Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 306

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Анхбаяр, 

шүүгдэгч Б түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

хохирогч Б түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан  Бэсүд овогт Төмөрсүхийн Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010138 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн,  ..........оны ...... дүгээр сарын ...-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .......ХХК-нд угаагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт .............. дүүргийн ... дүгээр хороо ..............тоотод оршин суух, Бэсүд овогт Төмөрсүхийн Б-.

 

Шүүгдэгч Б нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гурвалжингийн гүүрний хойд замд .............улсын дугаартай Toyota Rav-4 маркийн тээврийн  хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны  хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол, ..........ХХК-ний эзэмшлийн хашааг дайрч 314.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Бмэдүүлэхдээ: “Тухайн өдөр Гурвалжингийн гүүрээр явган хүний гарцаар зам гарч байтал цагаан өнгийн машин ирж намайг мөргөхөд ухаан алдсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Гэмтлийн эмнэлэгт 15 хоног хэвтсэн. Нэг сарын хугацаанд хэвтэрт байсан. Би хөдөлмөрийн чадвараа алдсан. Би сар бүр банкны зээлэнд 237.000 төгрөг төлдөг. Цаашид яаж ар гэрээ тэжээнэ дээ гэж бодож байна. Эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилж байна. Яаралтай эмчилгээ хийлгэж хагалгаанд орох ёстой. Толгойн нарийвчилсан зураг авахуулах ёстой” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч Б нь ............улсын дугаартай Toyota Rav-4 маркийн тээврийн  хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны  хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б-ыг мөргөж, түүний биед биед гавлын суурь ясны баруун талын их далавч, нүдний ухархайн гадна хана дайрсан зөрөөтэй нийлмэл хугарал, баруун хацар ясны их бие, нумын ар хэсгийн зөрөөгүй хугарал, баруун талын нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, баруун талын хоншоорын хөндийн ар хана зөрөөтэй, урд хана зөрөөгүй хугарал, баруун дунд чөмөгний дунд 1/3-ийн зөрөөтэй далд  хугарал, баруун талын эрүү, хоншоор, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун хацарт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун гуянд зулгаралт  бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол, ..............ХХК-ний эзэмшлийн хашааг дайрч 314.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 7 дугаар хуудас/

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 8-12 дугаар хуудас/

 

Хохирогч Б-ы “2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө би Сэлэнгэ аймаг Баянгол сум  вагоноор ирж Эх нялхас орж эхнэр хүүхдээ  авах гээд очсон. Би Эх нялхасаас 10 өнгөрч байхад гараад манай нэг хамаатаны ах болох Сэргэлэнгийнд очсон. Би ахынхаа  гэрийн хаягийг сайн мэдэхгүй байна. Тэгээд 11 өнгөрч байхад гараад эмнэлэг орох санаатай  эхнэр  хүүхдийнхээ  хувцсыг аваад гурвалжингийн гүүрний баруун талын явган хүний  замаар уруудаад явж байтал цагаан өнгийн суудлын жижиг тэрэг орж ирээд намайг хөл хэсэг рүү мөргөөд унгаасан. Тэгээд би тэр дороо ухаан алдсан байсан. Удалгүй эмнэлэгт ирээд ухаан орсон. ...Маш их гомдолтой байна. Эхнэр 2 хүүхэд болон манай төрсөн охин дүүгээ би тэжээдэг. Ямар ч хүнд ажил хийх боломжгүй болсон гэж эмч нар хэлсэн. Энэ осол аваарын хэргээс болж үүсэн гарсан бүх зардлыг гаргуулж авмаар байна. Миний ийм болсонд гомдолтой” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Хэрлэнбарсын “... Хохирол бүрэн төлөгдсөн. Манайхаас нэхэмжлэх зүйл байхгүй. Би албан тоотоор хохирол бүрэн төлөгдсөн гэсэн бичиг хийж өгсөн байгаа. Шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 37 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагч Д.Тэмүүлэнгийн “ Тоёота Рав 4 маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед би ажилчин болох Б-д өөрийн эзэмшлийн машиныг өгөөд дэлгүүр рүү бараанд явуулсан. Тэгээд удалгүй над руу манай ажилчин залгаад би Гурвалжингийн гүүрний тэнд аваарт орчихлоо гэсэн. Тэгээд би явж очсон. ...Би ажилчин болох Б-д ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ машины эвдрэл гэмтлийг би өөрөө бүрэн хариуцна” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43 дугаар хуудас/

 “...Надаас мөнгө төгрөг гараагүй байна. Б- өөрөө гэмтсэн хүнийхээ эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулж байгаа. ...Бололцоогоороо гэмтсэн хүний эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 51 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2581 дугаартай:

“1. Б--н биед гавлын суурь ясны баруун талын их далавч, нүдний ухархайн гадна хана дайрсан зөрөөтэй нийлмэл хугарал, баруун хацар ясны их бие, нумын ар хэсгийн зөрөөгүй хугарал, баруун талын нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, баруун талын хоншоорын хөндийн ар хана зөрөөтэй, урд хана зөрөөгүй хугарал, баруун дунд чөмөгний дунд 1/3-ийн зөрөөтэй далд  хугарал, баруун талын эрүү, хоншоор, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун хацарт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун гуянд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.

2. Гэмтлийн  зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 60 дугаар хуудас/

 

Гэмтлийн  согог судлалын үндэсний төвийн өвчний түүх. /хэргийн 62-71 дүгээр хуудас/

 

Ашид билгүүн ХХК-ны Үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт “БГД 20-р хороо гурвалжингийн гүүрийн баруун гудамжинд байрлах бетон хашааг машин мөргөсний улмаас учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээ  314.000 /гурван зуун арван дөрвөн мянга/-н төгрөг /хэргийн 74-79 дүгээр хуудас/

 

Замын цагдаагийн албаны 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №172 дугаартай шинжээчийн:

“1. Toyota Rav-4 маркийн ................улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Төмөрсүх овогтой Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Цэнгэлбаяр овогтой Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй болно.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэлээс нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 84 дүгээр хуудас/

 

Бгийн яллагдагчаар өгсөн “ 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчимд ... халтиргаатай замд гулгаад зүүн гар тийшээгээ болохоор нь буцаагаад баруун гар тийшээгээ жолоогоо дарахад тэр чигээрээ замын хажуу талын хашлага даваад урдаасаа хойшоогоо явсан нэг эрэгтэй хүнийг мөргөөд тэр чигээрээ замаас гараад доошоогоо уруудаад баруун гар талд байрлах байгууллагын бетон хашааг мөргөөд зогссон. Би тухайн өдөр ганцаараа явсан. Машиныг зөвшөөрөлтэй жолоодож явсан. ... Машины хохирол болон хашааны хохирлыг төлж барагдуулсан. ... Миний буруугаас болж осол гарсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 91-93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Б нь ................улсын дугаартай Toyota rav-4 маркийн тээврийн  хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны  хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол, Стөүн хиж ХХК-ний эзэмшлийн хашааг дайрч 314.000 төгрөгний хохирол учруулсан нь Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, Замын Цагдаагийн албаны дүгнэлт, яллагдагч Бгийн өгсөн мэдүүлэг зэрэг бусад баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон тул түүнийг гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт цугларсан хохирлын талаарх нотлох баримтын хэмжээнд хохирогчид төлбөр төлөгдсөн тул шүүгдэгчээс нэмж гаргуулах төлбөргүй байна.

Харин хохирогч өөрт учирсан бусад хохирол, хор уршигийн талаарх баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийг улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ... таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч  Бгийн ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 102 дугаар хуудас/ урьд ял шийтгэл эдэлж байгаагүй тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

 

Өөрөөр хэлбэл  түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлж барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлж байгаа байдлуудыг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.  

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн “шүүдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй тул хорих  ялыг биечлэн эдлүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ.

Шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй гэдэг үндэслэлийг хүндрүүлэх нөхцөл байдал гэж хуульчлаагүй, мөн шүүгдэгч мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн тул хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Төмөрсүхийн Б-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                                               

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Бгийн жолоочийн .............дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

4. Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Бнь өөрт учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ