Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210/ма2020/02211

 

 

 

 

 

 

 

 

 

С- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 181/ШШ2020/02188 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С- ХХК-ийн хариуцагч Э- ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 34 710 377 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2017 оны 8 сарын 1-ний өдөр Э- ХХК-тай гэрээ байгуулсан ба түрээслэгч 2018 оны 9 сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй. Тус компаний захирал Т.Б-нь 2012 оноос О-ХХК, Д-ХХК-ийн нэрээр манайтай түрээсийн гэрээ байгуулж байсан. 2017 онд байгуулсан түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай ба түрээслэгч тал 2018 оны 9 сарын 12-ны өдрийн албан бичгээрээ 1 жилийн хугацаагаар сунгах хүсэлтээ илэрхийлснээр 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сунгасан. Э- ХХК нь 2018 оны 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй, мөн 000тоот талбайг худалдахаар болсонтой холбоотойгоор түрээслэгчтэй ярилцаж тохиролцсоны дагуу Гранд плаза цогцолборын 00 тоот талбайд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр оруулсан. Ингэхдээ түрээсийн талбайн хэмжээ ижил учир өмнөх гэрээний нөхцөлөөрөө түрээслэхээр болж, гэрээний явцад дахин шинэ гэрээ байгуулахаар тохирсон. 2017 оны 8 сарын 01-ний өдөр Э- ХХК-тай байгуулсан түрээслүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой хариуцагчаас 2018 оны 10 сараас 2019 оны 7 сарын 22 хүртэлх түрээсийн төлбөрөөс барьцаанд төлсөн 1 000 000 төгрөгийг хасч 17 466 666 төгрөг, алданги 9 233 333 төгрөг, төлөөгүй ашиглалтын зардал 3 205 189 төгрөг, нүүлгэлтийн зардал 600 000 төгрөг, нийт 30 505 188 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Гранд плаза цогцолборын 000  тоот оффисын талбайг 2014 оноос эхлэн түрээсэлсэн нь үнэн болно. Гэвч нэхэмжлэгчээс 2019 оны 12 сард гэнэт оффисын талбайгаа зарсан тул тавилгаа 000тоотод оруулж тавь гэж шаардсан. Шаардлагын дагуу бид тавилгаа ус цахилгаан байхгүй 00 тоотод оруулж тавьсан. С- ХХК түрээсийн гэрээний 1, 3, 1.4, 4.2, 2.3, 2.9.1, 9.2 заалтуудыг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасныг баримтлан Э- ХХК-иас 21 271 855 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С- ХХК-д олгож, үлдэх 9 233 333 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331 502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 264 309 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э- ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Э- ХХК нь ашиглаж байх хугадаандаа түрээсийн төлбөрөө зохих ёсоор төлөөд явж байсан. 2014 оноос Гранд Плазагийн 000тоот офиссын талбайг түрээсэлж байхад нэхэмжлэгчээс 2019 оны 12 сард гэнэт офиссын талбайгаа зарж, манай компанийг тус барилгын 000тоотод тавилгаа оруулж тавь гэсэн. Дээрх байдлыг нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд шударгаар тайлбарлан мэдүүлэх үүрэгтэй байсан. Бид огт ашиглаагүй талбайн хөлс болон ус дулаан цахилгааны төлбөрийг төлнө гэдэг бол шударга бус. Иймд 21 271 855 төгрөгийг өнөөдрийн дэлхий ертөнцөд бий болоод байгаа давагдашгүй хүчин зүйлсийн үед төлөх ямар ч боломжгүй байна. Корона вирусээс болоод ихэнхи жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, хил, гааль бүгд хаалттай байгаа нь манай компанийн үйл ажиллагаанд нөлөөлсөн. 000тоотод манай тавилга хадгалаатай байсан тул ашиглалтын зардлыг төлөх үүрэггүй болно. Өмгөөлөгч өвчтэй гэж мэдэгдсээр байтал хууль зөрчин шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэнд гомдолтой. Иймд шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгөхийг хүсье гэжээ.

 

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч С- ХХК нь хариуцагч Э- ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 34 710 377 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа 4 205 189 төгрөгөөр багасгаж, 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарын 22 хүртэлх түрээсийн төлбөрт 17 466 666 төгрөг, алданги 9 233 333 төгрөг, ашиглалтын зардал 3 205 189 төгрөг, нүүлгэлтийн зардал 600 000 нийт 30 505 188 төгрөг гаргуулахаар шаарджээ. /хх 1-3/

 

Талууд 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч С- ХХК нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолборын 13 давхрын 000тоот 144,6 м.кв талбай бүхий оффисын зориулалттай өрөөг сарын 2 000 000 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэгч Э- ХХК нь түрээсийн төлбөрийг бэлнээр төлөх эсхүл түрээслүүлэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь 460006169 тоот дансанд шилжүүлэх, ашиглалтын зардал болох ус, цахилгаан, төвлөрсөн дулаан болон нийтийн аж ахуй үйлчилгээний бусад зардлыг түрээслэгч тал дангаар хариуцахаар тус тус харилцан тохиролцжээ. /хх 6-12/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх ба зохигчид уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

Талууд тохиролцож гэрээний 8.1-т зааснаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгасан үйл баримт тогтоогджээ /хх-12/ Мөн 2018 оны 12 дугаар сард С- ХХК нь Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Гранд плаза цогцолборын 13 давхрын 000тоот талбайг бусдад худалдаж, түрээслэгч Э- ХХК-ийг 000тоот өрөөнд оруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч 000тоот нь ус, цахилгаан байхгүй гэж тайлбарласан ч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Түүнчлэн түрээслүүлэгч талд 000тоот оффисын талбайд оруулсантай холбогдуулж гомдол санал гаргаж байсан талаарх баримт авагдаагүй, талуудыг харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Талууд 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийг дуусталх хугацаанд хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж Э- ХХК нь 14 000 000 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцжээ./хх15/

 

Иймд анхан шатны шүүхээс хариуцагчийн төлвөл зохих үүргийн хэмжээг тооцоо нийлсэн акт, төлсөн мөнгөн дүн зэрэгтэй харьцуулан тооцож нийт 17 466 666 төгрөг, ашиглалтын зардалд 3 205 189 төгрөгөөр тогтоосныг буруутгах боломжгүй.

 

Зохигч гэрээний 6.1 дэх заалтад алданги тооцох хувь хэмжээний талаар тохироогүй гэж үзэж шүүхээс алданги 9 233 333 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Гэрээнд заасан үгийн шууд утгаар тайлбарлаж алдангийн хувь хэмжээ тодорхойгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хариуцагч чөлөөлсөн өдрийг хүртэл төлбөр зардал тооцон нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт нийцжээ./хх-20/

 

Хариуцагч тал шүүх хуралдааны товтой зохих ёсоор танилцсан боловч хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд харицагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд тогтоогдохгүй байна. Талуудын хоорондын үүргийн харилцаа нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүсэхээс өмнө дуусгавар болсон байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж ,хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД