Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2017/00025

 

С.Энхтөгсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1496 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Энхтөгсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч З.Эрдэнэжаргал, Ч.Ганбат нарт холбогдох

8.540.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч С.Энхтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Энхтөгс, хариуцагч З.Эрдэнэжаргал, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Эрдэнэжаргал Ганбат нар нь охин ОХУ-д сурдаг, охин маань мөнгөгүй болчихлоо мөнгө нэхээд сургуулиас нь хөөх гээд байна гэж гуйсны дагуу 2013-11-17-ны өдөр 8,000,000 төгрөгийг зээлсэн.. Гэвч мөнгө өгөхгүй болохоор нь 2014-09-10-ны өдөр уулзаж бид бичгээр гэрээ байгуулсан. Гэрээгээр 8.0 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. Үүнээс хойш Эрдэнэжаргал, Ганбат нараас мөнгөө шаардахаар удаахгүй өгнө гэчихээд одоог хүртэл өгөөгүй. 100,000 төгрөгийг 2014-12-16-ны өдөр өгсөн. Гэрээний дагуу одоо би үндсэн зээл 8,000,000 төгрөг,1 сарын хүү 640.000 төгрөг нийт 8.640.000 төгрөгнөөс өгсөн 100.000 төгрөгийг хасаад 8.540.000 төгрөгийг нэхэмжилнэ. Иймд З.Эрдэнэжаргал, Ч.Ганбат нараас 8.540.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.Эрдэнэжаргал 2013 оны 11 сарын 17-нд 7 500 000 төгрөг,дараа нь 500 000 төгрөг нэмж авсан.10 хоноод өгнө гэж авсан.100 000 төгрөг л өгсөн. 2014 оны 9 сарын 10-нд Эрдэнэжаргалтай гэрээ байгуулсан.8 000 000 төгрөгний гэрээнд гарын үсэг зурсан.2014 оны 12 сарын 26-нд нөхөр Ганбатаар гарын үсэг зуруулсан.Би нөхөртөө 8 сая төгрөг өгсөн гэж хэлээгүй,4 сая төгрөг өгсөн гэж хэлсэн тул би 12 сарын эхээр Эрдэнэжаргалд,4 сая төгрөг авсан гэж хэлээрэй гэж гуйсан.Гэтэл үүнийг Эрдэнэжаргал ашиглаж байна гэжээ.

Хариуцагч Эрдэнэжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: С.Энхтөгсийн нэхэмжлэлтэй танилцлаа. Би С.Энхтөгсөөс 2013 оны 10-р сард 500.000 төгрөг,2013-11-17-нд 7,300,000 төгрөг тус тус, нийт 7,800,000 төгрөг зээлж авсан юм. Энхтөгс нь энэ мөнгийг надад өгөхдөө маш олон хүн рүү утасдаж өөрийн данс руугаа шилжүүлүүлж бараан захын Хас банк руу орж данснаасаа авч өгсөн юм. Ингээд 2013-12-15-нд 500.000 төгрөгийг С.Энхтөгсөд хүүгийнхээ хамт ХААН банкны 4-н замын уулзварын зам дээр аваачиж өгсөн. Мөн үүний дараа буюу 2013 оны 1-р сард өөрийнх нь ажилладаг бараан захын гутлын лангуун дээр өөрийн нөхөр,хүү 2-ын хамт 3 сая төгрөгийг тус тус өгч нийтдээ 3,500,000 төгрөгийг буцааж төлсөн юм. Ингээд 4,300,000 төгрөг үлдсэн. Үлдэгдэл мөнгө 4,300,000 төгрөгний хэрүүл үргэлжилсээр 2014-09-10-ны өдөр нөхөр Төмөрбаатарын хамт уулзъя гэж дуудан би ганцаараа уулзахаар очтол тэд өөрсдийн машиндаа суулган айлгаж сүрдүүлэн,бид үлдсэн мөнгөө мэдэж байгаа,энэ цаасан дээр гарын үсгээ зур,гэрээ хийе гээд А4-ийн хэмжээтэй цасны доод талд миний нэрийг бүтнээр бичүүлж гарын үсэг зуруулан өөрөө би дээд хэсгээ бөглөнө хэмээж авсан. Иймд би өөрийн гараар С.Энхтөгсөөс нийт 7.800.000 төгрөг авсан нь үнэн бөгөөд миний 2 удаагийн цувуулан өгсөн 3.500.000 төгрөгийг хасаад 4.300.000 төрөгний үлдэгдэлтэй ба өөрөөр хэлбэл би С.Энхтөгсөд 4.300.000 төгрөгийг төлөх ёстой юм. Ч.Ганбат нь уг хэрэгт ямар ч холбогдолгүй болохыг З.Эрдэнэжаргал би үнэн зөвөөр гэрчилж байна. Иймд би С.Энхтөгсөд 4.300.000 төгрөгийг л төлнө гэжээ.

Хариуцагч Ч.Ганбат шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Энхтөгсийн гаргасан нэхэмжлэлд ямар ч холбогдол байхгүй. Би Энхтөгстэй уулзаж мөнгө төгрөг, зээл аваагүй, ямар нэгэн зээлийн гэрээ хийгээгүй болно. Энэ хүнийг би сайн танихгүй бөгөөд миний эхнэр Эрдэнэжаргалын хамт 2013 оны 1-р сард зах дээр явж байгаад 3 сая төгрөг өгөхийг харж байсан юм. Эхнэрээсээ асуухад би өгөх ёстой юмаа гэж хэлж байсан юм. Янз бүрийн хүн эхнэрээс мөнгө авдаг учраас би тэр үед тоогоогүй Мөн 2014 оны 12 сард миний эхнэр уйлан утасдаж намайг 2 хүн явуулахгүй,мөнгө нэхээд хамаг юмыг маань дэрэмдчихлээ гэж утасдаж би БОЭТ-ийн урд очиж эхнэр дээрээ очиход С.Энхтөгсийг 2 дахь удаагаа харсан. Юу болохыг асууж, миний эхнэр нь С.Энхтөгсөд мөнгө өгөх ёстойг мэдсэн ба өөрийн эхнэрээс чи зах дээр 3 сая төгрөг өгч байсныг асуухад дахиад үлдэгдэл болох 4.300.000 төгрөгийг өгөх ёстой юм аа гэж хариулсан. Би өөрийн охины төлбөрийг төлөх чадвартай ба Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс охины төлбөр болох 1500 доллар төлдөг юм. Тийм учраас би Энхтөгсөөс мөнгө авч охины төлбөрийг төлсөн нь огт үндэслэлгүй юм. Уг нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргиын анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1496 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч З.Эрдэнэжаргалаас 4 400 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Энхтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 140 000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул Ч.Ганбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 151,590 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч З.Эрдэнэжаргалаас 85350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Энхжаргал давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 3.500.000 төгрөгийг өгсөн ямар ч баримтгүйгээр Ч.Ганбатыг хариуцагч гэдгийг хэлэлцүүлгийн үед нотлох баримтыг хэт гуйвуулан зөвхөн хариуцагч түүний өмгөөлөгчийн тайлбарт үндэслэн буруу шийдвэрлэсэн болно. З.Эрдэнэжаргал, Ч.Ганбаатар нарын өгсөн гэх 3.500.000 төгрөгийг ямар ч нотлох баримтгүйгээр хасаж тооцсон. CD-ний бичлэг дээр З.Эрдэнэжаргал миний өөрөөс нь гуйж 8.000.000 төгрөг өгсөн гэвэл манай нөхөр уурлаад байна 4.300.000 төгрөг өгсөн гэж хэлээрэй гэсэн миний үгийг ашиглан өөртөө зориулж хийсэн байгаа бидний гарын үсэгтэй гэрээ байсаар байтал энэ зальжин хүний худлаа бичлэг тийм чухал биш.

Ч.Ганбат гарын үсгээ биш гэж мэлзсээр олон сар болсон шүүхийн шинжээчийн дүгнэлт гарангуут хүчээр зуруулсан гэж гүтгэж байна. Ч.Ганбат цуг явж мөнгө авсан, гарын үсгээ дараа зуръя завгүй гэсээр зурсан байгаа. Гэхдээ өөрийн хүсэлтээр зурсан гэдгийг си ди ний бичлэг нотлоно. CD дээр Эрдэнэжаргал Ганбаа гарын үсгээ зураарай гэж хэлээд тайвнаар харилцан ярилцаж гарын үсэг зурсан. Гэтэл шүүгч хүчээр гарын үсэг зуруулсан гэж шийдвэрлэсэн. Иймд Ганбатыг хариуцагчаар татаж өгнө үү. Жич аливаа хэрэгт нотлох баримт гарын үсэг үндэслэж болохоос хэн нэгний өртөө зориулж хийсэн утасны хуурамж бичлэгийг ашиглах хууль байхгүй гэж үзэж байна. Иймд хэргийг нягталж үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Энхтөгс зээл 8,000,000 төгрөг, зээлийн хүү 640.000 төгрөг нийт 8.640.000 төгрөгнөөс өгсөн 100.000 төгрөгийг хасаад 8.540.000 төгрөгийг З.Эрдэнэжаргал, Ч.Ганбат нараас 8.540.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ч.Ганбат би мөнгө зээлж аваагүй, ямар нэг зээлийн гэрээ байгуулаагүй гэж, хариуцагч З.Эрдэнэжаргал нийт 7.800.000 төгрөг зээлж авснаас 3500.000 төгрөг буцааж төлсөн тул 4300.000 төгрөг төлнө гэж тус тус маргажээ.

Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч З.Эрдэнэжаргалаас 4.400.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Энхтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.140.000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул Ч.Ганбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй-байхаар зохицуулагдсан ба нэхэмжлэгч С.Энхтөгс хариуцагчид мөнгө зээлсний дараа буюу 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээг нөхөж байгуулсан, харилцан тохиролцож 8.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлдүүлсэн тухай зээлийн гэрээ хуулийн дээрх шаардлагад нийцээгүй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч өөрийн хүсэл зоригоо бодитой, хангалттай, чөлөөтэй илэрхийлж чадаагүй учир зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч зээлийн хүү шаардах эрх үүсэхгүй гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.Энхтөгөс 8.000.000 төгрөгийг хариуцагчид бодитойгоор тухайн үед шилжүүлж өгсөн болохыг, хариуцагч Ч.Эрдэнэжаргал 3.000.000 төгрөгийг буцаан төлсөн болохоо тус тус нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх нотлох үүргийг зөвхөн нэхэмжлэгчид хүлээлгэсэн буруу байна.

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчид мөнгийг шилжүүлэх, хариуцагч зээлийг буцаах төлөх үүрэг хуулиар үүсэх ба энэ тохиолдолд хариуцагч зээлсэн мөнгөө буцаан төлснөө нотлох үүрэгтэй өөрөөр хэлбэл нотлох чиг үүргийг зохигчдын хэн хэн нь хүлээх ёстой.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.Энхтөгс нь 7.800.000 төгрөгийг хариуцагч Ч.Эрдэнэжаргалд зээлдүүлсэн нь тогтоогдсон, харин хариуцагч Ч.Эрдэнэжаргал нь зээлийн төлбөрөөс 3.000.000 төгрөгийг буцааж төлсөн гэдгээ, нэхэмжлэгч 500.000 төгрөг биш 100.000 төгрөг авсан болохоо тус тус нотолж чадаагүй тул хариуцагч Ч.Эрдэнэжаргалаас зээлийн төлбөр 7.300.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Энхтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.240.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хариуцагч Ч.Эрдэнэжаргалаас нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хийсэн хуурцаг бичлэгийг нотлох баримтанд үнэлж улмаар 3.500.000 төгрөг өгсөн болох нотлогдсон гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасныг зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч Ганбат гарын үзэг зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр батлагдсан боловч зээлийн гэрээний тодорхойлох хэсэгт Ганбатын нэр бичигдээгүй, гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь зөвхөн Ч.Эрдэнэжаргалд 8.000.000 төгрөг зээлдүүлсэн байх тул шүүх Ганбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг бүрэн хэрэгжүүлж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан ...хүчээр гарын үсэг зуруулсан гэж шүүх дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Иймд Ганбатыг хариуцагчаар татаж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах ньр зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1496 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд хариуцагч З.Эрдэнэжаргалаас 4.400.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Энхтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.140.000 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож гэснийг хариуцагч З.Эрдэнэжаргалаас 7.300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Энхтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.240.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж

Шийдвэрийн 3 дугаар заалтанд ...85.350 төгрөг гэснийг ...131.750 төгрөг гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч С.Энхтөгсийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.350 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ