| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/04547/И |
| Дугаар | 192/ШШ2025/09446 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/09446
2025 11 13 192/ШШ2025/09446
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 04 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,, 104 дүгээр байранд байрлах “СН трейд” ХХК (РД:5177456)-нд холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаа хожимдуулсны төлбөрт 39,623,600 төгрөг гаргуулах тухай үндсэн,
Тохиролцооны гэрээнээс татгалзаж, 70,933,723.5 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.
Нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаа хожимдуулсны төлбөрт 39,623,600 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлсон. Үүнд:
1.1.Хариуцагч компанитай 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С-2022/0115 дугаартай орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******,*******ны нутаг дэвсгэрт баригдах 234 айлын “River castel apartment” орон сууцны В блок, 20 дугаар давхар, 136 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 544,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлсөн боловч хариуцагч компани нь уг орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд хүлээлгэн өгөх үүргээ зөрчиж 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн. Иймд гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний торгууль 29,123,600 төгрөг, хэтэрсэн хугацаанд орон сууц түрээсэлсний төлбөрт төлсөн 4,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс төлсний 6,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч компани нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Нэхэмжлэгчтэй 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С-2022/0115 дугаартай орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь төлбөр төлөх үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлж байсан учир хуваарийн дагуу төлөөгүй 21,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөр болох 154,000,000 төгрөгийг арилжааны банкнаас зээл авч төлөхийг нь хүлээн зөвшөөрч зээл авахад нь дэмжлэг үзүүлэн Голомт банктай баталгааны нэмэлт гэрээ байгуулж, зээлийн хүүг бид төлсөн. Бид цар тахлын улмаас үүссэн барилгын материалын үнийн өсөлт, хилээр нэвтрүүлэхэд хугацаа алдсан зэрэг компаниас үл шалтгаалан хүчин зүйлийн нөлөөгөөр төслийн ажил хойшилсон.
2.2.Нэхэмжлэгч торгуулийг тооцоолохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус гэрээний нийт үнийн дүнгээс тооцсон нь үндэслэлгүй гэжээ.
3.Хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан тохиролцооны гэрээнээс татгалзаж, 70,933,723.5 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлсон. Үүнд:
3.1.Манай компанийн төслийн ажил цар тахлын улмаас үүссэн хүчин зүйлсийн улмаас хугацаа хожимдсон учир захиалагч нараа хохироохгүйн тулд захиалагч нарын зээлийн хүүг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гарах хүртэл төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс олон нийтийн сүлжээнд төслийн нэр хүнд болон манай компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээлэл удаа дараа байршуулж байсан учир “River castel apartment” төсөлтэй холбоотой ямар нэг мэдээлэл гаргахгүй байхаар тохиролцож, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тохиролцооны гэрээ байгуулж, нэхэмжлэгчид автомашины зогсоолын үнийг 35,520,000 төгрөгөөр багасгаж худалдан авах хөнгөлөлт үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх төслийн явцад маргаан гаргахгүй байх болзолтой хөнгөлөлт үзүүлсэн. Уг хөнгөлөлтийг нэхэмжлэгч нь эдэлж 50,000,000 төгрөгийн үнэ бүхий автозогсоолыг 35,520,000 төгрөг хасуулан хүлээж авсан. Гэвч нэхэмжлэгч нь тохиролцооны гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан үүсгэсэн учир тохиролцооны гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу үзүүлсэн хөнгөлөлт болох 70,933,723.5 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
4.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
4.1.Тохиролцооны гэрээ байгуулсан. Уг гэрээний гол нөхцөл “River castel apartment” төсөл болон гүйцэтгэгч компанийн талаар сөрөг мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх, фэйсбүүк хуудсыг устгах буюу “СН трейд” ХХК-нд шилжүүлэх, түүний хариуд автозогсоолыг хөнгөлөлттэй үнээр надад худалдах нөхцөл байсан. Миний хувьд уг гэрээний үүргийг зөрчөөгүй. Мөн хариуцагч компани нь анх орон сууцны захиалгын гэрээг байгуулах үед ипотекийн зээлийн хүүг төлнө гэж амласан буюу олон нийтийн сүлжээнд бид зээлийн хүүг төлье гэх мэдээлэл байршуулж байсан. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
5.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан гэх баримт, сөрөг нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбар, “СН трейд” ХХК-нд гаргаж байсан өргөдөл, “Улаанбаатар пропертиз” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай 2025 оны 04 дүгээр сарын 01, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, түрээсийн гэрээ, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь Сүрэнжав Цацрал-Эрдэнэ эзэмшигчтэй 5070375368 дугаар дансны хуулга, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчийн хөлс төлсөн баримт,
Хариуцагчаас хавтаст хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрээний нэмэлт өөрчлөлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, баталгааны нэмэлт гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тохиролцооны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, автомашины зогсоол захиалан худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, зээлийн хүү төлсөн баримт, ыг захиалсан байрандаа орохыг зөвшөөрсөн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тодорхойлолт гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тухайн орон сууцыг хүлээлцсэн актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаа хожимдуулсны төлбөрт 39,623,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ хариуцагч компани нь орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд хүлээлгэж өгөх үүргээ зөрчиж, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн учир хугацаа хэтрүүлсний 29,123,600 төгрөг, хэтэрсэн хугацаанд орон сууц түрээсэлсний төлбөрт төлсөн 4,500,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс төлсний 6,000,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ цар тахлын нөлөөгөөр барилгын материалын үнэ нэмэгдэх, хилээр бараа нэвтрүүлэхэд хугацаа улдах зэрэг компаниас шалтгаалахгүй хүчин зүйлийн улмаас хугацаа хэтрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор захиалагч буюу нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, тохиролцооны гэрээ байгуулж, хөнгөлөлттэй нөхцөлөөр авто зогсоол худалдаж, мөн орон сууцны үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авахад дэмжлэг үзүүлж, банкны зээлийн хүүг компаниас төлсөн. Гэтэл нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн гэж торгууль, хохирол шаардаж тохиролцооны гэрээгээ зөрчсөн учир тохиролцооны гэрээнээс татгалзаж, уг гэрээний дагуу үзүүлсэн хөнгөлөлт болох автозогсоолын төлбөр 35,520,000 төгрөг, банкны хүүд төлсөн 35,413,723.5 төгрөгийг тус тус буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Зохигч талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С-2022/0115 дугаартай орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******,*******ны нутаг дэвсгэрт баригдах 234 айлын “River castel apartment” орон сууцны В блок, 20 дугаар давхар, 136 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 544,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. (хавтаст хэргийн 6-10 дахь тал)
4.2.Хариуцагч компани нь 2023 оны 07 дугаар сарын 03[1], 2023 оны 08 дугаар сарын 08[2], 2023 оны 08 дугаар сарын 21[3]-ний өдрүүдэд “Зээлийн хүүг бид төлье” гэх аян мэдээллийг нийтлэсэн. (үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн)
4.3.Зохигч талууд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Ривер кастел” барилгын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангах үүднээс нэг талаас туслалцаа дэмжлэг үзүүлэх, сөрөг үйл ажиллагаа явуулахгүй байх, нөгөө талаас хариу дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Тохиролцооны гэрээ” байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлэх, бусад иргэдэд үнэн зөв, эерэг мэдээллийг барилга бүрэн ашиглалтад орох хүртэл түгээх, өөрийн эрхлэн явуулдаг facebook группийг нөгөө талд шилжүүлэх буюу устгах, цаашид олон нийтийн сүлжээнд барилга болон төсөл хэрэгжүүлж буй компанитай холбоотой сөрөг мэдээлэл нийтлэхгүй байх, facebook групп хуудас нээхгүй байх, хариуцагч компани нь үүний хариуд авто зогсоолын төлбөрөөс 35,520,000 төгрөгийг хасаж тооцохоор харилцан тохиролцжээ. (хавтаст хэргийн 47-48 дахь тал)
4.4.Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний 4.2.3-т зааснаар хариуцагч компани нь нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба орон сууцыг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн. (хавтаст хэргийн 131-133 дахь тал)
4.5.Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт нийт 529,520,000 төгрөг төлсөн. (хавтаст хэргийн 11 дэх тал)
Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд:
5.Зохигч талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С-2022/0115 дугаартай орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний гол нөхцөлөөс үзэхэд тухайн гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзнэ.
Зохигч талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй.
6.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус зааснаар хариуцагч компани нь нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд багтаан түүнд хүлээлгэж өгөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч компани нь орон сууцыг хүлээлгэж өгөх хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн зүгээс хугацаа хэтрүүлсэн шалтгааныг цар тахлын нөлөөлөлтэй холбон тайлбарлах боловч баримтаар нотлоогүй.
Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” гэж зааснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
8.Нэгэнт хариуцагч үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн учир Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол болон гэрээгээр тодорхойлсон торгууль төлөхийг шаардах эрхтэй.
8.1.Зохигч талууд гэрээний 4.2.4-т “Худалдагч тал орон сууцны ашиглалтад орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутамд төлсөн төлбөрөөс 0,5 хувийн торгууль төлнө” гэж тусгасан бөгөөд уг заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны торгуулийг сар тутам 529,520,000 төгрөгөөс 0.5 хувиар тооцон шаардах эрхтэй ба торгуульд 29,123,600 төгрөг шаардсан нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй болжээ.
8.2.Нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сарын 900,000 төгрөгийн төлбөртэй түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу түрээслүүлэгч талд 4,500,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
Хэрэв хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид сарын 900,000 төгрөгөөр орон түрээслэх хэрэгцээ үүсэхгүй байсан. Иймд түрээсийн төлбөрт төлсөн 4,500,000 төгрөгийг хохирол гэж үзэж шаардсан нь үндэслэлтэй.
8.3.Харин өмгөөлөгчийн хөлсөнд 6,000,000 төгрөг төлсөн нь зайлшгүй гарах зардал гэж үзэх боломжгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаа хэтрүүлсний торгууль 29,123,600 төгрөг, хохирол 4,500,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд:
9.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар зохигч талууд хариуцагч компанийн үйл ажиллагаа, барилгын талаар сөрөг мэдээлэл түгээхгүй байх талаар харилцан тохиролцож “Тохиролцооны гэрээ” гэх гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, мөн хуулийн 189.5 дахь хэсэгт “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна” гэж заасан хүчин төгөлдөр нэрлэгдээгүй гэрээ байна.
9.1.Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлэх, бусад иргэдэд үнэн зөв, эерэг мэдээллийг барилга бүрэн ашиглалтад орох хүртэл түгээх, өөрийн эрхлэн явуулдаг facebook группийг нөгөө талд шилжүүлэх буюу устгах, цаашид олон нийтийн сүлжээнд барилга болон төсөл хэрэгжүүлж буй компанитай холбоотой сөрөг мэдээлэл нийтлэхгүй байх, facebook групп хуудас нээхгүй байх үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ зөрчсөн гэх байдал хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар тохиролцооны гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр хариуцагч компани нь уг гэрээнээс татгалзах эрх үүсээгүй байна.
9.2.Мөн дээрх гэрээгээр орон сууцны үлдэгдэл төлбөрийн хэмжээнд захиалагч нь арилжааны банкнаас зээл авах, түүний хүүг хариуцагч компани төлөх харилцааг зохицуулаагүй байна.
9.3.Тодруулбал, хариуцагч компани 2023 оны 07 болон 08 дугаар сард “Зээлийн хүүг бид төлье” гэх аян эхлүүлснээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн ба үүний хүрээнд зохигч талууд 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 23/005 дугаартай “Захиалан худалдах, худалдан авах гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 175,000,000 төгрөгийг арилжааны банкнаас зээл авч төлөх, хариуцагч компани нь зээлийн хүүг сар бүрийн 15-ны өдөр хуваарийн дагуу нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс төлөхөөр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж зааснаар хариуцагчийн зүгээс зээлийн хүүг төлж байгаа нь зохигч талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан С-2022/0115 дугаартай орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл байна.
Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.
10.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компаниас 33,623,600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 6,000,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч компанийн сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 486,518 төгрөг, хариуцагч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,618 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас 326,068 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 189 дүгээр зүйлийн 189.5, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “СН трейд” ХХК-аас 33,623,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 6,000,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч т холбогдох гэрээнээс татгалзаж, 70,933,723.5 төгрөг гаргуулах тухай хариуцагч “СН трейд” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 486,518 төгрөг, хариуцагч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512,618 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “СН трейд” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 326,068 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД