| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Зүмбэрэл |
| Хэргийн индекс | 192/2025/03114/И |
| Дугаар | 192/ШШ2025/06946 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/06946
| 2025 09 08 | 192/ШШ2025/06946 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: с.м нэхэмжлэлтэй,
Хариуцагч: т.с
Хариуцагч: н.ж нарт холбогдох,
Барилгын талбай шилжүүлэн өгөхийг даалгуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М..хариуцагч Н.Ж.., хариуцагч Т.С..итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н.., түүний өмгөөлөгч З.А..шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Х..нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Н..овогтой өөрийн өмчлөлийн газар дээр 6 давхар үйлчилгээний зориулалттай объект барьж хамтран ашиглах хэлбэрээр хамтын үйл ажиллагааг явуулахаар Т.С...хамтран ажиллах гэрээг 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан, гэрээний Б тал болох Т.С...6 давхар объект барих бүх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, А тал болох Н.Ж.. өөрийн өмчлөлийн газраа Б талтай зөвшилцөхгүйгээр ямар нэг гэрээ хэлцэл хийхгүй байх тус тус үүрэг хүлээсэн. Дээрх гэрээний үйлчлэх хугацаа дууссан, мөн хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээгүй байсан тул 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин хамтран ажиллах гэрээг 6 сарын хугацаагаар байгуулсан. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дахин хамтран ажиллах гэрээ байгуулж хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийн эзэмших хэмжээ, талуудын гэрээний дагуу төлөх төлбөр зэрэг асуудлыг зохицуулсан бөгөөд А тал буюу Н.Ж.. нийт хөрөнгийн 80 хувь, Б тал буюу Т.С..нийт хөрөнгийн 20 хувийг тус тус эзэмшинэ, А талын нэр дээр 1 давхрын 60 м.кв, 2 давхрын 100 м.кв талбайг шилжүүлэх, Б тал А талын орон сууцны түрээс болон гуазны орлогыг тооцож төлнө гэж талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэг талаас Т.С.., нөгөө талаас Н.Ж.., С.М.. нар хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцлийн дагуу Н.Ж.. барилгын 1, 2 давхрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, уг 1, 2 давхрыг С.М..ын нэр дээр шилжүүлэн өгнө, Т.С..1, 2 давхрыг С.М..т шилжүүлэн өгөхөд ямар нэгэн хориг саад болохгүй байхаар талууд харилцан тохиролцсон байдаг. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хамтран ажиллах гэрээгээр А тал буюу Н.Ж..нийт хөрөнгийн 80 хувь, Б тал буюу Т.С..нийт хөрөнгийн 20 хувийг ..талбайг шилжүүлнэ, мөн 2019 оны 09 сарын 02-ны өдрийн хэлцлийн дагуу .. байрлах газар дээр баригдсан барилгын 1 давхрын .. 2 давхрын .. талбайг Н.Ж..н нэр дээр шилжүүлнэ, Н.Ж.. 1,2 давхрыг С.М..т шилжүүлэн өгөхөд ямар нэгэн хориг саад болохгүй гэсэн үүргийг тус тус хүлээсэн боловч Т.С..дээрх гэрээнүүдийн дагуу тохиролцсон хувь хэмжээгээ гэрээ бүхий талуудад мэдэгдэлгүй гуравдагч этгээдэд шилжүүлэн өгч зарж борлуулаад орлогоо олж өнөөг хүрч нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхийг зөрчиж байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч С.М.. 2023 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 16-ны өдрийн ..тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Тухайн захирамжд дурьдагдсан өөр хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг хэрэгт нэхэмжлэгч С.М..г бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч зохигчид эвлэрсэн тул хүсэлтээсээ татгалзсан байдаг. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байсан маргааны зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болно. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцлийн дагуу Н.Ж..барилгын 1, 2 давхрыг С.М..т шилжүүлэн өгөхөд ямар нэгэн хориг саад болохгүй гэсэн үүргийг Т.С..хүлээсэн боловч уг үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй барилгын 1 давхрын 60 м.кв, 2 давхрын ... талбайг бусдад эзэмшиж ашиглуулан сүүлийн 3 жилийн турш орлого олж байгаа бөгөөд одоо ч гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа. С.М.. Т.С.., Н.Ж..нараас дээрх барилгын ... давхрын талбайг шилжүүлэн өгөхийг шаардахад барилгын төлбөр тооцоо дуусаагүй байгаа, дуусахаар нь шилжүүлж өгнө гэсэн амлалт удаа дараа өгч байгаа боловч өнөөг хүртэл шилжүүлж өгөхгүй байгаа учраас нэхэмжлэл гаргаж байгаа. Т.С..2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцлийн дагуу Н.Ж.. барилгын .. талбайг С.М..т шилжүүлэн өгөхөд хориг саад болохгүй гэсэн үүргээ биелүүлэхгүй байх тул 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцлийн дагуу 1 давхрын .. 2 давхрын .. талбайг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцлийн дагуу С.М..н нэр дээр шилжүүлэн өгөхийг Т.С.., Н.Ж.. нарт даалгаж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Н.Ж.. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие талбайн 1, 2 давхрыг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй. Т.С..миний газар дээр барилга барина гэж над дээр ирэхдээ хоёулаа эхлээд чиний газрын гэрчилгээ дээр миний нэрийг бичүүлээд хамтран эзэмшигч болоод, хөрөнгө босгоё гэсэн. Тэгээд газрын хамтран эзэмшигчээр болоод 6 сарын хугацаанд мөнгө босгох гэж яваад мөнгө олдохгүй байна. Манай нэг Н.Г.. гэдэг ах худалдах, худалдан авах гэрээ хийж байж мөнгө өгөхөөр болсон. Тэгээд хоёулаа найзууд учраас ямар ч асуудалгүй. Чи худалдах, худалдан гэрээ хийчихвэл хоёулаа барилгаа барьж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь багын найз юм чинь болж байна. Би чамд итгээд хийе эхлээд хоёулаа хамтран ажиллах гэрээгээ байгуулчихъя гэсэн. Тус гэрээндээ би баригдсан барилгынхаа 1, 2 давхрыг авна гэсэн тохиролцоод хамтран ажиллах гэрээгээ хийсэн. Мөн газар худалдах, худалдан авах гэрээгээ Н.Г..тэй хийсэн. Тэгээд хамтран ажиллах гэрээний дагуу барилгаа ашиглалтад ороод дотор нь хүн орж байгаа учраас 1, 2 давхраа С.М-т 300,000,000 төгрөгөөр зарсан. Т.С..барилгыг барьж байгаа учраас 1, 2 давхрыг хүлээлгэж өгөх үүрэгтэй. Би 1, 2 давхраа зарсан учраас Т.С..г С.М..т хүлээлгэж өгөхийг шаардсан.” гэжээ.
Хариуцагч Т.С..итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Т.С..нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг хэлцэл нь 2019 онд хийгдсэн. Т.С.., Н.Ж.. хоёр бол 2015 онд газраа зарсан. 2016 онд тус газар дээр барилга эхэлсэн. 2017 онд уг газрыг Н.Г..нь г.Б гэдэг хүнд зарчихсан. Т.С энэ объектоо шилжүүлж өгсөн учраас өөр дээр нь байхгүй. Мөн энэ наймаанаас 300,000,000 төгрөгөөс нэг төгрөг ч аваагүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хэлцэл, итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ..дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ..дүгээр шүүгчийн захирамж, хариуцагч нараас итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг гаргуулж, үзлэг хийжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч С.М..нь .. талбай, 2 дугаар давхрын 100 м.кв талбайг шилжүүлэн өгөхийг Т.С.., Н.Ж.. нарт даалгуулахаар шаардсаныг хариуцагч Н.Ж..зөвшөөрсөн бол хариуцагч Т.С..эс зөвшөөрч, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, барилга Н.Г..н өмчлөлд шилжсэн гэж маргажээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.М. болон хариуцагч Т.С., Н.Ж.нар 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хэлцэлдээ ...үйлчилгээний зориулалттай барилгыг Т.С.барьж гүйцэтгэж байгаа бөгөөд тухайн оффисын газрыг Н.Ж. гаргасан гаргасан бөгөөд газар шилжүүлсний төлбөрт тухайн оффисын барилгын 1, 2 дугаар давхрыг барилга баригдсаны дараа өөрийн нэр дээр шилжүүлэн авна. Н.Ж. нь өөрийн авах ёстой 1, 2 дугаар давхрыг С.М..т шилжүүлж худалдахаар талууд тохиролцсон. Тухайн худалдаж байгаа 1, 2 дугаар давхрыг шилжүүлэхэд Т.С..нь ямар ч хориг саад болохгүй. Н.Ж.. нь худалдсаны төлбөр болох 300,000,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авна. Барилга ашиглалтад ороход Т.С..нь С.М..н нэр дээр бичиг баримтыг гаргаж 1, 2 давхрыг шилжүүлж өгөхөөр тохиролцов” гэжээ. /хэргийн 6 тал/ Энэхүү хэлцлийн дагуу нэхэмжлэгч С.М.. болон хариуцагч Н.Ж.. нар гэрээний үүргээ биелүүлжээ. Зохигч энэ талаар маргаагүй болно.
Дээрх гэрээний дагуу Н.Ж.. нь Т.С..д холбогдуулан 1 дүгээр давхрын .. талбай, 2 дугаар давхрын .. талбайг шилжүүлэн өгөхийг даалгахаар шаардлага гаргасан боловч энэхүү шаардлагаасаа татгалзаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн .. дугаар захирамжаар эвлэрэн хэлэлцжээ. /хэргийн 8-9 тал/
Эрхийн улсын бүртгэлийн .. дугаартай, .. үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Н.Г..2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгджээ. /хэргийн 23 тал/
Улмаар Н.Г..нь барилгыг үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Б.Б..т 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлжээ. /хэргийн 28,39,49/
7. Нэхэмжлэгч С.М. болон хариуцагч Т.С., Н.Ж. нар 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр .. давхрыг барилгыг 300,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
8. Гэхдээ зохигчийн хооронд байгуулсан гэрээ тэдгээрийн хооронд хүчинтэй бөгөөд өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур, өмчлөгч мэдээгүй, зөвшөөрөөгүй байхад өмчлөх эрх бусдад шилжиж болохгүй юм.
Маргаан бүхий орон сууцны 1,2 дугаар давхрын талбай буюу эрхийн улсын бүртгэлийн.дугаартай, ...үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Н.Г 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлж, Б.Б-т 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр худалджээ.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” зааснаар Б.Б нь өөрийн өмчлөлийн орон сууцны талбайг хэнд, хэзээ, ямар нөхцөлөөр худалдахаа шийдэх эрхтэй бөгөөд үүнийг зөрчсөн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” зааснаар хүчин төгөлдөр бус болно.
Нэхэмжлэгч С.М. нь Т.С, Н.Ж нартай гэрээ байгуулсан боловч Б.Б...с зөвшөөрөл аваагүй, Б.Б..с Т.С..д эрх шилжүүлсэн баримтгүй тул барилгын талбай худалдах, худалдан авах гэрээний дагуу барилгын талбайн өмчлөх эрх шилжсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
9. Иймд хариуцагч Т.С..нь маргаан бүхий барилгын талбайг худалдах эрхгүй этгээд байсан тул .. талбайг шилжүүлэн өгөхийг Т.С, Н.Ж нарт даалгуулах өмчлөгчийн эрхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан..талбайг шилжүүлэн өгөхийг Т.С, Н.Ж нарт даалгуулах тухай С.М..н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЗҮМБЭРЭЛ