Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00594

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00594

 

 

 

М.Т-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00177 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х,НХЯ-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2018 оны 03 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 08-ныг хүртлэх хугацаагаар тооцон 8 925 991 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Т- нь төрийн албанд тасралтгүй 23 жил тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажилласан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан юм. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгаалллын сайдын Б/284 тоот тушаалаар ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаартай шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон. Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь М.Т-ыг одоо хүртэл ажилд нь томилохгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна. Энэ хугацаанд М.Т- нь ажилгүй, хохирч байгаа тул иргэний шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилсний дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 564 дугаартай шийдвэрээр 2017 оны 05 дугаар сарын 16-наас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртлэх хугацааны цалинд 11 544 470 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн, энэ шийдвэр давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор хэвээр батлагдаж хүчин төгөлдөр болсон. Хариуцагч байгууллагаас 2017 оны 12 дугаар сарын 22-нд цалинг эхний шүүхийн шийдвэрээр олгосон 5 799 199 төгрөгийг олгосноос өөрөөр шүүхийн шийдвэрүүдийг огт биелүүлээгүй. Иймд 2018 оны 03 дугаар сарын 22-ноос 11 дүгээр сарын 27-ныг хүртлэх хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 925 991 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х,НХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрээр Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын даргын ажилд нь тогтоосон үйл баримт маргаангүй байна. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 139 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн. М.Т-ыг одоог хүртэл ажилд нь буцааж томилоогүй нь үнэн. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс Гэр үл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргыг агентлагийн дарга томилж чөлөөлөх болсон. Тус яамнаас энэ талаар аймгуудад үүрэг чиглэл бүхий албан бичиг явуулж байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч Х,НХЯ-наас 8 915 620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Т-д олгож, нэхэмжлэлээс 10 371 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасныг баримтлан зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч М.Т-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1.,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 766 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 157 560 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Хариуцагч Х,НХЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь иргэн М.Т-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг зохицуулсан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Т- нь хариуцагч Х,НХЯ-д холбогдуулан ажилгүй байсан 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртлэх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 925 991 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Т-ын  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/284 дүгээр тушаалыг хүчингүй болгож, М.Т-ыг Сүхбаатар аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5 799 119 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 307 дугаар тогтоолоор уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 13-22/

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба тодорхой ажиллагаа явуулсан боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. Түүнчлэн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 564 дугаартай шийдвэрээр 2017 оны 05 дугаар сарын 16-наас 2018 оны 03 дугаар 22-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт болон хохиролд 11 544 470 төгрөгийг хариуцагч Х,НХЯ-наас гаргуулан М.Т-д олгохоор шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1092 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1442 дугаартай тогтоолоор хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн бөгөөд эдгээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 6-13/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн ба шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэж, өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс нэхэмжлэлд дурдсан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 8 915 620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч М.Т-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч М.Т-ыг одоог хүртэл урьд эрхэлж байсан ажилд нь томилоогүй, түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00177 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ