2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 192/ШШ2025/06949

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж-1, 231 тоотод байрлах М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж-1, 231 тоотод байрлах Ү ХХК-д холбогдох,

Газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “М.ХХК нь .. газрыг Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар 2014 оноос хойш эзэмшиж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Бидний зүгээс өөрийн эзэмшлийн дээрх газарт барилгын геодезийн дүгнэлт гаргуулах үед баруун талын хашаа кадастрын зураг эргэлтийн цэгээсээ баруун хойд цэгт .. баруун урд цэгт .. м тус тус дотогшоо тавигдсан болохыг мэдсэн.Тус газрын зэргэлдээ баруун талын газарт Ү..ХХК 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тухайн хашаа манай эзэмшлийн талбайн нийт .. хэмжээгээр дотогшоо тавигдаж, өөрсдийн газарт оруулан хашаалсан байна. Энэ тухай манай зүгээс Ү..ХХК-д мэдэгдэж, хашааг зохих ёсоор татуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдэхэд огт хүлээн авалгүй өдийг хүрээд байна. Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж зааснаар Ү.. ХХК-ийг хууль бусаар манай 277.2 м.кв газрыг эзэмшиж байгаа гэж үзэж байх тул М.. ХХК нь өмчлөгчийн хувьд Ү…ХХК-ийн хууль бус эзэмшлээс манай эзэмшлийн газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: “Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн газар руу хашаа татаж хууль бусаар эзэмшсэн асуудал байхгүй бөгөөд газрын алба, Засаг даргаас олгосон гэрээ гэрчилгээний үндсэн дээр өөрийн газрыг эзэмшиж, ашиглаж байна. Газар давхцалтай олгосон гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.” гэж маргажээ.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны кадастрын зураг, ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, эзэмших, ашиглах, өмчлөх газрын хил, зааг тэдгээрийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлж хүлээлгэн өсөн акт, мэдэгдэл, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн … дугаар мэдэгдэл,  хариуцагчаас итгэмжлэл, газрын кадастрын зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

       ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.ч

5. Нэхэмжлэгч нь Ү..ХХК-ийн хашаа 227.2 м.кв хэмжээгээр дотогшоо тавигдсан тул хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, өөрийн газрыг эзэмшиж ашиглаж байгаа, хашаа манай компанийн өмч биш гэж маргажээ.

6. Хэрэгт болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдлоо.

Нэхэмжлэгч М.. ХХК нь .. газрыг үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалтаар эзэмшдэг бол хариуцагч Ү..ХХК нь .. м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшдэг болох нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны кадастрын зураг, ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, эзэмших, ашиглах, өмчлөх газрын хил, зааг тэдгээрийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлж хүлээлгэн өсөн актаар тогтоогдож байна.

Харин Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн .. дугаар мэдэгдлээр хариуцагч Ү. ХХК-ийг бусдын газрыг хууль бусаар эзэмшиж байгаа байдал тогтоогдохгүй байна.

7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээдэд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд түүний эзэмшил газраас .. м.кв талбайг хариуцагч  компани хууль бусаар эзэмшиж байгаа, хил тогтоосон хашаа нь хариуцагчийн өмчлөлийн зүйл болохыг баримтаар нотлоогүй байна. Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тусгаарлагч хашааг өөрийн өмч биш гэжээ.

9. Иймд нэхэмжлэгч М..ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул …хэсгийг Ү.. ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх М.. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЗҮМБЭРЭЛ