| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2311011440202 |
| Дугаар | 2025/ДШМ/524 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ДШМ/524
2025 05 106 2025/ДШМ/524
Г.Б, М.С нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дашням,
шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар,
шүүгдэгч Г.Бий түүний өмгөөлөгч Г.Ганбадрах,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/277 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Чинбатын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч М.Сын өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Б, М.С нарт холбогдох 2311011440202 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч М.С нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, ерөнхий боловсролын .... дүгээр сургуулийн орчимд __ УБР улсын дугаартай “Тоёота Алфард” загварын тээврийн хэрэгсэлд насанд хүрээгүй хохирогч Р.Б цамцных нь малгайнаас чирч суулган түүний “Ай фоне Экс Ар” загварын гар утсыг нь хүч хэрэглэж дээрэмдэхдээ Г.Бээр тээврийн хэрэгслээ жолоодуулан гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоогоо хангуулж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн,
Мөн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүрийн ард “700.000 төгрөг гаргаад өг, чи надтай агаа агаа гээд харьцаад байвал би чамтай аятайхан харьцана. Надад мөнгө хэрэгтэй үед чи хөгийн зан гаргаад байвал шоронд хамт чирээд орно шүү. Чамайг шоронд хийх амархан ш дээ чи энэ 24 дүгээр сургуулиас хаа холддог юм. Би чамайг машиндаа чихэж суулгаад хар тамхи карма руу чинь хийгээд Билгүүн гээд цагдаа найздаа хэлээд шоронд хийлгэчихэж чадна, эсвэл хүчээр уух юманд чинь хар тамхи хийгээд хар тамхи хэрэглэсэн гээд шоронд хийнэ” гэж мөнгө авах зорилгоор заналхийлж 1.000.000 төгрөг бэлнээр авсан,
2. Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, ерөнхий боловсролын ......... дүгээр сургуулийн орчимд явж байсан насанд хүрээгүй хохирогч Р.Б М.С нь __ УБР улсын дугаартай “Тоёота Алфард” загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулган түүний “Ай фоне Экс Ар” загварын гар утсыг нь хүч хэрэглэж дээрэмдсэн үйлдэлд нь тээврийн хэрэгслийг нь жолоодон, шүүгдэгч М.Сад гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоогоор хангаж дэмжлэг үзүүлэн, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, М.Сын үйдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М.С, Г.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэж хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, хамтран оролцсон, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Г.Бд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1310 дугаар магадлалаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил 4 сар 4 хоногоор тогтоосон ял, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын бүлэглэн гүйцэтгэсэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн үйлдлийг дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Учир нь, насанд хүрээгүй хохирогч Р.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Тааралдах болгондоо надаас мөнгө нэхэж авдаг байсан. Мөнгө байхгүй гэхээр карма нэгжээд байдаг байсан. ...Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 22-ны орой 6 цаг өнгөрч байх үед би найз охинтойгоо уулзаад байж байтал над руу С ах фэйсбүүкээр болон гар утсаар залгаад байсан. Тэгээд би ганцаараа сургууль руу очоод дугуйгаа авах гээд явж байхдаа тааралдсан. С тухайн үед согтуу ч юм уу, нүд нь улаанаараа эргэлдчихсэн над руу “чи яагаад утсаа авахгүй байгаа юм” гээд орилсон. Тэгээд би айсандаа “утасныхаа дууг хаачихжээ агаа” гэтэл миний малгайтай цамцны малгайнаас чирээд хажуудаа байсан хар өнгийн Алфард машины хаалга нь онгойнгуут түлхтэл машин дотроос нэг танихгүй согтуу ах намайг татаад суулгасан. ...Тэгээд С урд суучихсан байснаа над руу хараад “би чам руу хэд залгасан байна хар даа” гээд миний толгой руу цохисон. Тэгээд би чимээгүй сууж байтал намайг “хойшоо багаж руу суу” гээд уурлаад байсан. ...Машины багаж нь тэр чигтээ хөшигтэй харанхуй байсан. Намайг хөшгөө хаагаад суу гээд байсан. Тэгэхээр нь би хөшгөө хаагаад суусан. ...С намайг машинаас буухын өмнө урагшаа суугаадах гэснээ “надад мөнгөний хэрэг байна, чи надад утсаа өг” гээд аймар эвгүй яриад байсан. ...Намайг утсаа өгөхгүй бол машинаас буулгахгүй юм байна гэж бодоод айсандаа утсаа өгсөн...” гэж мэдүүлжээ.
Дээрх мэдүүлгээс шүүгдэгч М.Сын насанд хүрээгүй хохирогчийг тээврийн хэрэгсэлд цамцных нь малгайгаас чирч хүчээр суулгасан, машинд суусны дараа толгой руу нь цохисон үйлдлийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхийн тулд хийсэн хүч хэрэглэсэн үйлдэл гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Р.Бд “утсаа өгөхгүй бол машинаас буулгахгүй юм байна” гэх бодол төрж айх сэтгэхүйн харьцаа үүссэнээр гар утсаа шүүгдэгчид шилжүүлэн өгсөн гэж үзэхээр байна.
Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Р.Б машинаас буух гэж оролдоход шүүгдэгч Г.Б нь “сүүлийн үеийн алфард жолооч талаасаа онгойдог” гэж хэлсэн, шүүгдэгч М.С нь насанд хүрээгүй хохирогчийг машины багажинд суухыг тушааж хөшгийг нь хаалгаж, орчныг харанхуй болгох зэргээр насанд хүрээгүй хохирогч Р.Б орон зайн болон сэтгэхүйн, хүчний, харьцааны дарамтанд оруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар “Дээрэмдэх” гэмт хэрэг дээрх байдлаар үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байтал шүүхээс “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжтэй гэж үзэн зүйлчлэл хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний дээр шүүх дээрх байдлаар зүйлчлэл хөнгөрүүлсэн шийдвэртээ хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Б.Дашням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс дээд шатны прокурорын эсэргүүцлийг бүрэн дэмжиж оролцож байна. Заналхийлэх гэмт хэрэг нь нэн даруй хэрэгжих боломжтой, бодит аюул занал бүхий үйлдэл бөгөөд тухайн заналхийлэл нь бодитоор биелэгдэх нөхцөлтэй байснаараа дээрэмдэх гэмт хэрэгтэй ойролцоо шинжтэй байдаг. Энэ хэргийн хүрээнд шүүгдэгч М.С, Г.Б нар нь насанд хүрээгүй хохирогч Р.Б “Тоёота Алфард” загварын __ УБР улсын дугаартай автомашинд хүч хэрэглэн чирч оруулснаар дээрэмдэх гэмт хэргийн довтолгоон нь эхэлсэн гэж үзэж байна. Хохирогч руу удаа дараа утсаар залгаж, автомашинд суухыг шаардсан, цонх хаах, урагшаа суух, утсаа өгөхийг шаардаж, эрхшээлдээ оруулсан. Мөн тухайн тээврийн хэрэгслийн хаалга “зөвхөн жолооч талаас онгойдог” гэж хэлсэн ба хохирогч утсаа өгөөгүй тохиолдолд автомашинаас гаргахгүй хэмээн сүрдүүлсэн нь тухайн үйлдэл нь шууд хэрэгжих боломжтой заналхийлэл байсан гэдгийг харуулж байна. Ийм заналхийлэл нь хохирогчийн сэтгэл зүйд айдас, түгшүүр төрүүлж, бодитоор эрх чөлөөг нь хязгаарлаж, эсэргүүцэл үзүүлэх, тусламж хүсэх боломжийг бүр мөсөн хязгаарласан үйлдэл байсан. Иймд дээрх үйлдлийг эрүүгийн эрх зүйн хүрээнд “довтолгоон” гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Нэмж дурдахад, шүүгдэгч нар хохирогчийн гар утсыг дээрэмдэж авахдаа тухайн утсыг ашиглах боломжгүй “айфоне” төрлийн гар утас байсныг мэдсээр байж, хохирогчоор ай-ди хаягаа гаргуулсан нь уг өмчийг хууль бусаар захиран зарцуулах санаатай байсан нь илэрхий байна. Хэргийг нотлох баримтын хувьд хохирогчийн мэдүүлгээр М.С өмнө нь байнга дарамт үзүүлж байсан нь тогтоогдож, хохирогчийн анги удирдсан багш Мөнхцэцэгийн мэдүүлгээр баталгаажиж, хэрэг гарах мөчид тээврийн хэрэгсэл рүү хохирогчийг чирч оруулж байгааг харсан гэрч Ц мэдүүлэг гэсэн нотлох баримтууд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад заасны дагуу хэргийн зүйчлэлийг өөрчлөх, хөнгөрүүлэх тохиолдолд хууль зүйн үндэслэл, тайлбар тодорхой тусгагдсан байх ёстой. Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар хангалттай дүгнэлт хийгдээгүй, хууль зүйн үндэслэл дутуу, зөрчилтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг үндэслэн уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэж байна гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч М.Сын өмгөөлөгч Д.Оюунбаатар давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч М.С нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй тул анхан шатны шүүхийн гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно. Харин анхан шанты шүүхээс М.Сад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн байдал, түүний эрүүл мэндийн болон хувийн байдалд тохироогүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. М.С нь өөрийн хийсэн үйлдэлд дүгнэлт хийж, гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ анхан шатны шүүхэд илэрхийлсэн. Мөн М.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр газ дэлбэрсний улмаас ахуйн осолд өртөж нүүр, 4 мөчийг хамарсан “III AB st” гүн түлэгдэлт гэсэн оноштойгоор ГССҮТ-ийн салбар эмнэлэг түлэгдэлтийн төвийн насанд хүрэгчдийн тасагт 1 сар гаруй хугацаанд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд одоогоор түлэгдэлтийн шарх болон донор талбайн шарх бүрэн эдгээгүй байгаа, бүрэн эдгэрэх хүртэлх хугацаанд түлэнхийн мэс засалч эмч, сэргээн засах мэргэшлийн эмч нарын байнгын хяналтанд байх шаардлагатай. Иймд анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байгаа тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Сад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байна. Хорих газар ирснээс хойш маш их зүйл ухаарч байна. ...” гэв.
Шүүгдэгч Г.Бий өмгөөлөгч Г.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлтэй танилцахад, уг баримт бичигт Г.Бий хийгээгүй үйлдлийг хийсэн мэтээр дурдаж, нотлох баримтуудыг үндэслэлгүйгээр тайлбарласан бөгөөд энэ нь түүний эрх зүйн байдлыг ноцтойгоор дордуулсан, гүтгэлгийн шинжтэй байдалтай байсныг онцлон дурдаж байна. Тухайлбал, прокурорын эсэргүүцэлд “Алфард” загварын автомашины тухайд хаалга нь дотроосоо онгойдог гэсэн мэдээллийг Г.Б хэлсэн мэтээр дурдсан. Гэвч шүүгдэгчийн мэдүүлэг болон холбогдох нотлох баримтуудаас харахад, Г.Б энэ талаар огт ярьж байгаагүй бөгөөд ямар нэгэн байдлаар хохирогчтой харилцаа үүсгэж, харилцсан зүйл байхгүй нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд миний зүгээс идэвхтэй мэтгэлцээнд оролцсон. Энэ хүрээнд тухайн хэрэгт шууд холбоотой Отгонбат гэх этгээд тухайн автомашинд хамт байсан бөгөөд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, хохирогч Р.Б хувцаснаас нь татаж, үг хэлээр дарамталж харилцсан зэрэг үйлдлүүдийг гаргасан нь нотлогдсон. Гэвч уг этгээдийг шалгалгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, хязгаарыг зөрчсөн бөгөөд миний зүгээс энэ зөрчлийг анхан шатны шүүхэд тодорхой илэрхийлж шүүмжилсэн. Харин миний үйлчлүүлэгч Г.Бий хувьд гэмт хэрэг үйлдсэн этгээд биш бөгөөд ямар нэгэн байдлаар хамтран оролцсон нь тогтоогдохгүй байгаа юм. Тэрбээр зөвхөн найз М.Сын хүсэлтээр түүнийг гэрт нь хүргэх зорилгоор автомашинаа барьж, замын хөдөлгөөнд оролцсон. Г.Б хохирогчид ямар нэгэн хүч хэрэглэсэн, эд хөрөнгөд нь халдсан, эсвэл захиран зарцуулсан ямар нэгэн үйлдэл гаргаагүй болно. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэв тухайн этгээд гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдээгүй нөхцөлд, түүнийг ашигласан гэж үзэж болох ч үүнд Г.Бийг хамааруулах үндэслэл хангалтгүй байна. Анхан шатны шүүх энэ нөхцөлийг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан нь зохисгүй гэж үзэж байна. Хохирогчид учирсан хохиролд Г.Бий ямар ч оролцоо байхгүй, эд зүйлсийг авсан, ашигласан, эсвэл урьдчилан тохиролцсон гэх нөхцөл баримтаар тогтоогдоогүй. Хэрэгт холбогдох бусад этгээдүүдийн мэдүүлэгт ч Г.Бийг гэмт хэрэгт оролцсон талаар огт дурдагдаагүй. Харин ч тухайн үед М.С маргаан үүсгэх үед Г.Б түүнийг таслан зогсоосон нь зөв, оновчтой үйлдэл байсан гэдгийг онцлон тэмдэглэе. Иймд Г.Бий үйлдэл нь гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахгүй бөгөөд энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзэхийг шүүхээс хүсэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Б, М.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.
Прокуророос М.Сыг насанд хүрээгүй хохирогч Р.Б цамцных нь малгайнаас чирч суулган, түүний “Айфоне Экс Ар” загварын гар утсыг нь хүч хэрэглэж дээрэмдэхдээ Г.Бээр тээврийн хэрэгслээ жолоодуулан гэмт хэрэг үйлдэх нөхцөл бололцоогоо хангуулж, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн, мөн “700.000 төгрөг гаргаад өг, шоронд хамт чирээд орно шүү, чамайг машиндаа чихэж суулгаад хар тамхи карма руу чинь хийгээд Билгүүн гээд цагдаа найздаа хэлээд шоронд хийлгэчихэж чадна, эсвэл хүчээр уух юманд чинь хар тамхи хийгээд хар тамхи хэрэглэсэн гээд шоронд хийнэ” гэж заналхийлж 1.000.000 төгрөгийг бэлнээр насанд хүрээгүй хохирогч Р.Баас авсан,
Г.Бийг насанд хүрээгүй хохирогч Р.Б __ УБР улсын дугаартай “Тоёота Алфард” загварын тээврийн хэрэгсэлд хүчээр суулган, түүний “Айфоне Экс Ар” загварын гар утсыг нь хүч хэрэглэж дээрэмдсэн М.Сын үйлдэлд дэмжлэг үзүүлэн, урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Г.Б, М.С нарын үйлдсэн “Дээрэмдэх” гэмт хэрэг тогтоогдсон байхад “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэргийн шинжтэй гэж үзэн зүйлчлэлийг нь хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх ба шүүх зүйлчлэл хөнгөрүүлсэн шийдвэртээ хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэснийг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. ...” гэж дүгнэж, Г.Б, М.С нарыг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулсан нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна гэж үзэв.
Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай.
Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч, шүүгдэгч нар нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, нөхцөл байдлын талаар зөрүүтэй мэдүүлсэн буюу дээрэмдэх гэмт хэргийн талаар хэн аль нь мэдүүлжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Чинбатын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч М.Сын өмгөөлөгч Д.Оюунбаатарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч М.Сын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/277 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 103 /нэг зуун гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч нарын урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ