Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00389

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00389

 

 

 

Н.Оюунтүлхүүрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03984 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Оюунтүлхүүрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Эрдэнэбадрахад холбогдох

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дарьсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгор

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Оюунтүлхүүр, Б.Эрдэнэтбадрах нар нь хамтран амьдарч 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүү Э.Ирмүүн төрсөн. Н.Оюунтүлхүүр шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргаж, шүүх 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 573 дугаар шийдвэр гаргасан. Тус шийдвэрээр гэр бүлийг цуцалж, хүү Э.Ирмүүнийг эх Н.Оюунтүлхүүрийн асрамжид үлдээж, улмаар Б.Эрдэнэбадрахаас хүү Э.Ирмүүнд тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Хилчний гудамж, Харуул Алтай хотхон, 106 дугаар байр, 2 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047242 дугаарт бүртгэлтэй, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хүү Э.Ирмүүн болон Н.Оюунтүлхүүр нарын өмчлөлд үлдээхээр Төрийн банк ХХК-тай байгуулсан 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгчид хариуцуулан тус тус шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гарсны дараа Н.Оюунтүлхүүр нь Б.Эрдэнэбадрахтай төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан ба уг хэлцлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 573 дугаар шийдвэрийн 5 дугаар заалтын дагуу Б.Эрдэнэбадрахаас Н.Оюунтүлхүүрт өгөх зөрүү 12 571 364 төгрөгийн 11 000 000 төгрөгт нь Гранд марк 2 загварын 81-24 УНУ улсын дугаар бүхий автомашинаар тооцон Н.Оюунтүлхүүрийн өмчлөлд үлдээхээр, Төрийн банк ХХК-д төлөх орон сууцны зориулалттай зээлийг Н.Оюунтүлхүүр хариуцан төлөхөөр, шүүхийн шийдвэрийг хоёр тал давж заалдахгүй байхаар тус тус тохиролцсон. Улмаар шүүхийн шийдвэр болон Б.Эрдэнэбадрахтай байгуулсан хэлцлийг биелүүлэх шатанд шүүхийн шийдвэрт тусгагдсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчний гудамж, Харуул Алтай хотхон 106 дугаар байр, 2 тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047242 дугаарт бүртгэлтэй 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Эрдэнэбадрах нь Д.Нэргүй гэгчид 35 000 000 төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдсон. Б.Эрдэнэбадрахын энэ үйлдэл нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд хийгдсэн, шүүхийн шийдвэрийг урьдаас таамаглаж, намайг болон Монгол Улсын шүүхийг хуурч мэхэлсэн үйлдэл тул тус байрыг иргэн Д.Нэргүйд худалдсан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байрыг лизингээр авах эрхийг Б.Эрдэнэбадрах байгууллагаасаа явуулсан сугалаанд хожих журмаар анх авсан. Байрыг авахад урьдчилгаа 5 000 000 төгрөгийг төлөхдөө 3 000 000 төгрөгийг эцэг эхээсээ, 2 000 000 төгрөгийг цалингийн зээл авч, үүнээс хойш лизингийн бүх төлбөрийг өөрийн цалингаас суутгуулан тус тус төлсөн. 2015 оны 03 дугаар сард Н.Оюунтүлхүүрээс гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргасан ба энэ үед Н.Оюунтүлхүүр нь машинаа авна, чи байраа ав гэсэн. Шинжээч томилох, нотлох баримт бүрдүүлэх зэргээр хурал удаан сунжирсан. Б.Эрдэнэбадрах нь 2015 оны 05 дугаар сард ОХУ-аас онцгой сортын чацарганы үрслэгээ оруулж ирж зарахаар найзын хамт бизнес хийх болоод Д.Нэргүй гэх хүнээс 15 000 000 төгрөгийг хүүтэй зээлж авсан байна. Үрслэгээгээ зарсан мөнгийг цувуулан авч зээлээ төлж байсан боловч ихэнхи хэсэг нь зарагдаагүй үлдэж үхсэн байна.

Үндсэн зээлээс 12 000 000 гаруй төгрөгийг төлж чадахгүй байх үед Д.Нэргүй нь байнга утсаар дарамталж, ажилгүй болгоно, цагдаад өгнө гэж сүрдүүлж байсан. Орон сууцаа зарж өрөө дарахаар шийдэж, 2016 оны 3 дугаар сараас байр зарах зар өгсөн боловч хүн аваагүй бөгөөд аргаа бараад Д.Нэргүйд байрны лизингийг төлөөд байрыг авч, өр зээлийг тэглэх санал тавьж байраа зарсан. Энэ талаар гэрлэлт цуцлах шүүх хуралдаан дээр хэлээгүй нь айж, эмээсэн шалтгаан байсан байна. Байр зарах талаар Н.Оюунтүлхүүрт хэлж байсан ч тоогоогүй. Харин 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр болсон, гэр бүл цуцлах хурал дээр Н.Оюунтүлхүүр байрыг авах санал гаргасан. Б.Эрдэнэбадрах нь аргагүй байдалд орж, орон сууцаа зарсан нь хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэрийг урьдчилан таамаглаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047242 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хилчин гудамж, /13280/ Харуул Алтай хотхон, 106 байр, 2 тоот хаягт байршилтай, орон сууцыг худалдах-худалдан авах тухай Б.Эрдэнэбадрах, Д.Нэргүй нарын хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнэбадрахаас улсын тэмдэгтийн хураамжид 332 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Оюунтүлхүүрт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгор давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жавзандолгор би 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс тус хэрэгт итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 00 минутад шүүх хурал товлогдсон. Тус хэрэг нэхэмжлэгч хариуцагчаас гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн захирамжаар Д.Нэргүйг гуравдагч этгээдээр оролцуулахаар захирамж гаргасан. Энэ үндсэн дээр гуравдагч этгээдийг хэд хэдэн удаа дуудсан байдаг боловч дуудсан хаягт оршин суудаггүй гэсэн хариу ирсэн.

Хариуцагчаар дамжуулан мэдэгдсэний үндсэн дээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүй нь хэргийн материалд итгэмжлэлээ өгөхөд хэргийг танилцуулалгүй буцаасан гэдэг. Миний бие сүүлд дахин 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минутад хэрэгтэй танилцахад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл, хэрэгт хавсаргасан баримттай танилцсан. 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 00 минутаас анхан шатны шүүх хуралдаан явагдсан ба хариуцагчийн төлөөлөгч Н.Жавзандолгор би танхимд хоцорч орж ирсэн гэсэн үндэслэлээр хуралдаанд үг хэлэх эрхгүй хөндлөнгөөс ажиглан шүүх хуралдаан явагдсан. Шүүх хуралдааны явцад хавтаст хэргээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл алга болсныг мэдсэн боловч миний бие шүүх хуралдаан даргалагч захирамж гаргасны дагуу үг хэлэх эрхгүй суусан. Шүүх хуралдаан дуусаж шийдвэр сонсгосны дараа уг асуудлыг шүүгчид хэлэхэд хуралдааны нарийн бичиг дээрх баримтыг хэрэгт олж хийсэн. Энэ тухай миний бие тус шүүхийн тамгийн газрын даргад гомдол гаргасан.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчил гаргаж хавтаст хэргээс нотлох баримт дутаасан. Түүнчлэн шүүгч гуравдагч этгээдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах захирамж нь хүчинтэй байхад яагаад гуравдагч этгээдийн эзгүйд шийдсэн нь ойлгомжгүй байна. Хуульд заасан мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн хэд хэдэн алдаа байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж хэргийг бүх талаас нь бүрэн гүйцэд шинжлэн хэргийн оролцогчидийг эрх тэгш байдлаар хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг болон хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Оюунтүлхүүр нь хариуцагч Б.Эрдэнэбадрахад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 573 дугаар шийдвэрээр Н.Оюунтүлхүүр, Б.Эрдэнэбадрах нарын гэр бүлийг цуцалж, гэр бүлийн дундын хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Хилчний гудамж, Харуул Алтай хотхон, 106 дугаар байр, 2 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204047242 дугаарт бүртгэлтэй, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Н.Оюунтүлхүүр, хүү Э.Ирмүүн нарын өмчлөлд үлдээхээр шийдвэрлэсэн, Б.Эрдэнэбадрах нь Д.Нэргүйтэй 2017 оны 01 сарын 29-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, дээрх гэр бүлийн дундын хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг 35 000 000 төгрөгөөр худалдсан зэрэг нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 573 дугаар шийдвэр, орон сууц худалдах худалдан авах гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх-9/

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах хэсэгт Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд зохигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 29.4 дэх хэсэгт Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж тус тус заасан.

Гуравдагч этгээд Д.Нэргүйгийн хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байхад шүүх түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нэргүйд эрх үүрэг тайлбарлан танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, мөн хэргийн материалтай танилцуулалгүй хэргийг шийдвэрлэжээ. /хх-98/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэх үндэслэлгүй, хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрх зөрчигджээ.

■.■..■.

■■ ■

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03984 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 332 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Б.НАРМАНДАХ