Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/533

 

 

 

 

         2025           05             07                                   2025/ДШМ/533

 

                                               Т.Лд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Т.Л өмгөөлөгч Э.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/637 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Л өмгөөлөгч Э.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Т.Лд холбогдох 2411002641733 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч Т.Л нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Pearl tower”-ийн ........... тоотод үйл ажиллагаа явуулдаг “Р” ХХК-ийн билетийн кассад ажиллаж байхдаа орлого болох иргэдийн тийзийн мөнгө буюу өөрийн хариуцан хүлээн авсан орлогыг тухай бүрт нь өгөхгүй өөрийн Хаан банкны ___ дугаарын дансаар шилжүүлэн авч, уг мөнгийг хувийн хэрэгцээндээ захиран зарцуулж, тус компанийн орлогыг зөвшөөрөлгүй авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж хохирогч “___” ХХК-д нийт 4.139.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.Л үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.Л бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л нь энэ тогтоолоор оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Л өмгөөлөгч Э.Нямсүрэн давж заалдах гомдолдоо: “...Тухайн хэрэгт авагдсан баримтаас дүгнэвэл Т.Л дансанд үйлчлүүлэгч Эрхбаяр гэх хүний данснаас 2 удаагийн гүйлгээгээр буюу 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2.243.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1.306.100 төгрөг нийт 3.549.100 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үйлчлүүлэгч Э нь Т.Лг эртнээс мэдэх багын найз ба тэр хоёрын хувьд өмнө ч хувийн болон ажлын хамаарал бүхий олон гүйлгээ байдгаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Т.Л нь түүний онгоцны билеттэй холбогдол бүхий 1.306.000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлсэн бол үүнтэй талууд маргадаггүй. Харин 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2.243.000 төгрөгийг “__” ХХК нь “манай орлого” гэж буруугаар ойлгодог бегеед тухайн орлогын гүйлгээ ХХК-ийн үйлчилгээтэй холбоотой орлого гэдгийг нотлох баримт байдаггүй ба үнийн дүнгийн хувьд илт зөрүүтэй орлогын гүйлгээ юм.

Т.Л ажил олгогчийн зүгээс борлуулалттай холбоотойгоор тайлангийн хугацаа хэтрэхгүй бол зээлийн журмаар билет бичих боломжтой болохыг амаар тохиролцсон байдаг. Түүний үндсэн дээр Т.Л багын найздаа уян хатан байдлаар билет бичиж өгсөн. Улмаар билетийн төлбөр төлөх өдөр ойртсон багын найз Эрхбаяр нь төлөх боломжгүй болвол цалингаасаа хамаагүй үлдэгдэл төлбөрийг нь өгөөд дараа нь найзаасаа авах санаатай байсан хэдий ч “__” ХХК хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, биелүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн.

“__” ХХК-ийн хувьд билетийн үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэх нь зөв хэдий ч хэнээс, хэзээ ямар журмаар нэхэмжлэх вэ гэдэг нь чухал юм. Өөрөөр хэлбэл ажил мэргэжилдээ хайхрамжгүй хандаж ажлын хариуцлага хүлээх, албан байгууллагын хөрөнгө мөнгийг хууль бусаар захиран зарцуулах гэдэг тусдаа ойлголт билээ.

Миний үйлчлүүлэгч Т.Л байгууллагын орлогыг хувийн дансаараа авч хувьдаа захиран зарцуулснаар завших гэмт хэрэг үйлдсэн хэмээн үздэг бол хэргийн материалд завших гэмт хэрэг үйлдсэн гэх бүрэн нотлох баримт байхгүй. Гэвч Т.Л ажлын хариуцлага алдсан учраас зөрүү төлбөрийг байгууллагын дансанд шилжүүлж өнөөдөр “__” ХХК-д ямарч хохирол байхгүй болсон. Тодруулбал бусдаас ямар ч итгэмжлэн хариуцуулсан өөр мөнгөн дүн байгаа талаар хэргийн материалд огт байхгүй. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2.243.000 төгрөгийн гүйлгээ “__” ХХК-д хамааралтай гүйлгээ эсэх нь тодорхой бус байхад хангалтгүй нотлох баримтаар хүнийг эрүүгийн хэрэгтэн болгох хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй үйлдэл юм.

Нөгөө талаас “Р” ХХК нь ажил олгогчийн хувьд одоо ч Т.Л цалин хөлсийг өгөөгүй, нийгмийн даатгал төлөөгүй зэрэг зөрчилтэй үйлдлүүдээ залруулаагүй хэвээр байна. Энэ бүх байдлаас нэгтгэн дүгнэвэл Т.Л тодорхой үндэслэлгүйгээр шүүхээс гэм буруутай хэмээн үзсэн илт үндэслэлгүй байх тул анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцож, тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дурдсанаар н.Эрхбаяртай Т.Л нар хоорондоо мөнгө зээлж өгч, авсан асуудал яригдаад байх шиг байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Т.Л тухайн компанийн тийзийг борлуулах гэрээ байгуулж, борлуулсан мөнгийг компанид тушаах үүрэгтэй. 4 хүний тийзийн 4.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан гэдгээ мэдүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байдаг. Хоёрдугаарт, Т.Л хувьд компанийн эд хөрөнгийн эрхийг өөртөө буюу өөрийн дансанд шилжүүлж авснаараа гэмт хэргийн шинж хангагдаж, гэмт хэрэг төгссөн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, 4.139.600 төгрөгийг өөрийн Хаан банкны тоот дансанд шилжүүлж авсан. Санаа зорилгын хувьд 2023 оны 10 дугаар сараас хойш цалингийн өр авлагатай холбоотой асуудлаар уг мөнгийг өөртөө авсан гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн баримт тогтоогддог. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй дүгнэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Т.Л холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Л нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Pearl tower”-ийн __ тоотод үйл ажиллагаа явуулдаг “__” ХХК-ийн билетийн кассад ажиллаж байхдаа орлого болох иргэдийн тийзийн мөнгө буюу өөрийн хариуцан хүлээн авсан орлогыг тухай бүрт нь өгөхгүй өөрийн Хаан банкны ___ дугаарын дансаар шилжүүлэн авч, уг мөнгийг хувийн хэрэгцээндээ захиран зарцуулж, тус компанийн орлогыг зөвшөөрөлгүй авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж хохирогч “__” ХХК-д нийт 4.139.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Т.Л холбогдох хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүгч Д.Мөнхтуяагийн 2025/ЕШЗ/1088 дугаар захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч З.Болдбаатарыг томилсон шийдвэрийг албажуулжээ. /хх 131/

Ингэхдээ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч З.Болдбаатарыг томилжсон шийдвэрийг шүүгч Д.Мөнхтуяа албажуулсан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Учир нь, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт “...Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч сонгогдох хүртэл хугацаанд түүний албан үүргийг шүүгчээр хамгийн олон жил ажиллаж байгаа танхимын тэргүүн, эсхүл шүүгч орлон гүйцэтгэнэ. ...” гэж хуульчилсан бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатарыг шүүгч Д.Мөнхтуяа нь хэрхэн, яаж орлон гүйцэтгэж буй талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна.

 

Хууль бус бүрэлдэхүүнээр шүүхийн шийдвэр гаргах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил бөгөөд энэ мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Т.Л өмгөөлөгч Э.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, Т.Л урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/637 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Т.Л урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

                        ШҮҮГЧ                                                                        Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ