Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/447

 

  2025            04            17                                         2025/ДШМ/447

 

Б.Х, Э.Х  нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр,

яллагдагч Б.Х-н өмгөөлөгч Д.Энхцэцэг,

яллагдагч Э.Х-н өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/1766 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Бичинхүүгийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 8 дугаар прокурорын эсэргүүцлээр Б.Х, Э.Х  нарт холбогдох 2405 00937 1131 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Т овогт Б-н Х, ... оны .. дүгээр сарын ..-ны өдөр .......... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .................. ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../;   

Б овогт Э-н Х, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр .......... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ................ ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......./;   

Яллагдагч Б.Х нь ...-н даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1795 дугаартай тушаалаар .............. ажиллаж байхдаа ...-н нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчийн албан тушаалын тодорхойлолтын 1-д заасан “нууц далд зохион байгуулалттай үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаарх мэдээлэл цуглуулж баримтжуулан шалгах, нотлох баримт цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлнэ” заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэсэн заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт, “Иргэний болон Улс төрийн эрхийн олон улсын пакт”-ын 7 дугаар зүйлд “хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно” гэсэн заалт, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 5 дугаар зүйлд заасан “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэж заасныг тус тус зөрчиж, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.О-г .................дугаартай албан өрөөнд эрүүгийн 230504114 дугаартай хэрэгт хэрэг хүлээлгэж, мэдүүлэг авах зорилгоор “худлаа шаагаад чи, М-г олж өгөөгүй, үнэн худалч пизда байна” гэж хэлэн сэтгэл санааг нь шаналган зовоож, улмаар түүний өмсөж явсан куртикний урд талын энгэр хэсгээс хоёр гараараа атгаж байгаад арагшаа хана руу 2-3 удаа түлхэж нуруу, биеийн ар хэсгээр мөргүүлж, хар өнгийн резин урт бороохойгоор зүүн гарын булчин хэсэг, зүүн хөлийн гуяны гадна хэсэг рүү цохиж, бие махбодыг нь шаналган зовоосон, мөн ....................дугаартай албан өрөөнд мөрдөгч Э.Х-н резинэн бороохойг нугалж, хоёр үзүүрээр нь Б.О-н хоолойн урд хэсэг рүү тулгаж, хойшоо түлхэх зэргээр бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон үйлдэл хийсний дараа “яасан энэ хэд аймар байгаа биз дээ, баарнаас гараад гүйхэд М-тай хамт явсан эрэгтэйг бас хэл, эд нарын өрөө аймар байгаа биз дээ, хана нь цөмөрсөн, наад хэд чинь хана руугаа аваад шидчихдэг юм, энэ гуравтай үлдэх юм уу, манай өрөө рүү орох юм уу” гэж сэтгэл санааг шаналган зовоох шинжтэй үг хэлж, түүний биед нь халдсан мөрдөгч Э.Х-н үйлдлийг таслан зогсоолгүй, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж Б.О-н бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон,

яллагдагч Э.Х нь ...-н даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1795 дугаартай тушаалаар .............. ажиллаж байхдаа ...-н нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчийн албан тушаалын тодорхойлолтын 1-д заасан “нууц далд зохион байгуулалттай үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаарх мэдээлэл цуглуулж баримтжуулан шалгах, нотлох баримт цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлнэ” заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэсэн заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт, “Иргэний болон Улс төрийн эрхийн олон улсын пакт”-ын 7 дугаар зүйлд “хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно” гэсэн заалт, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 5 дугаар зүйлд заасан “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэж заасныг тус тус зөрчиж, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.О-г ................... дугаартай албан өрөөнд хэрэг хүлээлгэх зорилгоор резин бороохойг нугалж, хоёр үзүүрээр нь түүний хоолойн урд хэсэг рүү тулгаад хойшоо түлхэж, шахах зэргээр бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Х, Э.Х  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх үндсэн зарчим нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахих үндсэн нөхцөлийг хуульчилсан байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдлоо. Үүнд; Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 726 дугаар яллах дүгнэлтэд дурдагдсанаар:

1. “...Яллагдагч Б.Х нь ...-н даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/1795 дугаартай тушаалаар ............. ажиллаж байхдаа ...-н нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчийн албан тушаалын тодорхойлолтын 1-д заасан “нууц далд зохион байгуулалттай үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаарх мэдээлэл цуглуулж баримтжуулан шалгах, нотлох баримт цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлнэ” заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ...” Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэсэн заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт, “Иргэний болон Улс төрийн эрхийн олон улсын пакт”-ын 7 дугаар зүйлд “хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно” гэсэн заалт, Нэгдсэн Үндэсний байгуулллагын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 5 дугаар зүйлд заасан “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэж заасныг тус тус зөрчиж, 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.О-г ................ дугаартай албан өрөөнд эрүүгийн 230504114 дугаартай хэрэгт хэрэг хүлээлгэж, мэдүүлэг авах зорилгоор “худлаа шаагаад чи, М-г олж өгөөгүй, үнэн худалч пизда байна” гэж хэлэн сэтгэл санааг нь шаналган зовоож, улмаар түүний өмсөж явсан куртикний урд талын энгэр хэсгээс хоёр гараараа атгаж байгаад арагшаа хана руу 2-3 удаа түлхэж нуруу, биеийн ар хэсгээр мөргүүлж, хар өнгийн резин урт бороохойгоор зүүн гарын булчин хэсэг, зүүн хөлийн гуяны гадна хэсэг рүү цохиж бие махбодыг нь шаналган зовоосон...” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. Дээр дурдсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль үйлдэл нь тухайн гэмт хэргийн аль шинжийг хэрхэн хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.

2. Хохирогч Б.О-н гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Тэр цагдаа орж ирээд надад “чи М-тай тэр үед хулгай хийсэн байна” гэсэн, би “ах аа, би хулгай хийгээгүй гэхэд шаагаад байгаарай чи бичлэгээ үзэх үү” гэсэн. Би “бичлэгээ үзье” гэж хэлээд байж байхад гаднаас 3-4 эрэгтэй энгийн хувцастай цагдаа нар орж ирсэн. Надад бичлэгийг анх намайг барьж авсан цагдаа гар утсаараа үзүүлсэн. Бичлэг дээр би мөн байсан, би модны хоёрт халааснаас гар утас хулгайлж байгаа бичлэг байсан. Өмнөх Х байцаагчийн шалгаснаас өөр үйлдлийн бичлэг байсан. Тэгсэн чинь орж ирсэн хүмүүсээс өнгийг нь санахгүй байна, ганцхан сорочкон цамцтай, хар ботинктой, хөхөвтөр өнгийн брюк өмдтэй, өндөр нуруутай эрэгтэй цагдаа нь намайг “харц чинь хаана яваад байгаа юм лалар минь” гээд баруун хөлөөрөө хоёр шилбэний урд хэсэг рүү ээлжилж өшиглөсөн... би “яая” гэхэд “ямар бааштай муу лалар вэ” гээд резинэн бороохойг Х-с авсан... бороохойгоор баруун гараараа зүүн гарын бугалга, гуяны гадна хэсэг рүү хэд хэд цохисон, мөн хойшоо хар гэсэн, би хойшоо хараад зогсоход бөгс рүү тоог нь мэдэхгүй байна, бараг 10 удаа байх хамаг хүчээрээ цохисон. Хойшоо харуулж бөгс рүү бороохойгоор цохиж байхдаа “алив наадхаа барьж бай даа, наад пизда чинь өвдөхгүй байх шиг байна” гэсэн, тэр үед өрөөнд байсан шаргал өнгөтэй цамцтай, залуухан өндөр нуруутай цагдаа миний толгойг баруун сугандаа хийгээд тонгойлгоод барьсан, тэгээд намайг бороохойтой өндөр цагдаа өмдөө тайл гэсэн. Би өмдөө тайлахгүй байсан чинь сугандаа толгой хийгээд барьж байсан цагдаа хоолой боогоод байсан. Би өмдөө доошоо шувтлахад бороохой барьж байсан цагдаа өмдгүй, дотоожтой бөгс рүү 10 орчим удаа цохисон. Тэгээд би уйлчихсан газар сууж байхад бороохой барьж байсан цагдаа “энэнд цаас бал өгдөө, юм аа бичиж өгөөд зайлбал зайл” гэж хэлсэн. “Цаас бал авах юм уу яах юм чи, хэдэн үйлдэл бичээд зайлбал зайл” гэсэн. Би “ах аа, цаас бал авч яах юм бэ” гэхэд нөгөө бороохойтой цагдаа “чи л мэдэхгүй байв гэж” гээд гараа гэсэн. Би хоёр гараа урагшаа болгоход ар хэсэг рүү бороохойгоороо 2-3 удаа цохисон, мөн толгойны орой хэсэг рүү бороохойныхоо үзүүрээр тоншоод байсан. Тэгээд Х байцаагч “алив наад бороохой өг” гэхэд нөгөө цагдаа байж бай гээд байсан...” гэх мэдүүлэг /1 хх 188-189/ авагдсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэх 4 этгээдүүдийн өмссөн хувцас бусад шинжээр нь тодорхойлсон атал гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хоёр этгээдийн талаар шалгаж тогтоогоогүй. Гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг нотолж чадаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй бөгөөд үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасны дагуу нотолбол зохих шаардлагатай гэж үзлээ.

3. Яллагдагчийн өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан албан хаагч нарыг шалгуулах хүсэлт гаргасан боловч прокурорын зүгээс тухайн үед ажиллаж байсан албан хаагч нарыг гэрчээр мэдүүлэг авсан шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцуулах боломжтой гэх саналыг тус тус гаргалаа. Дээрх саналуудыг авч үзвэл гэрчүүдийг шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулан яллагдагчийн өмгөөлөгч нарт асуулт асуух боломж олгох боломжтой ч хэрэв гэрчүүд нь гэмт хэрэгт ямар нэг байдлаар холбогдолтой байх нөхцөл байдал үүсвэл шүүхэд хэргийг шилжүүлсэн хэргийн хувьд цаашид гэрчүүд болон өөр хэн нэгнийг энэ хэрэгт холбогдуулан шалгах хууль зүйн боломжгүй юм. Иймд гэмт хэрэг үйлдэгдэх үед ажил үүргээ гүйцэтгэж байсан албан хаагч нарыг хохирогч Б.О-н гэрчээр өгсөн мэдүүлэгтэй холбогдуулан шалгаж, тухайн мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч нарын оролцох хуулиар олгогдсон эрхийг хангах нь зүйтэй. Энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч, яллагдагч Б.Х, Э.Х  нарт холбогдох хэрэгт шүүгчийн захирамжид дурдсан зохих ажиллагаануудыг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг нотолж шалгасны эцэст хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэн, хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Б.Х, Э.Х  нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор С.Бичинхүү бичсэн эсэргүүцэлдээ:  “... Шүүгчийн захирамж нь үндэслэлгүй, хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад шаардлагатай ажиллагааг хийж, ........ дүүргийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч нараас хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, гэрчийн мэдүүлэг авсан тул дахин мэдүүлэг авах шаардлагагүй.

2. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурдсан асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүсэлт шийдвэрлэх ажиллагаа бус, харин нотлох баримтын үнэлгээтэй холбоотой асуудал байна. Нотлох баримтын үнэлгээтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдааны явцад хэлэлцэж, шийдвэрлэх зохицуулалттай байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гэм буруутай эсэх, түүнийг нотолсон нотлох баримтын үнэлгээтэй холбоотой шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байна.

3. Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад “...хэрэв гэрчүүд нь гэмт хэрэгт ямар нэг байдлаар холбогдолтой байх нөхцөл байдал үүсвэл шүүхэд хэргийг шилжүүлсэн хэргийн хувьд цаашид гэрчүүд болон өөр хэн нэгнийг энэ хэрэгт холбогдуулан шалгах хууль зүйн боломжгүй юм. Иймд гэмт хэрэг үйлдэгдэх үед ажил үүргээ гүйцэтгэж байсан албан хаагч нарыг хохирогч Б.О-н гэрчээр өгсөн мэдүүлэгтэй холбогдуулан шалгаж...” хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн заалтыг зөрчсөн төдийгүй, хэргийг хавтас хэргийн хүрээнд бус урьдчилан таамаглан шийдвэрлэсэн шинжтэй байна. Мөн хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байхад үндэслэлгүй, бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...гэмт хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээнэ” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг тус тус зөрчсөн байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2025/ШЗ/1766 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад шаардлагатай ажиллагааг хийж, .......... дүүргийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч нараас хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, гэрчийн мэдүүлэг авсан тул дахин мэдүүлэг авах шаардлагагүй. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурдсан асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүсэлт шийдвэрлэх ажиллагаа бус, харин нотлох баримтын үнэлгээтэй холбоотой асуудал байна. Шүүгчийн захирамжийн 3 дахь заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн заалтыг зөрчсөн төдийгүй урьдчилан таамаглан шийдвэрлэсэн шинжтэй байна. ... Түүнчлэн, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаж гараагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2025/ШЗ/1766 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Энэ хэрэгт шалгалгүй, дутуу орхисон зүйл их байдаг. Миний үйлчлүүлэгчийг таньж олуулах ажиллагаа хийхээр Авлигатай тэмцэх газрын мөрдөгч дуудсан. Энэ ажиллагаанд оролцохоор явж байгаа талаар Б.Х гэх мөрдөгчид хэлэхэд тус мөрдөгч Авлигатай тэмцэх газрын гадаа хүлээж байгаад миний үйлчлүүлэгчийг авч явж, Чингэлтэй дүүргийн шүүхээр цагдан хориулсан. Үүнийг гэмт хэргийг нуун далдлах зорилгоор миний үйлчлүүлэгчийг хууль бусаар хорьсон гэж үзэж байгаа. Энэ нөхцөл байдлыг шалгах боломжтой. Таньж олуулах ажиллагаа явуулаагүйн улмаас өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. Хохирогчийн амь нас хохирсон. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. ...” гэв.

Яллагдагч Б.Х-н өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэгт дурдсан хүмүүсийг олж тогтоох үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан. Захирамжид заасан үндэслэлүүдээр хэргийг буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж, анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Э.Х-н өмгөөлөгч Ц.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Х-н хувьд яллагдагчаар татагдсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн, шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргасан. Э.Х-н хувьд Б.О-т хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгасан гэх байдал тогтоогдоогүй. Хохирогчийн мэдүүлэгт эрүүгийн мөрдөгч нараас хүний биед халдсан үйлдэл тодорхой харагддаг. Эдгээр хүмүүсийг нэг бүрчлэн шалгаж тогтоох боломжтой. Хохирогчийн хувьд Б.Х-г шууд нэрлэн заасан. .... Хохирогчийн мэдүүлгийг үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоох, түүнийг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэх зорилгоор биед нь халдсан этгээдүүдийг олж тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж, анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт                   “... Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг тодорхойлсон.

Прокуророос яллагдагч Б.Х, Э.Х  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “... прокурорын яллах дүгнэлтэд дурдсан Б.Х-д холбогдох хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль үйлдэл нь тухайн гэмт хэргийн аль шинжийг хэрхэн хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай, хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хоёр хүнийг шалгаж тогтоох, гэмт хэрэг үйлдэгдэх үед ажил үүргээ гүйцэтгэж байсан албан хаагч нарыг хохирогч Б.О-н гэрчээр өгсөн мэдүүлэгтэй холбогдуулан шалгаж, тухайн мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч нарын оролцох хуулиар олгогдсон эрхийг хангах...” гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.О нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байж болзошгүй хүмүүсийн талаар хангалттай мэдүүлсэн байхад зөвхөн Б.Х, Э.Х  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь ойлгомжгүй байх төдийгүй бусад хоёр хүнийг шалгаж энэ гэмт хэрэгт холбоотой эсэхийг тогтоох шаардлагатайн зэрэгцээ тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан хүмүүсээс үзсэн харсан зүйлийн талаар мэдүүлэг авч хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Иймд шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тухайлан заасан нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох шаардлагатай тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/1766 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Бичинхүүгийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 8 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                          Д.МӨНХӨӨ

                        ЕРӨНХИЙ

             ШҮҮГЧ                                                          Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                          М.АЛДАР