Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00390

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00390

 

 

 

Д.Цэрэнбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03847 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Цэрэнбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Энхзулд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Цэрэнбат нь хариуцагч Б.Энхзулд 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 45 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлсэн болно. Зээлдэгч Б.Энхзул нь 2016 оны эхээр 27 000 000 төгрөгийг цувуулж төлсөн бөгөөд үүнээс хойш 1 жил гаруйн хугацаанд хөөцөлдсөн боловч үлдэгдэл мөнгөө авч чадахгүй байна. Зээлийн гэрээний 2.7-д 0.5 хувийн алданги тооцно гэж тохиролцсон бөгөөд төлөгдөөгүй 18 000 000 төгрөг болон алданги болох 9 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Энхзул шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Цэрэнбат, Б.Энхзул нарын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл юм. Учир нь Д.Цэрэнбат анх Улаанбаатар палас ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан 460,6 м.кв талбайг шөнийн клубийн зориулалтаар ашиглахаар тохиролцож олон жил түрээсээр ажиллуулсан. Тухайн үед Б.Энхзул Д.Цэрэнбатын түрээсэлж байсан шөнийн клубт ажиллаж байсан ба Д.Цэрэнбат ажиллуулж чадахгүй байснаас 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Д.Цэрэнбатаас түрээсэлсэн. Д.Цэрэнбат Улаанбаатар палас ХХК-тай түрээсийн гэрээтэй гэдгээ хэлэхгүй давхар түрээслэж нэг дахин илүү түрээс авч байсан. /10 00 000 төгрөг/ Анх Д.Цэрэнбат уг бааранд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийг өөрийнх нь гэж хэлээд бид тохиролцож нийт 45 000 000 төгрөгөөр зарахаар болсон нотариатын газарт ороод зээлийн гэрээ хийсэн. Бодит байдал дээр 45 000 000 төгрөг зээлж мөнгө хүлээж авсан өгсөн асуудал огт болоогүй. Харин Д.Цэрэнбатад ажиллахгүй байгаа тоног төхөөрөмжөө өөрөө ав гэсний дагуу 45 000 000 төгрөгөөс хасаад 33 000 000 төгрөг болгож төлөхөөр тохиролцсон. Тоног төхөөрөмжийн төлбөр болгож Д.Цэрэнбатад 27 000 000 төгрөгийг төлсөн. Гэтэл өнөөдрийн байдлаар тэдгээр тоног төхөөрөмжийг Улаанбаатар палас ХХК манайх гэдэг, иргэн н.Баярхүү миний тоног төхөөрөмж би авна гэж маргадаг. Энэ бүхний эцэст Д.Цэрэнбатад итгэж тоног төхөөрөмжийн үнэ гэж 27 000 000 төгрөг өгснөөрөө хохирч байна. Уг тоног төхөөрөмжүүд нь олон жил ашиглагдсан, зарим нь ажилладаггүй, олон удаа засварт оруулсан. Гэтэл Д.Цэрэнбат зээлийн гэрээ хийж 45 000 000 төгрөг өгсөн гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Энхзулаас зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цэрэнбатад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхзулаас улсын тэмдэгтийн хураамжид 292 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цэрэнбатад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Б.Энхзулын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хариу тайлбартай тодорхой бичиж мөн хурал давхардаж байгаа тухай хүсэлтээ, хурлын товыг хавсаргаж өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариу тайлбараа өгөхөөр очиход маргааш нь 11 цаг 30 минутад хурал зарлагдсан байсан миний Баянгол дүүргийн шүүхэд 09 цаг 00 минутад болох хуралтай давхцаж амжиж ирэхгүй байх нөхцөл байсан. Гэтэл шүүх хурлын тэмдэглэлд Баянгол дүүргийн шүүгч н.Мөнхтөрийн туслахаас тодруулсан 09:00 минутанд хойшилсон гэсэн хариу өгөв гэсэн байна. Энэ хурал нь заал байхгүй өмнөх хурал тарахгүй хүлээж байгаад заал гарахгүй болохлоор шүүгч өрөөндөө хурал хийж хариуцагчийн өмгөөлөгч хурал давхардсан хүсэлтээр хурал ороод хойшилсон хурлын дараа хариуцагч өмгөөлөгч оролцуулах шаардлагагүй өгсөн авсанаа тулгаад хүү алданги багасгавал эвлэрэх хүсэлтэй байна гэсэн ингээд эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрсэн Баянгол дүүргийн шүүхээс 11 цаг 20 минутад гараад Баянзүрх дүүргийн шүүхэд 11 цаг 50 минутад ирэхэд хурал орсон байсан. Хэрвээ намайг хүлээсэн бол утсаар залгаж асууж болох байсан би утсаар хэлэх гэсэн боловч Б.Ундраа шүүгчийн туслах М.Энхмаа надруу битгий залга би өвчтэй байгаа гэсэн тухайн үед түр орлож байсан туслахаас утсаа өгөөч гэхэд би албан ёсоор орлоогүй тул утас өгөх боломжгүй гэсэн ингээд би холбогдож чадаагүй. Хурлын тэмдэглэлд яагаад худлаа зүйл бичсэнийг ойлгохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна гэж заасан байхад 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5 дах хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах үндсэн зарчмыг алдагдуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дэх хэсэгт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямарч нотлох баримт байхгүй гэж заасан байхад Зээлийн гэрээг шууд нотлох баримт гэж үзсэн. Д.Цэрэнбат, Б.Энхзул нарын байгуулсан зээлийн гэрээ гэх баримт нь гарын үсэг зурсан болохоос биш 45 000 000 төгрөгийг хүлээж авсан хүлээлгэж өгсөн талаар баримт байхгүй.

Шүүх хурлын тэмдэглэлд Д.Цэрэнбат 45 000 000 төгрөг бэлнээр өгсөн, Энхзулийн хувьд шөнийн клуб байгуулж үйл ажиллагаагаа шинээр эхлүүлэх гэж байгаа тул мөнгө хэрэгтэй гэхээр нь зээлсэн гэжээ. Б.Энхзул шөнийн клуб ажиллуулаад 9 cap болчихсон үйл ажиллагаа нь тогтвортой тодорхой хэмжээний ашиг орлоготой байхад Д.Цэрэнбатаас 45 000 000 төгрөг зээлэх шаардлага байгаагүй.

Шүүхийн зүгээс 45 000 000 төгрөгийг ямар эх үүсвэрээс гаргаж өгсөн өөрт нь байсан юм уу данснаас гарсан эсэх талаар огт тодруулаагүй энэ тухай асуугаагүй. Хариуцагч хариу тайлбартаа зээлийн гэрээнд бичигдсэн 45 000 000 төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй гэж бичсээр байхад шүүх зээлийн гэрээ гэх зүйлийг шууд нотлох баримт гэж үнэлсэн нь хэтэрхий нэг талыг барьсан Д.Цэрэнбатын дансны хуулгыг шүүхийн журмаар гаргуулсан бол тодорхой харагдах байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс нэхэмжлэлээ ирж гардаж ав гэж ярьсан өдөр нь Б.Энхзул гардаж аваад 14 хоногийн дотор хариу тайлбараа өгөх гээд хэд хэдэн удаа очсон боловч шүүгчийн туслах чөлөө авсан байхгүй байсан.

2017 оны 11 дүгээр сарын 28-нд сүүлчийн өдөр нь хүлээж байгаад түр орлох нэг туслах байсан учир түүнд өгч хэргийн материалтай танилцахад маргааш нь хурал зарлагдсан байсан тул тайлбартаа сөрөг нэхэмжлэл гарган биечлэн оролцох боломжоор хангах тухай бичсэн ба иргэний хэргийн шүүхийн гол зарчим болох талуудад мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх боломжийг олгосонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон шүүх хурлын тэмдэглэлтэй танилцах гэхэд хурлын нарийн бичгийн даргаар Баянзүрх дүүргийн шүүхийн бичиг хүргэгч н.Баттөр орсон байсан ба нэг сарын хугацаа буюу 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хурлын тэмдэглэлтэй танилцсан.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дах хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй. Хариуцагчийг сөрөг нэхэмжлэл гаргах үүнтэй холбоотой нотлох баримт гаргах, гэрч оролцуулах, өмгөөлөгч авах, эрхээр нь хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж хэтэрхий нэг талд давуу байдал олгож шийдвэр гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна гэж заасан байхад энэ шаардлагыг хангасангүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна 116.3 дах хэсэгт шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан байхад шүүгч нэхэмжлэгчийн зээлийн гэрээ гэх гарын үсэг зурсан зүйлийг нотлох баримтын хэмжээнд үнэлж хурлын тэмдэглэлээс харахад шүүгч өөрөө хөтөлсөн асуулт тавьж нэхэмжлэгч Д.Цэрэнбат болоод түүний өмгөөлөгчөөс асуулт хариулт авах журмаар хэргийг хянан шийдвэрлэж дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзсэн. Д.Цэрэнбатад тоног төхөөрөмжийн үнэ гэж өгсөн 27 000 000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь юу гэж бичсэнийг яагаад асуугаагүй Д.Цэрэнбат яагаад шүүхэд гаргаж өгөхгүй байгаа, нэгч төгрөг аваагүй байхад шүүгч үндсэн мөнгө 18 000 000 алданги 9 000 000 төгрөг нийт 27 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэсэн шийдвэр нь хуулинд нийцэх нь бүү хэл хариуцагчийн эрхийг ноцтой зөрчиж, өр төлбөрт оруулж байгаа байдлаас үзэхэд шүүгч хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх зарчмын дагуу талуудад мэтгэлцэх, нотлох баримтаа гаргаж нотлох боломжоор хангаж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Цэрэнбат нь хариуцагч Б.Энхзулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, мөнгөн хөрөнгийг зээлээгүй, бодитоор шилжүүлж өгөөгүй гэж маргажээ.

Хэргийн 4 дүгээр талд Д.Цэрэнбат, Б.Энхзул нарын хооронд байгуулагдсан гэх 45 000 000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 21-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хугацаагаар хүүгүйгээр зээлсэн тухай зээлийн гэрээ авагдсан. Гэрээний 2.5-т ... өдөр бэлнээр олгосон болно гэжээ.

Гэтэл талууд 45 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн эсэх, зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргасан байна.

Хариуцагч талуудын хооронд түрээсийн гэрээгээр тоног төхөөрөмжийн төлбөрийн тооцоо байсан гэж тайлбарлаж, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардаж маргаж байхад шүүх маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь алдаатай болжээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт зээлийн мөнгийг бодитоор шилжүүлсэн, зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох баримтгүй байхад нэхэмжлэгчийг хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзсэн нь учир дутагдалтай юм.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 09 цаг 00 минутад шүүх хуралдаантай, шүүх хуралдаан давхацсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тухайгаа мэдэгдсэн, нотлох баримтаар нотолсон атал түүнийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй байна. /Х.х-ийн 19-20 дугаар тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрх зөрчигдсөн гэж үзэхээр байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03847 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 292 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Б.НАРМАНДАХ