| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2406000002424 |
| Дугаар | 2025/ДШМ/466 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 17.8.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/466
2025 04 24 2025/ДШМ/466
Б.Р-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Мөнх-Оргил,
шүүгдэгч Б.Р-н өмгөөлөгч Б.Лхагвасүрэн,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Р-н өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Р-д холбогдох 2406 00000 2424 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
С овогт Б-н Р, .... оны .. дүгээр сарын ..-ны өдөр .......... төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, ......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........./;
Шүүгдэгч Б.Р нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машиндаа хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу очсон Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа Б.М-н албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжлох, мөн түүний биед хүч хэрэглэн халдаж, хүзүүнээс нь багалзуурдаж, гэдэс рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн,
мөн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл болох “Киа Рио” маркийн .... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалга руу өшиглөж, 330.000 төгрөгийн хохирол санаатай учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Р-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Р-г “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн”, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 9700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.700.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.Р нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Р-н өмгөөлөгч Б.Лхагвасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Р болон түүний өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурийг баримталж оролцсон бөгөөд энэ талаарх үндэслэл, тайлбар, хүсэлтээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад удаа дараа гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн тодорхой хууль зүйн дүгнэлт хийж, хариу өгөөгүйд гомдолтой байна. Тодруулбал: анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 7 дугаар талд шүүгдэгчийн өмгөөлөгч “ ... Хэргийн зүйчлэлийн хувьд маргахгүй, хөнгөрүүлэх байр суурьтай байна. Б.Р нь хэргийн үйл баримтын талаар маргаан байхгүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, гэмшиж байгаа болон хувийн байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан 2700 болон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал гаргасан...”, анхан шатны шүүхээс “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэх атлаа ял шийтгэл оногдуулахдаа дээрх нөхцөл байдлыг хэрхэн тооцож үзсэн нь тодорхойгүй байгаа болно. Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Р-н холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулан тус хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ “... эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шударга ёсны зарчим”-д нийцүүлэн нийт биечлэн эдлэх ялыг 9.700.000 төгрөгөөр тогтоолоо ...” гэх боловч шүүгдэгч Б.Р түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны үед гаргасан “... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзнэ үү ...” гэх саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолын шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт тусгаагүй хэт ерөнхий байдлаар бичиж, тухайн зүйл хэсэгт заасан дунджаас дээгүүр ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд тус гомдолд дурдсан үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Р-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, дүгнэлтэд үндэслэн шүүгдэгч Б.Р-н үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учруулсан хор уршиг зэргийг харгалзан бодитойгоор нотлох баримтуудыг үнэлэн хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан шүүхээс ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хувьд хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болон өөр төрлийн сонгох ялтай гэмт хэрэг юм. Тэгэхээр торгох ялыг хамгийн дээд хэмжээгээр оногдуулсан гэх үндэслэл харагдахгүй байна. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Р-н үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Б.Р-н өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох гэдэгт гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал бүрэн гүйцэд тогтоох ажиллагааг хамааруулан ойлгодог.
Шүүгдэгч Б.Р-д холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотлогдоогүй, тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”-ыг нэг мөр, зайлшгүй эцэслэн шалгаж тогтоогоогүй атлаа шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай болжээ.
Прокуророос Б.Р-г 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “машиндаа хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу очсон Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа Б.М-н албан үүргээ биелүүлэхтэй нь холбоотой тавьсан шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжлох, мөн түүний биед хүч хэрэглэн халдаж, хүзүүнээс нь багалзуурдаж, гэдэс рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн,
мөн тухайн цаг хугацаанд Баянзүрх дүүргийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл болох “Киа Рио” маркийн ... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалга руу өшиглөж, 330.000 төгрөгийн хохирол санаатай учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Нийгэмд аюултай байх нь гэмт хэргийн агуулгын шинж бөгөөд энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалсан эрх ашигт бодит хохирол учруулсанаар илрэхээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт “хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга, байгууламжид халдаж үйлдсэн бол ...” хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баянзүрх дүүргийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл болох “Киа Рио” маркийн .... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу уг гэмт хэргийн халдлагын зүйл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хууль сахиулах байгууллагын тоног төхөөрөмж мөн эсэх талаар хангалттай нотлох баримт авагдаагүйн улмаас хэргийн зүйлчлэл тохирсон эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна.
Өөрөөр хэлбэл, дээрх нотлох баримтуудыг хангалттай цуглуулж бэхжүүлээгүй атлаа Б.Р-г нэг цаг хугацаанд хоёр өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 өөр гэмт хэрэгт холбогдуулан ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэв.
Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт болох цагдаагийн илтгэх хуудас /хх 10/, хохирогч Б.М-н мэдүүлэг /хх 16/ зэрэгт цагдаагийн албаны тээврийн хэрэгслийн дугаарыг “16-02 УАТ” гэж бичсэн байтал прокурор хяналт болон шүүхийн шатанд анхаарч үзэлгүй “... “Киа Рио” маркийн ...... УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл...” гэж, ямар дугаарын тээврийн хэрэгсэл болох тодорхойгүй байгааг буруутган дурдах нь зүйтэй.
Иймд хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байхад хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Р-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Р-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ М.АЛДАР