Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/28

 

                                                                                   2025/ДШМ/28

 

 

        

Б.Шид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ж.Ундармаа

Шүүгдэгч: Б.Ш

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Шид холбогдох 2512000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт А аймгийн Э сумын 0 дугаар баг, Ц 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Б заан овогт Бийн Ш /РД:00000000000000000/

Шүүгдэгч Б.Ш нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 01 цагийн үед А аймгийн Э сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр Н баарны баруун талын уулзвар дээр 00-00 улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  А аймгийн Прокурорын газраас Б.Шид холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

    А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч  Би овогт Бийн Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 /хоёр сая есөн зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь шүүхээс оногдуулсан 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 /хоёр сая есөн зуу/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ хугацаагаар хассан нэмэгдэл ялыг өмнөх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолж, Шүүгдэгч Б.Шид хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Б.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нь шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Шид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ ... Үүнд: Шүүгдэгч Б.Шид А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 857 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 01 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн ба Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дуусаагүй байхад Б.Ш нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэл тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Шид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг Зөрчлийн тухай хуулиар оногдуулсан эрх хасах хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолохоор заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "... шүүх эрх хасах ялыг торгох ... ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс ... хугацааг тоолно” гэж заасан. Мөн Зөрчлийн тухай хуулиар оногдуулж байгаа тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд заасан “Эрх хасах ял”-ын төрөлд хамаарахгүй ойлголт юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан байхад шүүгдэгч Б.Шийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг Зөрчлийн тухай хуулиар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг эдэлж дууссан өдрөөс тоолохоор заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Үүнээс гадна хүчин төгөлдөр үйлчилж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд урьд нь Зөрчлийн тухай хуулиар эрх хасах шийтгэл хүлээж байсан шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулиар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг “өмнөх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолох” талаар зохицуулсан заалт байхгүй байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох” -оор гэж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно ... гэжээ.

Прокурор Ж.Ундармаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ  ... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч  Ө.Билэг-Эрдэнийн ... Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр томилгооны дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаанд А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нефтун нэртэй баарны замын уулзвар дээр 00-00 улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн жолоодон замын хөдөлгөөнд оролцон тухайн тээврийн хэрэгслийн таван бул нь мултарч баруун талын дугуй нь хагарсан байсан. Б.Ш нь биеэ хамгаалах чадваргүй байдалтай байсан. Согтуурал шалгах драгераар үзэхэд 3.71 проммиль зэргийн согтолттой байсан. Тээврийн хэрэгслийн жолоочийг шалгахад 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан ... гэсэн мэдүүлэг, А аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч, дэд ахлагч Ө.Билэг-Эрдэнийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн жолоодох эрхийн лавлагаа зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч  Б.Шийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Шид  холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зэрэгт тохирсон байна.    

           

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт … эсхүл торгох … ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс … хугацааг тоолно … гэж хуульчилсан байхад нэмэгдэл ялыг өмнөх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дууссан өдрөөс эхлэн тоолохоор заасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна.

         

             Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/65 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “өмнөх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан хугацаа дууссан өдрөөс эхлэн” гэснийг “шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн ” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Б.БОЛОР-ЭРДЭНЭ