Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 304

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Ганхөлөг

шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тугчин овогт Ганзоригийн О-т яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1705002290323 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ......оны ... дугаар сарын ...-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт .........аймаг ...........сум ....тоотод оршин суух,

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, Тугчин овогт Ганзоригийн О-

 

Шүүгдэгч О нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр .........дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод
П.Г-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа П.Г-гийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч О нь П.Г-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдах явцдаа түүний биед халдаж тархи доргилт, баруун хөмсөгт шарх, зүүн мөрөнд зулгаралт, баруун шуу, тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч П.Г-гийн “Би 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим .......... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ...тоот гэртээ байж байтал манай эхнэр хажуу өрөө түрээслэн амьдрагч Б.Бүжинлхамын хамт орж ирсэн. Тэгээд Бүжинлхам өрөөндөө орсон. Тэгтэл хэсэг байж байгаад муудалцах чимээ гараад байхаар нь Бүжинлхамын ээж Болормаа руу залгаад юу болоод байгаа талаар утсаар хэлсэн. Тэгсэн чинь О- утсаар ярихыг сонсоод шууд өрөөнөөс гарч ирээд миний талаар утсаар яриад ээж рүү нь хэллээ гээд эхнэр рүү дайрахаар нь би чи юу гээд байгаа юм бэ, дандаа энэ охиныг зодож байдаг гэж хэлээд яваад очиход шууд өөдөөс хүрч ирээд миний нүүр лүү гараараа цохиод үргэлжлүүлэн зодсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дүгээр хуудас/

“... Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Хэргийн материалтай танилцахгүй. Энэ хэргийг түргэн шуурхай шийдэж өгөхийг хүсч байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 66-67 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9462 дугаартай:

“1. П.Г-гийн биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, зүүн мөрөнд зулгаралт, баруун шуу, тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 15 дугаар хуудас/

 

Яллагдагчаар Оийн өгсөн “... Тухайн үед Г-гийн эхнэр Уянгатай бага зэрэг маргалдаж байтал Г- орон дээр хэвтэж байснаа босч ирээд миний хажуугаар гарах нь гэж бодтол цохих гэхээр нь би доошоо тонгойтол гараараа хана цохичихсон. Би бүсэлхийгээр нь тэврээд хана руу шахтал миний нуруун дээр тохойлдож цохиод байсан. ... Духны шалбарсан гэмтэл нь намайг өөрөө  дээрээс цохиод салахгүй байхаар нь би хальт хавиртал миний дээрээс унахдаа хананы булан мөргөхдөө авсан гэмтэл. Бусад гэмтлийг Г-гийн биед учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй.

... Би Г-гийн биед гэмтэл учруулсан нь үнэн учир энэ хэргийг түргэн шийдүүлэх хүсэлтэй байна. Би Г-гээс уучлалт гуйж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэг маргаангүй болсон. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй. Надад холбогдох энэ хэргийг нааштайгаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 76-77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Оийг хохирогч П.Г-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруусан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Шүүгдэгч О нь хохирогчид учруулсан гэмтлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Хохирогч П.Г-гээс мөрдөн байцаалтад “... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Хэргийн материалтай танилцахгүй. Энэ хэргийг түргэн шуурхай шийдэж өгөхийг хүсч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 66-67 дугаар хуудас/ өгсөн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

         

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тугчин овогт Ганзоригийн О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар От 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  О торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  О торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол От авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.