлтсийн даргын тушаалаар халсан. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 148 дугаартай захирамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч З.Долгор шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай хэлтсийн даргын тушаалаар үйлчлэгч, сахиул М.Содхүүг эгүүлэн томилсон.Иймд сахиулаар ажиллаж байсан Б.Одонцэцэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.5-д заасан үндэслэл бий болсон тул хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болно гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00440 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Илчийнхэн овогт Баатарбилэгийн Одонцэцэгийг Ховд аймгийн Татварын хэлтсийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Одонцэцэгийн ажилгүй байсан хугацааны олговорт 3 882 720 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч Б.Одонцэцэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.Одонцэцэгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтэст үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Одонцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид 147 273 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 106 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 153/ШШ2016/00440 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Одонцэцэгийн хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа тус тус тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурджээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэдэг үндэслэлээр хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна. ...Ховд аймгийн Татварын хэлтэс 2014, 2015 оны байгууллагын бүтэц албан хаагчдын орон тооны дээд хязгаарыг 48 байхаар баталсан ба үйлчлэгч 1, сахиул 1 гэсэн бүтэцтэйгээр ажиллаж, үйлчлэгчээр Б.Сайханцэцэг, сахиулаар Б.Одонцэцэг нар ажиллаж байсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогддог. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Ховд аймгийн Татварын хэлтэст үйлчлэгч сахиулаар ажиллаж байгаад ажлаас халагдсан М.Содхүүг шүүгчийн захирамжийн дагуу урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоож Б.Одонцэцэгийг тус хэлтсийн үйлчлэгч, сахиулын ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байна гэсэн дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчиж байна.Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүх М.Содхүүгийн нэхэмжлэлийг хянан хэлэлцээд 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 682 дугаартай захирамжаар Ховд аймгийн Татварын хэлсийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн авах, ажилгүй байсан хугацааны цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгохоор эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа. М.Содхүүг ажилдаа эргэн орох үед буюу 2014, 2015 онд Ховд аймгийн Татварын хэлтэс 48 орон тоотой ажиллаж байсан ба сахиул, үйлчлэгч гэсэн хоёр тусдаа орон тоотой байсан нь нотлох баримтаар нотлогддог.Ховд аймгийн татварын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрсөн байхад шүүх хуулийг үндэслэлгүй байгууллагын бүтэц, орон тооны хязгаарыг үндэслэн урьд нь гарсан шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлан хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Одонцэцэг нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, хариуцагч Ховд аймгийн Татварын хэлтэст холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Одонцэцэг нь үйлчлэгч, сахиулын ажлаас 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр халагдсан М.Содхүүгийн оронд ажилд орсон болох нь тогтоогдсон ба М.Содхүүг Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүх шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 682 дугаар захирамжаар ажилд эгүүлэн тогтоосон тул ажил олгогч М.Содхүүг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б\24 дугаар тушаалаар ажилд нь буцаан томилжээ. Ийнхүү М.Содхүүг хуучин эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан түүний ажилд шинээр авсан Б.Одонцэцэгийг мөн тушаалаар ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2., 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд нийцүүлэн тайлбарлан хэрэглэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд ажил олгогч түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх ёстой.

Нэхэмжлэгч Б.Одонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ өөрийгөө ажлаас буруу халагдсан гэж үзэж, эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан ба харин “бололцооны дагуу өөр ажил олж өгөх”-ийг ажил олгогчоос шаардаагүй байна.

Давж заалдах шатны шүүх  шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 106 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН