Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 817

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: А.С******* 

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “А.С*******ийг  урьд эрхэлж байсан албан тушаалын зэрэг дэв болох ТЗ-6-2 зэрэглэлээс бууруулахгүйгээр ажилд томилохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгах, хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс ажилд томилогдох хүртэл хугацааны цалин хөлсийг урьд авч байсан цалингийн зэрэглэл болох ТЗ-6-2 зэрэглэлээр тооцож олгуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.С*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М*******, Л.С*******,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие А.С******* Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын салбарын бодлогын хэрэгжилт, тайлагналт, мэдээ судалгаа хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байгаад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 248 дугаар тушаалаар 2 жилийн хүүхэд асрах чөлөө авсан болно. Ажилдаа эргэн орох хүсэлтийг 2015 оны 09 дүгээр сарын 22, 2015 оны 11 дүгээр сарын 04, 2016 оны 01 дүгээр сарын 28, 2016 оны 02 дугаар сарын 22, 2016 оны 04 дүгээр сарын 21, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нийт 6 удаа гаргасан боловч одоог  хүртэл шийдвэрлээгүй, намайг эргүүлж ажилд томилоогүй байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 248 дугаар тушаалаар олгосон хүүхэд асрах чөлөө 2015 оны 10  дугаар сарын 28-ны өдөр дууссан тул арга буюу ажилд эргүүлэн томилох эсвэл ажлын байраар хангах нөхцөл бүрдэх хүртэл чөлөөний хугацааг 3 сараар сунгах хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасны дагуу миний хүүхэд асрах чөлөөг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 519 дүгээр тушаалаар 3 сараар сунгасан.

Энэхүү сунгасан чөлөөний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дууссан боловч одоог хүртэл ажилд эргүүлэн томилогдож чадаагүй байна. Мөн миний бие ажилд эргүүлэн томилогдож чадахгүй байсан тул Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж тус зөвлөлийн 2016 оны 130 тоот албан бичгээр миний асуудлыг шийдвэрлэн, 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд мэдэгдэхийг үүрэг болгосон боловч мөн шийдвэрлэгдээгүй байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3/3642 тоот албан бичиг, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/2028 тоот албан бичгээр тус тус миний урд эрхэлж байсан албан тушаалын орон тоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 284 дүгээр тушаалаар цомхотгогдсон тул ажлын байраар хангах боломжгүй, сул орон тоо байхгүй тухай хариу ирүүлсэн.

Мэргэжпийн хяналтын ерөнхий газрын даргад хүүхэд асрах чөлөөтэй байсан тус газрын салбарын бодлогын хэрэгжилт, тайлагналт, мэдээ судалгаа хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан А.С******* миний биеийг ажилд томилохыг даалгах, хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс ажилд томилогдох хүртэл хугацааны цалин хөлсийг урьд авч байсан цалингийн зэрэглэл болох ТЗ-6-2 зэрэглэлээр тооцож олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад ажилд томилохыг даалгах, хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс ажилд томилогдох хүртэл хугацааны цалин хөлсийг урьд авч байсан цалингийн зэрэглэл болох ТЗ-6-2 зэрэглэлээр тооцож олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэн А.С*******ийн нэхэмжлэлийг үл зөвшөөрч, дараахь тайлбарыг хүргүүлж байна.

А.С*******ийн ажиллаж байсан Салбарын бодлогын хэрэгжилт, тайлагналт, мэдээ, судалгаа хариуцсан мэргэжилтний орон тоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 284 дүгээр тушаалаар дараах үндэслэлээр цомхотгогдсон.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг Шадар сайдын 2009 оны 97 дугаар тушаалаар баталж, нийт орон тооны дээд хязгаарыг 147 хүртэл байхаар тогтоож мөрдүүлсний дагуу тус газрын даргын 2010 оны 32 дугаар тушаалаар төв аппаратын орон тоог 147 орон тоотойгоор баталсан.

Агентлагийн орон тооны дээд хязгаарыг тухайн агентлагийн асуудал эрхэлсэн сайд баталдаг байсныг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтыг өөрчлөн найруулж агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар тогтоож, батлан мөрдүүлэхээр болсон. Энэхүү хуулийн өөрчлөлтийн дагуу Засгийн газрын 2012 оны 43 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг өмнө нь мөрдөж байсан төсөвт орон тоотой уялдуулан 137 байхаар тогтоосон нь Шадар сайдын 2009 оны 97 дугаар тушаалаар батлагдсан орон тооны дээд хязгаартай зөрчилдөх болсон байна.

Төрийн албаны зөвлөлөөс 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүний нөөцийн үйл ажиллагаанд шалгалт хийж, шалгалтын дүнг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд тус газарт илүүдэл орон тоонд ажиллаж байгаа ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, орон тооны дээд хязгаарыг Засгийн газрын 2012 оны 43 дугаар тогтоолоор батлагдсан 137, Шадар сайдын 2013 оны 26 дугаар тушаалаар нэмж баталсан 3 орон тоо буюу нийт 140 орон тоонд багтаан батлан мөрдүүлэх зөвлөмжийг ирүүлсэн.    

 Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон тоо тус газрын даргын 2010 оны 32 дугаар тушаалаар батлагдахдаа Шадар сайдын 2009 оны 97 дугаар тушаалыг үндэслэн төсөвт орон тооноос 10 орон тооны илүүдэлтэй батлагдсан нь Төрийн албаны тухай болон Төсвийн тухай хуулийг зөрчих болсон тул зөрчлийг арилгах, төрийн албаны төв байгууллагаас ирүүлсэн үүрэг даалгаварыг хэрэгжүүлэх үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 284 дүгээр тушаал гарч орон тоог шинэчлэн батлах замаар Засгийн газрын 2012 оны 43 дугаар тогтоолд нийцүүлэх арга хэмжээ авч, 10 орон тоо цөөрүүлж, нийт орон тооны хязгаарыг 140 болгосон.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын дээрх тушаалаар албан тушаалын орон тоо нь хасагдсан болон албан тушаалд анх илүүдэл орон тоо үүсгэж ажилд томилогдсон нэр бүхий ажилтнуудыг тус газрын даргын 2014 оны 285 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэдлээс гарган ажлаас чөлөөлж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдэлд шилжүүлсэн.

Тус газрын зарим ажилтны хувьд хүүхэд асрах чөлөөтэй байсан тул ажлаас чөлөөлөх арга хэмжээг тухайн үед аваагүй болно.

Улмаар Засгийн газраас төрийн захиргааны байгууллагуудын орон тоог 10-20 хувь хүртэл цөөлөх арга хэмжээг авч, Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон тоог 129 болгон дахин бууруулж баталсан. Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор манай байгууллагын орон тоог 129 байхаар дахин баталсан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь дээд шатны байгууллага, албан тушаалтнаас өгсөн үүргийг хэрэгжүүлж Төрийн албаны тухай, Төсвийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилласан бөгөөд одоогоор манай байгуулагад сул орон тоо байхгүй байгаа болно.

А.С*******д сул орон тоо байхгүй байгаа талаар хариу мэдэгдэж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажилд орох саналыг тухай бүр тавьж байсан боловч хүлээж аваагүй болно. Иймд А.С*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “ Нэхэмжлэлийг шүүхээс хянан шийдвэрлэх хуулийн хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар: Нэхэмжлэгч А.С******* нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөлөөс гомдлыг хянан шалгаад 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн "Өргөдөл шилжүүлэх тухаи” 230 тоот албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлж, 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор шийдвэрлэж, хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна.

Мэргэжлийн хяналтын газрын орон тоо байхгүй улмаас дээрх асуудлыг албан бичигт заасан хугацаанд шийдвэрлээгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /хүчингүй болсон/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “захиргааны актыг эс зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээд дээд шатны байгууллага, албан тушаалтанд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 12.1.4-т “шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар хуульчилсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-т “энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол.” шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзна гэж мөн хуулийн 34.1-т заасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд “14.1-т заасан Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана, 14.1.1-т заасан дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол, 14.1.2-т заасан холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол, мөн хуулийн 54 дүгээр зүйлд “54.1. Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.8. энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.” гэж заасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заажээ.

Нэхэмжлэгч А.С*******ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хууль ёсны эрх 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нээгдэж, 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг шүүхээс хянан шийдвэрлэх хуулийн хөөн хэлэлцэх хугацаа мөн дуусгавар болсон гэж үзэж байна.

Ажилд томилогдох хүртэл хугацааны цалин хөлсийг урьд авч байсан цалингийн зэрэглэл болох ТЗ-6-2 зэрэглэлээр тооцож олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 248, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 519 дүгээр тушаалаар нэхэмжлэгч А.С*******д хүүхэд асрах чөлөө олгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл /Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор/-ийн 69.1-т “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;” гэж заажээ.

Нэхэмжлэгч А.С*******ийг ажлаас халсан, чөлөөлсөн ямар нэг шийдвэрийг хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас одоогоор гаргаагүй байна. Харин түүний ажиллаж байсан орон тоо бүтцийн өөрчлөлтөөр хасагдсантай холбоотойгоор А.С*******ийг ажиллуулах ажлын байр /орон тоо/ байхгүйгээс ажилд томилох асуудал шийдвэрлэгдээгүй.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.” гэж заасан байх тул нэхэмжлэгч А.С******* нь ажил үүрэг гүйцэтгээгүй хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөө авсан тушаал нь хүчин төгөлдөр байгаа. Иймд нэхэмжлэлд тусгагдсан ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр “Хүүхэд асрах чөлөөтэй байсан А.С*******ийг  урьд эрхэлж байсан тус газрын салбарын бодлогын хэрэгжилт, тайлагналт, мэдээ судалгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалын зэрэг дэв болох ТЗ-6-2 зэрэглэлээс бууруулахгүйгээр ажилд томилохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгах, хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс ажилд томилогдох хүртэл хугацааны цалин хөлсийг урьд авч байсан цалингийн зэрэглэл болох ТЗ-6-2 зэрэглэлээр тооцож олгуулах, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэгч А.С*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.С******* нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 295 дугаар тушаалаар тус газрын Олон нийт, гадаад харилцааны хэлтсийн олон нийттэй харилцах ажилтнаар, 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 8 дугаар тушаалаар даргын зөвлөлийн болон шуурхай зөвлөгөөний хариуцлагатай нарийн бичгийн дарга, улсын байцаагчаар, 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаар тушаалаар дэд даргын туслах, улсын байцаагчаар, 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 134 дүгээр тушаалаар Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн салбарын бодлогын хэрэгжилт, тайлагналт, мэдээ судалгаа хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллажээ. 

Нэхэмжлэгч нь хүү У.Т*******ээ 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрүүлсэн байх бөгөөд тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хүүхдээ 3 нас хүртэл асрахаар ажлаасаа чөлөөлөгдөх эрхтэй, энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 248 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2 жилийн хугацаатай хүүхэд асрах чөлөө олгож, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 519 дүгээр тушаалаар 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан байна.

А.С******* ажилдаа эргэн орох тухай хүсэлтийг 2015 оны 09 дүгээр сарын 22, 2015 оны 11 дүгээр сарын 04, 2016 оны 01 дүгээр сарын 28, 2016 оны 02 дугаар сарын 22, 2016 оны 04 дүгээр сарын 21, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нийт 6 удаа гаргасан нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын архиваас хуулбарлан ирүүлсэн түүний өргөдлүүд, өргөдлийг хүлээн авсан өргөдөл гомдлын хяналтын картууд, карт дээрх цохолтуудаар тогтоогдож байх бөгөөд түүнийг ажилд нь үргэлжлүүлэн ажиллаагүй, өөр ямар нэгэн ажилд томилоогүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д зааснаар төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах бөгөөд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацаанд  ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалах үүрэгтэй, 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан эцэг эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.  

Хариуцагч нь А.С*******ийн ажилдаа эргэн орох тухай хүсэлтүүдийг шийдвэрлээгүй, ажилд үргэлжлүүлэн ажиллуулаагүй, эсхүл өөр ажилд томилоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. 

Хөдөлмөрийн харилцааг тодорхой хуулийн үндэслэл бүхий шийдвэрээр үүсгэдгийн нэгэн адил нэгэнт үүссэн хөдөлмөрийн харилцааг тодорхой хуулийн үндэслэл бүхий шийдвэрээр дуусгавар болгох нь зүйн хэрэг. Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг үүсгэх, дуусгавар болгох хууль зүйн үндэслэлийг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан. Түүнийг ажлаас чөлөөлсөн, халсан буюу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ямарваа шийдвэр гараагүй байх тул хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй гэж дүгнэхээр байх төдийгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан “гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг байгууллага татан буугдсан болон ажилтан сахилгын зөрчил гаргасан, буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчийн итгэл алдсанаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон”, 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн харилцааг байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглосон” эмэгтэй хүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой эрх зүйн хамгаалалт байгааг дурьдах нь зүйтэй.

Шадар сайдын 2009 оны 97 дугаар тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 147 орон тоотойгоор ажиллаж байгаад Засгийн газрын 2012 оны 43 дугаар тогтоолоор орон тоог 137 болгон бууруулж, Шадар сайдын 2013 оны 26 дугаар тушаалаар нэмж 3 орон тоо батлан 140 орон тоотой баталсан. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 284 дүгээр тушаалаар орон тоогоо 140 болгон шинэчлэн баталж, 285 дугаар тушаалаар орон тоо нь хасагдсан албан хаагчдыг чөлөөлж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэдэлд шилжүүлсэн, ингэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 305 дугаар тушаалаар А.С*******ийн амаржсаны түр чөлөөний хугацаанд салбарын бодлогын хэрэгжилт, тайлагналт, мэдээ, судалгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилогдсон Г.Одгэрэлийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэдэлд шилжүүлж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/405 дугаар тушаалаар Г.Одгэрэлийг тус газрын Тамгын газрын дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 170 дугаар тушаалаар А.С*******ийн урьд ажиллаж байсан “салбарын бодлогын хэрэгжилтийн тайлагналт” гэсэн чиг үүрэг бүхий 1 орон тоог Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс хасч Стратеги төлөвлөлт, бодлого, зохицуулалтын хэлтэст шилжүүлжээ. 

Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 387 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орон тоог 129 болгон дахин бууруулж баталсан бөгөөд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан салбарын бодлогын хэрэгжилт, тайлагналт, мэдээ, судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байр болон сул орон тоо байхгүй хэмээн хариуцагч тайлбарлаж, “А.С*******д сул орон тоо байхгүй талаар хариу мэдэгдэж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажилд орох саналыг тухай бүр тавьж байсан боловч хүлээж аваагүй” гэх хэдий ч нэхэмжлэгч үүнийг няцаасан, хариуцагч ийнхүү өөр ажлаар хангах талаар санал тавьснаа нотлоогүй болно. 

Нэхэмжлэгч А.С******* нь өмнө дурьдсанчлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс Олон нийт, гадаад харилцааны хэлтсийн олон нийттэй харилцах ажилтнаар хүүхэд асрах чөлөөтэй Д.Д*******ын оронд /ТҮ-7-1 зэрэглэлээр/ томилогдоод, улмаар 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс даргын зөвлөлийн болон шуурхай зөвлөгөөний хариуцлагатай нарийн бичгийн дарга, улсын байцаагчаар /ТЗ-7-1 зэрэглэлээр/, 2011 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс дэд даргын туслах, улсын байцаагчаар, 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн салбарын бодлогын хэрэгжилт, тайлагналт, мэдээ судалгаа хариуцсан мэргэжилтнээр /ТЗ-6-2 зэрэглэлээр/ ажиллаж байсан, багш, орчуулагч мэргэжилтэй юм. 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 36 дугаар зүйлийн 36.2, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацаанд  ажил, албан тушаалыг нь хэвээр хадгалах, хүүхэд асрах чөлөө дууссан эх өөрөө хүсвэл түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах  үүрэгтэй, энэ үүргээ буюу эмэгтэй хүний хөдөлмөрлөх, хүүхэд төрүүлэх, асрахтай холбоотой хуулиар тусгайлан тогтоосон үүргээ хэрэгжүүлээгүй, А.С*******ийн ажилдаа эргэн орох тухай хүсэлтүүдийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан байх тул “урьд эрхэлж байсан албан тушаалын зэрэг дэв болох ТЗ-6-2 зэрэглэлээс бууруулахгүйгээр ажилд томилохыг даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.  

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, хүүхэд асрах чөлөө дууссан эх өөрөө хүсвэл түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах  үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг урьд ажиллаж байсан албан тушаалын ТЗ-6-2 зэрэглэлээр хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан, ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг үүссэн өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл хугацаагаар олгуулах, энэ хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна. Албан тушаалын ТЗ-6 зэрэглэлийн 2 дугаар шатлалаар буюу 580.710.00 төгрөгийн үндсэн цалингаар 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 203 хоногоор тооцон, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасч нийт 4.249.613.46 төгрөгийг хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргуулж, энэ хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.   

Нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалинг ажилд томилогдох хүртэл гаргуулахаар тодорхойлсон хэдий ч хэдийд томилох нь тодорхойгүйгээс цалинг тооцох боломжгүй тул шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулах нь зүйтэй байна. Энэ хугацаанаас цааш томилогдох хүртэл хугацааны цалинг жич нэхэмжлэх эрхтэй.

Түүний ажилдаа эргэн орох хүсэлтэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 3/3642 тоотоор өгсөн хариунд “орон тоо цомхотгогдсон” талаар дурдсан ч ажилд эгүүлэн томилох эсэхийг тодорхой өгүүлээгүй, түүнийг чөлөөлсөн аливаа шийдвэр гараагүй талаар дурьдсан, Төрийн албаны зөвлөлөөс 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 230 тоотоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж хариу ирүүлэхийг үүрэг болгосон, мөн ажилд эргүүлэн томилуулах түүний өргөдлүүд дээр “хууль журмын дагуу шийдвэрлэхийг үүрэг болгосон” эрх бүхий этгээдийн цохолтууд хийгдсэн байх тул эдгээр хугацаанаас нэхэмжлэл гаргах хугацааг тодорхойлох боломжгүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1/2028 тоотоор “эргүүлэн томилох боломжгүй, сул орон тоо байхгүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” хэмээн хариу өгснөөр нэхэмжлэл гаргах хугацааг тооцож, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзлээ.   

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 36 дугаар зүйлийн 3.1.3, 36.2, 40 дүгээр зүйлийн 40.3, 64 дүгээр зүйлийн 64.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.С*******ийг урьд эрхэлж байсан албан тушаалын зэрэг дэв болох ТЗ-6-2 зэрэглэл, цалингийн шатлалаас бууруулахгүйгээр ажилд томилохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад даалгаж, хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан 203 хоногийн цалинг албан тушаалын ТЗ-6 зэрэглэлийн 2 дугаар шатлалаар буюу 580.710.00 төгрөгийн үндсэн цалингаар тооцон, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасч нийт 4.249.613.46 төгрөгийг хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргуулж нэхэмжлэгчид олгон, энэ хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА