Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/523

 

 

 

 

    2025           05            06                                        2025/ДШМ/523

 

                                              Д.Аод холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/614 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Б.Шихихутагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Аод холбогдох 2305022612172 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 

Шүүгдэгч Д.А нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.Э “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүний интернет банкны мэдээллийн системд хууль бусаар нэвтэрч, хадгаламж барьцаалсан зээл гаргаж, валют арилжааны ченжийн “Хаан” банкны __ дугаарын дансанд 10.726.000 төгрөгийг шилжүүлэн, хувийн хэрэгцээнд 8.000 төгрөг, нийт 10.934.000 төгрөгийн хохирол Б.Эт учруулсан, мөн хулгайлах аргаар авсан гар утсаар 2023 оны 05 дугаар сарын сарын 31-ний өдрийн 8 цагийн орчимд хохирогч Б.Э интернэт банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, нууц үгийг өөрчлөн кибер орчинд хууль бусаар халдсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Аыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн “кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найман/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аын цагдан хоригдсон нийт 71 /далан нэг/ хоногийг түүний эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аод оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Аоос нийт 8.090.300 /найман сая ерөн мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2, 3-д зааснаар хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Аоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Б.Шихихутаг давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Д.А нь Б.Эн “Самсунг А-50” загварын гар утсыг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч тухайн гар утас нь “Дамно” ХХК-ийн “...Самсунг А-50” загварын гар утас 200.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд бага хэмжээний хохирол байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдохгүй. Шүүгдэгч Д.А нь “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно. Хохирогч Б.Э банкны мэдээллийн системд хууль бусаар нэвтэрч, хадгаламж барьцаалсан зээл гаргаж, валют арилжааны ченжийн “Хаан” банкны __ дугаарын дансанд 10.726.00 төгрөгийг шилжүүлэн, хувийн хэрэгцээнд 8000 төгрөг авч ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжтэй байна. Гэтэл “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчилж ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл эс үйлдэхүй, хохирол хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тус гэмт хэргийг үйлдэхдээ нэг залуутай хамт байсан. Тухайн үед эхнэр нь жирэмсэн байсан. Одоо миний араас гүйж байгаа нь миний эхнэр л байна. Би одоо хохирлоо гаргуулж авдаг юм уу гэж бодож байна. Тухайн үед надаас прокурор “хамт нэг залуу байсан юм байна, хохирол мөнгөө төлүүлэхгүй юм уу” гэж асууж байсан. Надаас 3.000.000 төгрөг авсан. Миний эхнэр 4 хүүхдээ ганцаараа харж байгаа. Би ажил хөдөлмөр эрхлэхгүй л бол болохгүй байна. ....” гэв.

Прокурор Г.Намжил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Б.Шихихутагаас гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Тус гомдолд шүүгдэгч нь кибер орчинд хууль бусаар нэвтэрсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, харин хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Прокурорын зүгээс тэмдэглэхэд, мөнгө угаах гэмт хэрэг нь “үндсэн гэмт хэрэг”-ийн үр дагавартайгаар үйлдэгддэг бөгөөд уг хэрэг нь өөрөө анхдагч буюу суурь гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийг хууль ёсны мэт болгох зорилготой байдаг. Харин кибер орчинд хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, тухайн этгээд зөвшөөрөлгүйгээр хандах ёсгүй цахим мэдээлэлд нэвтэрсэн тохиолдолд төгсдөг гэмт хэрэг юм. Гэтэл энэ хэрэгт шүүгдэгч нь зөвхөн кибер аюулгүй байдалд халдахаас гадна хохирогчийн өмчлөх эрхэд бодитоор халдаж, эд хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлсэн байна. Тодруулбал, Д.А 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Б.Э гар утсыг нууц аргаар хулгайлж, өөрийн өмчлөлд авсан. Улмаар 2023 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 07 цагийн орчимд гар утасны мэдээллийг ашиглан банкны системд нэвтэрч 11.000.000 төгрөгийн зээл авч, үүнээс 10.725.000 төгрөгийг валют болгон солиулж, өөрийн хэрэгцээнд зарцуулсан байна.  Энэ үйлдлийг шүүгдэгч өөрөө ч мэдүүлэгтээ тодорхой өгүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудад шүүгдэгч хоёр удаа сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Тэрээр мэдүүлгүүддээ зөрүүтэй зүйл ярьдаггүй, мөн гэмт хэрэг үйлдсэнээ тодорхой хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч хэрэгт хамтран оролцсон, бүлэглэлийн шинж байдалтай тухай огт дурддаггүй байсан хэдий ч шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа энэ талаар мэдүүлж буй нь хэргийг удаашруулах, хэргийг буцаах зорилготой гэж үзэх үндэслэлтэй юм. Гэмт хэрэгт бүлэглэн оролцсон гэх нөхцөл байдал нь нотлогдоогүй, мөн хэрэг хийгдэж дууссаны дараа мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх мэдээлэл нь хувь хүний хэрэглээний шинжтэй буюу цэнгээний газар орсон, хоол авч идсэн, покер тоглосон байгаа тул энэ нь “бүлэглэн үйлдсэн” гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхий шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Д.А нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.Э “Самсунг А-50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүний интернет банкны мэдээллийн системд хууль бусаар нэвтэрч, хадгаламж барьцаалсан зээл гаргаж, валют арилжааны ченжийн “Хаан” банкны __ дугаарын дансанд 10.726.000 төгрөгийг шилжүүлэн, хувийн хэрэгцээнд 8.000 төгрөг, нийт 10.934.000 төгрөгийн хохирол Б.Эт учруулсан, мөн хулгайлах аргаар авсан гар утсаар 2023 оны 05 дугаар сарын сарын 31-ний өдрийн 8 цагийн орчимд хохирогч Б.Э интернэт банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, нууц үгийг өөрчлөн кибер орчинд хууль бусаар халдсан болох нь:

хохирогч Б.Э “...10 дугаар хорооллын автобусны буудлаас автобусанд суугаад явж байгаад өөрийн эзэмшлийн “Самсунг А50” загварын гар утсаа хулгайд алдсан. Өнөөдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7 цагийн үед миний интернет банкаар нэвтэрч данснаас хадгаламж барьцаалсан зээл авч миний данснаас 11.000.000 төгрөг авсан байсан. Би Хаан банк руу хандаж лавлахад “данснаас гарсан мөнгө урт цагаан дээр байдаг ченжийн данс руу шилжсэн байна” гэсэн. ...” /хх 14-15/,

гэрч Ч.А “...Би 8 шарга дээр валют солиод зогсож байсан чинь саарал өнгийн “приус-20” загварын тээврийн хэрэгсэл ирж зогсоод цонхоо онгойлгоод хоёр хүүхэд “доллар авах гэсэн юм” гэж хэлэхээр нь өөрийн дансаа өгөөд тухайн хүнд 3000 доллар өгсөн. Тухайн хүмүүс масктай байсан, залуухан 19 юм уу, 20 настай хүүхдүүд байсан. ...” /хх 18-19/,

Д.Аын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би мөнгөө интернет тоглоом тоглоод дуусгасан. Өмнө нь 2.000.000 төгрөг алдсан, тэр алдсан мөнгөө олж авах гэж тоглосон. Тухайн үед 1000 ам долларыг би урт цагааны 8 шарга дээр З.000.000 гаруй төгрөгөөр солиулсан. 3.000.000 төгрөгөөр покер тоглосон. 1000 гаруй ам долларыг хоороолол, сансар хавиар явж согтууруулах ундааны зүйлээр үйлчилдэг аж ахуйн нэгжээр үйлчлүүлсэн. Ингэхдээ өөр хэн нэгэнтэй хамт яваагүй. Баар, караокед үйлчлүүлж байсан үл таних иргэдтэй танилцаад ууж идэх зүйлээр дайлсан. Үлдсэн 600 гаруй ам долларыг 8 шарга дээр дахин очиж солиулахад сая гаруй төгрөг болсон. Сүүлд солиулсан мөнгөөрөө интернет покер тоглоод алдсан. ...Автобусны буудал дээр буух гэж байхад тал нь цухуйсан гар утас байхаар нь аваад буусан. Маргааш өглөө нь богд арын ойролцоо явж байгаад архи барьсан миний үеийн залуу явж байхаар нь танилцаад хамт архи ууж байгаад хулгайлсан гар утсаа гаргаж үзээд Хаан банкны интерет банк руу нэвтэрч орох гэсэн нууц код нэхээд байхаар нь нууц үгийг нь шинэчлээд нэвтэрч орсон чинь тухайн банкид бүртгэлтэй дансанд 11.000.000 төгрөг байхаар танилцсан хүндээ “2лаа найман шарга хамт ороод ирэх үү, валют авах хэрэгтэй байна” гэж хэлээд 8 шарга ороод гадаа зогсож байсан хүний данс руу 10.356.000 төгрөгийг шилжүүлж 3000 төгрөг болгож аваад тэндээсээ архи уугаад, покер тоглоод дуусгасан. ...” /хх 59-60, 63-64/ гэсэн мэдүүлгүүд,  

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, Хаан банкны дансны хуулга /хх 9/, “Дамно” хөрөнгө үнэлгээний тайлангийн дүгнэлт /хх 42-45/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сарын хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Иймд шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Б.Шихихутаг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэргийг шинжтэй байхад “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчилж ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй. ...” гэсэн давж заалдах гомдлыг үндэслэлгүй байна, шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Аын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйллээрээ хангасан байх тул анхан шатны шүүхийн шүүгдэгчид хорих ялыг сонгож оногдуулсан нь үндэслэлтэй, эдлэх ялыг нэмж нэгтгэн 1 жил 8 сарын хугацаагаар тогтоосон нь тохирсон, хүнд биш ял гэж үзэв.

Түүнчлэн, хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхитэй үйлдлээр илрэх ба амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдлээр бусдын өмчлөлд халдаж буй гэмт хэрэг юм.

Харин шүүгдэгч нь зөвхөн кибер аюулгүй байдалд халдахаас гадна хохирогчийн өмчлөх эрхэд бодитоор халдаж, эд хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын тухайд уг хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй, мөн хохирогч болон гэрч нарын мэдүүлэг авагдсан байх бөгөөд шүүгдэгч нь тухайн гар утсыг бусдын өмч гэдгийг мэдсээр байж авсан, мөн хохирогчийн гар утсыг ашиглан интернет банкны мэдээллийн системд хууль бусаар нэвтэрч, хадгаламж барьцаалсан зээл гаргасан болох нь нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдож байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд, шүүгдэгч Д.Аод холбогдох эрүүгийн хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Б.Шихихутагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Д.Аын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/614 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Аын өмгөөлөгч Б.Шихихутагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ