Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/446

 

2025            04            17                                          2025/ДШМ/446

 

Ж.Т-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч Ж.Ганболд,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Д.Батсайхан, Г.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/484 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар прокурорын эсэргүүцлээр Ж.Т-д  холбогдох 2402 00000 0167 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

О овогт Ж-ны Т, ... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастр мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../;   

Шүүгдэгч Ж.Т нь өөрийн найз О.О-тай санаатай нэгдэн, худалдаалах зорилгоор гадаад улсаас илгээж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан, Метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 26.9299 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлээн авч, бусдад худалдан борлуулахыг урьдчилан амлан, уутанд жижиглэн савлаж, тодорхой байршилд байрлуулан, бодисын төлбөрийг шилжүүлэн авах бололцоог бүрдүүлэх зорилгоор өөрийн эзэмшлийн Хаан банкны 50...... тоот дансаа ашиглуулсан, мөн дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ................ тоот орон байр болон өөрийн биедээ хадгалан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн прокурорын газраас Ж.Т-г мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан, худалдсан гэмт хэрэгт урьдчилан амлаж дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, түүнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, худалдсан гэмт хэрэгт урьдчилан амлаж дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ж.Т-г мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, худалдсан гэмт хэрэгт урьдчилан амлаж дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Т-г 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Ж.Т-н цагдан хоригдсон нийт 30 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ж.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар Хаан банкнаас ирүүлсэн “29/12625, 12643” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн гүйлгээний байршлын мэдээлэл бүхий 1 ширхэг сиди, мөрдөн шалгах ажиллагааны явцад нэгжлэг, үзлэг хийсэн болон таньж олуулах ажиллагааг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлсэн 7 хэсэг дүрс бичлэг бүхий “2402000000167 Ж.Т” гэсэн бичиглэлтэй саарал ногоон өнгийн 1 ширхэг диск зэргийг хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1-11 хүртэл дугаарласан нийт цэвэр жин нь 26.9299 грамм хэмжээтэй, 11 ширхэг гялгар ууттай, талслаг цагаан өнгийн нунтаг зүйл, хар болон саарал өнгийн жин тус бүр 1 ширхэг, 269 ширхэг хоосон зиплок уутнууд, цахилгаан жингийн хайрцагтай 153 ширхэг хоосон зиплок уутнууд, “С... 89....” гэсэн бичиглэлтэй хайрцагтай хос пүүзэн гутал, цаасан хайрцагтай, цагаан шаргал өнгийн үдээстэй хос гутал, цаасан хайрцагтай, хар өнгийн үдээстэй 44 гэх хос гутал зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж  шийдвэрлэжээ.

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “... Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар “О.О нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр улсын хилээр гарч, гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Бүгд Найрамдах Турк Улсад байсан”, “Ж.Т-н бие болон орон байрнаас илэрсэн НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан, Метамфетамины агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 27 грамм (26.9299) хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг О.О гадаад улсаас худалдаалах зорилгоор илгээж, 2024 оны 2 дугаар сард Ж.Т хүлээн авсан”, мөн “жин хэмжүүр, зиплок түгжээтэй олон тооны жижиг уутнуудыг худалдан авч, өөрийн гэрт бусдад худалдан борлуулахад бэлтгэж савласан”, “тодорхой байршил бүхий газарт нууц далд аргаар үлдээн, байршлын талаарх гэрэл зураг, дүрс бичлэг бүхий мэдээллийг О.О-т цахим хэрэгслээр өгсөн”, “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан борлуулсан төлбөр Ж.Т-н эзэмшлийн Хаан банкны 50...... тоот дансанд шилжиж орсны дараа Бүгд Найрамдах Турк Улсын нутаг дэвсгэрт бэлэн зарлагын гүйлгээ хийгдсэн” үйл баримтууд сэргээн дүрслэгдэж, нотлогдсон. Мөн О.О-н Монгол Улсын нутаг дэвсгэрт байхгүй нь энэхүү хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохооргүй байна гэж дүгнэн, О.О-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн бөгөөд шүүх дээрх асуудлаар ямар нэгэн үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй болно. Түүнчлэн шийтгэх тогтоолд Ж.Т-д  холбогдох хэргийн үйл баримтыг “...О.О-н “худалдаалах зорилгоор илгээсэн” сэтгэцэд нөлөөт бодисыг Ж.Т хууль бус гэдгийг мэдсээр байж заасан газраас нь очиж авсан...” гэж тогтоосон атлаа сэтгэцэд нөлөөт бодисыг хэзээ, яаж, яг ямар үйлдлээр улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримтыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн Ж.Т-н хэзээний, ямар гэмт үйлдэлд хэрхэн, яаж, ямар үйлдлээр дэмжлэг туслалцаа үзүүлснийг тогтоосон баримт хавтас хэрэгт авагдаагүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд “улсын хилээр нэвтрүүлж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж Монгол Улсын хилийг нууцаар, эсхүл худал мэдүүлж илээр нэвтрүүлж үйлдсэнийг ойлгоно. Мөн цагдаагийн байгууллагаас Ж.Т-н үйлдлийг О.О-н илгээсэн сэтгэцэд нөлөөт бодисыг хүлээн авснаас 2 сар орчим хугацааны дараа илрүүлж, таслан зогсоосон болон худалдан борлуулсны төлбөр Ж.Т-н эзэмшлийн Хаан банкны 50....... тоот дансанд шилжиж орсны дараа Бүгд Найрамдах Турк Улсын нутаг дэвсгэрт бэлэн зарлагын гүйлгээ гарсан зэрэг шийдвэрийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлуудыг шүүх анхаарч, дүгнэлт хийгээгүй нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

2. Шүүгдэгч Ж.Т-г гэм буруутайд тооцохдоо “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, худалдсан” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хууль тогтоогчоос гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг хуульчлахдаа урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд аливаа хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн хүнийг хамжигчид, тухайн гэмт хэргийг өөрөө үйлдсэн хүнийг гүйцэтгэгчид тооцохоор зааж, оногдуулах эрүүгийн хариуцлагыг ялгамжтай байдлаар тусгасан. Тодруулбал, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд үзүүлэх дэмжлэг нь зааж зөвлөх, мэдээлэл өгөх, зэвсэг, хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангасан байхыг шаардах бол гэмт хэрэгт хамтран оролцогч нарын үйл ажиллагаа зөвхөн гүйцэтгэгчийн үйлдлээр дамжин хэрэгждэг учир гүйцэтгэгчгүйгээр бусад оролцогчид, бусад оролцогчидгүйгээр гүйцэтгэгч гэсэн ойлголт байхгүй, гүйцэтгэгч нь тухайн гэмт хэргийг санаатайгаар өөрөө гардан үйлдсэн байхыг ойлгоно. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу, нотлох баримтуудаар нотлогдсон үйл баримт болон прокуророос зүйлчилсэн үндсэн зүйлчлэлийн хүрээнд Ж.Т-г “....О.О-н “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн...” үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон гэж үзэх боломжтой, харин шүүхээс гэм буруутайд тооцсон “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, худалдсан” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Ж.Т нь О.О-н заавраар гэмт хэргийг үйлдэхдээ хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах, хадгалах, худалдах зорилгоор бэлтгэх, нууц далд байршилд үлдээх /лок тавих/ зэргээр гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинжид хамаарах гэмт үйлдлүүдийг өөрөө гардан хийснээр гэмт хэргийн гүйцэтгэгчид хамаарч байх тул шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг буруу хэрэглэсэн гэж дүгнэлээ. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/484 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийн дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Т тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

 

Шүүгдэгч Ж.Т-н өмгөөлөгч Ж.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах байр суурийг илэрхийлж байсан. Миний үйлчлүүлэгч “хийсэн үйлдэлдээ буруутай тул гомдол гаргахгүй” гэсэн учраас гомдол гаргаагүй. Ж.Т нь анх удаа хар тамхины хэрэгт холбогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч нь “хэрэглэсэн, хэрэглээгүй” гэх хоёр өөр дүгнэлт гаргасан. Ж.Т нь тухайн бодисыг огт хэрэглэж байгаагүй. Найз О.О-н заасан газраас нь очиж авч, савласан үйлдлийнхээ гэм бурууг анхан шатны шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн. Прокурор хилээр нэвтрүүлсэн тохиолдолд гэмт хэрэг төгссөн гэж үзээд байгаа. Яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа болон үйлдлийн арга, хэлбэрийг бичээгүй. Мөн чат бичсэн гэдэг боловч Ж.Т, О.О нарын чат мөн эсэх, гадаадад гүйлгээ хийсэн нь тогтоогдоогүй. Ж.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг өөрөө өөрийгөө нотолно гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Прокурор Ж.Т-н мэдүүлгийг таамаглалд тулгуурлан яриад байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нууц далд аргаар үйлдэгдсэн тохиолдолд олж илрүүлэх, тогтоох ажиллагааг мөрдөгч шалгаж, прокурор хяналт тавина. О.О гэх хүн хил нэвтрүүлж, бусдад тухайн бодисыг өгсөн талаар баримт хэрэгт байхгүй. О.О-н үг, үйлдлийг таамаглалд тулгуурлан, Ж.Т-д  хамааруулаад байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Үйлдэл, хор уршиг, үр дагавар нь хоорондоо холбогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүрээнд гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Ж.Т нь өөрийн найз О.О-тай санаатай нэгдэн, худалдаалах зорилгоор хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан, Метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 26.9299 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, худалдсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцож, дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 19 дүгээр байрны 07 тоот орон байр болон өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Ж.О-н “...О нь миний ганц хүү байгаа юм... гэмт хэрэг зөрчилд холбогдож явж байгаад 2018 онд надад ч хэлээгүй Монголоос Оросын Холбооны Улсын хилээр гараад явчихсан байсан. Түүнийг би яаж мэдсэн гэхээр О өөрөө над руу гадаад улсын дугаараас залгаад Оросын Холбооны Улсад байна гэдгээ хэлсэн. Миний мэдэж байгаагаар О нь Орос улсад 1 жил гаран болоод цаашаа дамжаад Турк улс руу гарсан байсан. Над руу ярьж Турк улсад ирсэн, ажиллаж байна гэдгээ хэлсэн. О нь 2018 оноос хойш Монгол Улсад байхгүй... гадаад улс руу гарснаас хойш олон цагдаа нар хайж эрэн сурвалжилж надаас асуудаг...” гэсэн мэдүүлэг /1 хх 67-68/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн “...Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан зиплок уутанд төмөр халбага, талстлаг цагаан өнгийн нунтаг зүйл, №2 гэж дугаарласан “GНL Роскеt sсаlе” гэсэн бичиглэлтэй хар өнгийн жин мэт зүйл, саарал өнгийн жин мэт зүйл хоосон зиплок уутнууд тус бүрээс Метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Талслаг цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 14.5 грамм, цэвэр жин нь 8.9 грамм болов. ...” гэсэн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2608 дугаартай шинжээчийн дүгнэлт, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 94-96/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн “... “1” гэсэн хаягтай гялгар уутанд цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд цагаан өнгийн талстлаг зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд цагаан өнгийн талстлаг зүйл, “4" гэсэн хаягтай гялгар уутанд цагаан өнгийн талстлаг зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2609 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 100-104/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн №6 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйл, №7 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйл, №8 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйл, №9 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйл, №10 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйл, №11 гэж дугаарласан талслаг цагаан өнгийн нунтаг зүйл тус бүрээс Метамфетамин /methamphetamine/  илэрч байна. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2610 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 85-90/,

Хүний биед үзлэг хийсэн “...Ж.Т нь хар өнгийн савхин хүрмийн баруун талын энгэрийн дотор талын халааснаас олон тооны жижиг зиплок ууттай “мөс” гэх зүйл гаргаж ирснийг тус тусад нь дугаарлан ... шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав. ...” гэсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 20-21/,

Чингэлтэй дүүргийн .............. тоот орон байранд нэгжлэг хийсэн “... Ж.Т нь “сайн дураараа гаргаж өгнө” гэж ... том өрөөнд очин цагаан шаргал өнгийн шүүгээний дээд талын шургуулгыг онгойлгож... мөс гэх зүйл байгаа гэж том зиплок ууттай зүйл зааж өгснийг задлан үзэхэд шар өнгийн канттай зиплок ууттай нунтаг цагаан “мөс” гэх нэршилтэй дотор нь төмөр амны халбага хийсэн зүйл байсныг албаны цагаан жин дээр тавьж хэмжихэд 56.4 грамм байсныг “1” гэж дугаарлан хураан авч, бусад зүйлийг үзэхэд саарал өнгийн цахилгаан жин хэмжигч 1 ширхэг, хар өнгийн цахилгаан жин хэмжигч, олон тооны жижиг зиплок уутнууд байсныг “2” гэж дугаарлан хураан авч, Ж.Т-д  өөр хууль бус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэл, хэрэглүүр эд зүйл байгаа эсэх талаар асуухад “өөр байхгүй” гэснээр... нэгжлэгийг явуулахад том өрөөнд байх цаасан хайрцаг дотроос олон тооны жижиг зиплок уутнууд гарч ирснийг хураан авч, ... хувцасны тавиур дээр цахилгаан жингийн хайрцаг дотор олон тооны жижиг зиплок уутнууд байсныг хураан авав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 9-19/,

Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 4/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 35-48/, хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 19, 8 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт /1 хх 188, 191/, Ж.Т-н эзэмшлийн Хаан банкны 50......... дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкнаас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 29/12625 дугаартай албан бичгээр ирүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга, гүйлгээ хийгдсэн байршлын мэдээлэл бүхий сиди, үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 149-166, 2 хх 16-26/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Ж.Т-г өөрийн найз О.О-тай санаатай нэгдэн, худалдаалах зорилгоор гадаад улсаас илгээж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтсан, Метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 26.9299 грамм хэмжээтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлээн авч, бусдад худалдан борлуулахыг урьдчилан амлан, уутанд жижиглэн савлаж, тодорхой байршилд байрлуулан, бодисын төлбөрийг шилжүүлэн авах бололцоог бүрдүүлэх зорилгоор өөрийн эзэмшлийн Хаан банкны 50....... тоот дансаа ашиглуулсан, мөн дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг байр болон өөрийн биедээ хадгалан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчилснийг анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Т-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэж үзэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь, хэрэгт авагдсан баримтуудаар тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хэзээ, яаж нэвтрүүлсэн талаарх баримт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Ж.Т нь уг үйлдэлд хэрхэн, ямар байдлаар хамтран оролцсоныг нотолж чадаагүй, харин найз О.О-н БНТУ-аас илгээсэн гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж хууль бусаар авсан, худалдсан, хадгалсан хэргийн үйл баримт прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд тогтоогдсон гэж үзэж анхан шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Үүнээс гадна, шүүхээс шүүгдэгч Ж.Т-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Иймд прокурор Д.Цэцэг-Эрдэнийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ж.Т нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/484 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Т нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                          Д.МӨНХӨӨ

                        ЕРӨНХИЙ

            ШҮҮГЧ                                                          Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                          М.АЛДАР