Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0334

 

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2018/0334

           Улаанбаатар хот

 

 

А.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч А.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0206 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М давж заалдах гомдлоор, А.Н-ийн нэхэмжлэлтэй, НЗД холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0206 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Н-ийн НЗД холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/180 дугаар тушаалыг хүчингүй болгож, А.Н-г урьд эрхэлж байсан Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхээр шийдвэр гарсан 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн цалинг ТЗ-10-4 шатлалын дагуу 870767 төгрөг, докторын зэргийн нэмэгдлийг 15 хувь, төрийн алба хаасан нэмэгдлийг 20 хувиар бодож нийт 7.284.758 төгрөгийн олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 5.969.987 төгрөгийг нөхөн олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0206 дугаар шийдвэрийг хариуцагчийн зүгээс зөвшөөрөх боломжгүй байгаа тул давж заалдах шатны журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтын бүсэд хорио цээр тогтоох, малын халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажиллагааг болон нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлсэн.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0206 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч А.Н-аас “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/180 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нийт цалин 6.133.230 төгрөгийг нөхөн олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/180 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн Нийслэлийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний голомтын бүсэд хорио цээр тогтоох, мал дахин өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, ариутгах, халдваргүйжүүлэлт хийх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах талаар санаачилгагүй ажиллаж, нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлэн, ажлын хариуцлага алдсан тул А.Н-г Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг эс зөвшөөрч “... Нийслэлийн Засаг даргын захирамж хуульд үндэслээгүй, зөвхөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэсэн. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21, 22 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд мал амьтны гоц халдварт шүлхий мөн болохыг шинж тэмдгийн дагуу яаралтай оношлож, УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр “О” хэвшлийн шүлхий өвчин болох нь тогтоогдмогц Улсын мал эмнэлэг үржлийн газрын даргын зөвлөмжийн дагуу Нийслэлийн мал эмнэлгийн газраас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад санал хүргүүлэн ажилласан, хорио цээрийг дэглэмийг Нийслэл, дүүргийн Засаг дарга тогтоодог, гэтэл Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагийн даргын эрх хэмжээнийх нь биш асуудлаар буруутгаж, хариуцлага тооцоод байна, халдварын голомтыг яаралтай устгах, вирусийн тархалтыг хязгаарлах үүднээс БНЭУ-аас чанаргүй вакцин нийлүүлж тарьсан нь шаардлага хангахгүй байгааг мэдэгдэж Нийслэлийн онцгой комисст 5 заалт бүхий санал хүргүүлэн ажилласан...” хэмээн маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/728 дугаар захирамжийн дагуу шүлхий өвчинд мэдрэмтгий мал амьтныг вакцинжуулалтад хамруулах ажлыг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс зохион байгуулж БНЭУ-д үйлдвэрлэгдсэн 3 цэнт футвак вакциныг тарьжээ. Нэхэмжлэгч нь шүлхий өвчний голомтод вакцины дархлааны идэвхийг үзэх зорилгоор Сонгинохайрхан дүүрэг, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн малаас дээж авч, шинжилгээг эпидемиологийн тооцооллоор хийхэд идэвхийн үзүүлэлт 27.4-36.16 хувьтай гарсан учраас тухайн шүлхий өвчинд өөр төрлийн вакцинаар дахин вакцинжуулах шаардлагатай болох нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17-1546, 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17-1846 дугаар шинжилгээгээр баталгаажсан нь тогтоогдсон байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Улсын мал, эмнэлэг үржлийн газарт 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Вакцин хүсэх тухай” 213 дугаар албан бичгээр “...шүлхий өвчинд мэдрэмтгий мал амьтныг вакцинжуулах ажлыг 2016 оны 10 дугаар сард зохион байгуулж, БНЭУ-д үйлдвэрлэсэн 3 цэнт футвак вакциныг батлагдсан зааврын дагуу бод малд 2мл, бог малд 1мл тунгаар тарьсан ... гэтэл сарын дараа вакцинд хамрагдсан мал шүлхий өвчнөөр дахин өвчилсөн ... иймээс Сонгинохайрхан дүүргийн бүх мал, амьтныг 2017 оны 08 дугаар сард ОХУ-д үйлдвэрлэсэн вакцинаар дахин тарьж өвчлөлийг таслан зогсоосон. Иймд Сонгинохайран дүүргээс бусад дүүргийн шүлхий өвчинд мэдрэмтгий бүх малыг ОХУ-д үйлдвэрлэсэн вакцинаар тарих шаардлагатай байгаа тул вакцин олгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж байсан, Нийслэлийн онцгой байдлын комисст хандаж шүлхий өвчин оношлогдож хорио цээрийн дэглэм тогтоож байгаатай улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах, шаардагдах вакциныг шийдвэрлүүлэх, хотоос мал гаргах ажлыг шуурхай зохион байгуулах, Засгийн газрын 2016 оны 240 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар санал хүргүүлж байсан зэрэг халдварт шүлхий өвчний голомтын бүсэд хорио цээр тогтоох, мал дахин өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, ариутгах, халдваргүйжүүлэлт хийх үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан үйл баримтууд тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, ажлын хариуцлага алдсан гэх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн /тухайн үед мөрдөгдөж байсан/ дугаар зүйлийн 5.1-д “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Малын удмын сангийн төв, бүс, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба, орон нутгийн үйлчилгээний нэгж, мал эмнэлгийн лаборатори, Цөм сүргийн үржлийн төв тус тус хэрэгжүүлнэ”, 5.2-т “Мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу Засгийн газар, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн албыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус байгуулна”,  11 дүгээр зүйлийн 11.1-д “Малын халдварт болон гоц халдварт өвчин гарсан тохиолдолд энэ хуулийн 5.1, 8.1-д заасан холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хорио цээр тогтооно”, 11.3-т “Хорио цээр тогтоосон нөхцөлд тухайн шатны Засаг дарга хүн хүч, хөрөнгө гаргаж малын өвчинтэй тэмцэх шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заасан ч малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засаг дарга хорио цээр тогтоохоор заасан тул нэхэмжлэгчийг энэ үндэслэлээр буруутгах боломжгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бөгөөд хариуцагч нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэл хангагдсан тохиолдолд ажлаас чөлөөлөх бөгөөд уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар  бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаж, 40.2.3-т зааснаар захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал тогтоогдсон, хууль зүйн үндэслэлийг заасан байх шаардлагыг хангаагүй байна.

Мөн нэхэмжлэгч нь 2013 оноос уг албан тушаалд хойш үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа боловч Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 40.1, 40.3-т заасны дагуу харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагч буюу Нийслэлийн Засаг даргатай 2014-2017 онуудад үр дүнгийн гэрээ байгуулж, хангалттай үнэлгээгээр дүгнүүлсэн баримтууд хэрэгт авагдсан байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч А.Н-г Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн буруутгасан нөхцөлд  мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлахаар байсан байна.

Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэлд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэгч А.Н-г хариуцлагагүй ажилласнаас орон нутгийн төсвөөс төсөвлөгдөөгүй их хэмжээний зардал гарсан, удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй ажиллаж байсан гэж буруутгаж байгаа ч энэ нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн бөгөөд маргаан бүхий захирамжийн үндэслэлд “сонгон шалгаруулалтад ороогүй” гэсэн үндэслэл байхгүй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, мөн маргаан бүхий захирамжийг “тушаал” гэж бичсэн алдааг зөвтгөсөн өөрчлөлт шийдвэрийн Тогтоох хэсэгт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0206 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “17 дугаар зүйлийн 17.1” гэснийг “4 дүгээр зүйлийн 4.1” гэж, “тушаалыг” гэснийг “захирамжийг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ