Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 299

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Мижиг овогт Даваагийн Г-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805006100177 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .......оны ....... дүгээр сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .....настай,эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуур сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт ............дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод оршин суух, ............дүүргийн ... дугаар хороо, ... байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Мижиг овогт Даваагийн Г-

 

Шүүгдэгч Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр .........дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны ... тоотод хамтран амьдрагч болох иргэн Г-тай гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч болох иргэн Г-тай гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Г-ын биед халдаж дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын 1-р хурууны шарх, баруун мөр, суга, орчмын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Г-ын “2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 16 цагийн үед ..........дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод гэртээ байж байхад манай нөхөр Г- орж гараад архи уугаад байсан юм. Би уурлаад чи уухаа боль эсвэл гараад яв гэж нөхрийгөө хэлсэн юм. Г- гарахгүй би гэртээ байна гээд уурлаад байсан. Үүнээс болоод бид маргалдсан. Г- том өрөөний газар хэвтээд байхаар нь би бос гар гээд хөөсөн. Тэгтэл Г- уурлаад  намайг дарж унагаагаад миний нүүр, нуруу хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон. Яг тэр үед Г- аяганы тавиур дээр байсан жижиг хутгыг аваад над руу далайсан юм. Тэгээд би хутгыг нь булааж авах гээд оролдож байгаад миний баруун гарны эрхий хурууны хэсгийг исгэсэн юм. Тэгээд л би цагдаа дуусан. Г- ч гараад явсан. Гэрлэлтээ батлуулаагүй ээ. Би 2013 оны 06 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа. Дундаасаа 1 хүүхэдтэй байна. Дээрээс дарж унагаагаад 2-3 удаа нүүр нуруу хэсэг рүү цохисон юм. ... Гомдол санал байхгүй. Тухайн үед уурлаад цагдаа дуудсан юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27 дугаар хуудас/

“... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна. Бид сайн дураараа эвлэрсэн. Миний хувьд шүүх хуралд оролцохгүйгээр хэргийг шийдүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 56 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №1591 дугаартай:

1. Г-ын биед дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын 1-р хурууны шарх, баруун мөр, суга орчмын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Гын яллагдагчаар өгсөн “Би 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн орчим гэртээ архи уусан ирсэн. Тэгээд би согтуу том өрөөндөө унтаж байтал эхнэр Ганзул ирээд миний дээрээс хөлөөрөө дэвссэн.

Тэгэхээр нь би байршилаа солиод өөр газар хэвтсэн чинь дээрээс орилж хашгираад дахиад цохиод байхаар нь би уурлаад босож ирээд зүүн нүдний орчимд нь нэг удаа баруун гараараа цохисон. Тэгээд үргэлжлүүлээд нуруу болон зүүн гар руу нь гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл Ганзул уйлаад хашгираад над руу цохих гэж дайрахаар нь би тэврээд бид хоёр давхралдаж газар унасан. Тэгээд би босож ирээд чамд ингэж зодуулж байхаар өөрийгөө ална гээд гал тогооны өрөөнд байсан жижиг ногоон хутга авч айлгах гэтэл Ганзул миний гараас хутгыг булааж авах үедээ баруун гараа зүссэн. Тэгээд айгаад орилж хашгираад байхаар нь би гэрээсээ гараад явсан. Өөрийн хийсэн зүйлдээ  харамсаж байгаа ба эхнэр Ганзул намайг уучилж сайн дураар эвлэрсэн байгаа. Миний хувьд дахин ийм зүйл хийхгүй. Хийсэн зүйлдээ гэмшиж байгаа. Надад оногдуулж байгаа ял зэмлэлийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү гэж хүсье” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч болох иргэн Г-тай гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

  

Хохирогч Г- “... Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга байна. Бид сайн дураараа эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 56 дугаар хуудас/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн тул шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Мижиг овогт Даваагийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Г баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ